2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1093

 

 

 

 

 

 

 

 

2025        04          29                                          2025/ШЦТ/1093

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн О-т холбогдох эрүүгийн ...................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт ...................д хохирогч Б.Ц-ыг шалтгаангүйгээр толгойн ар хэсэгт шар айрагны шилээр цохиж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 247 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн.............. дугаар хорооны нутаг дэвсгэрт .........................д хохирогч Б.Ц-ыг шалтгаангүйгээр толгойн ар хэсэгт шар айрагны шилээр цохиж зодон эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би найз У-тай хамт ганц 2 пиво уугаад сууж байсан. Нөгөө талын ширээнд үл таних 5 залуу маш чимээтэй байсан учраас манай найз У “та нар арай их чимээтэй байна, больчих” гэж хэлсэн чинь тухайн залуучууд учиргүй босож ирээд цохиод, пивоны шил шидээд байсан. Би нэг залууг нь барьж аваад дарсан чинь миний толгойны арын дагз хэсэг рүү цохисон. Тэр үед тухайн газар байсан хүмүүсээс цагдаад дуудлага өгсөн. Тэр залуучуудыг урьд нь харж байгаагүй, танихгүй. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг байгаа. Би нэрийн сайн мэдэхгүй дээгүүрээ хар ногоон өнгийн хүрэмтэй дотуураа хар өнгийн малгайтай цамцтай доогуураа цэнхэр өмдтэй залуу миний  толгой руу шилээр цохисон. Миний толгойноос маш их цус гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бааранд бид нар архи согтууруулах ундааны зүйл уугаад сууж байхад, Б.О, Б.О хоёр хоорондоо жаахан маргалдаад байсан. Тэгээд салгаад байж байтал Б.О тэр хоёр залуугийн нэг залууг нь пивоны шилээр цохиж авсан талаар камерын бичлэг харж сүүлд мэдсэн юм. Би зодоонд оролцоогүй, харин салгаад байж байсан. Халдаж цохих нь цохиж байсан. Тэгэхдээ биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл гэхээр зүйл байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ".... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.М, Б.О, Б бид дөрөв Эрдэнэтолгойн гүний худгийн урд талд байдаг эхлээд биллиард орж сууж байгаад нэг шил архи авч ууссан. Тэгтэл тэнд сууж байсан хоёр залуу чимээгүй чанга ярьж байна гэж хэлээд тэрнээс болж нөгөө залуу бид нар сууж байсан ширээн дээр ирж маргалдаж байгаад зодоон эхэлсэн юм. Зодоон хурдан болоод өнгөрсөн юм. Удаагүй цагдаа нар ирсэн. Миний зүгээс хэн нэгэн хүний биед халдаж зодоогүй. Тухайн хүний /Б.Ц/ биед халдсан залуу Б.О бид хоёр дээгүүрээ адилхан хувцастай явж байсан юм. Зодуулсан залуу цагдаагийн хэлтэс дээр ирээд энэ залуу зодсон гээд андуурч хэлээд байсан юм. Сүүлд баарны камерын бичлэг харж байхад Б.О зодоон болж байхад пивоны шилээр цохиж байгаа бичлэг хараад мэдсэн юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд “..................” ХХК-нд ажиллаж байгаа гээд хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх 17/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Ц.Б-ын 2024 оны 12 дугар сарын 18-ны өдрийн 1032 дугаартай "...Б.Ц-ын биед дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 30-31/  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр шар айрагны шилээр толгойн тус газар цохиж халдсан үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.О нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.О нь эмчилгээний зардалд 1.050.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт /хх 40/ авагдсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь 246.300 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Б.О нь төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байна.

Иймд шүүгдэгч Б.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Ц нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Шүүхээс шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б  овогт Б-ийн ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч Б.Ц нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ