| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/02942/И |
| Дугаар | 183/ШШ2022/02330 |
| Огноо | 2022-08-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02330
| 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/02330 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.М.Г ХХК , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.Ж/,
Хариуцагч: НШШГГ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М.Г ХХК нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...НШШГГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тоот мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүлээн авч танилцаад дараах нэхэмжлэлийг гаргаж байна. НШШГГ-аас шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн шинжээч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гарган гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 заалтад заасан холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Манай компанийн 9482.54 м.кв талбай бүхий С олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр хэт нэг талд үйлчлэн, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар тоот хаягт байрлах, 4665 м.кв газартай, 9482.54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай С олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг нийт 56 788 165 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд НШШГГ-аас шинжээчээр томилогдсон Д ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 дахь заалтуудыг зөрчсөн, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр зах зээлийн үнэлгээнээс хэд дахин багаар үнэлсэн байх тул Д ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. НШШГГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бидний гаргасан гомдлын хариу мэдэгдэх хуудас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой байгаа, уг хариуг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар Э.М.Г ХХК , Н.Ж, Н.С нараас 9 829 279 543 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.М.Г ХХК , Н.Ж, Н.С нарт шийдвэрийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах, 9482.54 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 4664 м.кв талбайтай цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээ, конторын зориулалттай нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Э.М.Г ХХК , Н.Ж нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, газраа 50 000 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнэлгээг төлбөр авагч талд танилцуулахад төлбөр авагч Хаан банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгч Н.С-ийн шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох баталгаат шуудан болон Н.Ж-д дамжуулан үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр Д ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э.М.Г ХХК -ийн захирал Н.Ж-гийн туслах н.Г биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Н.Ж, Н.С нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох тоот хаяг руу хөрөнгийн тайланг баталгаат шуудангаар хүргүүлсэн, гэрийн хаягаар нь очиж Н.Ж, Н.С нарт тоот мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хувийг дамжуулж өгөхийг О.Н-д даалгаж, Н.С-ийн дугаар луу залгахад утсаа аваагүй талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Э.М.Г ХХК , Н.Ж, Н.С нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг танилцуулсан бөгөөд тэднээс хугацаа аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаандаа буюу 7 хоногтоо багтаж нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, НШШГГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны дүгээр мэдэгдэл, мөн өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тоот гүйцэтгэх хуудас, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, мөн өдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Э.М.Г ХХК -ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай санал, Хаан банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 08, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...НШШГГ-аас шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн шинжээч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гарган гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, манай компанийн 9482.54 м.кв талбай бүхий С олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр хэт нэг талд үйлчлэн, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлсэн. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар дээрх 4665 м.кв газартай, 9482.54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 56 788 165 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд НШШГГ-аас шинжээчээр томилогдсон Д ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 дах заалтуудыг зөрчсөн, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр зах зээлийн үнэлгээнээс хэд дахин багаар үнэлсэн байх тул Д ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. НШШГГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бидний гаргасан гомдлын хариу мэдэгдэх хуудас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой байгаа, уг хариуг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Төлбөр төлөгч Э.М.Г ХХК , Н.Ж, Н.С нарт төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах, 9482.54 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 4664 м.кв талбайтай цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээ, конторын зориулалттай нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Ж нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, газраа 50 000 000 000 төгрөгөөр үнэлсэн, талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор шинжээчээр Д ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Э.М.Г ХХК , Н.Ж-ын туслах н.Г биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Н.Ж, Н.Снарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох тоот хаяг руу хөрөнгийн тайланг баталгаат шуудангаар хүргүүлсэн, гэрийн хаягаар нь очиж Н.Ж, Н.С нарт тоот мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хувийг дамжуулж өгөхийг О.Н-д даалгаж, Н.С-ийн дугаар луу залгахад утсаа аваагүй талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаандаа буюу 7 хоногтоо багтаж нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.
Э.М.Г ХХК нь Улсын бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай, 9482.54 м.кв талбайтай, худалдаа-үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 4664 м.кв талбайтай, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээ конторын зориулалттай эзэмших эрхтэй газрын өмчлөгч байх бөгөөд Э.М.Г ХХК , Хаан банк ХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.
Зээлдэгч Э.М.Г ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Хаан банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Э.М.Г ХХК , Н.Ж, Ж.Сэлэнгэ нараас 9 803 656 327,81 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.
Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тоот гүйцэтгэх хуудас олгож, НШШГГ дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.
5. Д ХХК нь дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 31 071 003 521 төгрөгөөр тогтоож, НШШГГ-аас энэ талаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тоот мэдэгдлийг мөн өдрөө тус компанийн жижүүр н.Г хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.
Харин нэхэмжлэгч “...НШШГГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бидний гаргасан гомдлын хариу мэдэгдэх хуудас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой байгаа, уг хариуг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй” гэж маргасан.
Хэргийн баримт, талуудын тайлбараар шинжээч Д ХХК нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2 хоногт үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг орлогын хандлагаар үнэлээгүй үйл баримт тогтоогддог боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан, төлбөр төлөгч 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэлгүй, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, хуульд үнэлгээний талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дараа шүүхэд хандах зохицуулалт тусгагдаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.М.Г ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ