Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2022/00394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.б ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  дүгээр баг,   дугаар хэсэг   тоотод оршин суух, Х овогт Г.Б  /РД: ,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дүгээр баг,    дугаар хэсэг   тоотод оршин суух, Б овогт О.Ш  /РД: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг нийт 35,626,686.69 төгрөг гаргуулах, зээлийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох LEXUS RX400H маркийн  .... улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хонгорзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У , Ө.Б , хариуцагч О.Ш , хариуцагч Г.Б  өмгөөлөгч О.Ү  нар оролцов.

 

Хариуцагч Г.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул түүний эзгүй хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т. б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.б ХХК нь зээлдэгч Г.Б -той 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЗГ09/34/15 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, автомашин ахуйн хэрэглээний зээл зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 280500034885 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг зөрчин эргэлзээтэй ангилалд шилжсэн. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ67/05/297 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 6 сар чөлөөлж, зээлийн хүүгийн төлбөрийг 4 сараар хойшлуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ144/05/734 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 11 сар чөлөөлж, зээлийн хүүгийн төлбөрөөс 6 сар хойшлуулах хугацаа олгосон. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Төрийн банк ХХК нь зээлдэгч Г.Б , О.Ш  нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Г.Б , О.Ш  нараас үндсэн зээлд 30,000,000 төгрөг, хүү 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг, нийт 35,626,686.69 төгрөг гаргуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярболд нь тус банктай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЗГ09/34/15 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 19,20%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, автомашин авах, ахуйн хэрэглээний зээл зориулалтаар зээлсэн бөгөөд Ш  хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Банкны зүгээс зээлдэгчийн 280500034885 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад ковид цар тахал гарсантай холбогдулан банкны зүгээс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ67/05/297 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 6 сар чөлөөлж, хүүгийн төлбөрийг 4 сараар хойшлуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ144/05/734 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 11 сар чөлөөлж, зээлийн хүүгийн төлбөр төлөхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, зээл төлөх хугацаа олгосон боловч Б, Ш нар нь зээлийг төлөөгүй, одоо зээлийн муу ангилалд шилжсэн байна. Б нь анх зээл авснаас хойш хүүд 71,321 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгдээгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөг төлсөн. Банкны зээлийн үйл ажиллагааны журмаар зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөлт хийгдвэл хүүгийн төлбөрт авдаг учраас 5,000,000 төгрөгийг хүүнд суутгаж авсан. Ингээд зээл төлөлтийн хугацааг хойшлуулснаас хойш буюу 2021 оны 04 сарын 25-наас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүүг тооцоход 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг болж байна. Үндсэн зээлийн төлөлтийг огт төлөөгүй байна. Зээлийн хүүг тооцохдоо 5 дугаар сард өгсөн 5,000,000 төгрөгийг хасаад үлдсэн нь 5,518,315 төгрөг болж байна. Банкны зүгээс зээл төлөхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Шинэшүрэнг хамтран зээлдэгчээс чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Банкны зүгээс зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ, Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 6.2.1.5, 6.2.9-д шаардлагатай тохиолдолд хамтран зээлдэгч, батлан даагч хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг үндэслэн хамтран зээлдэгчийг чөлөөлөх үндэслэлгүй болно. Иймд нийт 35,626,686.69 төгрөг гаргуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байгаа. Эхний гэрээ, дараагийн нэмэлт гэрээгээр зээл төлөлт хийгээгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Ингээд зээл төлөлтийг хойшлуулснаас хойш 2021 оны 04 сарын 25-нд эхний төлөлт хийх байснаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хүүг үндсэн зээлээс тооцсон. Үндсэн зээлийн төлөлтөөс хасагдсан бол хуваарийн дагуу хүүг тооцох байсан боловч огт төлөлт хийгдээгүй тул 30 хоногтой сарын хүүг 473,424.65 төгрөгөөр, 31 хоногтой сарын хүүг 489,205.47 төгрөгөөр тооцсон байгаа гэв.

4.Хариуцагч Г.Б-н төлөөлөгч Б.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Төрийн банк Замын-Үүд салбараас хариуцагч Г.Б-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,626,686.69 төгрөгийг гаргуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь ачаа тээвэр эрхлэх зорилгоор авто машин худалдан авахаар Төрийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг авсан. Ковид-19 цар тахлын улмаас худалдан авсан ачааны машин улс хоорондын ачаа тээвэр эрхлэх боломжгүйд хүрч, улмаар өрхийн орлого зээлийг төлөхөд хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэний улмаас зээлийн гэрээний үүрэг буюу эргэн төлөлтийг төлж чадаагүйн зээлсэн мөнгө өсөж 35,626,686.69 төгрөг болсонтой маргаангүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага дагуу зээлийн гэрээг цуцлаж харин 35,626,686.69 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх буюу уг зээлийн төлбөрийг хариуцагчаас төгрөгөөр төлөхгүйгээр, шууд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Lexus RX400H маркийн автомашин 27-96ДГС улсын дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл 35,626,686.69 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна. Хариуцагч О.Ш  нь хамт амьдарч байх хугацаанд учир хамтран зээлдэгчээр оролцож, тухайн үед бага насны хүүхэд хараад гэрт ажилгүй байсан, зээл авсан хугацаанаас хойш гэрлэлтийг албан ёсоор цуцлуулан эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ зээлийг Г.Б  төлөхөөр тохиролцоод тээврийн хэрэгсэлийг эзэмшиж, ашиглаж үлдсэн. Тиймээс хариуцагчийн үүргээс О.Ш-г чөлөөлөхөд татгалзахгүй. Г.Б-ын эзэмшилд үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө байгаа болно гэжээ.

5.Хариуцагч Г.Б-н өмгөөлөгч О.Ү  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа, Ш  үүргээс чөлөөлж өгнө үү гэв.

6.Хариуцагч О.Ш  шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Г.Б-той 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа 1-р багийн 144Б байрны 7 тоотыг орон сууц корпарацийн зээлэнд хамрагдаж хамтран зээлдэгч, төрийн банктай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөг авахад нь хамтран зээлдэгч болсон, энэ мөнгөнөөс би хэрэглээгүй. Зээлийг авснаас хойш 2-3 сарын дараа бид 2021 оны 05 дугаар сарын 27-д гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, хамтран зээлдэгчээс чөлөөлүүлэхийг хүссэн. Б  2 сарын дотор Төрийн банкны зээлээс чөлөөлж өгнө гээд зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл чөлөөлж өгөөгүй. Энэ зээлээс болоод би зээл авах ч боломж байхгүй, 2 жил хохирч явна. Зээлийн барьцаанд байгаа хөрөнгө нь надад байхгүй, Б-н эзэмшилд байгаа, хүнтэй суугаад тусдаа амьдралтай болсон учраас миний утсыг ч авдаггүй, уулздаггүй. Би зээлээ төлөөч, зээлээс чөлөөлж өгөөч гэж удаа дараа хэлж байсан. Иймд  зээлийг төлөхгүй гэв.

7.Нэхэмжлэгч тал нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн банк ХХК, Г.Б , О.Ш  нарын хооронд байгуулсан ЗГ09/34/ тоот зээл болон барьцааны гэрээний хуулбар,

-2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн банк ХХК, Г.Б , О.Ш  нарын хооронд байгуулсан ЗГ67/05/297 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн банк ХХК, Г.Б , О.Ш  нарын хооронд байгуулсан ЗГ144/05/734 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар

-Зээлдэгч Г.Б-д зээлийг төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийн  хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

8.Хариуцагч О.Ш  нотлох баримтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийг шүүхэд өгсөн.

9. Хариуцагч Б  нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь Г.Б , О.Ш  нарт холбогдуулан үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг, нийт 35,626,686.69 төгрөг гаргуулах, зээлийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл  нь:

1.Нэхэмжлэгч нь “ хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул Шинэшүрэнг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй, зээл төлөх хугацааг хойшлуулж, боломж олгосон, зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, төлөхийг шаардсан, гэрээний дагуу үүргийг зээлдэгч нараас нэхэмжилнэ” гэж шаардлагаа тодорхойлсон,

2.Хариуцагч О.Ш  нь “зээл авснаас хойш 2-3 сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлуулахдаа шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, хамтран зээлдэгчээс чөлөөлүүлэхийг Б-с хүсэхэд зээлээс чөлөөлж өгнө гэж зөвшөөрсөн, зээлийг би хэрэглээгүй, барьцааны хөрөнгийг Б  эзэмшиж байгаа тул зээлийг төлөхгүй” гэж маргаж,

3.Хариуцагч Г.Б , түүний өмгөөлөгч нь “ Ш хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өөрөө хариуцан төлөхөөр шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна” гэж тайлбарлаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбар, гэрээний хуулбаруудаар хариуцагч Г.Б , О.Ш  нар нь Төрийн банк ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 19,20%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, автомашин ахуйн хэрэглээний зориулалтаар зээл авсан, нэхэмжлэгч тал зээлдэгчийн 280500034885 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд талууд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлөлтийг төлөөгүй, хүүнд 71,321 төгрөг төлсөн, зээл авсан цаг хугацаанаас хойш үүрэг зөрчигдсөн үйл баримт болжээ.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээ байгуулагдсан байх ба банк гэрээний дагуу тодорхой хугацаатайгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-д “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь шаардах эрхтэй байх бөгөөд  барьцаат болон барьцааны гэрээнүүд нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд дээрх хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, 219 дүгээр зүйлийн 219.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Улмаар 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй, үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй.

Мөн зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэснээр банк хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, үүргийг шаардах эрхтэй байна.

Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөлтийг 2 удаа хойшлуулсан, зээл төлөх талаар бичгээр мэдэгдэл хүргүүлсэн зэрэг баримтаар нотлогдож байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүг тооцохдоо 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээл төлөлтийг хойшлуулсанаас хойш 2021 оны 04 сарын 25-нд эхний төлөлт хийх байснаас эхлэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны хүүг үндсэн зээлээс тооцсон, үндсэн зээлийн төлөлтөөс хагсагдаагүй тул 30 хоногтой сарын хүүг 473,424.65 төгрөгөөр, 31 хоногтой сарын хүүг 489,205.47 төгрөгөөр тооцож, зээлдэгч Г.Б-ын 2022 оны 05 дугаар сард төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцон зээлийн хүүнд 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 108,370.70 төгрөг нэхэмжилж байгаатай хариуцагч нарын хэн аль нь маргаагүй, хариуцагч Г.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

3.Хариуцагч О.Ш  нь гэрлэлт цуцлуулахдаа шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, хамтран зээлдэгчээс чөлөөлүүлэхийг Б-с хүсэхэд зээлээс чөлөөлж өгнө гэж зөвшөөрсөн, зээлийг би хэрэглээгүй, барьцааны хөрөнгийг Б- эзэмшиж байгаа тул зээлийг төлөхгүй” гэж шаардлагаас татгалзаж байгаа болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 149 дугаартай шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дэх заалтанд ”.... Төрийн банкнаас LX400 /27-96 ДГС/ маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г.Б  зөвшөөрснийг баталсугай” гэж заасан байх ба хариуцагч Г.Б  хувьд зээлдэгч О.Ш  зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэх хүсэл зориг хэвээр байгаа талаараа шүүхэд тайлбарласан.

Хэдийгээр зээлдэгч нарын хувьд хэн нь зээлийн үүргийг хариуцахаа хоорондоо тохирч болох боловч гэрээний нэг тал болох Төрийн банк ХХК нь гэрээний үүргийг хэнээс шаардахаа тодорхойлох эрхтэй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу хариуцагч О.Ш  нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний харилцаанд оролцсон байх тул тэрээр дээрх хуулийн зохицуулалтын дагуу үүргийг тэнцүү гүйцэтгэнэ.

Иймд хариуцагч Г.Б , О.Ш  нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг нийт 35,626,686.69 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа зүйл болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай тээврийн хэргэслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

Талуудын хооронд байгуулагдсан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9, 10 дугаар зүйлүүдэд заасан барьцааны гэрээний шаардлага агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалагчийн өмчлөлд шилжүүлж баталгажуулсан байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн  гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд  барьцааны зүйлийг  худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж заажээ.

Иймд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

5.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оолцохгүй болох оо илэрхийлсэн, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгзйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Б , О.Ш  нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 5,518,315.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,370.70 төгрөг нийт 35,626,686.69 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох LEXUS RX400H маркийн 27-96 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,083.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, О.Ш  нараас 336,083.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А. ЦЭРЭНХАНД