| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0457/Э/220/2025/0704 |
| Дугаар | 2025/ШЦТ/1179 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Э |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1179
2025 05 07 2025/ШЦТ/1179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Д.Энхбаяр,
хохирогч Б.А, түүний өмгөөлөгч П.У,
шүүгдэгч Б.Ч,
гэрч Ц.У, Ц.М, Ж.П нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ийн Ч-т холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ......... дугаар байр, ........... давхарт байрлах “............” ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Б.А-тэй маргалдаж улмаар биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1246 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй цагаатгах байр суурьтай оролцсон болно.
2. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлвэл 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.А нь “................” ХХК-тай 1 сая төгрөгөөр буйдангийн углаа хийлгэхээр харилцан тохиролцож урьдчилгаа 720.000 төгрөгийг төлсөн, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “............” ХХК-ийн ажилтан Б.Ч нь Б.А-ийн гэрт ирж буйдангийн шинэ углааг авчирч хийх явцад тэдгээрийн хооронд углааны чанартай холбоотойгоор маргаан үүссэн, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.А нь буйдангийн хуучин углааг авах, шинээр хийсэн углаа тохирохгүй байгаа талаар ярилцахаар өөрийн ээж Ц.М, эгч Ц.У нарын хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ..... байрны ....... давхарт байрлах тус компанийн үйлдвэр дээр очсон, улмаар Б.Ч, Б.А нар нь хоорондоо ойлголцолгүй маргаан үүсэж шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.А-ийн хөл, шилбэ хэсэг рүү өшиглөх, түлхэж унагаан газарт чирэх зэргээр биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь баруун шилбэ, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ. Энэ нь:
Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Анх 2024 оны 09 дүгээр сарны 22-ны өдөр “..............” гэх байгууллагын данс руу урьдчилгааны 80 хувь болох 720.000 төгрөг шилжүүлсэн байсан, яаралтайгаар гээд 50.000 төгрөг нэмж авна гэхээр нь үлдэгдэл тооцоо дээр өгнө гэж тохирсон байсан. Манайх шинэ байранд орсон тул хуучин буйдангийн өнгийг солиулах гэж энэ байгууллагад захиалга өгсөн байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Содон буйдангийн хүн ганцаараа ирсэн. Ирээд буйдангийн шинэ углааг хийж өгсөн боловч тухайн авч ирсэн углаа нь таараагүй, хуучин буйдангийн углааг авч ирсэн үү гэсэн чинь бид нар задлаад хаячихсан, цех дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нарын очих болсон шалтгаан нь “хуучин буйдангийн углааг авч ирээгүй, шинэ буйдангийн углаа таараагүй, дутуу байгаа зүйлийг Цех засаж өгнө” гэж хэлсэн учраас очих шалтгаан болсон. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... дугаар байр ...... давхарт би ээж Ц.М, эгч Ц.У нарын хамт хуучин буйдангийн углаа авах, шинээр хийсэн буйдангийн углаа дутуу байсан тул авахаар очсон. Манай ээж, эгч 2 дутуу байгаа зүйлээ засаад өг гэж орсон. Тэгсэн чинь тэр хүн хүлээж аваагүй. “Та нартай ярих зүйл байхгүй, гар зайл” гэж хэлээд маргаан үүссэн, намайг зогсож байхад буйдан засварын ах намайг “гар” гэж хөөгөөд миний өмсөж байсан хантаазнаас чирээд шалан дээр унагаад чирсэн. Би тархиараа савж унасан, тэгээд хөл хэсэгт өшиглөсөн, мөн дэр хийсэн ууттай зүйл авч шидсэн. Манай эгчтэй маргаж байхад би ард талд нь боль гэж хэлээд зогсож байсан. Тэр үед миний биед халдаж тухайн хүний гарт цохигдсон. Нүдний доор хөхөрсөн байсан гэдгийг шүүх эмнэлэг дээр очиж мэдсэн. Толгой өвдөж, хоёр хөл хөхөрч, янгинаж өвдөж, хацар хэсэгт хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хх 22-25, 29-31, 34-35/,
Гэрч Ц.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манай дүү болох Б.А нь Баянзүрх дүүргийн ...... дүгээр хорооны ........дугаар байрын ...........давхарт үйл ажиллагаа явуулдан “................” төвд буйдангаа янзлуулсан юм, тэгсэн тэр буйдангийн газар нь сайн засаж янзлаагүй бөгөөд миний бие буйдан засах ажил хийдэг учраас тухайн хүмүүстэй уулзаж ярилцая гэж бодоод дүү Б.А-ийн хамт “.............” засварын төвд очсон. Тэгтэл өөрийгөө “...............“ төвийн захирал гээд нэг залуу манай дүү Б.А-ийг түлхэж унагаад, хөл рүү өшиглөөд байсан ба тухайн залуу миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод миний толгойг хаалгаар хавчсан гэх мэдүүлэг /хх 39/,
Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...маргааш нь үйлдвэр дээр нь би эгчийг дагуулаад охиноо дагуулаад очсон. Бид нарыг орсны дараа орилж хашхираад “та нар яах гэж ирсэн юм зайлцгаа” гээд байсан, тэгээд орилоод манай охиныг зодсон, тэр хүн аймаар том гартай, манай охины хувцаснаас чирсэн... манай охиныг тухайн хүн гараа цохисон, өмссөн хувцаснаас нь чирэх үед манай охин газар унасан. Манай охины хөл рүү өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх 42-45/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 12836 дугаартай "...Б.А-ийн биед баруун шилбэ, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 60-61/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...бичлэг хийж байсан эмэгтэй биед нь хүрч, түлхэн унагаж, тухайн эмэгтэй газар унахад нь гадуур өмсөж байсан хувцаснаас нь чирч байгаа бичлэгтэй байв..." гэх тэмдэглэл /хх 6-15/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.А-ийн биед халдаж зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ......дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хөл, шилбэ хэсэг рүү нь өшиглөх, түлхэн унагаах, чирэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл болон шүүгдэгч Б.Ч-ын үйлдэл шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэгт гэрч Ц-ийн эрүүл мэндэд “нуруунд зулгаралт” гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хохиролд хамаарахгүй байна гэх /хх 70-71/ шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд энэхүү дүгнэлт нь хохирогч, гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв болохыг давхар нотолж, нотолгооны чанарыг нэмэгдүүлж байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ч нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
4. Хохирогч Б.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 220.000 төгрөгийг /хх 64/, мөн буйдангийн хуучин углааны үнэ болох 720.000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилжээ.
Хохирогчоос нэхэмжилсэн буйдангийн хуучин углааны үнэ болох 720.000 төгрөг нь иргэд хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр үүссэн харилцаанаас үүдэлтэй иргэний маргаан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй байна.
Тиймээс нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч Б.Ч-аас нийт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-т олгуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж хуульчилсан.
Хэрэгт хохирогч Б.А нь эрх бүхий байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Б.А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
5. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, үйлдэлдээ болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэргийн үйлдлийн шинж, гэмт хэрэг гарахад хохирогчийн үйлдэл өдөөн хатгасан нь нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-аас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгосугай.
6.Хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ