| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00382/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 468
2018 оны 10 сарын 22 өдөр Дугаар 143/ШШ2018/00468 Өмнөговь аймаг
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ...гэх газар оршин суух, овогт Ч.Г /РД:КЮ.../
Хариуцагч: Өмнөговь аймаг, Номгон сум, ...гэх газар оршин суух, овогт Ч.Б/РД:КК.../
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.И, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Бнь Хьюндай Микро загварын автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд автомашины төлбөрийг ноолуур гарах цагаар буюу 2017 оны 05 дугаар сард багтаан өгнө гэж аман гэрээ хийсэн боловч 5 сардаа өгөөгүй. Эхнэрээсээ салсан гэж жүжиглэн 2 өөр газар амьдарч байгаа гэж худал хэлсэн. Мөнгөө нэхэхэд ээж ах хоёр нь ирж 1 сарын хугацаа өгчих энэ хугацаандаа өр төлбөрийг барагдуулна наашаа, цаашаа зөндөө явна. Тааралдахаараа худал хэлж залилах хүмүүс биш гэж гуйсан. Тухайн үед миний 3 хүүхэд гэр бүлээрээ хамт байсан. Бүгд ярилцаж тохиролцоод мөнгийг 1 сарын дотор өгөхөөр болсон. Үүнээс хойш олон уулзалдсан. Уулзалдах болгондоо өгнө л гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард гэрт нь очиход хашаанд нь машин тавиатай дэлгүүрийн бараа зөөдөг гэж ярьж байсан. Үүнээс хойш уулзахгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баривчилгаанд байхад нь цагдаагийн хэлтэс дээр очиж уулзалдаж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор мөнгийг өгнө гэж гарын үсэг зуруулсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй ээжтэй нь утсаар ярихад өөдөөс загнаад шүүхэд намайг өг Батдэлгэрт зав байхгүй гэж хэлсэн. Иймд Ч.Бээс машины төлбөр болох 2 500 000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ч.Г миний бие 2016 оны 11 дүгээр сард мал тууж авч очиж өгсөн. 6 сар маллаагүй. 4 сар маллуулсан. 2017 оны 03 дугаар сард өөрөө очиж малаа авч өөрөө малласан. Малыг аман гэрээ байгуулж, өвөлжөөнд буулгаж мал үнэгүй маллана гэж тохиролцсон. Нэхэмжлэлд гаргасан 1 800 000 төгрөгийг өгөх боломжгүй. Аман гэрээгээр тохиролцохдоо малыг тоолж хүлээж авсан. Малаа буцааж авахад 5 ямаа, 1 хонь дутсан /үхсэнийг нь хасаад/ дутсан 5 малын оронд 2 ишигтэй ямаа авсан, эргүүлж өгөх боломжгүй үлдсэн 3 ямаа, 1 хонь гаргуулж авах хүсэлтэй байна. Ч.Г надаас авсан Хьюндай Микро маркийн автомашины эвдрэлийг төлүүлж өгнө гэж 2017 оны 05 дугаар сард 1 000 000 төгрөг өгөөд буцаана гэж тохиролцсон боловч эвдрэлийг төлж буцааж өгөөгүй. Мөн берзентен бүрээс авсан гэж хэлсэн байна. Үүний хариуд уранхай бүрээс хэрэггүй гээд хог дээр хаясан байсныг төлийн гэрт хэрэглэе гэхэд хэрэггүй ав гэсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан берзентен бүрээсний үнийг төлөх боломжгүй. Том төмөр зуух аваагүй. Манай пинд эд зүйлээ хийж байгаад орхиод явсан. Би тэр зуухыг хэрэглээгүй. Одоо болтол манай пинд байгаа авч болно. Надад тэр зуух нь хэрэггүй. Нэхэмжлэлд дурдсан антенны турба гэх зүйл аваагүй. Манайд үлдээгүй. Би мэдэхгүй байна юу яриад байгааг би ойлгохгүй байгаа тул төлөх боломжгүй. Хьюндай Микро маркийн автомашины төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 3 ямаа, 1 хоньны өртөгийг гаргуулж авна. Ч.Бнь хувьдаа малын А дансандаа мал тоолуулсан байсан бололтой. 21 инчийн зурагт аваад өгөөгүй. Зурагтны өртөг болох 120 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 4 метр урттай банз 4 ширхэг аваад гэрийнхээ шаланд хийж байгаад үлдээгээгүй явсан. Үүний өртөг 60 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 610 000 төгрөг нэмж нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2016 оны 11 сард Хариуцагч Ч.Бт 2 500 000 төгрөгөөр микро маркийн автомашин зарсан. Машиныг унаж эвдчихээд төлбөрөө өгөхгүй гэсэн. Ямар ч засвар хийх шаардлагагүй шинэ сэлбэгтэй машин байсан. Төлбөрөө нэхэхээр та надад 1 сарын хугацаа өгчих гэж хэлдэг байсан. Хариуцагч Ч.Бт итгээд бичгээр гэрээ байгуулаагүй, би хөлс мөнгөө бүрэн авсны дараагаар машины бичиг баримтын нэрээ шилжүүлнэ гэж амаар тохиролцсон гэв.
Хариуцагч Ч.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Гийн нэхэмжилсэн 2 500 000 төгрөгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.
Хариуцагч Ч.Бшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Гийн Хьюндай Микро машиныг үнэ ярилцан авсан боловч унаж эдлээгүй эвдэрсэн. Элэг барьж муу унаа өгсөн. Бичиг баримт өгөөгүй. Хөдөө унаж яваад эвдэрч айлын гадаа орхисон. 6 сар малыг нь малласан мөнгө төгрөг өгөөгүй, өгнө гэж хэлсэн. Мал төлүүлж 2 ишигтэй ямаа авсан байсан, мал төлүүлнэ гэж тохироогүй байсан. Гэр орон, мал хөрөнгө авахаар ээж, ах, эхнэр гурав очсон байсан. Ээж, ах, эхнэртэй тохиролцон мал үхсэн гэж 2 ишигтэй ямаа авч ээж, ах хоёртой машинд 5 дугаар сард 1 000 000 төгрөг тохирч явсан байсан, гэрийнх нь хүмүүс байсан. Манай эхнэрийг маш их хэл амаар доромжилсон байсан. Баривчилгаанд байх хугацаанд өгч чадахгүй, боломжгүй байхад хэл амаар маш их доромжилсон. Үүнд би маш их гомдолтой байна. Олон хүний дунд нэр төрийг маш их гутаасан. Одоо надад төлөх чадвар байхгүй. 3 хүүхэдтэй. Эхнэр жирэмсэн. Аав, ээжийн малыг хөлсөөр малладаг, 3 жилийн гэрээтэй. Сард эхнэр халамжийн 110 000 төгрөгийн орлоготой. Иймд төлөх чадваргүй. Ч.Гийн малыг 6 сар малласан сарын 300 000 төгрөгөөр бодоход 1 800 000 төгрөг, берзентен бүрээс 350 000 төгрөг, зуух 65 000 төгрөг, ишигтэй ямаа 200 000 төгрөг, нийт 2 415 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвдэрхий машинаа манай хүү Ч.Бт зарсан байсан, машин эвдэрхий мотороос нь тос, утаа гараад байсныг анх худалдаж авах үед нь мэдэж байсан. Зуухаа 65 000 төгрөг, 2 ишигтэй ямааны мөнгө 200 000 төгрөг, брезентэн бүрээс 350 000 төгрөг, ажлын хөлс 1 800 000 төгрөг нийт 2 415 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г хариуцагч Ч.Бт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлд 610 000 төгрөг нийт 3 110 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс 1 800 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлд 615 000 төгрөг, нийт 2 415 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн хувьд:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ. Нэхэмжлэгчийн Ч.Бнь Хьюндай Микро загварын автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд автомашины төлбөрийг ноолуур гарах цагаар буюу 2017 оны 05 дугаар сард багтаан өгнө гэж аман гэрээ хийсэн гэх тайлбар /хх-1/, хариуцагчийн Г-ийн Хьюндай микро үнэ ярилцаж авсан боловч унаж эдлээгүй эвдэрсэн /хх-13/ гэх тайлбараар талууд Хьюндай маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 500 000 төгрөгөөр худалдаж авах, төлбөрийг ямааны ноолуур гарах үе буюу 2017 оны 05 дугаар сард багтаан өгөхөөр тохиролцсон байгаа нь талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл талууд тээврийн хэрэгслийн үнийг хүлээн авсан даруйдаа бус харин хожим буюу 2017 оны 05 дугаар сард бүрэн төлөхөөр тохиролцсон байх боловч мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байна. Мөн худалдагч /Ч.Г/ тээврийн хэрэгслийг худалдан авагчийн /Ч.Б/ эзэмшилд шилжүүлсэн эсэхийг нотлох баримт хэрэгт цуглараагүй, зохигчид хариуцагч Ч.Бт 2 500 000 төгрөгөөр микро маркийн автомашин зарсан. Машиныг унаж эвдчихээд төлбөрөө өгөөгүй, Ч.Гийн Хьюндай Микро машиныг үнэ ярилцан авсан боловч унаж эдлээгүй эвдэрсэн гэх тайлбараа дэмжсэн, няцаасан тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй болно.
Нэхэмжлэгч Ч.Г зурагт 120 000 төгрөг, банз 60 000 төгрөг, ямаа 300 000 төгрөг, хонь 130 000 төгрөг нийт 610 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхаар заасан байна. Нэхэмжлэгч 3 хонь, 1 ямааны өртөг гаргуулна, зурагт авсан, банз аваад ... үлдээгээгүй явсан /хх-16/, хариуцагч мал тохироогүй, зурагт эвдэрхий байсан, банз аваагүй /хх-18/ гэх тайлбараар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч харилцан эрх, үүрэг үүссэн болохыг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн зурагт 120 000 төгрөг, банз 60 000 төгрөг, ямаа 300 000 төгрөг, хонь 130 000 төгрөг нийт 610 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ. Хариуцагч Ч.БЧ.Гийн малыг 6 сар малласан, сарын 300 000 төгрөгөөр бодоход ажлын хөлс 1 800 000 төгрөг гаргуулна /хх-13/ гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч малаа тууж аваачиж өгсөн, 6 сар маллаагүй, 4 сар маллуулсан, өвөлжөөнд буулгаж, мал үнэгүй маллана гэж тохиролцсон /хх-16/ гэж няцаажээ. Зохигчдийн дээрх тайлбараар аман хэлцэл хийж, мал маллах буюу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон гэж үзэх үндэстэй боловч ажиллуулагч /Ч.Г/ хөлс төлөх үүрэг хүлээсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хариуцагч нь берзентен бүрээс 350 000 төгрөг, зуух 65 000 төгрөг, ишигтэй ямаа 200 000 төгрөг нийт 615 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхаар заажээ. Хариуцагч дээр дурдсан эд зүйлс нэхэмжилснийг нэхэмжлэгч уранхай брезентэн бүрээс хэрэггүй гээд өөрсдөө хог дээр хаясан, зуух нь манай пинд байгаа, авж болно гэх тайлбараар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч харилцан эрх, үүрэг үүссэн болохыг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Тухайлбал берзентен бүрээс 350 000 төгрөг, зуух 65 000 төгрөг, ишигтэй ямаа 200 000 төгрөг нийт 615 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй байна.
Дээр дурдсаныг үндэслэн Ч.Гийн нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2 500 000 төгрөг, үүргийн гүйцэтгэл 610 000 төгрөг нийт 3 110 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Ч.Бийн нэхэмжлэлтэй Ч.Гт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 1 800 000 төгрөг, үүргийн гүйцэтгэл 615 000 төгрөг нийт 2 415 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 900 төгрөг, Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 590 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 8.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ч.Гийн нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох зээлээр худалдан авах гэрээний үүрэг 2 500 000 төгрөг, үүргийн гүйцэтгэл 610 000 төгрөг нийт 3 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ч.Бийн нэхэмжлэлтэй Ч.Гт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 1 800 000 төгрөг, үүргийн гүйцэтгэл 615 000 төгрөг нийт 2 415 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 900 төгрөг, хариуцагч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 590 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР