| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00322/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх , |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 488
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Цагаанбулаг
...тоотод оршин суух
овогт ...Ц.Ө /РД:КЮ.../
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Цагаанбулаг 8-р
баг, ...тоотод оршин суух Боржигон
овогт Б.А/РД:КЮ.../
Өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн эгч болох Ц.Ө-ны хамтаар Өмнөговь аймаг Даланзадгад сумын Цагаанбулаг тоотод байгаа 50x50 м2 харьцаатай дундаа тасалгаатай 1 өрөө хувийн орон сууцыг тухайн үеийн ханшаар 500 000 төгрөгөөр Б.А гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед Б.А нь 1 өрөө орон сууцны гэрчилгээг надад шилжүүлж өгөөгүй би ч энэ талаар асууж сураглаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа эсэхийг ч мэдээгүй. Тухайн орон сууцыг худалдаж авсанаас хойш тэр хувийн орон сууцанд миний бие одоог хүртэл амьдарч байгаа, эгч тус сууцыг надад өгсөн. 2017 оны өвөл Б.А нь манай 1 өрөө орон сууцны коридорыг дундын өмч гэж үзээд дундуур нь хаалт хийж өөрийн дураар ашиглах болсон. Анх худалдаж авсанаас хойш 2017 оны өвөл хүртэл ийм зүйл ярьж байгаагүй миний бие өөрийн өмч гэж ойлгож амьдарч ирсэн. Гэтэл А гэх хүн одоо тухайн 1 өрөө хувийн сууцны коридорыг дундаа ашиглана, дундын өмч гэж үзэн надад мэдэгдэлгүй эзгүй хойгуур дундуур нь тасалгаа хийж ашиглаж байна. Нэгэнт миний бие худалдаж аваад өдийг хүртэл амьдарч ирсэн учраас тэр 1 өрөө хувийн сууц коридорын хамт миний өмч гэж үзэж байна. Хэрвээ коридорыг дундын өмч гэж үзэж байсан бол анх худалдаж авах үед энэ тухайгаа хэлэх ёстой байсан. Тэр үед ийм зүйл ярьж хэлээгүй байж өдий олон жилийн дараа коридор дундын өмч гэж хэлээд дураараа ашиглаж миний өмчлөх эрхэд халдаж байна. Миний бие энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн хувийн сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авах гэсэн боловч Улсын бүртгэлийн газраас таны өмчийн орон сууц гэдгийг тогтоолгуулах шаардлагатай гээд гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан. Иймд Б.А гэх хүнээс худалдаж авсан өөрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байгаа 50x50 м2 харьцаатай 1 өрөө хувийн орон сууцаа коридорын хамтаар өмчлөх эрхтэй тул өмчлөх эрхээ шилжүүлж авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.Ө миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байгаа 50x50 харьцаатай 1 өрөө хувийн орон сууц болон коридорын өмчлөх эрхийг шилжүүлж авах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байгаа 4.70x4.70 м2 харьцаатай сууцыг Б.А гэх хүнээс 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эгч Ц.Ө-ны хамтаар худалдаж авсан болох нь үнэн, тухайн сууц болон коридорын өмчлөгч мөн болохыг тогтоолгуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний эгч Ц.ӨБ.Ааас 500000 төгрөгөөр 1 өрөө байр, коридортой нь худалдаж авсан. Тухайн үед бичиг баримт шилжүүлнэ гэж би сайн мэдээгүй байсан. 17 жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэсэн боловч өөрийн өмч гэдгийг тодорхойлж байж гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцаа улсын бүртгэлд бүргүүлэх хүсэлтэй байна. Тухайн орон сууцын өмчлөгч мөн эсэхийг тодруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ань Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг 8 дугаар баг ...тоотод оршин суудаг. Би 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр одоогоор түүхийн эдийн ченж Өлзийсайхан, Мэндээ гэгч эхнэр нөхөр хоёрт Нанзадын 3-6 тоот өрөөг тэр үед 500 000 төгрөгөөр гараар бичмэл хийж гэрээ байгуулан худалдсан /Төрөөс өмчлөх эрхийн шийдвэр гараагүй/. Одоо би тэр өрөөнд амьдардаггүй. Иргэн Г.Ч гэдэг хүн амьдарч байгаа. коридорын асуудлаар тэр хүнтэй заргалдаа, надад хамаагүй болно гэжээ.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гар бичмэлийг хэрэгт хавсаргаж өгсөн. 1 өрөө байрыг өгсөн болохоос коридорыг хамтад нь зараагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А тухайн үед 4.70х4.70 хэмжээтэй 1 өрөө байрыг Ц.Өт зарсан байдаг. Тухайн байртай холбоотой бичиг баримт огт байгаагүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар нийтийн зориулалттай байшин, орон сууц гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн зориулалттай 1 гэр бүл аж төрөхөд зориулсан 1 өрөө бүхий хэд хэдэн цогцолборыг ойлгоно гэж заасан. 1 өрөө байрыг Б.А 500 000 төгрөгөөр зарсан нь үнэн. 1 өрөө байрыг худалдан авсантай маргахгүй байгаа. Коридор нь дундын өмч учраас коридорын асуудал нь Ц.Ө нь өөрийнхөө дундын өмчлөлтэй коридороос гадна хөрш болох Чын дундын өмчлөлтэй авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд Б.Аын эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа авагдсан байдаг. Энэ лавлагаа дээр тухайн Ц.Өийн маргаан үүсч байгаа байран дээр ямар нэгэн өмчлөх эрх Б.Ад байхгүй болох талаар нотолгоо авагдсан байгаа учраас энэ зарсан асуудал нь үнэн. Коридорын тухайд Б.Ад хамааралгүй асуудал юм гэв.
Гэрч Ц.Өшүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум ...тоот байрыг би Б.Ааас худалдаж аваад дүүдээ өгсөн. 500 000 төгрөгөөр худалдсан, өрөө нь дундаа тасалгаагүй, коридортой байрыг үзэж хараад худалдаж авч өгсөн гэжээ.
Гэрч Б.Ашүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг Даланзадгад сум ...тоот байрыг Ц.Ө Б.Ааас 600 000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг сонссоноос биш, өгч авалцаж байхад нь хажууд нь байгаагүй. Нэг өрөө байр дундаа тасалгаатай байсан гэдгийг нь мэдэхгүй. Ц.Өийн би байрыг цаад талын коридортой нь авсан, тэндээ нүүрс хийдэг юм гэж хэлснийг нь санаж байна, би эгчээсээ худалдаж авсан гэж хэлснийг нь санахгүй байна. Нэг эхийн хүмүүс худалдана гэж юу байх вэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ө нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байрлах 1 өрөө хувийн орон сууцыг, коридорын хамтаар өмчлөх эрхийг шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байрлах 1 өрөө хувийн сууц, коридорын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Нэхэмжлэгч Ц.Ө нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байрлах 1 өрөө хувийн орон сууцны өмчлөгч гэжээ.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. гэж заажээ.
Иргэний хуулийн 109.3 дахь хэсэгт Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Б.А гэх хүнээс энэ байрыг Ц.Өбуюу миний эгч худалдаж аваад, дараа нь би эгчээсээ 500 000 төгрөгөөр худалдаж авсан авсан гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Өийн хувьд эгч Ц.Өыг өмчлөгч биш байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол түүнийг уг байрны өмчлөгч гэж үзэх боломжтой байх хэдий ч хэрэгт Ц.Өнь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх нотлох баримт байхгүй байна. .
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.
Ц.Ө нь Ц.Өаас худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэдгээ нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар уг эд хөрөнгөө хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул
Ц.Өийг 1 өрөө сууц болон коридорын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг тул Ц.Өт шаардах эрх үүсээгүй байна.
Түүнчлэн Ц.Ө Б.Ааас уг байрыг худалдан авсан гэдэг нь нотлогдохгүй байх ба Ц.Ө Б.А нар нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар уг хөрөнгөө бүртгүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Одоо Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байрлах 1 өрөө сууцанд Ц.Ө өөрөө амьдардаг болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.А нь 1 өрөө байрыг коридорын хамт хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн дугаар зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг ...тоотод байрлах 1 өрөө хувийн орон сууцыг, коридорын хамтаар өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ