| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00315/И |
| Дугаар | 373 |
| Огноо | 2018-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 373
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...,
...тоотод оршин суух овогт
Б.Х /РД:КЮ/
Хариуцагч: ...,
13 дугаар байрны 2-24 тоотод оршин суух
овгийн А.Д /РД:КИ/
580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч А.Д, гэрч Д.Б, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой Х нь хувиараа дэлгүүр ажиллуулдаг ба 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д нь надаас 580 000 төгрөгийн үнэ бүхий мотор худалдаж аваад үнийг нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгнө гээд нэг ч төгрөг төлөөгүй. Тэрээр мөнгөө нэхэхэд мотор чанарын шаардлага хангахгүй мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Энэ нь худлаа. Учир нь энэ хугацаанд би мөнгөө үе үе нэхэж байсан ба хэрвээ мотор чанар муу байсан бол тэр дор нь надад буцааж өгөх ёстой байсан, нөгөөтэйгүүр моторыг дэлгүүр дээр асааж авч шалгаж үзээд явсан. Иймд Д-ээс моторын 580 000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Д нь нөхөртэйгөө хамт ирээд моторуудаас үзэж байгаад 580 000 төгрөгний үнэ бүхий моторыг шалгаж үзээд худалдаж аваад явсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө өгнө гээд хар дэвтэрт гарын үсэг болон холбоо барих утасны дугаараа үлдээгээд явсан. Моторыг чанарын шаардлага хангаагүй гэж хэлээд эвдрэлтэй байна гэсэн тайлбарыг тавьж байгаа. Энэ нь худлаа юм. Би тухайн цаг хугацаанд мөнгөө байн байн нэхэж байх тэр хугацаанд моторыг буцааж өгөх боломжтой байсан. Хамгийн гол нь мотороо дэлгүүр дээр асаагаад бүгдийг нь шалгаж үзээд авсан хирнээ мөнгөө нэхэхээр тийм эвдрэлтэй байна гэсэн. Хариу тайлбар дээр 300 000 төгрөгийг төлнө гэж бичсэн байсан. 280 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэсэн байсан. Манай эмээд төлбөрөөсөө 300 000 төгрөг өгөхөд аваагүй гэсэн худал мэдүүлэг өгч төрийн шүүхийг доромжилж байна. Мотороос болоод нөхөр нь манай дэлгүүрт орж ирээд танай эхнэр мөнгөө өгөөгүй гэтэл нөхөр нь эхнэртээ яагаад өгөөгүй юм бэ? гээд утсаар хэрэлдсэн мөн манай эмээ бид хоёрыг утсаар доромжилж шүүхдээд аваарай гэсэн. Нэг гэрт амьдарч байгаа нөхөртөө худал хэлсэн байгаа нь шүүхэд ч бас худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдож байгаа юм Яг энэ нь ингээд эвдэрхий байна гээд надад нүдээр үзүүлсэн зүйл байхгүй утасны цаанаас л надтай яриад байсан. Би 580 000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Хариуцагч тал асааж үзээд авсан гэдгээ өөрөө баталж байна. Мөн 2-3 удаа утсаар ярьсан гэв.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариу тайлбар гаргагч ******* овогтой Д миний бие нь нэхэмжлэгч Бы Хаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 580 000 төгрөгний үнэ бүхий цахилгаан үүсгүүр моторыг аваад 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Цогтцэций сумаас 10 км-т байрлах замын хоолон гэрт авч очин асаах гэтэл тахир гол нь хугарсан байсан учраас асааж ажиллуулж чадаагүй, эвдрэлтэй мотор өгсөн байсан. Эргээд Б.Хтай холбоо барьж учраа хэлэхэд би моторыг буцааж авахгүй, сэлбэгний үнийг нь хасаж тооцоо хийе, сэлбэгийг нь авч тавь гэсэн учраас 144 000 төгрөгний үнэ бүхий сэлбэг авч тавьсан. Гэсэн ч мотор асаагүй болохоор үнийг нь юанаар бодож төлье гэж хэлээд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Цэдэн овогтой Т-гээр 300 юаныг Б.Хын эмэг эх ******* гэдэг хүнд хүргүүлсэн боловч авахгүй гээд аваагүй байсан. Одоо нэхэмжилсэн мөнгөн дүнгээс сэлбэгийн үнэ болох 144 000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл мөнгөнөөс 300 000 төгрөгийг эргүүлж өгнө. Үлдсэн 136 000 төгрөгийг эргүүлж төлж чадахгүй болно гэжээ.
Хариуцагч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 580 000 төгрөгийн мотор авсан нь үнэн. Хариуцагч тал надад асааж шалгаж өгөхөд зүгээр байсан. Гэвч удаан хугацаагаар асаагаагүй. Хөдөө Цогт-Цэцийгээс урагшаа авч яваад очоод асаахад 5 минут ч асаагүй сонин дуугараад унтарсан. Яагаад унтрав гээд задлаад үзтэл тахир гол нь хугарсан байхаар нь А.Х уруу яриад ийм асуудал гарсан яах вэ? гэтэл буцааж авах боломжгүй та 80 000 төгрөгийг хасаад 500 000 төгрөг төлөөрэй гэсэн. Сэлбэгийг 140000 төгрөгөөр Цогтцэцийгээс аваад моторонд сэлбэсэн боловч удаан ажиллаагүй. Би энэ хүнийг доромжлоогүй. Ярих гээд байсан утсаа аваагүй тэгж доромжилсон зүйл байхгүй. Энэ хүний дэлгүүрт сууж байсан Тэгшээ гэж эмэгтэй надад 400000 төгрөгний өртэй байж байгаад энэ мөнгийг яах вэ? гээд надаас асуухаар нь 300 000 төгрөгийг нь А.Хын эмээд өгөөд, үлдсэн 100 000 төгрөгийг нь надруу явуулчих гэж хэлсэн. Тэгшээ гэж эмэгтэй над руу мөнгийг нь өгсөн гэсэн утгатай мессэж ирүүлсэн. Тэгээд би моторын мөнгөнөөс 300 000 төгрөгийг өгсөн гэж ойлгосон. Үлдсэн мөнгийг нь удаахгүй өгнө гэсэн бодолтой явж байсан. 7 дугаар сард шүүхийн мэдэгдэх хуудас ирээд Тэгшээ гэж эмэгтэй рүү залгаад утсаа аваагүй гэрт нь очсон байхгүй хөдөө явсан байсан. Ирсэн дараа нь би очоод асуутал би тэр мөнгийг өгөөгүй тэр мөнгийг өгтөл нэхэмжлэгч талын эмээ нь болох ******* гуай гэж хүн мөнгийг аваагүй гэж хэлсэн. Тэр мөнгийг нь аваачиж өг гэтэл би тэдний дэлгүүрт нь өртэй гээд миний данс руу хийсэн. Би нэг удаа л эмээ болон нэхэмжлэгчтэй утсаар ярьсан. Хохирлыг нь би барагдуулна. Манай нөхөр намайг загнасан нь үнэн би хүлээн зөвшөөрч байна. Тэр сэлбэгний мөнгийг л надад хасаж өг. Би тэр мөнгийг өгсөн гэсэн ойлголттой л явж байсан тэрнээс болж мөнгийг нэлээн удаасан. 140 000 төгрөгийг хасаж 440 000 мянган төгрөгийг өгнө гэв.
Гэрч Д.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хариуцагч намайг таньж байгаа байх. 2017 оны 05 сард мотор авч байсан. Одоо жил гаран болж байна. Бүтэн мотор шалгаж үзээд аваад явсан. Мотор авснаас нэлээн хэдэн сарын дараа өвөл хариуцагч талын нөхөр нь манай дэлгүүрт орж ирэхээр нь би моторынхоо мөнгийг авъя гэхэд моторын мөнгөө өгсөн гээд эхнэр лүүгээ залгаад манай дэлгүүр дотор утсаар ярьсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч А.Дээс моторын үнэ 580 000 төгрөг гаруулахыг шаарджээ.
Хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, моторын сэлбэгэнд зарцуулсан мөнгийг төлөхгүй гэж маргадаг.
2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр А.Д нь Б.Хаас 580000 төгрөгний үнэ бүхий моторыг худалдан авч үнийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд худалдах худалдан авах гэрээ болон гэрээний зүйлийн үнийн талаар маргаагүй байна.
А.Д нь мотор хүлээж авах үедээ уг моторыг асааж шалгаж авсан болох нь өөрийнх нь тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Б нарын мэдүүлгээр нотлогддог тул түүнийг доголдолтой хөрөнгө хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Худалдагч Б.Х нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн ба худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн, харин хэлэлцэн тохиролцсон үнээ төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 580000 төгрөгийг Б.Х шаардах эрхтэй байна.
Хариуцагч А.Д нь моторын сэлбэгэнд зарцуулсан мөнгийг 144000 эсвэл 140000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарлахаас гадна худалдагч Хыг 80000 төгрөгийг моторын үнэнээс хасч тооцно гэж тайлбарладаг боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар А.Дээс 580000 төгрөгийг гаргуулан Б.Хт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дээс 18050 төгрөгийг гаргуулан Б.Хт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ