Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/02319

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/02319

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Д ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.М/,

 

Хариуцагч: Н.С,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт олгосон төлбөр, зардалд нийт 12 215 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д ХХК нь Н.С-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт олгосон төлбөр, зардалд нийт 12 215 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Тус компани нь Д.Б-той 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, тус гэрээгээр улсын дугаартай арлын дугаартай, Mercedes Benz загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх эрсдэлээс хамгаалж даатгасан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н.С нь улсын дугаартай Toyota Corolla загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчиж Д.Б-ын даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан. Зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн С.Э ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлангаар даатгуулагч Д.Б-ын улсын дугаартай тээврийн хэрэгслийн дараах эд ангид, урд буфер 4 316 769 төгрөг, урд буферын зүүн сетка 233 183 төгрөг, зүүн урд их гэрэл 11 149 000 төгрөг, зүүн урд никель сетка 297 348 төгрөг, копут 150 000 төгрөг, будах зардал 960 000 төгрөг нийт 17186 300  төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Дээрх үнэлгээг МСМ групп ХХК-ийн засвар үйлчилгээний үнийн саналыг баримтлан зохих ёсоор тогтоосон. Н.С-ийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол үүссэн болох нь А ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, жолооч Б.А-ийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, гараар бичсэн хүсэлт, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  тоот тодорхойлолт, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичиг, С.Э ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн автомашин, техникийн үнэлгээний тайлан, ослын дараах эвдрэлийн гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, Н.С нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм. Даатгалын тохиолдолд буруутай этгээд Н.С-д тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тоот эрсдэлийн хорооны тогтоолоор төгрөгийг хохирогч Д.Б олгосон. Харин үлдэх хохирлыг Т.Д ХХК нь даатгуулагч Д.Б-ын өмнө даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, даатгалын гэрээнд заасан нөхцөлөөр даатгуулагч Д.Б 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 12 186 300 төгрөгийг бүрэн олгож шийдвэрлэсэн. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг болон Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт тус тус заасны дагуу даатгалын тохиолдлын буруутай этгээд болох Н.С-ээс даатгалын нөхөн төлбөрт олгосон 12 186 300 төгрөгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн иргэн Н.С нь 2020 оны 8 дугаар сараас эхлэн даатгалын хохирлын хөрөнгийн үнэлгээчин С.Э ХХК-ийн автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайланд албан ёсоор гомдол гаргаагүй. Мөн манай компаниас даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлыг төлөх талаар удаа дараа утсаар холбогдон мэдэгдэж, цаг товлож уулзах талаар тохиролцсон боловч уулзалт хийгээгүй, төлбөрийг төлөхгүй байх элдэв шалтаг хэлж хугацаа хожин өнөөдрийг хүрээд байна. Иймд иргэн Н.С нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас Т.Д ХХК-ийн даатгуулагч болох Д.Б-ын даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг даатгалын гэрээний дагуу даатгагч бүрэн барагдуулсан тул Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэг, Даатгалын гэрээний 4.15 дахь хэсэгт тус тус заасны дагуу манай компанийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 12 186 300 төгрөг, нотариатын зардал 29 200 төгрөг, нийт 12 215 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож яваад улсын дугаартай, Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн цагдаагийн хэмжилт дүгнэлтээр миний буруутай үйлдэл болсон. Хохирогч тал С.Э ХХК-иар үнэлгээ хийлгэж нийт 17 186 300 төгрөгийн хохирол гаргуулж ирсэн бөгөөд миний бие дээрх үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй “Таны машинд олон сая төгрөгийн эвдрэл гараагүй байна шүү дээ” гэхэд “тэр хамаагүй ээ миний машин шинэ машин тул бүгдийг шинээр авах үнэлгээ хийлгэсэн” гэсэн. Би хохирогч талд “Хамтдаа очиж дахин өөр газар сонгон очиж үнэлүүлье, би үнэлгээний төлбөрийг төлье” гэхэд  хүлээн зөвшөөрөөгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ч Тэнгэр даатгалын оффист удаа дараа очиж хэлсэн бөгөөд дахин үнэлүүлмээр байна яах ёстой вэ гэхэд “Та хуулийн байгууллагад л ханд. Манай зүгээс дахин үнэлгээ хийлгэх тийм эрх байхгүй” гэсэн хариулт хэлсэн. Дээрх даатгалын компани намайг ирж гарын үсэг зур гэсэн шаардлага тавьж байсан бөгөөд би үнэлгээг зөвшөөрөхгүй байна гээд өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй. Мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд хандахад таны хүсэлтээр дахин шинжээч томилж үнэлгээ хийх боломжгүй, ямар нэг байгууллагын өгсөн шаардлагын дагуу албан ёсны тамга тэмдэгтэй эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу дахин үнэлгээ хийх боломжтой гэсэн. Т.Д ХХК, Д.Б нарын хооронд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд даатгалын гэрээнээс дараах үндэслэлүүд зөрчигдсөн байна. Даатгалын гэрээний 6.4-д заасан даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодит мэдээллээр даатгагчийг хангах үүргээ биелүүлээгүй, 6.8.3-д заасан даатгагчийн тавьсан хүсэлтийн дагуу эрсдэлд орсон даатгалын зүйлийг үзүүлэх, хохирлын хэргийг гэрчлэх, эд мөрийн баримт, баталгаа, нотолгоо бусад холбогдох баримт мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэг, мөн гэрээний 6.9-д заасан үүргээ тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гэрч н.Э нь машинаа засварлуулсан талаар баримт үзүүлээгүй, нотолгоо өгөөгүй, хэлсэн ярьсан нь бүгд зөрсөн, үнийн дүнтэй баримт 1 ч байхгүй, машин засварт орсон баримт, нотолгоо өгөөгүй байдал нь энэ гэрээний үндсэн зөрчил болсон гэж ойлгоно. Т.Д ХХК нь Д.Б 17 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохынхоо өмнө энэ бүх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой байтал энэ эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Ийнхүү хэрэгжүүлээгүй бүх шатаа алгасаж ирчхээд шүүхэд бид хохирсон гэж гомдож байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Түүнчлэн Т.Д ХХК нь Даатгалын гэрээний 7.9-д заасан нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авсан болохыг нотлогдох боломжтой эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй. Д.Б нь автомашинаа 17 000 000 төгрөгөөр засуулсан эсэх, үүнээс бага үнийн дүнгээр автомашинаа засварлуулсан уу, эсхүл огт автомашинаа засварлуулаагүй даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг хувьдаа зарцуулсан эсэхийг Т.Д ХХК нь тогтоох боломжтой. Гэтэл даатгалын нөхөн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд ямар ч хяналт тавиагүй хэрнэ хариуцагчаас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн автомашин нь МСМ группээс ямар ч засвар, үйлчилгээ аваагүй талаар албан бичиг хэрэгт авагдсан. Тиймээс Д.Б, Б.А, Г.Э нар нь үнэн, худал яриад байгаа эсэх нь тогтоогдоогүй, Г.Э нь автомашинаа хаана засуулснаа хэлээгүй, засуулсан газраа заагаагүй, хэдэн төгрөг зарцуулснаа, автомашинаа хэнд өгөөд явуулснаа мэдэхгүй, засуулаад л авч ирсэн гэж хууран мэхэлсэн өнгө аястай гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн тэрээр “...МСМ групп ХХК нь сэлбэг авч ирэх хугацаа нь 45 хоног болно, засвар үйлчилгээ авахаар удна гэхээр нь би Герман улс руу сэлбэг захиж авч ирүүлсэн” гэж хэлсэн.  Гэтэл МСМ групп ХХК-иас нэг ч төгрөгийн үйлчилгээ авах нь битгий хэл, тэр байгууллагад хандсан баримт нь ирээгүй байгаа юм. Тэгэхээр даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг зориулалтын дагуу автомашины эвдрэлийг засан сайжруулахад зарцуулагдаагүй, Д.Б  нь хувьдаа авч хэрэглэсэн үйл баримт байх тул Тэнгэр даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг хариуцагч Н.С дээрх төлбөрийг төлөх үүрэггүй, Д.Б-оос нэхэмжлэх ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, Т.Д ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай эрсдэлийн хорооны тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Т.Д ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн үндсэн даатгалын гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Даатгалын тохиолдлын тэмдэглэлийн маягт, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б.А-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Н.С-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт, Б.А-ийн гараар бичсэн өргөдөл, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн үзлэгийн тэмдэглэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Mercedes Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Toyoto Corolla Rumion маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, С.Э ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, МСМ группийн засвар үйлчилгээний үнийн санал, Засвар үйлчилгээний захиалгын хуудас, Автомашин хүлээлцсэн акт, Баталгаат хугацааны засварын хуудас, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, Т.Д ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монголын нотариатчидын танхимын тасалбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан МСМ групп ХХК-аас маргаан бүхий улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгсэлд 17 186 302 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тус компани нь даатгуулагч Д.Б-той 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, улсын дугаартай арлын дугаартай, Mercedes Benz загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх эрсдэлээс хамгаалж даатгасан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н.С нь улсын дугаартай Toyota Corolla Rumion загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчиж даатгуулагч Д.Б-ын даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан. Зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн С.Э ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 17 186 300 төгрөг болсон. Даатгалын тохиолдолд буруутай этгээд Н.С-д тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 5 000 000 төгрөгийг хохирогч Д.Б олгосон. Харин үлдэгдэл хохирлыг Т.Д ХХК нь даатгуулагч Д.Б-ын өмнө даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, даатгалын гэрээнд заасан нөхцөлөөр даатгуулагч Д.Б 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 12 186 300 төгрөгийг бүрэн олгосон. Иймд Н.С нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас Т.Д ХХК-ийн даатгуулагч болох Д.Б-ын даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг даатгалын гэрээний дагуу даатгагч бүрэн барагдуулсан тул даатгалын нөхөн төлбөрт олгосон 12 186 300 төгрөг, нотариатын зардал 29 200 төгрөг, нийт 12 215 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож яваад улсын дугаартай, Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн цагдаагийн хэмжилт дүгнэлтээр миний буруутай үйлдэл болсон юм. Хохирогч тал С.Э ХХК-иар үнэлгээ хийлгэж нийт 17 186 300 төгрөгийн хохирол гаргуулсныг би зөвшөөрөхгүй, “Таны машинд олон сая төгрөгийн эвдрэл гараагүй байна шүү дээ” гэхэд тэр хамаагүй ээ миний машин шинэ машин тул бүгдийг шинээр авах үнэлгээ хийлгэсэн” гэсэн. Би хохирогч талд “Хамтдаа очиж дахин өөр газар сонгон очиж үнэлүүлье, би үнэлгээний төлбөрийг төлье” гэхэд  хүлээн зөвшөөрөөгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ч Тэнгэр даатгалын оффист удаа дараа очиж хэлсэн бөгөөд, дахин үнэлүүлмээр байна гэхэд “Та хуулийн байгууллагад ханд. Манай зүгээс дахин үнэлгээ хийлгэх эрх байхгүй” гэсэн хариулт хэлсэн. Дээрх даатгалын компани намайг ирж гарын үсэг зур гэсэн шаардлага тавьж байсан бөгөөд би үнэлгээг зөвшөөрөхгүй байна гээд өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй. Т.Д ХХК нь Д.Б-ыг даатгалын нөхөн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд ямар ч хяналт тавиагүй, Г.Э-ийн мэдүүлэг өгөхдөө автомашинаа хаана засуулснаа хэлээгүй, засуулсан газраа заагаагүй, хэдэн төгрөг зарцуулснаа, автомашинаа хэнд өгөөд явуулснаа мэдэхгүй, засуулаад л авч ирсэн гэж хууран мэхэлсэн өнгө аястай мэдүүлэг өгсөн. Мөн тэрээр “...МСМ групп ХХК нь сэлбэг авч ирэх хугацаа нь 45 хоног болно, засвар үйлчилгээ авахаар удна гэхээр нь би Герман улс руу сэлбэг захиж авч ирүүлсэн” гэж хэлсэн атал МСМ групп ХХК-иас нэг ч төгрөгийн үйлчилгээ авах нь битгий хэл, тэр байгууллагад хандсан баримт нь ирээгүй байгаа юм. Тэгэхээр даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг зориулалтын дагуу автомашины эвдрэлийг засан сайжруулахад зарцуулагдаагүй, Д.Б нь хувьдаа авч хэрэглэсэн үйл баримтууд харагдаж байна. Тиймээс Т.Д ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг Д.Б зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавиагүй, мөн нөхөн төлбөрийг юунд хэрхэн зарцуулсан талаар нотлоогүй, хариуцагч дээрх төлбөрийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.С нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Б.А-ийн жолоодож явсан, Д.Б-ын өмчлөлийн улсын дугаартай, Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар үзлэгийн тэмдэглэл, мөн өдрийн даатгалын тохиолдлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон, талууд уг асуудлаар маргаагүй.    

 

Д.Б дээрх улсын дугаартай, Mercedes Benz маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, тээврийн хэрэгслээ 235 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнийн дүнгийн 0,85 хувийн хураамжид 1 997 500 төгрөг төлж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан  дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн даатгалын гэрээг Т.Д ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ы өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

Тус гэрээний 3 дугаар зүйл заалтаар талууд даатгалын нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд зам тээврийн ослын улмаас Д.Б, Т.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл” гэж заасан даатгалын нөхцөл үүсэж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ эстимейт ХХК-ийн Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлангаар Д.Б-ынөмчлөлийн автомашины урд буфер хагарсан, урд буферын сетка хугарсан, зүүн урд их гэрлийн сэнж хугарсан, зүүн урд никель сетка хугарсан, копут гажсан зэрэг эвдрэл хохирлын үнэлгээг МСМ групп ХХК-аас гаргасан үнийн саналд үндэслэж, нийт 17 186 300 төгрөгөөр тогтоожээ.

 

5. Хариуцагч Н.С нь мөн Т.Д ХХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан, дээрх ослын улмаас хариуцагч Н.С нь тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийг Т.Д ХХК-д хандан гаргаснаар түүнд тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт олгогдох 463 500 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт олгох 5 000 000 төгрөг нийт 5 463 500 төгрөгөөс Т.Д ХХК нь 5 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Б шилжүүлсэн талаар талууд маргадаггүй.

 

Харин хариуцагч нь С.Э ХХК-ийн гаргасан 17 186 300 төгрөгийн хохирлын үнэлгээний дүнг зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд шүүхээс хариуцагчийн хүсэлтээр, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Mercedes Benz маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг тогтоолгохоор И.Э ХХК-ийг шинжээчээр томилсон боловч  хариуцагч тал үнэлгээ хийлгэхгүй гэж татгалзсаны улмаас шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, Вендо ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “...тээврийн хэрэгсэлд бодит үзлэг хийх үед тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл засвар хийгдсэн байдалтай байгаа, ...эвдрэл гэмтлийн хэмжээг тооцоолох боломжгүй байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. 

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “...шүүгчийн захирамжаар 2 шинжээчээр үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэгдсэн байгаа тул энэхүү захирамж биелэгдэх ёстой, ...нэхэмжлэгч МСМ групп ХХК-аар сэлбэгээ захиалж авхуулна гэж үнэлгээ хийлгэсэн тул тус газраас сэлбэг авсан эсэхийг тодруулах шаардлагатай” гэж тус тус маргасан бөгөөд шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй, харин маргаан бүхий улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгсэлд 17 186 302 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авсан эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар МСМ групп ХХК-аас баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

МСМ групп ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр “...манайд   улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл байхгүй буюу манайхаас нэг ч удаа засвар үйлчилгээний үнийн санал авч засвар үйлчилгээ хийлгэж байгаагүй” гэх албан бичгийг ирүүлжээ.  

 

6. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон дээрх зам тээврийн ослын улмаас Т.Д ХХК-д даатгагдсан Д.Б-ын өмчлөлийн улсын дугаартай, Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учирсан тул Т.Д ХХК-д Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг үүссэн байна.   

 

Т.Д ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцагч Н.С-ийн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт олгогдох 5 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Б-од, үлдэх 12 186 300 төгрөгийг мөн өдрөө Д.Б шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдох тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ”, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж тус тус зааснаар гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргах шаардах эрх Т.Д ХХК-д шилжсэн гэж үзнэ.   

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Т.Д ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6 дугаар зүйл буюу Даатгуулагчийн эрх, үүрэг гэсэн хэсгээс 6.4 дэх “Даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодит мэдээллээр даатгагчийг хангах” гэх заалт, 6.8.3-т “Даатгагчийн тавьсан хүсэлтийн дагуу эрсдэлд орсон даатгалын зүйлийг үзүүлэх, хохирлын хэргийг гэрчлэх эд мөрийн баримт, баталгаа, нотолгоо бусад холбогдох баримт мэдээллийг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх”, 6.9-д “Хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авахад даатгагчид бүхий л талын туслалцааг үзүүлж хамтран ажиллах” гэх заалтуудыг үндэслэл болгож мэтгэлцсэн бөгөөд энэхүү заалт нь даатгуулагч буюу Д.Б хамааралтай, Д.Б нь тус хэргийн оролцогч биш тул маргаанд ач холбогдолгүй юм.    

 

Мөн хариуцагч талаас дээрх гэрээний 7 дугаар зүйл буюу Даатгагчийн эрх, үүрэг гэсэн хэсгээс 7.1 дэх “Даатгалын зүйлд аюул учруулсан үйл явдал нь энэ гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэх, даатгалын зүйлийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээтэй тохирч буй эсэх, даатгуулагчид нөхөн төлбөр олгох үндэслэл байгаа эсэх, хөндлөнгийн байгууллагын хохирлын үнэлгээний дүн үндэслэлтэй эсэх, ямар хэмжээний нөхөн төлбөр олгох зэрэг асуудлыг тухайн хэргийн нөхцөл байдал, даатгуулагчийн бүрдүүлсэн баримт бичиг, бусад мэдээллийг бүрэн судалж үзсэний үндсэн дээр бодит хохирлыг шийдвэрлэн олгох эрхтэй”, 7.8-д “Даатгуулагч учирсан хохирлыг санаатайгаар ихэсгэсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр даатгагч гэрээг шууд цуцлах”, 7.9-д “Даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээллийг мэдэгдээгүй, даатгалын зүйл, учирсан хохирол болон даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлэл өгсөн, холбогдох мэдээллийг зориудаар гуйвуулсан, нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон болох нь нотлогдвол даатгагч учирсан хохирлыг бүрэн буюу хэсэгчлэн нөхөн төлөхөөс татгалзах, гэрээг цуцлах эсэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардах” гэсэн заалтуудыг үндэслэл болгож, ...даатгалын компанийн шүүхэд шаардах эрхийн үндэслэл болж буй 17 000 000 төгрөгийн үнэлгээний баримт нь Д.Б машинаа засахад зарцуулсан мөнгөний баримт биш, машиныг засуулбал ийм хэмжээний үнийн дүнтэй засвар орох юм байна гэдгийг тогтоосон мэргэжлийн үнэлгээчний гаргасан дүн. Даатгагч гэрээний дээрх заалтуудын дагуу анхнаасаа хяналтаа тавиад эрхээ хэрэгжүүлсэн бол өнөөдөр Д.Б 17 000 000 төгрөгөөр засуулсан эсэх, эсхүл бүр огт засварлалгүй 17 000 000 төгрөгийг аваад хувьдаа өөр зүйлд зарцуулсан эсэхийг тогтоох боломжтой байсан. Гэтэл даатгалын байгууллагын төлсөн мөнгө зориулалтын дагуу тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад зарцуулагдаагүй, Д.Б хувьдаа авч хэрэглэсэн гэх үйл баримтууд байгаа, даатгалын компанийн төлсөн төлбөр зориулалтаар зарцуулагдсан эсэхэд хяналт тавиагүй тул Н.Сюун-д зарцуулагдсан нь мэдэгдэхгүй байгаа мөнгийг төлөх үүрэггүй” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2-т “Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй”, 439.4-т Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж,

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т “учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал”, 8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” зэрэг баримтад үндэслэж нөхөн төлбөр олгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”-оор тус тус заажээ.

 

Т.Д ХХК, Д.Б-ол нарын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.19.6-д “...учирсан хохирлын  тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал”, 4.19.7-д “...хохирлын тодорхойлолт, акт засварын баримт, холбогдох материал” гэж заасан болон бусад баримтуудад үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг 4.2-т заасан хугацаа буюу даатгагч нөхөн төлбөрийн шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр талууд тохиролцсон байна.

 

Хуулийн дээрх заалтууд болон талуудын гэрээгээр тохиролцсон хугацаа зэрэгт даатгагч байгууллага тээврийн хэрэгслийг засварласны дараах бодит хохирлыг олгох талаар зохицуулаагүй бөгөөд МСМ групп ХХК нь Даймлер ХХК-ийн албан ёсны төлөөлөгч, Мерседес бенц автомашиныг Монгол Улсад борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгч байх тул тус компанийн үнийн саналд үндэслэж гаргасан үнэлгээний байгууллагын дүгнэлтийн дагуу Д.Б нөхөн төлбөрийг олгосныг буруутгах боломжгүй байна.     

 

Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд Санхүүгийн зохицуулах дээрх эрхийнхээ хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “...хохирогч, даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй удааж байгаа нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгуулагчийн эрхийг ноцтой зөрчсөн, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг чирэгдэлгүйгээр даруй шийдвэрлэж, хэрэгжилтийг мэдэгдэхийг үүрэг болгосон” агуулга бүхий дугаар албан бичгийг Т.Д ХХК-д хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.  

 

8. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч Н.С-ээс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт олгосон төлбөр, зардалд нийт 12 215 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

9. Н.С нь даатгуулагч Д.Б-ыг Даатгалын тухай хуулийн 10.1.6-д “Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, Т.Д ХХК-тай байгуулсан Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4, 6.8.3, 6.9-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл түүнд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг,

шүүх ...хууль болон гэрээнд даатгагч байгууллага тээврийн хэрэгслийг засварласны дараах бодит хохирлыг олгох талаар зохицуулаагүй” гэж дүгнэсэнтэй холбогдуулж  МСМ групп ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл байхгүй буюу манайхаас нэг ч удаа засвар үйлчилгээний үнийн санал авч засвар үйлчилгээ хийлгэж байгаагүй... гэх баримтыг үнэлээгүй болохыг тус тус дурдав.  

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Н.С-ээс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт олгосон төлбөр, зардалд нийт 12 215 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ