| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2018/03399/И |
| Дугаар | 210/МА2019/00368 |
| Огноо | 2019-03-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2019/00368
М.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03024 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Цын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Г, П.Г нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 2 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, өмгөөлөгч О.Б, хариуцагчийн П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017.12.10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарцаар гарч явахад 49-11УНТ улсын дугаартай Приус-11 маркийн машинд /жолооч нь П.Г/мөргүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр баруун ухархайн гадна хананаас суурь ясны баруун их далавч хүрсэн шугаман хугарал, зүүн шилбэний ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун 9 дүгээр хавирганд хугарал, эрүүнд шарх, баруун зовхи, эрүүний доор, баруун шуу, баруун өвдөг, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун тавхайн дээр зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл авсан. Тухайн үед нэхэмжлэгч нь сарын 300 000 төгрөгөөр Номгон гол ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсан. Ингээд осолд орсны улмаас ажил хийх боломжгүй болж одоог хүртэл ажилгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсан. Гурван удаагийн мэс засалд орсон. Иймд ажилгүй байсан 8 сарын цалин 2 400 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хиймэл шүд 350.000 төгрөгөөр хийлгэсэн. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмнэлгийн туслалцаа, бусад зардлуудыг хариуцагч нар нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хүртэл тасралтгүй төлж барагдуулсан. Номгон гол ХХК-иас ирсэн баримтад нэхэмжлэгчийг туршилтын хугацаанд ажиллаж байсан гэжээ. Мөн албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх, нийгмийн, эрүүл мэндийн даатгал төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөг гэсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй. Эрүүгийн шүүх энэ төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Мөн зам тээврийн ослоос болж шүдэнд ямар нэгэн гэмтэл учирсан гэх баримт нь эрүү болон иргэний хэрэгт авагдаагүй. Энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Өмгөөлөгчийн хөлсийг төлөхгүй гэж байгаа шалтгаан нь П.Гантулгын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээж бүх туслалцааг цаг алдалгүй өгч байсан. Заавал өмгөөлөгч авах заалтад хамааралгүй. Өмгөөлөгч авах эрхээ эдэлсэн болохоос биш заавал өмгөөлөгч авах шаардлагатай биш байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундармаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх хэрэг болсон гэж сонсоод бид дүү дээрээ очсон. Тухайн үед нэхэмжлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт ямар нэгэн бичилт хийгээгүй байх тул бид 2 жилээр нөхөн бичүүлж эмнэлэгт хэвтүүлж байсан. Нэхэмжлэгч нь биднээс 18.000.000 төгрөг нэхэмжилж өгөхгүй бол тохиролцохгүй гэж хэлдэг байсан. Хэрэг өнөөдрийг хүртэл хүндрээд явж байгаад харамсаж байна. Тухайн үед бид 5 000 000 төгрөгт эвлэрэхээр санал тавиад чадаагүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч П.Г, П.Г нараасбусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3 250 000 төгрөг гаргуулан нэхэмлэгч М.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 45 240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.С-т олгож шийдвэрлэжээ:
Хариуцагч П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь ажилгүй байсан үеийн цалин хөлс нэхэхдээ хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэвэр авдаг байснаа шүүхэд мэдүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр эрүүний ясыг эмчлэхэд шүдийг гэмтээгээгүй, шүд авсан тухай онош дүгнэлт байхгүй байхад хиймэл шүдний зардал нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаарддлагад нийцжээ.
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч П.Г, П.Г нарт холбогдууулан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн авто ослын улмаас эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 3 250 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Уг 3 250 000 төгрөгийг “Мөнх хустай” зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байгаад осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд авч чадаагүй цалин орлого 2 400 000 төгрөг, гэмтлийн улмаас хиймэл шүд хийлгэсэн зардалд 350 000 төгрөг, хариуцагч нарын буруутай үйлдлээс 500 000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж эд хөрөнгөд учирсан хохирол гэж тодорхойлжээ.
Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто осол гарч, 49-11 УНТ улсын дугаартай Приус-11 маркийн машинд нэхэмжлэгч мөргүүлж хүнд гэмтэл авсан, уг машиныг П.Г жолоодож явсантай холбоотой Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоол гарчээ. Уг тогтоолд хохирогч М.Цыг ажилгүй байсан хугацааны цалин, бусад хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасан. Иймд дээрх ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэх үйл баримт шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 315 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж үзэх тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм./ хх-15-22/
Тухайн осол гарах үед П.Гантулгын жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь П.Г болох үйл баримтын талаар талууд мөн маргаагүй. Хохирогч буюу нэхэмжлэгч М.Ц нь гэмтлийн улмаас 1 сарын хугацаанд ухаангүй байсан, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр н.Б ажилласан, шинжээчийн дүгнэлтээр хохирогч баруун ухархайн гадна хананаас суурь ясны баруун их далавч хүрсэн шугаман хугарал, зүүн шилбэний ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун 9 дүгээр хавирганд хугарал, эрүүнд шарх, баруун зовхи, эрүүний доор, баруун шуу, баруун өвдөг, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун тавхайн дээр зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл авсан үйл баримт тогтоогджээ. /хх- 192,15-22/
Нэхэмжлэгч нь машины өмчлөгч П.Г, осол гаргасан П.Г нараас хамтран 3 250 000 төгрөгийг төлүүлэхээр шаардсаныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг хариуцагч П.Г хүлээн зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх-201/
Хариуцагч нар “нэхэмжлэгчийг зайлшгүй өмгөөлөгч авахаар хуульд заагдсан тохиолдолд хамаарахгүй, “Номгон гол” ХХК-ийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж заасан, нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас группэд орсон гэх нотлох баримтаа гаргасангүй, шүүх эмнэлгийн дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт цаашид хөдөлмөрийн чадвар алдахад энэ учирсан гэмтэл нөлөөлөхгүй гэсэн, ослын улмаас шүдэнд гэмтэл учирсан баримт байхгүй” гэж маргажээ. / хх190-191/
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажлын газрын тодорхойлолтоос үзэхэд осолд орохын өмнө тэрээр сарын 300 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан, хохирогчийн шилбэ хугараад явж чадахгүй болсон, шинжээчийн дүгнэлтэд эрүү ясны хугарал гэж бичсэнээс гадна “надад оёдол тавихад миний шүдийг авсан. Ослын улмаасшүд хугарсан” гэж нэхэмжлэгч анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд мэдүүлж байжээ. /хх-160, 190-192/
Түүнчлэн, осол гарсны дараа толгой эрүү нүүрэндээ гэмтэлтэй, ухаангүй, зүүн шилбэний хугаралтай явж чадахгүй, амь насанд аюултай хүнд гэмтэлтэй байсан этгээдийн өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулж зардал гаргасан байна. /хх-191/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэм хорыг хариуцан хариуцагч П.Г арилгах үүрэгтэй юм. Хариуцагч П.Г гэм буруугийн асуудлаар маргаагүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч П.Гэс мөн хохирлыг төлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.
Нэхэмжлэгч нь ослын улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, “суга таяггүй бол явж чадахгүй байна” гэж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хариулж байснаас үзэхэд 8 сарын хугацааны цалин 2 400 000 төгрөг, хиймэл шүдний үнэ 350 000 төгрөгийг хариуцагчдаас гаргуулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэсэнтэй нийцжээ. /хх-8-9/
Нэг сарын туршид ухаангүй, өөрийн эрхийг хамгаалах үйлдлийг бие даан хэрэгжүүлэх боломжгүй байсан тул нэхэмжлэгчид өмгөөллийн зардал 500 000 төгрөгийг гаргуулан олгосон нь мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэнтэй нийцсэн. /хх-92/ Нэхэмжлэгч өмгөөлөгч хөлслөн төлбөр төлсөнийг эд хөрөнгийн хувьд хохирол амссан гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг заагаагүй байх боловч, энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа биш тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Гантулгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Ш.ОЮУНХАНД