| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0994/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1107 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1107
2025 4 30 2025/ШЦТ/1107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Банязүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Бат-Орших,
хохирогч О.Л,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Н-ын М-д холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Н.М нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын зогсоол дээр хохирогч О.Л-ийн эзэмшлийн “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед үүссэн маргаанаас үүдэн гүпер, толь, крило зэргийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас 750.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 326 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.М нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын зогсоол дээр хохирогч О.Л-ийн эзэмшлийн “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед үүссэн маргаанаас үүдэн гүпер, толь, крило зэргийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч О.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед найз Э-тэй хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо кино үйлдвэрийн урд талын буудал дээр 03 цагийн үед дэлгүүр орж тамхи авах гэж зогссон. Манай найз Э-гийн машинаас буугаад удалгүй байж байтал хэсэг бүлэг залуучууд хоорондоо муудалцаж байгаад уурандаа миний приус 30 маркийн автомашины урд гүпер рүү нэг удаа өшиглөхөд манай найз Э яаж байгаа юм бэ гээд тухайн үл таних согтуу хүнийг өшиглөөд холдуулсан. Тэр үед үл таних залуу “Хөвсгөлийн пизда нар намайг барахгүй шүү би наад машиныг чинь төлнө” гэж хэлээд дахин машины копуд руу өшиглөөд байхаар нь би “зайлаачээ” гэхэд урд талын онгорхой цонхоор хөлөөхөө жийхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 11-12/,
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...............” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 20/,
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 26-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Л-д 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнэээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь “.............” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
4. Бусдын хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хууль бус идэвхтэй үйлдэл, үр дагавар хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
5. Шүүгдэгч Н.М нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
6.Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7.Шүүгдэгч Н.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Л-д 750.000 төгрөгийн шууд хохирол, 79.000 төгрөгийн хор уршиг учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.М-ээс 849.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Л-д олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц ургийн овогт Н-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ээс 849.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Л-д олгосугай.
6.Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ