Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0030

 

 

 

 

2023             01           04                                     128/ШШ2023/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э.З,Ж.Э *** ” ХХК /РД:6*** /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д***

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э***

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах” шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. “Э.З,Ж.Э *** ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасан.

2.2. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/4*** дугаартай албан бичгээр ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасны дагуу "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд тус яамнаас олгоогүй болно.

Дээрх хуульд заасан "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх" гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа тул тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэсэн хариу өгчээ.

2.3.Тус шүүх “Э.З,Ж.Э *** ” ХХК-аас гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор болон уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохоор зааснаас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860,000-2,150,000 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагааны улмаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого нь хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдохоор тус тус зааж төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж, олсон орлого нь хуулиар зөвшөөрөгдсөн орлого байхаар тус тус зохицуулсан байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай, хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг хэмээн үзэн, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг иш татан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцаан хүргүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн хүсэлтийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэлгүйгээр буцаасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж өгнө үү. гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан/ болон шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалт байна. Мөн энэ төрлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар ногдуулах зохицуулалт байх бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль мөн Иргэний хуулийн зохицуулалтаар дээрх төрлийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин бий. Тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой тэмдэгтийн хураамж авахаар хуульчилсан эрх зүйн зохицуулалт байсаар байхад хэзээ батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх нь тодорхойгүй хуулийн төслийг үндэслэн манай компанийн хүсэлтийг буцаасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн манай гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдэл хууль бус байна. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг, сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байдаг. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор заасан.

Тус компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авч танилцаад буюу эс үйлдэхүй биш мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар танилцаж 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар татгалзсан үндэслэлийг бичиж бичгээр хариу өгнө гэж заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байдаг. Тусгай зөвшөөрлийг олгохдоо үйл ажиллагааны төрөл хугацаа, үйлчлэх хүрээ, тусгай зөвшөөрөл эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг хуулийн 4 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эрхлэх байгууллагыг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг уг хуулийн 10, 13, 14 дүгээр заалтуудаар зохицуулсан байдаг.

Хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаартай албан бичгийг гаргахдаа Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д улс орны батлах хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т ил тод, шуурхай байх, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох гэсэн заалтуудыг үндэслэн тус хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. 2021 оны байдлаар нийт цахим, мөрийтэй тоглоом 326 бүртгэлтэй байдаг. Цагдаагийн ерөнхий газраас дээрх төрлийн тусгай зөвшөөрөл олгохгүй байх мөн цар тахлын үед хөл хорионы хязгаарлалттай үед энэ төрлийн гэмт хэрэг өссөн байдаг. Дээрх зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, цагдаагийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой ажилд хязгаарлалттай хандаж ирсэн. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаж байсан бол 2020 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.17 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулах нэршлээр зохицуулагдаж эхэлсэн. Энэ төрлийн зохицуулагдах харилцааг нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа мөн энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгохгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа, нарийвчилсан зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн тайлбаруудыг хүргүүлээд явж байгаа. Тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн эс үйлдэхүй гаргаагүй. Дээрх хариуг тодорхой судалгаа болон хуульд заасан журмын дагуу өгсөн байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яаманд олгогдсон эрх хэмжээний дагуу шууд тусгай зөвшөөрөл олгохоор даалгах боломжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл авахтай холбоотой шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангаагүй. Энэ нөхцөл байдлыг дурдаж нэхэмжлэгч компанид хариу өгөхөөр байсан. Гэхдээ эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлагатай ажиллагаануудыг хийх ёстой байгаа гэдгийг дурдаж хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Э.З,Ж.Э *** ” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан байх бөгөөд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

3.Тус компани нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүсэх тухай” 08/25 дугаар албан бичгээр “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.”, 15.5 дахь хэсэгт “хууль зүйн чиглэлээр”, гээд 15.5.8 дахь заалтад “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.” гэж тусгасан.

Манай компани цаашид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлж, холбогдох татвар хураамжийг төлж, цахим хэлбэрээр 10 жилийн хугацаанд эрхлэх хүсэлтэй байна.

Иймд хууль тогтоомжийг үндэслэн манай компанид Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргажээ.

4.Уг хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яам 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/4*** дугаар албан бичгээр шийдвэрлэж, хариуг нэхэмжлэгч “Э.З.Ж.Э*** ” ХХК-д хүргүүлсэн байна.

Албан бичигт: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасны дагуу “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд тус яамнаас олгоогүй болно.

Дээрх хуульд заасан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа тул тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна.” гэжээ.

5.Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч нь шийдвэрлэлгүйгээр буцаасан байна гэж үзэхээр байна.

6.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа”-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр, энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д, энэ чиглэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор үйл ажиллагааны төрөл, хугацаа үйлчлэх хүрээ, тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг заахаар мөн хуулийн 4 дүгээр зүйлд, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр 10, 13, 14 дүгээр зохицуулсан байна.

7.Мөн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд шаардах эрх бий болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж хураахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар оногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого нь хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна гэж тус тус заажээ.

8.Дээрхээс үзвэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохоор зохицуулснаас гадна дээрх бусад хуулиудаар тусгай энэ төрлийн харилцааг хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж олсон орлого нь хуулиар зөвшөөрөгдсөн орлого байхаар зохицуулагдсан байх тул Хууль зүй, дотоод хэргийн яам нь энэ төрлийн тусгай зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай, хуулийн төсөл боловсруулж, хэлэлцэн батлагдах хүртэл шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Э.З,Ж.Э *** ” ХХК-аас гаргасан хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

9.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл.“2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.”, 2 дугаар зүйл. “Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”, Зөвшөөрлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйл.“Хууль хүчин төгөлдөр болох”, 1.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

10.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон байна. Гэхдээ маргаан бүхий үйл баримт нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж байх хугацаанд болсон байх тул уг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

11.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь хэсэгт заасан төлбөр таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж буй Хууль зүй, Дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн /4555 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4*** дугаар албан бичгийг хууль болохыг тогтоож, нэхэмжлэгч “Э.З,Ж.Э *** ” ХХК-ийн гаргасан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах” тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ