| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0300/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/336 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цогзолмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/336
2025 7 28 2025/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Б-ийн Ө-т холбогдох эрүүгийн 2534**** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Баганнуур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, **** ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн **** сум, **** дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б Б-ийн Ө, *** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Ө нь Төв аймгийн **** сумын Улаан-Ухаа багийн нутагт 2025 оны 5 дугаар сарын 21-ний орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 0,48 хувийн согтолттой улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогджээ.
Эрх бүхий албан тушаалтаны жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драгер баталгаажуулалтын хуудас, гэрэл зураг /хх-ийн 4, 6-7/,
Гэрч Э.Төгстөмөрийн өгсөн: “Б.Ө манай хойд хөшөөн дээр Төв аймгийн **** сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн нутаг Хойд хөшөө гэх газар пиво ууж байгаад Даюун маркийн мотоциколоо унаад зугтаасан. Тэгээд амдаж очоод зогсоосон бөгөөд драгер үлээлгэхэд 0.48 гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Шүүгдэгч Б.Ө-ын өгсөн: "2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад дэлгүүр ороод Өнөрбаттай таарсан. Тэгээд бид хоёр Нийслэл нэртэй 2 литр пиво уугаад явах гэж байхад сургуулийн хүүхдүүд ирээд тоглож байсан. Тэгээд Өнөрбат бид хоёр гэр рүүгээ явж байгаад цагдаад баригдсан. Би сумын хойд хөшөөн дээрээс гэр рүүгээ харих гээд 200 метр тээврийн хэрэгсэл жолоодсон. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би эрхээ 2024 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хасуулсан. Миний согтолтын зэрэг 0.48% гарсан." гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
"Би 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэрээсээ буюу Төв аймгийн **** сум **** дүгээр баг гэх газраас аавынхаа улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой сумын төвөөс бензин болон ойр зуурын зүйл авах гэж ирсэн. Тэгээд сумын төвөөс гарах гэж байгаад Өнөрбат гэх найзтайгаа таараад бид 2 манай гэр рүү хамт явахаар болсон. Замдаа бид 2 сумын төвөөс хойно 2.5 литрийн Нийслэл гэдэг пиво хувааж уусан. Тэгээд бид 2 дөнгөж хөдлөөд би мотоциклоо унаад Өнөрбатыг хойноо сундлаад хөдлөж байтал эргүүл хийж байгаа цагдаатай таарсан юм. Тэгээд намайг цагдаагийн хэсэг дээрээ аваачаад драйгераар үлээлгэж шалгахад 0.48 хувьтай гарсан юм. Би 2024 оны 7 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ 1 жилээр хасуулж 400.000 төгрөгөөр торгуулж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-40/,
Төв аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Ө нь Төв аймгийн **** сумын Улаан-Ухаа багийн нутагт 2025 оны 5 дугаар сарын 21-ний орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 0,48 хувийн согтолттойгоор улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ө нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Б-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6.Шүүгдэгч Б.Ө-т шүүхээс оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ