| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/0927/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1056 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1056
2025 04 24 2025/ШЦТ/1056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Э-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны орцонд хохирогч Д.Нг тухайн үед үүссэн маргааны улмаас түүнийг гаргах явцдаа шат руу түлхэж биед нь дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч гэх Д.Н манайд ирэхдээ дух хэсэг нь цус болсон байсан. Тухайн үед Д.Н архи уучхаад манай өвгөн рүү дайраад байсан. Би гэрээс гаргахдаа зөөлөн түлхсэн боловч манай гэрийн шат эвгүй учраас унасан байх. Би хохирогчийг хаалганы цаана гаргасан. Би унатал нь түлхээгүй. Тэр хүн гарахдаа миний өөдөөс харсан байдалтай байсан. Д.Н манайд ирэхдээ халамцуу ирсэн ба манайд нэг шил архи уусан. Би Д.Нтэй уулзсан нэг удаа уулзсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч намайг 1.500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би надад тийм мөнгө байхгүй, шүүхээрээ яв гэж хэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 21-р тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 15-18-р тал/
- Хохирогч Д.Нгийн “...тэр үедээ мөнгөний талаар ярьж байгаад сүүлдээ маргалдаж байхад Э нь "Чамд ямар хамаатай юм, ямар чамаас авсан юмуу" гэж хэлэхээр нь би уурлаад түүний балай авгай минь гэх мэтээр хэлээд маргалдаж байгаад Э нь босож ирээд намайг барьж аваад зууралдаж байхад намайг гэрээсээ хөөж гаргаад зайл гэж хэлээд хаалгаараа түлхэж гаргасан, тэдний гэрийнх нь хаалга нь шаттайгаа ойрхон, зэрэгцээ эвгүй байрлалтай бөгөөд тэр хаалгаар түлхэгдэж гарахдаа орцонд нь гарч ирээд согтуу байсан учраас тэнцвэр алдаад хөлөөрөө эвгүй хий гишгээд, мөн түлхүүлсэн эрчээрээ шатны уруу харуулдаж унасан. Тэр үед намайг унахыг Э харчхаад хаалгаа хаасан. Тус өдрөөс хойш эмнэлэгт үзүүлээгүй огт гишгэж чадахгүй, гэрээсээ гарч чадаагүй өнөөдөр арай гайгүй болохоор нь гарч ирээд цагдаагийн байгууллагад хандаж байна.... Тухайн гэмтлийг надад Э нь гэрийнхээ гадна хаалгаар түлхэж гаргахад нь би унаж улмаар дээрх бэртлийг авсан. ... Би өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Т-ийн "... Би эхлээд уулзахад бол Н нь хэвийн байсан ба Эы гэрээс гарч ирэхэд 40 дүгээр байрны орцны гадаа сууж байсан ба сууж байхыг харахад духан дээрээ шалбарсан байдалтай, шалбархайнаас нь бага зэрэг цус гарчихсан, гартаа цэвэр ус барьчихсан уугаад сууж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р тал/
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6299 дугаартай эмч "...Д.Нгийн биед дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /ХХ-н 37-38-р тал/,
- Шинжээч эмч Д.Дунгаамаагийн "... Дээрх гэмтэл нь унаж, оочих үед үүсэх боломжтой нидрэгдэж үүссэн гэмтэл байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р тал/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, /хх-ийн 45-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны орцонд хохирогч Д.Нг тухайн үед үүссэн маргааны улмаас түүнийг гаргах явцдаа шат руу түлхэж биед нь дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон тул Ө.Эаас гаргуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Би сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхгүй. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Би шагайгаа мулталж, хөлний яс цууралтай хагалгаанд орсон байж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байранд байх гэрээсээ хохирогч Д.Нг тухайн үед үүссэн маргааны улмаас түүнийг хаалгаар гаргах гэж түлхэж хохирогч тэнцвэр алдан арагш шатруу унаж биед нь дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...тэр үедээ мөнгөний талаар ярьж байгаад сүүлдээ маргалдаж байхад Э нь "Чамд ямар хамаатай юм, ямар чамаас авсан юмуу" гэж хэлэхээр нь би уурлаад түүний балай авгай минь гэх мэтээр хэлээд маргалдаж байгаад Э нь босож ирээд намайг барьж аваад зууралдаж байхад намайг гэрээсээ хөөж гаргаад зайл гэж хэлээд хаалгаараа түлхэж гаргасан, тэдний гэрийнх нь хаалга нь шаттайгаа ойрхон, зэрэгцээ эвгүй байрлалтай бөгөөд тэр хаалгаар түлхэгдэж гарахдаа орцонд нь гарч ирээд согтуу байсан учраас тэнцвэр алдаад хөлөөрөө эвгүй хий гишгээд, мөн түлхүүлсэн ирчээрээ шатны уруу харуулдаж унасан. Тэр үед намайг унахыг Э харчхаад хаалгаа хаасан. Тус өдрөөс хойш эмнэлэгт үзүүлээгүй огт гишгэж чадахгүй, гэрээсээ гарч чадаагүй өнөөдөр арай гайгүй болохоор нь гарч ирээд цагдаагийн байгууллагад хандаж байна.... Тухайн гэмтлийг надад Э нь гэрийнхээ гадна хаалгаар түлхэж гаргахад нь би унаж улмаар дээрх бэртлийг авсан. ... Би өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг, гэрч Б.Т-ийн "... Би эхлээд уулзахад бол Н нь хэвийн байсан ба Эы гэрээс гарч ирэхэд 40 дүгээр байрны орцны гадаа сууж байсан ба сууж байхыг харахад духан дээрээ шалбарсан байдалтай, шалбархайнаас нь бага зэрэг цус гарчихсан, гартаа цэвэр ус барьчихсан уугаад сууж байсан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6299 дугаартай эмч "...Д.Нгийн биед дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /ХХ-н 37-38-р тал/, Шинжээч эмч Д.Дунгаамаагийн "... Дээрх гэмтэл нь унаж, оочих үед үүсэх боломжтой нидрэгдэж үүссэн гэмтэл байна..." гэх мэдүүлэг, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, зэрэг баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ө.Эы үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Ө.Э эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ө.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Ө.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн согтуугаар гэрт нь орж маргаан үүсгэж шүүгдэгчийг доромжилсон зэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэрээсээ гаргахын тулд түлхсэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг гарсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ө.Э нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.Н нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд хор уршиг учирсан нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт байхгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ө.Э нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ