Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 858

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00858

 

 

 

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00562 дугаар шийдвэртэй  О.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Д, С.Н  нарт холбогдох, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Н болон Г.Д нартай хэлцэл хийсэн. Уг хэлцлээр Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг О.Б 92 000 000 төгрөгөөр худалдан авах баталгаа болгож урьдчилгаанд 53 000 000 төгрөгийг Г.Д болон С.Н нарт өгсөн ба энэхүү хэлцлээ нотариатаар батлуулсан. Байрны үлдэгдэл төлбөр 39 000 000 төгрөгөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд ипотекийн болон банкны зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан боловч зээл гарахгүй удааширч, үлдэгдэл төлбөрөө яаралтай төлөхийн тулд хувиараа мөнгө зээлдүүлдэг этгээд болох Б.А зар, мэдээ сониноос “мөнгө зээлдүүлнэ” гэх зарын дагуу залгаж, хувиараа мөнгө зээлэхээр тохиролцсон. Үлдэгдэл 39 000 000 төгрөгийг төлөхийн тулд О.Б нь иргэн Б.А өөрөө олж ирэн О.Б-д барьцаанд тавих зүйл байхгүй, хариуцагч нар нь Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч байсан тул Б.А-тай Г.Д болон С.Н нар 30 000 000 төгрөгийн Барьцаат зээлийн гэрээ байгуулсан ба уг 30 000 000 төгрөгийг О.Б нь шууд Г.Д болон С.Н нарт орон сууцны төлбөрт өгсөн. Харин үлдэх 9 000 000 төгрөгийг О.Б өөрөө цалингийн зээл аваад төлсөн. Нэхэмжлэгч үндсэндээ хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцны үнийг буюу 92 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан.

О.Б нь банкны зээл гарсны дараа Б.А-аас зээлсэн мөнгийг өөрөө Б.А-д төлөөд байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Г.Д, С.Н, Б.А нартай анхнаасаа тохиролцсоноор 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.Б нь хариуцагч Г.Д болон С.Н нартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Гуравдагч этгээд болох Б.А нь анхнаасаа өөрөөс нь зээлж буй 30 000 000 төгрөг нь О.Б-ийг тус байрны өмчлөгч болохын тулд төлж буй байрны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдэж байсан.  Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь банкнаас орон сууцны зээл авахад зориулж хийсэн гэрээ, харин хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Мөнгө бэлэглэлийн гэрээ” нь банкинд байрны зээлэнд хамрагдах үүднээс урьдчилгаа мөнгөө хийснээ харуулах гэж хийсэн гэрээ юм.

Хариуцагч Г.Д , С.Н нарт өгөх байрны үлдэгдэл төлбөр дуусгавар болсны дараа банкны зээлийн асуудал их сунжирсан. Банкнаас тухайн байрны зээлд нийт 50 000 000 орчим төгрөг гарах боломжтой гэсэн шийдвэр гарсан, орон сууцны зээл авахаар болсон тул Б.А-д байрыг барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан. Гэвч Б.А нь “...зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөг төлөх ёстой, мөнгө дутуу тул хүлээж авахгүй, 55 000 000 төгрөг дээр л тохирно” гэсэн. Улмаар, Б.А нь Г.Д , С.Н нарыг шүүхэд өгч, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тэднээс нийтдээ 69 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргуулсан. Хариуцагч Г.Д , С.Н нар нь шүүхэд уг мөнгийг О.Б-ийн төлөх ёстой зээл гэж хэлсээр байгаад, мөн тухайн хэрэгт үнийн дүнг багасгах, давж заалдах гомдол гаргах зэрэг хариуцагчийн эрхээ эдлээгүй. Энэхүү шийдвэрийн дагуу О.Б нь Г.Д , С.Н нарт 92 000 000 төгрөгийн нийт төлбөрийг нь төлж дуусгавар болсон байр шийдвэр гүйцэтгэлээр Б.А-гийн өмчлөл дээр шилжих болоод байна. Улмаар энэ асуудлаас болоод банк зээлээ буцаан татсан.

Нэхэмжлэгч О.Б гэр бүлээрээ байртай болохын төлөө  92 000 000 төгрөгөө төлсөн атлаа байргүй хоцорч, Б.А нь 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хариуд тухайн байрыг өөртөө авч үлдэх нөхцөл байдалтай болж байна. Б.А нь банкнаас тус байран дээр гарсан 50 000 000 төгрөгийн зээлийг өөртөө хүлээн авсан тохиолдолд тухайн бүх асуудал шийдэгдэх бүрэн боломжтой байсан. Тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дээрх нөхцөл байдлыг халхавчилж хийсэн хэлцэл бөгөөд Б.А , хариуцагч, нэхэмжлэгч бид бүгд мэдэж байсан.

Иймд нэхэмжлэгч О.Б нь байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасан учир эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаартай, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Б-ийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Н, Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч , өмгөөлөгч Г.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Учир нь О.Б нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нараас худалдан авахаар тохирч, улмаар байрны үнэ болох 92 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан. Эхлээд 53 000 000 төгрөгийг, дараа нь 39 000 000 төгрөгийг төлсөн. 39 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг О.Б иргэн Б.А гаас авсан зээлээр төлсөн. Тэрээр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул бидний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр л тогтоолгох учир гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Г.Д , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Ш.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Г.Д , С.Н нар нь иргэн Б.А гаас 30 000 000 төгрөг зээлж авсан, барьцаанд нь 13 Б байрны 100 тоот байрыг барьцаалсан, зээлийн гэрээгээ удаа дараа сунгаж байсан, мөн зээлийг эргүүлэн төлөөгүй болохыг тогтоосон. Уг шийдвэрээр Г.Д болон С.Н нараас нийт 69 300 000 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Уг шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад Б.А-гийн өмчлөлд шилжих шатандаа ирсэн боловч энэ хэргээс шалтгаалаад ажиллагаа түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгч О.Б нь уг шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцсон, ийм асуудал үүсээд байгааг сайн мэдэж байсан. Гэтэл худалдан авсан байр нь гэнэт л өөр хүний өмчлөлд шилжсэн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Б давж заалдах гомдолдоо: О.Б нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хэлцэл”-ийн дагуу Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 92 000 000 төгрөгөөр худалдан авахаар тухайн байрны өмчлөгч Г.Д , С.Н нартай харилцан тохиролцож, гэрээний үүргээ шударгаар биелүүлж, тус байрыг худалдан авсан.

Тухайн байрны үнийн урьдчилгаанд 53 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нотариатоор гэрчлүүлж, “Хэлцэл”-ийг байгуулсан. Үүний дараа тухайн байрыг худалдах, худалдан авах нэмэлт гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан, үлдэгдэл 39 000 000 төгрөгийн урьдчилгаа 27 600 000 төгрөгийг миний бие В.А-гаас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Мөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу 27 000 000 төгрөгийг “тус байрыг худалдан авах" зориулалтаар хүлээн авч, нотариатоор гэрчлүүлэн, үлдэгдэл нийт төлбөрөө Г.Д, С.Н нартай тооцоо тохирч өгсөн. Ийнхүү тус байрны төлбөр мөнгөний асуудал дуусгавар болсон буюу О.Б нь тус байрыг худалдах худалдан авах гэрээний нийт төлбөрийг хариуцагч нарт төлж дуусгасан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих бөгөөд мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар хариуцагч нарын өмнө гэрээгээр хүлээсэн бүхий л үүрэг дуусгавар болсон болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.  Харин В.А-гаас “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу авсан гэх 27 600 000 төгрөгийн асуудал нь Б.А буюу энэхүү иргэний хэргийн гуравдагч этгээдтэй холбогддог. Г.Д , С.Н нар нь О.Б-ийг байрны үлдэгдэл төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө ипотекийн болон банкны зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан боловч зээл гарахгүй удааширч байсан. Үлдэгдэл төлбөрөө яаралтай төлөхийн тулд О.Б нь хувиараа мөнгө зээлдүүлдэг этгээд болох Б.А зар, мэдээ сониноос “мөнгө зээлдүүлнэ” гэх зарын дагуу залгаж, хувиараа мөнгө зээлэхээр тохиролцсон. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай гэсэн тул Т.Д , С.Н нар худалдаж авах гэж буй байрыг барьцаанд тавьж, Б.А-тай “Зээлийн гэрээ" байгуулж, зээлийн гэрээний дагуу орж ирсэн төлбөрийг О.Б нь байрны үлдэгдэл төлбөрт шилжүүлнэ, харин банкны зээл гарсны дараа Б.А ас зээлсэн мөнгийг Б төлөөд байраа нэр дээр шилжүүлэн авахаар Г.Д , С.Н, Б.А , О.Б нар нь анхнаасаа тохиролцож, зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хоёр дахь гэрээг байгуулсан. Ийнхүү тус байрны үлдэгдэл төлбөр нь Б.А гаас “Зээлийн гэрээ”-ний дагуу орж ирсэн төлбөрөөр төлөгдсөн бөгөөд Б.А нь анхнаасаа өөрөөс нь зээлж буй 30 000 000 төгрөг нь О.Б-ийн тус байрны өмчлөгч болохын тулд төлж буй байрны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдэж байсан.

Г.Д , С.Н нарт байрны үлдэгдэл төлбөр дуусгавар болсны дараа банкны зээлийн асуудал сунжирч шийдэгдсэн бөгөөд тухайн байран дээр нийт “50 000 000 төгрөгийн зээл гарах боломжтой” гэсэн шийдвэр гарч энэхүү зээлийн шийдвэрээр Б зээл авах боломжтой болж, Б.А-д тус зээлийг авч байрны барьцааны асуудлыг чөлөөлүүлэхээр хандсан боловч, “зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөг төлөх ёстой, мөнгө дутуу тул хүлээж авахгүй, 55 000 000 төгрөг дээр л тохирно” гээд Г.Д , С.Н нарыг  шүүхэд өгч, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тэднээс 69 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргуулсан бөгөөд Г.Д , С.Н нар нь О.Б-ийн төлөх ёстой зээл гэж тухайн хэрэгт үнийн дүнг багасгах, давж заалдах гомдол гаргах зэрэг хариуцагчийн эрхээ эдлэхгүй байсаар ийнхүү өндөр үнэтэй шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэхүү шийдвэрийн дагуу Г.Д , С.Н нарт 92 000 000 төгрөгийн нийт төлбөрийг нь төлж дуусгавар болсон байр шийдвэр гүйцэтгэлээр Б.А-гийн өмчлөлд шилжих болоод байна. Б.А нь анхнаасаа тус байрны өмчлөлийг О.Б өөр дээрээ шилжүүлэн авах хэлцлийн үлдэгдэл төлбөрийг төлөх зориулалтаар өөртөө нь зээлийн гэрээ байгуулж буйг анхнаасаа мэдэж байсан бөгөөд анх тохиролцсоноороо банкны  зээл гарсан ч, 3-4 сая төгрөгийн зөрүү төлбөрөөс үүссэн.

О.Б-ийн анхны гал голомтоо бадраан, гэр бүлээрээ байртай болохын төлөө хийсэн “Б.А гаас 30 000 000 төгрөг зээлж, Г.Д , С.Н нарт байрны үлдэгдэл төлбөрөө төлж дуусгавар болгох” гэсэн хүсэл эрмэлзлийн дагуу, Г.Д , С.Н нар нь 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний өр төлбөр болох 69 000 000 төгрөгт байраа алдаж, О.Б нь тэдэнд төлсөн 92 000 000 төгрөгөө мөн алдаж, Б.А нь 30 000 000 төгрөг зээлсний хариу төлбөрт тухайн байрыг өөртөө авч үлдэх нөхцөл байдалтайгаар дуусгавар болох л болж байна. Б.А нь өнөөдрийн байдлаар банкнаас тус байран дээр гарсан 50 000 000 гаруй сая төгрөгийн зээлийг өөртөө хүлээн авсан тохиолдолд тухайн бүх асуудал шийдэгдэх бүрэн боломжтой байсан.  Тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дээрх нөхцөл байдлыг халхавчилж хийсэн хэлцэл бөгөөд Б.А , хариуцагч, нэхэмжлэгч бүгд мэдэж байсан.

Анхан шатны шүүх нь “Зээлийн гэрээ”-г шийдвэрлэсэн шүүхийн үйл баримтыг энэхүү “байр худалдах худалдан авах гэрээний үйл баримтыг шийдвэрлэсэн мэтээр дүгнэж, хөтөлбөргүй тогтоогдож байгаа “тухайн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөөр байрны үлдэгдэл төлбөрийг төлж, тус байрыг худалдаж авсан” гэх нөхцөлийг дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хангахгүй орхисонд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж,  дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.  

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.Д, С.Н  нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар зөвшөөрч  тайлбар гаргажээ.

О.Б нь С.Н, Г.Д нартай  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 92 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 5-6 дугаар тал/ 

Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны үнийн урьдчилгаанд 53 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон боловч банкны зээл удааширч саатсан. сонины “мөнгө зээлдүүлэх” зарын  дагуу Б.А-тай холбогдон 30 000 000 төгрөгийг авч, мөн 9 000 000 төгрөгийг цалингийн зээл авах замаар хариуцагч нарт бүрэн төлсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа. Энэ талаар талууд маргаагүй.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг барьцаалан 2016 оны 8  дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Б.А-тай хариуцагч С.Н, Г.Д нар зээлийн гэрээ, уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Эдгээр гэрээ хүчин төгөлдөр талаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02628 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх зээлийн болон барьцааны гэрээг  худалдан авч буй орон сууцны  үнийн 30 000 000 төгрөгийг төлөх  үндэслэл, шалтгаан нөхцөлийн улмаас байгуулсан, уг зээлсэн мөнгийг О.Б хариуцагч нарт үлдэгдэл мөнгөндөө тооцож хариуцагч нарт өгсөн гэж тайлбарлаж байгаа болно.

Талуудын хоорондын худалдах худалдан авах гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид үүсэж, худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар тохиролцсон боловч гэрээний энэхүү тохиролцоог дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаагаас хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх боловч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй болохыг зохицуулсан ба орон сууцны үнийг бүрэн төлснөөр худалдан авагчийг өмчлөх эрх үүсэх боломжтой гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлтэй.  /1хх-ийн 6 дугаар тал/

Түүнчлэн, хэдийгээр гуравдагч этгээд зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу эрх, үүрэг хэрэгжүүлэх ч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар орон сууц нь барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг учиртай. Өөрөө хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхыг дээрх хуулийн заалтаар зохицуулсныг шүүх анхаарах байжээ.

Гуравдагч этгээд нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, маргааны зүйл болж буй орон сууц нь барьцааны үүрэг ногдуулсан, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө болсон ч уг эрхэд нөлөөлөхгүй байхад шүүх зөвхөн хариуцагч нар болон гуравдагч этгээдийн хоорондын зээлийн гэрээ, барьцааны гэрээний эрх, үүргийг тодорхойлж тогтоосон шийдвэрт үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. 

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч маргааны зүйл болж буй орон сууцны үнийг бүрэн төлсөн,  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс  орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа, хариуцагч нар өмчлөгчөөр тогтоолгохыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь нотлогдсон тул  нэхэмжлэлийг хангах нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Б-ийг тогтоосугай” гэж, 2 дахь заалтын  “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 622 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                               ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Б.НАРМАНДАХ