Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч хяналтын прокурор Ц.Ц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн В /У цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М/цахимаар/,

орчуулагч Г.Н/цахимаар/,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Х/цахимаар/,

шүүгдэгч Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дах хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Эд холбогдох эрүүгийн 2419001770052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Э нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота Веллфайр загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.1, 12.3, 12.4, 13.1. 13.2.г заалтуудыг тус тус зөрчин огцом эсрэг урсгал руу орж, улмаар буцаж өөрийн урсгал руу орохдоо тээврийн хэрэгслийг авто зам дээр 2 тийш дайвалзуулан, тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, осолдсон Ц.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол учруулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн А (AO DENG)-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота Веллфайр загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр жолоодон явахдаа огцом эсрэг урсгал руу орж, улмаар буцаж өөрийн урсгал руу орохдоо тээврийн хэрэгслийг авто зам дээр 2 тийш дайвалзуулан, тэнцвэрийг алдагдуулсны улмаас замаас гарч, осолдон  хохирогч Н.Мын эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А/-ийн амь нас хохироосон үйл баримт дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Мын “Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн..... шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймаг дээр ... би Сайншанд сум орох байсан учир ... хар өнгийн *** улсын дугаартай Вэллфайр маркийн тээврийн хэрэгслийн хамгийн хойд талын голын суудалд суусан... гэнэт ард машин чагнаалдахыг сонсоход миний сууж явсан машиныг жолоодон явсан эмэгтэй жолооны хүрдээ баруун гар тийш огцом дарах үед машин дотор савлалт үүсэхэд жолооч хэд хэдэн удаа баруун зүүн тийш дарахад би суудлаасаа бага зэрэг өндийж харахад баруун гар тийш шороо руу орж байгаа харагдсан ба онхолдох үед миний дээрээс хүн дарж унаж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

Хохирогч Ц.Аийн “...Би Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор найзаасаа таксины дугаар аваад ярихад 22 цагийн орчим намайг гэрээс ирж авсан. Машинд хүн байгаагүй, гэр гэрээс нь 4 зорчигч авсан. 1 Өвөрмонгол, 2 хятад, 1 монгол, жолооч нь эхнэртэйгээ, би нийт долуулаа 2024 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цаг 10 минутын орчим Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд гарсан. Нөхөр нь машинаа бариад эхнэр нь хажууд нь, би голын суудалд, миний хажууд Өвөрмонгол эрэгтэй, арын суудалд 2 хятад иргэн, 1 монгол ирсэн сууж явсан. Улаанбаатар хотоос гараад хэд хэдэн удаа зогссон. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо жолоогоо сольж бариад явсан. 03-04 цагийн орчимд эхнэр жолоо бариад нөхөр нь хажуугийн суудал дээр амарсан. Хаана явж байсныг хэлж мэдэхгүй байна. Нөхөр нь үүрэглээд замын эсрэг урсгалын эгнээ рүү ороод явахаар нь ахаа та үүрэглээд унтаад байгаа юм уу нойр чинь хүрээд байгаа юм бишүү гэхэд зогсоод эхнэр нь жолоогоо сольж барьсан. Жолооч бид хоёр бүс зүүсэн байсан, бусад нь бүс зүүгээгүй байсан... хаана явж байснаа мэдэхгүй зэм дээр гэнэт 2 удаа дайвалзах шиг болоод замын баруун хажуу руу онхолдсон би бүс зүүсэн байсан тул машиндаа байсан. Жолооч эмэгтэй суудал дээрээ, миний ард сууж явсан монгол залуу байсан, бусад нь гадаа унасан байсан. Хятад эмэгтэйгээс бусад нь бүгд хөдөлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 160-161 хуудас)

Хохирогч БНХАУ-ын иргэн Wang Ruifeng-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Улаанбаатар хотоос ...олон хүмүүс хэдэн биеэ танихгүй таксинд Замын-Үүд явахаар суусан. Машинд 7 хүн явсан. Би өөрөө хамгийн хойд талын суудлын зүүн буланд суусан. Миний хажууд нэрийг нь мэдэхгүй 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн суусан. Голын суудалд 1 эрэгтэй, 1 эмэгтэй суусан. ...би замдаа унтчихсан байгаад аваар болохоос өмнө нэг сэрэхэд эмэгтэй нь жолоо бариад явж байсан. Тэгээд би унтчихсан. Нэг сэрэхэд машин онхолдсон би машин дотор суудал дээрээ байсан. Арын зүүн талын цонхоор мөлхөөд гарсан. ...Би голд сууж явсан эмэгтэйг өргөөд гаргасан...нэг эмэгтэй 2 эрэгтэй хүн газарт унасан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 77-78 хуудас),   

Гэрч Б.Намсрайжавын “...Би Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд явж байгаад Сайншанд орохоос хориод километр дутуу явахад ачааны шланз машины ард явж байсан хар өнгийн альпард машины араас би явж байсан. Хар өнгийн альпард машин удаан яваад байсан. Би гүйцэж түрүүлэх дохио өгөхөд альпард машины жолооч эсрэг урсгал руу огцом дарахаар нь би сигнал өгөхөд замын баруун тал руу зүүн тал руу займчуулаад тэгээд замын хажуу руу огцом дараад замын хажуу руу онхолдсон...машин замын хажуу руу эргэлдээд унасан, унаж байхдаа хүмүүс нь шидэгдсэн....Тэр машинд зорчиж явсан гэх эхнэр нөхөр сольж унаад явсан, нөхөр нь үүрэглээд өөдөөс ирж яваа машины өөдөөс оронгоо алдаад, нөхөр нь солигдоод эхнэр нь жолоо барьсан. Хоёулаа үүрэглээд яваад байсан. Би бүр сүүлдээ би жолоо барих уу гэж ярьж байсан, бусад хүмүүс нь юм дуугараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар тал),

Техникийн эвдрэлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн “...улсын дугаартай хар өнгийн Тоёота велфайр маркийн автомашины жолооч анхаарал болгоомжгүй байдлаас үүссэн осол болсон...тухайн тээврийн хэрэгслийн жолооч үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулан өмнөөс ирж буй автомашиныг зөв тооцоолон гүйцэт түрүүлэх үйлдлийг хийх боломжтой байсан. Автомашины тоормосны систем хэвийн ажиллагаатай байсан... Осол гарахаас өмнө эвдэрсэн эд анги байхгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 138-147 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/033 дугаартай “... Амь хохирогч АО DENG-ийн цогцост учирсан зүрхний үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчингийн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус алдалт, баруун уушигны цус хуралт, баруун уушигны дээд доод дэлбэнгийн урагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт, баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/235 дугаартай “...Ц. Эийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт, суудал ясны баруун, зүүн хэсгийн дээд доод салаа зөрүүтэй хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх...Учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/236 дугаар шинжээчийн “...Н.Мын биед баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан баруун зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас 163-164 хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас 5-13, 15 хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтас 14 хуудас),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/186 дугаартай дүгнэлтээр “...Ц.Аийн биед тархи доргилт, зүүн сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн шарх, зүүн сарвуун 5 дугаар хурууны хумсны хууларсан шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3 Учирсан тархи доргилт, зүүн сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн шарх, зүүн сарвуун 5 дугаар хурууны хумсны хууларсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтас 120-121 хуудас)

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар “... Хар өнгийн *** улсын дугаартай Toyota Vellfire маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ.

б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна,

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно,

13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.,

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно.,

г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (2 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота Веллфайр загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 13.1.“Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2.г/ “араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Н.Мын эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А/-ийн амь нас хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 2 дахь хэсгийн 2.3 Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 3.“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгохоор;

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баталсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А/-ийн амь нас хохироосон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас БНХАУ-ын иргэн А/-ийн амь нас хохирсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,  

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Амь хохирогч А/-ийн хууль ёсны төлөөлөгч дээрх хуулийн зохицуулалтаар өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй байна.

Амь хохирогч А/-ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн В /У/ нь шүүгдэгч Э болон иргэний хариуцагч “Ш” ХХК-иас оршуулгатай холбогдох зайлшгүй зардал 48,334,735 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 193,446,000 төгрөг нийт 241,780,735 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Хууль ёсны төлөөлөгч Урын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэж дүгнэсэн.

Сэтгэцэд учирсан гэм хорын дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Монголын үндэсний статистикийн хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/909 дугаар албан бичиг түүний хавсралтад 2023 онд улсын хэмжээнд дундаж наслалт 71.5, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.9, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.6 жил болохыг дурджээ.

Амь хохирогч А 28 настай байсан. Монгол Улсад эмэгтэй хүний дундаж наслалт 76.9 байна. 76.9-28=48.9 нас болж байна. Гэмт хэрэг болох үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсныг 5 дахин нэмэгдүүлэхэд 3,300,000 төгрөг болсныг 48.9 насны зөрүүд үржүүлэхэд 161,370,000 төгрөг болж байна.  

Шинжээчийн дүгнэлтээр Амь хохирогч А/-ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн В /У/-ын сэтгэцэд дөрөвдүгээр зэргийн  хор уршиг учирсан болохыг тогтоосон. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг хамгийн дээд хэмжээ болох 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэхэд 30,294,000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчид дээрх хохирлын аль ашигтайгаар тогтооно гэсний дагуу сэтгэцэд учирсан хохиролд 161,370,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь учирсан хохирол, хор уршгаа нотлох баримт бүрдүүлэн шаардах эрхтэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.14-т “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор заасан.

Хохирогчоос бусад хохиролд 7,573,517 төгрөг нэхэмжилснээс ганданд ном уншуулсан 4,000 төгрөг, Улаанбаатар буян оршуулгын үйлчилгээнд 4,271,600 төгрөг, ганданд ном уншуулсан 90,000, 10,000, 36,000, Улаанбаатар буян бараа 4,400, хадаг эд зүйлс 45,800, лаа 140,000 төгрөг нийт 4,601,800 төгрөг нь оршуулгын зардалд хамааралтай, бусад хоол ундны зардал нь хамааралгүй байх тул 2,971,717 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

замын зардал, буудлын зардалд 40,761,218 төгрөг баримтаар тогтоогдож байх тул гаргуулж,

нийт 4,601,800+40,761,218+161,371,000 төгрөг нийт 206,733,018 төгрөг гаргуулж 35,047,717 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс 10,000,000 төгрөгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Уд хүлээлгэн өгсөн байх тул 206,733,018 төгрөгөөс энэ мөнгийг хасч нийт 196,733,018 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Хохирогч Мад 1,400,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд Тоёота велфайр автомашин нь фидуцийн гэрээний дагуу “Ш” компанийн нэр дээр бүртгэгдсэн байсан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаатай байсан болох нь тогтоогдож байна. Иймд барьцааны хөрөнгө устсан нь зээлийн гэрээний үүрэг шаардахад саад болохгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хохирлыг “Ш” ХХК-аас гаргуулна гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Эыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын  хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Прокурорын гаргасан санал хөнгөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм бурууд маргаагүй, хохирлыг төлөх тул Улсын яллагчийн саналтай нэг байна.  

-шүүгдэгчээс “...зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхгүй байх өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Эд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Э нь эрүүгийн  хариуцлага тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Мын эрүүл мэндэд баруун, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний хэсгийн язарсан шарх, зүүн чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол, Ц.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, чацархайн няцрал, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А/-ийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Эд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Эаас 196,733,018  төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Уд олгож 35,047,717  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжилсэн 36,243,856.96 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

8.Хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.АРИУНЗУЛ