2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1102

 

 

 

 

 

 

 

 

  2025         04         30                                          2025/ШЦТ/1102

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын О-т холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё танхимд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Э.О нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхдаа хохирогч Ч.Г-тай “урсгал сөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүгдэгч Э.О нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхдаа хохирогч Ч.Г-тай “урсгал сөрсөн” гэх шалтгааны улмаас харилцан маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь уруулд шарх, баруун дээд 1,2 дугаар шүд, зүүн дээд 1,2 үүдэн шүднүүдийн сулрал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Ч.Г-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хийгээд явж байхад “Хангай” хотхоны уулзвар дээр нэг үл таних машинтай залуу урсгал сөрөөд орж ирэхээр нь сигнал дарсан. Тэгээд миний урдуур гарч, цонхоо буулгаад яасан бэ гэж асуухаар нь зүгээр яваарай гэж хэлээд яваад өгсөн. Явж байгаад толиндоо харахад тухайн хүн эргэж байгаа нь харагдсан ба 32-н тойрог дээр очоод зогсоод яагаад араас даагаад байгааг нь асуухад үгийн зөрүүгүй хүрч ирээд чи хүнийг хачин гэж хэлдэг хэн бэ гэж нүүрэн тус газар луу 2 алгадаад авсан. Алгадаад авахаар нь шүлсээ хааяад шууд цагдаад хандсан. Тухайн залуу машин дээр хүрч ирээд машины кабиныг дарж байгаад намайг машинаас буулгахгүйгээр учир зүггүй мангасдаад толгой түрүүгүй алгадаад байсан. Гараараа миний нүүрэн тус газар луу 2 удаа үеэрээ миний биед дээрх гэмтэлүүссэн...." гэх мэдүүлэг /хх 10/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Жижүүрээс дуудлага мэдээлэл хуваарилсны дагуу тус дуудлага мэдээллийг очиж шалгахад хоёр иргэн хоорондоо үл ойлголцсоны улмаас маргалдсан байсан. Дуудлага өгсөн иргэн нь миний шүд гэмтсэн гомдолтой гэсэн тул холбогдох хууль тогтоомж тайлбарлан өгч дуудлага өгөгч болон зөрчил гаргасан 2 иргэнийг хувийн унаагаар нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явуулж тухайн үед гарч байсан жижүүрийн мөрдөгч мэдүүлэг авч материалжуулсан..." гэх мэдүүлэг /хх 20/,

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ......... дугаартай дүгнэлтээр "... Ч.Г-ны биед уруулд шарх, баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1.2 үүдэн шүднүүдийн сулрал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гоо сайханд учирсан хохирлын Шүүх эмнэлэг тогтоохгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.." гэх дүгнэлт /хх 23/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу нүүрэн тус газар гараараа цохих зэрэг үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.О нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Г-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч Ч.Г нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд хохирогч Ч.Г нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Э.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Э.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, хор уршгийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.  Шүүгдэгч Б овогт Э-ын О -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5.Хохирогч Ч.Г нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

           6. Шүүгдэгч Э.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЧАНЦАЛНЯМ