Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/435

 

 

 

 

     2021           4           29                                           2021/ДШМ/435

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Серикжан,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч С.Одгариг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Баясгалан, Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Бт холбогдох 1905041920404 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Халзад овогт Дансрангийн Д.Бийг “албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 49.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

            Миний бие 1984 онд МУИС-ийг төгсөж “Худалдаа бэлтгэлийн яам”-нд 6 жил мэргэжилтнээр ажиллаж байгаад 1990 онд Төмөр замын хэрэг эрхлэх газрын хүсэлтээр Төмөр замын худалдааны албанд шилжиж орлогч дарга, дарга зэрэг албан тушаалыг 30 жил тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сард тэтгэвэртээ гарсан. Миний 36 жилийн хөдөлмөрийг Улаанбаатар төмөр зам, төр засаг үнэлж гавъяа шагналаа харамгүй хайрласанд баярлаж явдаг. Би улс, нийгэмдээ хоёргүй сэтгэлээр ажиллаж, хөдөлмөрлөж байх үедээ аливаа гэмт хэрэг холбогдож, зөрчил дутагдал гаргаж байсан удаагүй. Манай гэр бүлийн хүн мөн эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэгэн билээ. Бид хоёрт тэтгэврээс өөр орлогын эх үүсвэр, эрхэлдэг ажил байхгүй.  

            1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар 2014 оны 7 дугаар сард манай байгууллага дээр бүтцийн өөрчлөлт хийгдэж худалдааны алба, бизнесийн төв, Нэтэкс төвүүдийг татан буулгаж 54 ажилтныг орон тооны цомхтголд оруулан, шинээр Улаанбаатар худалдааны төвийг байгуулж даргаар нь намайг томилсон юм.

            Энэ үеэс “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.Мтай анх удаа уулзаж байсан. Энэ үед тус төвийн үндсэн хөрөнгийн балансанд бүртгэлтэй байдаг ногооны зооринд ажилладаг хүмүүс орон тооны цомхтголд орж халагдсан байсан тул зоорийг цаашид ашиглахын тулд ерөнхий түрээслэгчтэй болох шаардлага гарсан юм. Энэ талаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Мижиддоржид албан тоот 2014 оны 9 дүгээр сарын 4-нд явуулахад зөвшөөрсөн цохолт хийж хуучин түрээслэгч “Рояал шүр” ХХК-тай ерөнхий түрээслэгчийн гэрээ хийх үүрэг өгсөн болно /3хх 101/.

            Д.М нь 2013 оноос ногооны зоорь, 19 дүгээр дэлгүүрийн бизнес төвтэй түрээсийн гэрээ хийж ашигладаг байсан юм билээ. Энэ үед би худалдааны албаны орлогч даргаар ажиллаж байсан тул харъяа төвийн дотоод ажилд ордоггүй байсан. “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.М 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ерөнхий түрээслэгчээр ажиллах хүсэлтээ албан бичгээр авч ирсэн /3хх 100/. 

            Ингэж Д.Мтай танилцаж, түрээсийн төлбөр урьд нь 1.000.000 төгрөг байсныг нэмж 1 сарын 7.000.000 төгрөг байхаар тохирч 2014 оны 9 дүгээр сарын 14-нд 14/2-53 тоот түрээсийн гэрээг хийсэн юм.

            Д.М нь түрээсийн гэрээ хийхдээ гэрээний агуулга, үг үсэг, цэг таслал зэргийг маш нарийн нягт уншиж, шалгаж гарын үсэг зурж байсан нь их л хариуцлагатай хүн шиг харагдаж байсан. Энэ үед зөвхөн түрээсийн гэрээ хийсэн болохоос худалдах-худалдан авах тухай гэрээ хийх, энэ талаар ямар нэгэн яриа гарч байгаагүй болно.

            Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг актлах, устгах асуудлыг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар оруулж шийдвэрлэдэг бөгөөд байгууллагын даргад ийм эрх байдаггүй, ашиглалтгүй байр объектыг хувь хүн байгууллагад түрээсийн гэрээ хийж ашиглуулах төлбөрийг бэлэн бусаар банкны харилцах дансаар хийдэг журамтай. Энэ журмыг Д.М маш сайн мэддэг байсан. Улаанбаатар төмөр замд олон жил ажиллаж, байгууллага, хамт олныг удирдан ажиллаж байсан надад ийм заль мэх гаргах, хуурч мэхлэх үйлдэл хийх ёс зүй байхгүй. Ногооны зоорийг зарах тухай ярьж 10.000.000 төгрөг авсан гэх Д.Мын мэдүүлэг худал гүтгэлэг юм.   

            2. 2015 оны 4 дүгээр сард Улаанбаатар төмөр замын удирдах газраас дахин бүтцийн өөрчлөлт хийж “Улаанбаатар худалдааны төв”-ийг татан буулгаж “Тээш худалдааны төв”-ийг байгуулсан. Ингэхдээ байгууллагын нэр, тамга, тэмдэг дагаж өөрчлөгдсөн тул бүх түрээсийн гэрээг шинээр хийсэн бөгөөд агуулга нь өөрчлөгдөөгүй болно.

            Д.М нь Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, орлогч дарга Мижиддорж нараас бизнесийг нь дэмжих, харилцан хамтран ажиллах талаар утсаар үүрэг өгүүлж, бичиг цохуулж авч ирдэг байсан /1хх 152/.

            3. “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.М нь ногооны зоорины ерөнхий түрээслэгч болсны дараа 33 дугаар байрны дэлгүүрийг түрээслэх хүсэлтийг удаа дараа гаргах болсон /3хх 85-88/.

            Өмнө нь түрээслэж байсан Алимаагийн гэрээний хугацаа дууссан тул дахин сунгалгүй Мижиддорж даргын өгсөн үүргийн дагуу “Рояал шүр” ХХК-тай ярилцах үед Д.М нь тус дэлгүүрийн байранд өөрийн хөрөнгөөр 84.000.000 төгрөгийн их засвар төсөв зураг үзүүлж 1 жилийн түрээсийн төлбөрийг чөлөөлж өгөх хүсэлт гаргасан. Энэ талаар Улаанбаатар төмөр замын холбогдох албадад танилцуулахад хууль зүйн албаны дарга Яковенко.И.В, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нараас тус дэлгүүрийн барилгад их засвар хийхэд оруулсан хөрөнгө оруулалтаа гэрээ цуцалсны дараа буцааж нэхэмжлэхгүй байх баталгааг албан бичгээр авч, “Рояал шүр” ХХК-тай гэрээ хийхийг зөвшөөрсөн албан бичиг өгсөн /гэрээнд хавсаргасан байгаа/. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 1-нд “Рояал шүр” ХХК-тай түрээсийн гэрээ хийсэн.

Гэвч Д.М нь хийсэн засварын ажлын гүйцэтгэлийн тайланг удаа дараа шаардахад гаргаж өгдөггүй, төсөв ажлын тайлангаа их барилгын хэлтэст хянуулж шалгуулаагүй тул 2016 оны 5 дугаар сард манай байгууллагад хийсэн дотоод аудит хяналтын албаны баримтын шалгалтаар гарч ирж акт тавигдан Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар надад сахилгын шийтгэл ноогдуулан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс төвийн даргын үүрэгт ажлаас халсан юм.

Би 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс ээлжийн амралттай байсан бөгөөд ажилгүй 8 сар явах хугацаанд Д.Мтай нэг ч удаа уулзаж, утсаар ярьж байгаагүй. Гэтэл Д.М нь 2016 оны 6 дугаар сард наадмын өмнө хуушуурын мөнгө гэж 5.500.000 төгрөг зээлсэн гэж бас гүтгэсэн байсан.

Би баяр наадмыг ийм их мөнгөөр тэмдэглэдэг өндөр зэрэглэлийн хэрэглээтэй хүн биш. Энэ үед би Улаанбаатар хотод байгаагүй бөгөөд гэр бүлийн хүн маань Дорнод аймгийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан тул 9 дугаар сарын 20-нийг хүртэл Дорнод аймагт амьдарч байсан юм. Намайг Дорнод аймагт байсныг эрүүл мэндийн газрын ажилтнууд, наадмын асарт бөх харж суусныг Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Хавирган боомтоор хилээр гарч байсныг миний гадаад паспорт дээрхи тамга нотолно.

4. “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.М нь “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг түрээслэх, өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх саналыг надад удаа дараа тавьж байсан. 2016 онд “Халзан зам” ХХК-ийн нэр дээр Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарт албан тоот, гэрээний нөхцөлийн хамт ирүүлснийг зорчигч үйлчилгээний албаар дамжуулан гэрээ хийх үүргийг надад өгсөн байсан. “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд 404.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, 5 жил түрээсийн төлбөрөөс чөлөөлөх гэрээ хийх эрх надад байхгүй тул уг гэрээг Улаанбаатар төмөр замын удирдах газарт албан бичгээр буцаан хүргүүлсэн /энэ албан тоот, гэрээний хувь хуулбар хэрэгт байгаа/.

Үүний дараа Д.М нь Чын хамт манай өрөөнд орж ирээд гэрээ хийсэнгүй гэж янз бүрийн үгээр хэлж доромжилж байсан. Надад гэрээ хийх эрх байхгүй гэж хэлж, ойлгуулахыг оролдсон боловч хүлээн авахгүй, “Чын ээжийн байрыг барьцаалан зээл авч Эрээнээс сендвичэн хавтан ачуулсан, одоо байраа алдахад хүрлээ” хэмээн ярьж, Ч нь нулимс унагааж байсан. Би Улаанбаатар төмөр замын даргаар асуудлаа шийдвэрлүүл гэж хэлээд гаргасан. Үүнээс болж бидний харилцаа муудаж, Д.М, Ч нар надад өс хонзон санах болсон гэж бодож байна.

            5. Д.М нь өөрийн багын найз Г.М, Б.Ч, найзын эхнэр О.М нараар гэрчлүүлэн надад 8 удаагийн үйлдлээр 49.500.000 төгрөг бэлнээр өгсөн гэж үгсэн тохирч гүтгэдэг.

            - 2014 оны 9 дүгээр сарын 15-нд 10.000.000 төгрөг гэрч Г.М,

            -  2015 оны 2 дугаар сарын дундуур 10.000.000 төгрөг гэрч Б.Ч,

            - 2016 оны 5 дугаар сарын сүүлээр 10.000.000 төгрөг гэрч О.М,

            - 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөг гэрч Б.Ч,

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ч: “...2016 оны 6 дугаар сард Д.Б даргын өрөө рүү дахиж ороход нь асуумаар санагдаад дамжин ордог өрөөнийх нь завсарт хаалгыг дутуу хаагаад харж байтал Д.М Д.Бт мөнгө өгч байхыг харсан...” гэжээ. Манай өрөөний хаалга дотогшоо онгойдог тул Ч завсраар  нь харах боломжгүй. Мөн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс би ээлжийн амралтаа авсан байсан тул ажил дээрээ байх боломжгүй байсан.

            Гэрч Б.Чын: “...Би “Рояал шүр” ХХК нь Улаанбаатар төмөр зам худалдааны төвийн харьяа ногоон зоорь гэх газрыг худалдан авч байгаа талаар ямар нэгэн бичиг баримт үзэж, харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх 54-56/,

            Гэрч Г.Мийн: “...Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б гэх хүнд мөнгө өгч байх үйл явдлыг бол ёстой хараагүй...” гэсэн мэдүүлэг /3хх 58-60/,

            Гэрч Г.Түмэн-Өлзийн: “...Д.М нь Улаанбаатар төмөр замын объектуудыг өөрийн болгох гэж л зорьсон хүн байгаа юм. Жишээ нь: ногоон зоорь, 33 дугаар дэлгүүр, булангийн дэлгүүр зэргийг эхний ээлжинд түрээслээд цаашид авах гэсэн л зорилготой байсан. Мөн өөрийнхөө талд л асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол хүнийг хэл амаар доромжлоно, гүтгэнэ, арай л зодохоос бусдыг хийдэг байсан... Д.М нь хүнд 20.000.000 төгрөг өгөх нь байтугай авах л гэж үздэг. Хэрэв сонирхолд нь нийцэхгүй бол хүнийг юу ч гэж гүжирдэж чадна...” гэсэн мэдүүлэг /1хх 67-69/,

            Гэрч Г.Бат-Эрдэнийн: “...Д.М зурагтаар зөндөө гарч байсан. Хүмүүсийн яриагаар дүгнэхэд эвгүй хүн гэсэн ойлголт байсан...Ногоон зоорийг худалдах талаар ерөөсөө яригдаж байгаагүй. Хэрэв объектыг худалдахаар бол Ерөнхий хороогоор заавал ордог. Ерөнхий хороо хэр барагтай шийдвэр гаргахгүй... Ногоон зоорийг худалдана гэдэг нь ер нь боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх 70-71/,

            Гэрч Б.Цэрэннадмидын: “...Тухайн үед хүмүүс Д.Мыг характер муутай, ширүүн дээрэнгүй харьцаатай гэж ярьдаг байсан. Тухайн үеийн бизнес төвийн даргаар ажиллаж байсан Түмэн-Өлзий эгчийг айлгадаг, өрөөндөө байгаа мөртлөө байхгүй гэж хэлээрэй гээд өрөөгөө түгжчихдэг байсан...2014 оноос Д.Мтай түрээсийн гэрээ байгуулснаар шууд харьцаж эхэлсэн... Д.М нь ерөнхийдөө их дээрэнгүй харьцаатай хүн байсан... гэрээнийхээ үүргийг биелүүл гэсэн шаардлагыг хүлээж авдаггүй нилээд маргалддаг байсан. Сүүлдээ намайг ар гэрийн байдлаар дарамталдаг болсон. Үр хүүхдэд чинь ямар нэгэн юм тохиолдоод осол аваарт орвол битгий гайхаарай гэх мэтээр дарамтлаад байхаар нь холбогдох алба болон цагдаагийн газарт 2016 оны 6 дугаар сард гомдол гаргаж хандаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 73/,

            Гэрч Г.Гантулгын: “...Ногоон зоорь гэх газрыг “Рояал шүр” ХХК-нд худалдан борлуулсан гээд байгаа зүйлийг анх удаа сонсож байна. Энэ талаар Д.М надад огт ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх 42-43/.

            Эдгээр гэрчийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн үеэр авч үзээгүйд гомдолтой байна.

            Мөн ямар ч гэрч, нотлох баримтгүйгээр:

- 2014 оны 10 дугаар сарын 21-нд өгсөн гэх 3.500.000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 4-нд өгсөн гэх 2.000.000 төгрөг,

- 2015 оны 10 дугаар сарын 13-нд өгсөн гэх 5.000.000 төгрөг,

- 2015 оны 6 дугаар сарын сүүлээр өгсөн гэх 3.500.000 төгрөг, бүгд 14.000.000 төгрөгийг гэрч болон баримтаар нотлоогүй байхад намайг авсан хэмээн ял өгсөнд гомдолтой байна.

Энэ мөнгө өгсөн асуудлыг Цагдаагийн байгууллагаар дахин шалгуулж, эд мөрийн баримтаар нотлуулах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. Д.М нь “Ногооны зоорийг худалдан авах биш, түрээсээр ашиглах гэрээ хийж сар бүр 7.000.000 төгрөг төлж байсныг 2019 оны 10 дугаар сард буюу 5 жилийн дараа гэнэт мэдсэн” гэж өргөдөл гомдол гаргасан нь эрүүл хүний ухаан санаанд байж болох асуудал мөн үү.

6. “Рояал шүр” ХХК нь Улаанбаатар төмөр замын ногооны зоорь, 33 дугаар дэлгүүр, 19 дүгээр дэлгүүр, төв вокзалын арын авто зогсоол зэрэг олон объектыг түрээсээр ашиглаж байхдаа гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байсан тул бүх түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан юм билээ. Би энэ үед буюу 2017 онд өөр ажилд томилогдсон байсан.

Энэ асуудал 3 шатны шүүхээр орж Улаанбаатар төмөр замын талд шийдвэр гарсан. 2018 оны 10 дугаар сарын 2-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ногооны зоорийг буцааж Улаанбаатар төмөр замд авахад би комиссын бүрэлдэхүүнд орж очиж 2016 оны 6 дугаар сараас хойш анх удаа Д.Мтай нүүр тулж уулзсан.

Хэрвээ Д.М надад мөнгө өгсөн бол Улаанбаатар төмөр замын удирдлага, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан цөм байгаа үед надаас мөнгө нэхэж, объектыг өгөхгүй гэж бөөн зарга үүсгэх байсан. Гэвч тэр үед юу ч хэлэхгүй ногоон зоорийг чөлөөлөн өгсөн юм.

Намайг ажлаа хийгээд явж байхад 2019 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэрчээр дуудаж очиход Д.М, өмгөөлөгч Одгариг нар ногоон зоорийг худалдана гэж хуурч 20.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Би ингэж анх удаа мөнгө авсан гэсэн гүтгэлгийг шүүхийн танхимд сонсоод маш ихээр гайхсан.

Д.М нь Улаанбаатар төмөр замтай шүүхдэх үедээ: “...2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.М манай эзэмшлийн зоорь, 33 дугаар дэлгүүр, 24 дүгээр байрны 1 давхрын дэлгүүрийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн нэхэмжлэл гаргаж ирсний дагуу шүүх хурал хуралдахад би бүх объектуудын түрээсийн гэрээг гаргаж өгсөн...” гэж мэдүүлсэн байдаг /1хх 41-42/.

Би өөрт олгогдсон эрх, үүргийн хэмжээнд “Рояал шүр” ХХК-тай түрээсийн гэрээ хийж байснаас өөр ямар нэгэн гэрээ хийж байгаагүй.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Мын өмгөөлөгч С.Одгариг нь “...Тухайн үед хохирогч бичиг үсгийн чадваргүйдээ гарын үсэг зурсан байдаг...” гэж хэлсэн нь:

- Д.Мыг харанхуй, бүдүүлэг хүн гэж доромжилсон,

- Д.Б намайг хилсээр гүтгэсэн, өмгөөлөгч хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл байсан гэж үзэж байна. 

Д.М нь гэрээний үг үсэг, цэг таслал нэг бүрийг тулган уншиж байж гарын үсэг зурдаг хүн байсан.

Намайг гүтгэсэн энэ хэрэг төмөр замын цагдаад 2 удаа шалгагдаад тээврийн прокуророос гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсныг би хавтас хэрэгтэй танилцах үедээ олж мэдсэн. Гэтэл Д.М нь Монгол улсын Ерөхийлөгч болон Улсын ерөнхий прокурорт дахин өргөдөл гаргаснаар энэ нь эрүүгийн хэрэг болон хувирч иргэн би ял авч хоригдоод байна.

Тухайн үеийн Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, Мижиддорж нар Д.Мтай дотно харилцаатай байсан бөгөөд манай өрөөнөөс тэд нартай гар утсаар шууд ярьж, асуудлаа шийдүүлэх, цохолттой бичиг авч ирдэг байсан. Би дарга нарын өгсөн үүргийн дагуу Д.Мтай түрээсийн гэрээ хийдэг байсан. Өөрөөр бид хоёрын дунд ямар нэгэн харьцаа байхгүй, би аль болох эв зүйгээр зохицож 2 жил ажилласан.

7. Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Цолмонбаатар, тээврийн прокурорын газрын орлогч прокурор Х.Батчимэг нар нь хэргийг шалгахдаа нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь нягталж шалгаагүй, хуурамч нотлох баримтыг үндэслэн өөрсдийн итгэл үнэмшлээр хэргийг шүүхэд шилжүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж надад өгсөн 2 жилийн хорих ял оногдуулсан.

Би 61 настай, зүрх, судасны архаг хууч өвчтэй. Хоригдож байх хугацаандаа хууч өвчин хөдөлж 14 хоног хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 8 килограмм турсан, биеийн байдал хүнд байна. Хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай гүтгэлгээр хоригдсондоо эвлэрч чадахгүй байна. Сэтгэл санааны хүнд байдалтай байх үедээ коронавирусын халдвар авсан. Энэ гүтгэлгийн хэргийн хар, цагаан, үнэн, худлыг ялган салгаж, буруу, зөвийг дэнслэн шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Сайнгэрэл би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 сарын 24 өдрийн №2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараахь гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх тогтоолоор шүүгдэгч Дансран овогтой Д.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаатай нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана. яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг мөрдөн байцаалтын явцад нотолно гэснийг хангалттай мөн хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлож чадаагүй, хохирогчийн худал мэдүүлэгт үндэслэж улмаар хүний эрхийг зөрчсөн асуудлыг хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

1. Анхан шатны шүүх Д.Бийн үйлдлийг нотолж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 /эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх/, 1.7 /хэргийн бодит байдлыг тогтоох/, 1.8 /хүний халдашгүй байх байх эрхийг хангах/ зэрэг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмуудыг зөрчсөн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзвэл:

Хохирогч хэрэгт долоон удаа гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирлын хэмжээг удаа дараа өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд сүүлд 4 хавтсанд 8 удаагийн үйлдлээр нийт 49,5 мянган төгрөг өгсөн гэх, түүний 4 удаагийн үйлдлийг гэрчүүд хэлж мэдүүлдэг боловч мэдүүлэг өгөх бүрт үйл явдлын дэс дараалал өдөр, сарууд буюу мөн өгсөн гэх хугацааг зөрүүтэй мэдүүлдэг. Түүнчлэн өөрсдийнхөө мэдүүлэгтэй зөрүүтэй ярьж шүүх хуралдаанд ч өмнө өгснөөс зөрүүтэй мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр нь хохирогчийн зөрүүтэй, худал мэдүүлгээр ялласан.

Өөрөөр хэлбэл, хохирогч болон гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгээр хохирлыг тогтоосон, тухайлбал /1хх 23/ Д.М Баянгол дүүргийн цагдаад гаргасан өргөдөлдөө, 2019 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Д.Б нь 2015 оны 6 дугаар сард надаас 3.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 5.500.000 төгрөг тус тус надаас зээлж нийт 9.000.000 төгрөг гээд нийт 29.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэдэг бөгөөд зээлж авсан 9.000.000 төгрөг нь “зээл” эсхүл залилсан хохиролд хамаарах эсэхийг ялгалгүйгээр хохирлыг зөвхөн хохирогчийн гаргасан гэх үнийн дүнгээр тооцсон.

Хохирогч Д.М /1хх-З/ Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо “...өгсөн мөнгөний баримт нэхэхэд удахгүй өгнө гээд өгөөгүй...” гэж мөн удаа дараа өгсөн тайлбарууддаа баримт өгдөггүй талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Мягмардорж /1хх 9/ “..мөнгө төлсөн баримт бариад гарч ирсэн” гэдэг тэгэхээр найзуудаасаа зээлсэн гэх мөнгөөр түрээсийн төлбөрөө төлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Түүнчлэн гэрч гэх Д.Мын найзууд болох М, Мягмардорж, Ч гэх хүмүүс Д.Мд мөнгө зээлснийг нотолсон боловч “Д.Б мөнгө авч байхыг хараагүй” гэж мэдүүлсэн нь Д.Мын мэдүүлэг худал болохыг эсрэгээр нотолж байна.

Ингэснээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу нотолбол зохих байдал гэх зүйлийн 1-д “ Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно.” гээд 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэмжээ.” гэх заалтуудыг зөрчиж, хохирлыг хангалттай нотлох баримтгүйгээр, хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй, шийтгэх тогтоолдоо хохирлын талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

1.2. Д.Бийн үйлдсэн гэх гэмт хэргийн үргэлжилсэн цаг хугацааг бодитой тогтоож чадаагүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй, Д.Бт өгсөн гэх мөнгөний хамгийн сүүлийн үйлдлийг хэрхэн ямар баримтаар 2016 оны 5 дугаар сар хүртэл гэж шүүх дүгнэж, гэм буруутайд тооцож яллаад байгаа тодорхойгүй байна. Ингэснээр анхан шатны шүүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэрэг хэзээ хаана үйлдсэн”-ийг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болж чадаагүйг харуулна.

Хохирогч Д.М нь 2014-2016 он хүртэл 2 жилийн хугацаанд төөрөгдөлд орж залилуулсан нь эргэлзээтэй байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлснээс үзэхэд Д.М гэрээний талаар үргэлж хэл ам хэрүүл маргаан хийж явдаг, мөн ихэнх тохиолдолд гэрээгээ өөрөө хийж авчирдаг, түүнийг нь өөрчлөх гэхэд уурлаж хэл ам гаргадаг талаар Улаанбаатар төмөр замын ажилтнуудын мэдүүлгээр нотлогддог. Мөн Д.Мын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг “...2015 онд түрээсийн гэрээгээ өөрчилж худалдах, худалдан авах гэрээ болгоё гэсэн саналыг Д.Б гаргасан, гэрээгээ өөрчилсөн гэсэн чинь 2015 оны 2 дугаар сард гэртээ гэрээгээ гаргаж уншиж байтал уг гэрээнд 3 жилийн түрээсийн гэрээ байхаар нь Д.Бт очиж хэлсэн...” гэдэг. Гэрээгээ хэдэн сарын дараа хараад байгаа нь тэрээр худал ярьж буйгийн илрэл, үргэлж хэл ам хийж явдаг хүн гэрээг өөрчилсөн эсэхийг харахгүй байна гэхэд “эргэлзээтэй”, түрээсийн гэрээ хийх процедур нь гэрээг түрээслэгч, эдийн засагч хоёр хийж гарын үсгүүдээ зурсны дараа Д.Б ажил үүргийн хуваарь болон даргыг өгсөн итгэмжлэлийн дагуу хамгийн сүүлд гарын үсгээ зурж баталгаажуулдаг байхад Д.М нь Д.Б шууд гэрээ бичиж өгдөг мэтээр худал мэдүүлсэн. Мөн Д.Б 2016 оны 6,7 дугаар саруудад ээлжийн амралттай байсан, ажил дээрээ байгаагүй байхад “мөнгө өгсөн” мэтээр ярьж буйг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр хохирогчийн худал мэдүүлгээр ялласан. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотолж чадаагүйг харуулна.

Дээр дурьдсан зүйлүүд нь мөрдөгч прокурор нь 4 хавтас 1000 гаран хуудастай баримтуудыг 1 жил 3 сарын хугацаанд шалгасан, гэмт хэргийн шинжгүй хэмээн прокурор хоёр удаа хэрэгсэхгүй болгож Д.Бт холбогдох хэргийг хааж байсан, Д.Мын зүгээс дээд шатны прокурорт удаа дараа гаргаж байсан гомдлын хариу, албан тоот зэргээр давхар нотлогддогийг дурдахыг хүсч байна.

Ийнхүү анхан шатны шүүх Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэж гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтууд түүний дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмуудыг зөрчиж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Харин хохирогч 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт гомдол гаргаснаар Улсын Ерөнхий прокуророос хэргийг сэргээн шүүхэд шилжүүлэх даалгавартайгаар Тээврийн прокурорт ирүүлснээр босоо удирдлагатай чиг үүргийн хүрээнд шүүхэд шилжүүлсэн. Тиймээс ч хохирогчийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн нь Ерөнхийлөгчийн тамгын газар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Улсын Ерөнхий прокурорт үүрэг чиглэл өгсний дагуу энэхүү хэргийг “тусгай даалгавартайгаар” шийдсэн гэх хардлагыг бидэнд төрүүлж байгааг хэлэхийг хүсч байна.

2. Хууль хэрэглээний асуудлын хүрээнд:

Хууль ёсны зарчим гэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож түүнд оногдуулах ял эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.” 3.2 “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэсэн хатуу зохицуулалттай байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн нэр томьёо ойлголтыг хэрэглэх зохицуулалтаар 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан үйлдлийг тайлбарлах нь илт үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэв өмнөх хуулиар “Урьдын харилцааны явцад, бодит байдлыг, зохиомол байдлыг үүсгэсэн” үйлдлийг гэмт хэрэг гэж үздэг байсан бол хууль тогтоогч тусгайлсан шинээр энэ нөхцөлийг хуульд тусгах шаардлагагүй юм.

Эрүүгийн хууль /2015 он/-ийн Хууль үйлчлэх цаг хугацаа гэсэн 1.8 дугаар зүйлийн 1-д Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутайн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно “ гэсэн нь гэмт хэрэгт тооцох үйлдлийг тухайн үеийн хуулиар тогтоох болохыг маш тодорхой хуульчилсан байна. /өмнөх Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл мөн ижил зохицуулалттай./

Иймээс Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн , гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн байх бөгөөд эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэдэг нь гипотез, диспозици, санкцийн аль алинд хамаарах зохицуулалт юм.

Анхан шатны шүүхээс прокурор зөвхөн санкцийг үндэслэж дээрдүүлэн зүйлчилсэн гэх хууль хэрэглээг зөвтгөөгүй байгаа нь өөрөө дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Хэргийг прокурорт буцааснаар дараахь үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоолгох шаардлагатай байна.Үүнд:

1. Д.Бт холбогдох хэргийн хохирогч болон түүний ашиг сонирхол нэгтэй гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэргийн цаг хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл гэж тодорхойгүй цаг хугацаагаар ялласан байгаа нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоолгох

2. Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мөнгө хамт аваачиж өгсөн гэх өдрүүдэд тухайн цаг хугацаанд Д.Б хаана байсныг хөндлөнгийн баримтаар тогтоолгох /2014,2015,2016 онуудад ажиллаж байхдаа ээлжийн амралт болон томилолтоор явж байсан өдрүүдийг шалгуулах/

3. Д.М нь Д.Бт өгсөн гэх мөнгийг 20.000.000, 29.000.000, 49.000.000 гэх зэргээр янз бүрээр мэдүүлдэг, мөн 9.000.000 төгрөг зээлсэн гэдэг нь залилах гэмт хэргийн хохирол уу, эсхүл хувийн эрх зүйн маргаан эсэх зэрэг хохиролтой холбоотой асуудлыг нэг мөр болгон бодитой тогтоолгох.

4. Д.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорт гаргаж байсан гомдлуудад Д.Бийг авлига авсан мэтээр ярьж бичдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг бус харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тодруулан шалгуулах.

5. Д.Бт холбогдох хэрэгт хэд хэдэн иргэний шүүхийн шийдвэрүүд авагдсан байдаг бөгөөд тухайлбал Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрт хариуцагч “Рояал Шүр” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ “149.928.800 төгрөгийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргуулах, ингэхдээ /хх-234 доороос 2 дах мөрнөөс/ “... Бид худалдааны төвийн ногоон зоорийн хашааг турээслэхдээ уг зоорны хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн ... ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан. Эдгээр ажлуудыг хувь хүмүүсээр хийлгэж мөнгийг бэлнээр өгч байсан. Иймд түрээсийн хашаанд оруулсан мөнгө 126.000.000, нийт 149.928.800 төгрөг гаргуулж өгөх сөрөг нэхэмжлэл гаргаж байсан нь 2019 он гартал шүүхээр явж байхдаа огт худалдах худалдан авах гэрээний тухай яриагүй, тийм үйл баримт байхгүй байсныг нотолж байгаа. Иймээс энэ иргэний шийдвэртэй холбоотой хавтаст хэргийн материалд бүхэлд нь үзлэг хийж хэрэгт хавсаргуулах. Учир нь, дээрх Улсын дээд шүүхийн шийдвэр гарахад Түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан шаардлагаа дэмжээгүй байгаа гэсэн нь анхаарал татаж байна.

6. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Чын мэдүүлэгт ногоон зооринд ажилд орсон гэх боловч түүнийг ажилладаг байсныг нотлох баримтуудыг огт шалгаагүй байгаа. Иймээс хэзээ ажилд орсныг хөндлөнгийн баримтуудаар тогтоох,

7. Хохирогч болон гэрч М, Мягмардорж, Ч нар нь мөнгө өгсөн гэх цаг хугацаанд Монгол Улсад байсан хилээр орсон гарсныг шалгуулах,

8. Энэ хэрэгт авагдсан “Роял Шүр” ХХК-ны өргөдөл дээр цохолт хийсэн албан тушаалтнууд Д.Бт даалгавар өгч заавал Д.Мтай гэрээ хийхийг шаардаж байсан гэх тул Улаанбаатар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өндөр албан тушаалтнууд Д.Мтай хувийн харилцаатай байсан эсэх, мөн энэ хэрэгт холбогдолтой эсэхийг шалгуулах.

9. Шүүхээс гэм буруутай гэж үзвэл яагаад хэргийн зүйлчлэл дээр хохирогч 3.500.000 төгрөг хуушуурын мөнгө гэж өгсөн, 7.000.000 төгрөг зээлсэн гээд байхад түүнийг шударга өмч, эд хөрөнгө гэж дүгнээд Д.Баас хохирол бүхэлд нь гаргуулах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг нэг мөр шалгаж хохирогчийн үйлдлийг шалгуулах болон бусад шаардлагатай ажиллагаануудыг хийлгэх хүсэлтэй байгаа болно.

Иймээс Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/133 шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Хууль зүйн хувьд хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч Д.Б нь албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхэлж байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.” хэмээн хуулийг дараахь байдлаар буруу тайлбарлан хэрэглэжээ.

“Залилан мэхлэж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно” хэмээн Монгол Улсын Дээд шүүх 51 дүгээр тогтоолоороо залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.

Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг хэмээн тодорхойлсон шүүгдэгчийн залилан мэхэлж авсан гэх 49.500.000 төгрөг нь хохирогч Д.Мын өмчлөл, эзэмшилд бодитоор байсан эсэх, шүүгдэгч Д.Бийн мэдэлд буюу өмчлөлд 49.500.000 төгрөг шилжиж ирсэн эсэх асуудлыг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааны журмаар шалгаж тогтоох шаардлагатай байсан. Гэтэл хохирогч анх цагдаагийн байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Рояал шүр” ХХК-ийн албан бланк дээр гомдол гаргахдаа шүүгдэгчид 20.000.000 төгрөг өгч хохирсон талаар дурдсан байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгтээ 9.000.000 төгрөг шүүгдэгчид зээлүүлсэн буюу нийт 29.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн мэдүүлэгтээ 49.500.000 төгрөгөөр хохирсон талаараа тус тус зөрүүтэй мэдүүлдэг ба хохирогчийн мэдүүлэгтээ дурдаад байгаа ямар ч банкны дансанд байгаагүй, компанийн данс, тайлан тооцоо бүртгэлд тусгагдаагүй бэлнээр шүүгдэгчид өгсөн гэх мөнгөнүүдийг шүүгдэгч хүлээн авсан, захиран зарцуулсан талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

Дээрхээс гадна залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг чухал шинж нь шүүгдэгчийн санаатайгаар бодит байдлыг нууж үүсгээд буй тухайн нөхцөл байдлын талаар хохирогч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь хохирогчийн хууртагдсан, төөрөгдсөн субьектив нөхцөл байдлыг илэрхийлдэг.

Хохирогч хууртагдаагүй, төөрөгдөөгүй болох нь дараахь баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Рояал шүр” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл- “Улаанбаатар төмөр зам” ХНН нь төрийн өмчийн байгууллага бөгөөд уг өмчийг хэн нэгэн дарга дур мэдэн зарах эрхгүй байдаг”,

2. 2013, 2014, 2015, 2016 онд тус тус байгуулагдсан “Түрээсийн гэрээ”- Хохирогч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байдаг ба 2014 онд байгуулсан “Түрээсийн гэрээ”-г худалдах, худалдан авах гэрээ гэж бодон гарын үсэг зурсан болохоо 2015 оны 1 дүгээр сард хараад гайхсан гэж тайлбарладаг ч мөн л 2015, 2016 онуудад “Түрээсийн гэрээ” байгуулсаар байсан байдаг,

3. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Монгол Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 001/хт2018/01010 дугаар тогтоол бүхий иргэний хэрэгт цугларсан баримтууд- энэ хэрэгт талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хохирогч шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ түрээсийн гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр, засан сайжруулалттай холбогдон гарсан зардлуудтай холбоотой асуудлаар маргаан үүсгэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна,

4. Хохирогчийн эхнэр Оийг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгүүлэхээс татгалзсан- хохирогчийн 2014 оны 9 дүгээр сард шүүгдэгчид өгсөн гэх 10.000.000 төгрөгийг бэлнээр түүний гэрээс очиж авсан гэх гэрч Г.М тухайн үед хохирогчийн эхнэр Оээс хар цүнхтэй мөнгө авсан гэж мэдүүлсэн. Ажиллагааны үед хохирогчийн охин М.Энх-Амгалан би Г.Мэд 10.000.000 төгрөг гаргаж өгсөн гэж зөрүүтэй мэдүүлсэн,

5. Гэрч Г.М, О.М нарын удаа дараа иргэн болон эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд- гэрчүүд аль аль нь Хохирогч Д.Мыг гэрээ хийчихлээ гээд гартаа цаас бариад гарч ирж байсан гэж мэдүүлдэг ба гартаа барьж байсан гэрээгээ хараагүй, шалгаагүй байх үндэслэлгүй. Мөн гэрч О.М нь хаан банк дахь данснаасаа 1.000.000 төгрөг авч хохирогчид зээлүүлсэн гэж мэдүүлдэг ч мөрдөн шалгах ажиллагааны журмаар авагдсан дансны хуулгуудаас харахад ямар ч 1.000.000 төгрөгийн гүйлгээ байхгүй байсан ба тэрээр энэ талаараа тайлбарлаж чаддаггүй.

6. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн ажилтнуудын гэрчийн мэдүүлгүүд- Хохирогч Д.Мын хувийн байдлын талаар болон түрээсийн гэрээний хэрэгжилтийн талаар хангалттай тайлбаруудыг гаргасан.

7. Хохирогчийн шүүгдэгчтэй түүний албан ажлын өрөөнд уулзаж бэлэн мөнгө өгсөн гээд байгаа цаг хугацаанд шүүгдэгч Д.Б нь ээлжийн амралттай байсан байдаг. Тухайлбал 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил дээрээ байхгүй байсан нь тухайн үеийн цагийн бүртгэлийн дэвтэр, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог.

8. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчтой Тээш худалдааны төвийн удирдлагуудын хийсэн уулзалтын тэмдэглэл- энэ үеэр мөн л хохирогч түрээсийн гэрээний төлбөр болон засан сайжруулалтын асуудлаар ярилцсан байх ба ногоон зоорийг худалдан авсан талаар яриагүй.

9. Хохирогч залилуулж шилжүүлсэн гээд байгаа 49.500.000 төгрөгөө шүүгдэгчид зээлүүлсэн, ногоон зоорь худалдан авахаар төлсөн гэж хоёр янзаар тайлбарладаг.

Шүүх шүүгдэгч Д.Б нь албан тушаалын байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан хэмээн түүний залилах гэмт хэргийн үйлдлийн аргыг тодорхойлсон.

Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан талаар.

Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад хохирогч Д.М нь 2013 оноос хойш Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлийн ногоон зоорийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан, 2014 оны 7 дугаар сард шүүгдэгч Д.Б тус байгууллагад тээш худалдааны төвийн даргаар томилогдож ирсэн байх ба 2014 оны 9 дүгээр сард хохирогч Д.Мтай уулзаж түрээсийн гэрээг байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэчлэн байгуулсан баримтууд хэрэгт авагдсан. Энэ үйл баримтыг үгүйсгэх нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн залилуулсан гэх цаг хугацааны өмнө шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар ч урьдын харилцаа байгаагүй байна.

Албан тушаалын байдлаа ашигласан талаар:

“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Бт 2014 оноос 2016 оны үед Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга болон орлогч даргаас тус тус 2015 оны 3 дугаар сард, 2015 оны 2 дугаар сард, 2014 оны 9 дүгээр сарын 22-нд тус тус түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэлүүдийг олгож байсан байх ба гэрээ байгуулах эрх олгогдсон эсэх асуудлаар иргэний шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр, тогтоол гарч Д.Б нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон байна. Түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлээр байгууллагын өмчийг худалдах хэлцэл хийх боломжгүй бөгөөд тийм хэлцэл хийсэн тохиолдолд энэ асуудал нь өөрөө Эрүүгийн хуульд заасан завших гэмт хэргийн шинж болно. Гэтэл хохирогч хүсэл зоригоо илэрхийлэн түрээсийн гэрээ байгуулчихаад үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байгаа нь өөрөө нотлогдохгүй ба худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй атлаа түүнд энэ хэлцлийг хийх урьдчилгаа төлбөр өгсөн гэх тайлбар нь ч үгүйсгэгдэнэ.

Дээрх байдлаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Мыг залилсан, хохирол учирсан болох нь нотлогдохгүй байгаа бөгөөд хохирогч болон түүний талд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусад баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хохирогчийн мэдүүлэг, эх сурвалжаа зааж чадахгүй Б.Ч, О.М, Г.М нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Бийг бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.           

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай саналыг дэмжиж байна. Хохирогчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өгсөн мэдүүлэг хэрэг авагдсан. 2003 оноос “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч болох ногоон зоорийг “Зэст шүр” ХХК-аар дамжуулан түрээслэх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаад 2006 оноос “Зэст шүр” ХХК-аар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. 2013 онд “Роял Шүр” ХХК-аар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Хохирогч 45 жил бизнес хийсэн, 50 орноор аялсан гэж мэдүүлсэн. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдсээр байж худалдана гэсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Ногоон зоорийн 1 м.кв талбайг 5.240.000 төгрөгөөр түрээслэдэг байхад 240.000.000 төгрөгөөр худалдаж авах шаардлагага байхгүй. Мөн хэдэн төгрөний хохирол учирсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр, өөрөөр мэдүүлдэг. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн актлагдсан хөрөнгүүдийг худалдахгүйгээр буулгаж нураадаг. Гэтэл Д.М нь 2 ногоон зоорийг буулгаж байсан байдаг. Тухайн зоорийг зарахгүйгээр буулгаж, нураадаг гэдгийг сайн мэддэг байсан. Түрээс гэж өгсөн гэх мөнгөө нэхдэггүй. Хохирогчийн мэдүүлэг нь гэрч М, Ч, Мягмардорж нарыг мэдүүлгийг няцаадаг. Иргэний шүүхээр түрээсийн гэрээний асуудал шийддэгдэж байхад залилан мэхлэх гэмт хэргийн талаар дурдаж байгаагүй, харин түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус гэж маргаж байсан. Мөнгө тушаахдаа түрээс гэсэн агуулгаар шилжүүлсэн байдаг. Залилсан гэдэг нь хурлын тэмдэглэлээр няцаагддаг. Д.М бизнес төв дээр очиж хуралд оролцсон байдаг. Уг хуралд Д.Б оролцоогүй. Д.Мын охин нь “компаний орлого бүгд гэрт бэлнээр байдаг. Аав 37.000.000-39.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Охин нь түрээслэж байсан гэдгийг огт мэдээгүй атлаа 6 жилийн өмнөх он, сар, өдөр, цагийг тодорхой мэдүүлдэг. Энэ цаг хугацаа нь Д.Бийн “Рояал шүр” ХХК-д өгсөн албан тоотуудын огноотой таардаг. Шүүх яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэх баримтуудыг ямар учраас үнэлээгүй талаараа дүгнэлт хийгээгүй. Хохирогч “Пунцаг дарга 2019 онд ерөнхий түрээслэгчийнхээ мөнгийг өг гэж нэхсэн, би өгөөгүй учраас түрээсийн гэрээг цуцлах гээд байна” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт итгэх боломжгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Хохирогчийн эрх ашгийг бодох шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцааж, нэмж шалгах шаардлагатай. ...” гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 6 дугаар сард “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед 2, 3 жилийн гэрээ байгуулдаггүй, 1 жилийн хугацаагаар байгуулдаг байсан. 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл гэрээ байгуулсан. Д.Б 2014 оны 8 дугаар сард надтай уулзаад ногоон зоорийг түрээслүүлсэн. Түрээслээд явж байхад надад худалдах санал тавьсан. Зах зээлийн үнэлгээ 2-3 удаа хийгддэг. Үнэлгээ хийгдээд 250.000.000 төгрөгөөр худалдаж ав гэсэн санал тавьсан. 20.000.000-30.000.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн. Ашиглалтын хугацаа удахгүй дуусна гээд худалдах санал тавьсан. Урьдчилгаа 20.000.000 төгрөг өг гэсэн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр надаас 15.000.000 төгрөг аваад 3 жилийн хугацаатай 250.000.000 төгрөгийг сар бүр түрээс хэлбэрээр төл гэсэн. 700 хувийн өндөр түрээс төлсөн. Сарын 7.000.000 төгрөг төлөөд 3 жилийн дотор худалдаж ав гэсэн. Урьдчилгаа 20.000.000 төгрөг төл гэсэн боловч мөнгөний боломж байхгүй байсан учраас 10.000.000 төгрөг төлсөн. Баталгаа болгоно гээд намайг хүсэлт бичээд аваад ир гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг аваад ир гэхээр нь тухайн мөнгийг өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 2.000.000 төгрөг өгсөн. Гэрээтэй танилцах боломж олгож байгаагүй, гарын үсгээ зурчих гэдэг байсан. 2015 оны 1 дүгээр сард гэрээг түрээсийн гэрээ гэж мэдээд аваачиж өгсөн. Тэгэхэд наадхыг чинь би зохицуулна гэж хэлсэн. Ногооны зоорийг худалдаж авах урьдчилгааны төлбөр гэж Д.Бт 49.500.000 төгрөг өгсөн болохоос үүнээс их мөнгөөр хохирсон. ...” гэв.

Хохирогч Д.Мын өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг, хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн талаар гэрч нарын мэдүүлэг авагдсан. Мөнгө авсан, өгсөн талаар ямар нэгэн баримт үйлдээгүй. Хаанаас, хэнээс авсан гэдгийг нуусан учраас хохирлын хэмжээ хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр л тогтоогдоно. Мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй. Түрээсийн төлбөр төлсөн баримт тусдаа асуудал юм. Д.Бийг мөнгө авч байгааг гэрч нар хараагүй гэж тайлбар гаргасан. Тухайн үйл явдлын талаар гэрч нар тодорхой мэдүүлсэн. Сүүлд гэрч гаргаж ирсэн гэсэн ойлголт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоож чадаагүй гэж тайлбарладаг. Мөнгө авсан, аваачиж өгсөн цаг хугацаанд Д.Б байгаагүй, тухайн асуудал болоогүй талаарх баримтаа мөрдөн байцаалтын үед гаргаж өгөөгүй. Энэ талаарх баримтаа огт гаргаж өгөөгүй. Хохирогчийн худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох баримтаар нотлох ёстой.  Ерөнхийлөгчийн тамгын газраас Улсын Ерөнхий прокурорт нөлөөлсөн гэж байгааг тогтоосон баримт байхгүй. Ямар баримтыг үндэслээд тэгж ярьж байгаа нь тодорхойгүй. Гэмт хэрэг биш гэж тайлбар гаргаж байсан атлаа авлигын гэмт хэрэг байж магадгүй гэдэг агуулгаар тайлбар гаргаж байна. Иргэний хэрэг тусдаа асуудал, тухайн иргэний хэрэг нь Д.Бийг гэрээ байгуулсан гэдгийг нотолдог. Гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг нүүрэлдүүлж арилгасан. Анхан шатны шүүхээс шинэ, хуучин хуулийг хэрхэн хэрэглэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодорхой дурдсан байгаа. Энэ бол залилах гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдүүлэх замаар үйлдэгддэг хэрэг юм. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Худлаа мэдүүлж байгаа гэж байгаа бол түүнийг үгүйсгэх баримтаа гаргаж өгөх ёстой. Харин тухайн гэмт хэргийг нотлох гэрч нар байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иргэний журмаар хэрэг шийдвэрлэгдэж байхад хохирогч энэ асуудлын талаар хэлээгүй. 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа энэ талаар хэлсэн. Иргэний шүүхийн шийдвэрээс зөвхөн өөрсөддөө ашигтай хэсгийг гаргаж тайлбарлаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар хүртэлх хугацаанд албан тушаалын байдал, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхлэх аргаар хохирогч Д.Маас 49.500.000 төгрөг авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Д.М нь мөнгө залилуулсан гэдгээ мөрдөн байцаалт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тогтвортой мэдүүлж байсан. 49.500.000 төгрөгийг Д.Бт өгсөн гэдгийг гэрч М, Мягмардорж, Ч нар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд оролцоод мөнгө өгөх үед хамт байсан, Д.Бийн өрөөний гадна зогсож байсан, мөнгө өгч байсан гэдгийг хаалганы завсраар харж байсан гэж тогтвортой мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгээр хэрэг нотлогдсон. Хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр ямар байдлаар үгүйсгэж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Б, Д.М нарын хооронд шалгаж тогтоосноор эд хөрөнгийн ямар нэгэн маргаан, өш хонзонгийн асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа зүйл байхгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Шүүгдэгч түрээсийн гэрээтэй холбоотой гэж хэлдэг боловч гэмт хэрэгт гүтгэх хэмжээний баримт хэрэгт авагдаагүй. Гэрчүүд Д.Мыг таньдаг гэх боловч үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан. Гэрчүүдээс хоёр буюу түүнээс дээш удаа мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн урьдчидсан хэлэлцүүлэгт урьж оролцуулаад асуудлыг тодруулсан. Нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаалаа гэхэд 3 гэрчээс мэдүүлэг авахаас өөр тодруулах зүйл байхгүй. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлага, үндэслэл байхгүй. Яллах нотлох баримтыг үгүйсгэх, цагаатгах нотлох баримт байхгүй. Гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Д.Бт мөнгө өгч байхыг нэг нь харсан гэсэн бол нөгөө хараагүй гэх агуулгатай мэдүүлгийн зөрүү байхгүй. Д.Мын охины мэдүүлэгт зөрүү гарсан. Түүнийг мөрдөн байцаалтын шатанд арилгасан. Хохирлын хэмжээний талаар Д.Маас тодруулах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Д.Маас энэ байдлыг тодруулахад “Д.Б мөнгө аваагүй гэж миний дургүй хүргэсэн учраас, бүх үнэнийг хэлье, надаас өмнө нь мөнгө зээлж авч байсан, энэ асуудлыг шалгуулна” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь хэрэг болох үед амралттай байсан гэж байгаа боловч хэрэгт амралттай байх хугацаандаа хэзээ ажилдаа ирж байсан, ямар сургалтад хамрагдаж байсан гэдэг хэрэгт авагдсан ажлын ирцийн бүртгэл гэх баримтаас харагддаг. Мөнгө өгсөн гэдгийг хохирогч өөрөө зааж өгч, хөндлөнгийн 3 гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас Д.Бийг “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг онцлогийг харгалзан энэ талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоох шаардлагатай.

Мөн хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Д.Б нь 2015 оны 6 дугаар сард 3.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 5.500.000 төгрөгийг тус тус надаас зээлж нийт 9.000.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд урьд бэлэн авсан 20.000.000 төгрөг, сүүлд авсан 9.000.000 төгрөг гээд нийт 29.000.000 төгрөгийг Д.Баас нэхэмжилж байна. ...” /1хх 21-25/,

“...Би “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Бт “ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. Ингээд бодохоор нийт 29.000.000 төгрөгийг тус тус өгсөн. ...” /3хх 48-50/,

“...2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө “наадмын хуушуурын мөнгө” гээд толгоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна. Тэгээд зээлчих гээд авсан. ...2015 оны 6 дугаар сарын сүүлээр Д.Б намайг өөрөө дуудаад мэнд ус асуугаад “улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч” гэхээр нь би “3.500.000 төгрөг байна” гэхэд “тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна” гэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. ...” /3хх 216-218/,

“...2014 оны 9 дүгээр сарын дундуур ногоон зоорьны худалдах-худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. 2015 оны 2 дугаар сард 33 дугаар байрны дэлгүүрийн 3 жилийн гэрээ үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр “ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Ингээд нийт 49.500.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /4хх 31-33/ гэж зөрүүтэй мэдүүлсээр атал прокуророос ерөнхий байдлаар дүгнэж, Д.М нь Д.Бт хэзээ, яаж, хэдэн төгрөгийг, ямар зорилгоор өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж, хохирлын зөрүүг шалгаж тодруулалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, хохирогч Д.М нь хохиролд 49.500.000 төгрөг нэхэмжилсний хэдэн төгрөгийг залилах гэмт хэргийн улмаас авсан, хэдэн төгрөгийг зээлж авсан зэргийг нарийвчлан тогтоох шаардлагай гэж үзэв.

Түүнчлэн, тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн залилах гэмт хэргийн хэр хэмжээ, мөн албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан гэх шинжийг шалгаж тодруулаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”, 1.3 дахь заалт “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”, 1.5 дахь заалт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” зэрэг нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Баясгалан нарын гаргасан “...нотолбол зохих байдал нотлогдогдож тогтоогдоогүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл Д.Бийн 61 настай, зүрх, судасны архаг хууч өвчтэй, цагдан хоригдож байх хугацаанаад короновирусын халдвар авсан, биеийн байдал хүнд байгаа нөхцөл байдлын харгалзан үзэж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ