Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/453

 

 

 

 

     2021           5           13                                           2021/ДШМ/453

 

            Д.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Ням-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Баярхүү,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Т.Сайнбаяр, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Т.Сайнбаяр, Ц.Дэлгэрням, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Нд холбогдох 1906012682151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Икс Апартмент” хотхоны Б блок 3 давхрын 10 тоот дөрвөн өрөө 82,5 мкв талбайтай орон сууцыг 148.500.000 төгрөгөөр худалдан авахаар Б.Болд-Эрдэнэтэй тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098190 дугаартай гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан шилжүүлж авсны дараа 37.800.000 төгрөгийг өгчихөөд, Г.Сад 82.500.000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийн мөнгийг авсан боловч, Б.Болд-Эрдэнэд 110.700.000 төгрөгийг өгөлгүй хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хондого овогт Дарамзагдын Д.Нг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Нг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нгээс 114.639.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болд-Эрдэнэд олгож, Г.Сын нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Икс Апартмент” хотхоны Б блок 4 дүгээр байрны 10 тоот үл хөдлөх хөрөнгөд авсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Нн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2205072581 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөө гудамж 85а-85 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000738 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум 4 дүгээр баг 10 дугаар байрны 2 тоот орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөд тус тус авсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлж, хохирол төлбөр гаргуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн 1906012682151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй дараах гомдлыг гаргаж байна.

1. Маргаан бүхий орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрхэн, яаж гарсан талаар:

Д.Н миний бие хохирогч Б.Б-ийг миний охины ангийн хүүхэд гэхээс цаашгүй харилцаа холбоо байгаагүй. 2006 онд айлд 2 удаа таарч байсан. Тэр цагаас хойш тааралдаагүй, холбоо харилцаа байгаагүй.

2018 оны 10 сард Б.Бминий утасны дугаарыг охин Анхцэцэгээс авч тантай холбогдож байна гэж холбогдсон. Б.Бярихдаа “...эгчээ та 5 000 000 төгрөг зээлээч Налайхад цэцэрлэгийн барилгын ажил авсан юм, жаахан юм хийчихвэл 12 сард 450 000 000 төгрөгийн санхүүжилт авах юм” гэж анх холбогдсон. Би түүнд “...одоогоор 5 000 000 төгрөг байхгүй” гэж хэлээд хэд хонож байтал, Б.Бдахин над руу залгаж “...1 000 000, 2 000 000 төгрөг байсан ч яахав эгчээ” гэж гуйсан тул 1 000 000 төгрөг зээлсэн. Надад “...бартерийн байр та авах уу, ажил дээр хүрээд ирээч” гэсэн тул Б.Болд-Эрдэнийн ажил дээр очиж уулзсан. Тэгээд “эгч нь орон сууц авбал бэлэн мөнгө төгрөгийг өгч чадахгүй, орон сууцны зээл хөөцөлдөөд, 20-30 нь цувуулж өгье, 12 сард чиний санхүүжилт гарах биз” гэж яриад орон сууц авахаар болсон.

Маргааш нь Б.Бнад руу залгаж “...Офицерт Икс апартментэд байр үзэх үү эгчээ түлхүүр нь надад байна” гэж ярьсан. Байрыг үзэхэд доороо 1 өрөөтэй, дээрээ 2 өрөөтэй байсан би “...дээд талын 2 өрөө нь нарийхан, нэг тал нь ханагүй онгорхой хүүхэд унаад үхчихмээр юм” гэхэд Б.Бманайхан засаж янзалж өгч болно гэсэн. Ингээд Б.Болд-Эрдэнэтэй ярилцаж м.кв-ыг 1 800 000 төгрөгт бодож орон сууцыг авахаар болсон.

Б.Бмаргааш нь над руу залгаж “эгчээ та цахим үнэмлэхээ миний фэйсбүүк рүү явуулаач” гэсэн тул түүний фэйсбүүк хаягийг олж цахим үнэмлэхээ явуулсан. 10 гаруй хоног болсны дараа Б.Бнад руу залгаж “Та Баянзүрх дүүргийн нэг цэгийн үйлчилгээний газарт очоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваадах уу, манай хүмүүст өгөхгүй байх шиг байна” гэсэн тул би Баянзүрх дүүргийн нэг цэгийн үйлчилгээний газар очиход Б.Болд-Эрдэнийн менежер Мөнхдөл гэх залуу байсан. Мөнхдөл “...бүх юмыг өгөөд зохицуулсан та үл хөдлөхийн гэрчилгээгээ авчих” гэж хэлээд зогсож байсан. Дээрх үйл баримтаар энэ маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 11 сарын 26-ны өдөр хүлээн авсан. Уг орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээ ямар бичиг баримтыг үндэслэн, ямар замаар гарсныг би мэдээгүй.

Хохирогч Б.Болд-Эрдэнэ, Д.Н миний бие оролцоогүй, харж үзээгүй м.кв-ыг 2 000 000 төгрөг нийт  165 000 000 төгрөгийн үнэтэй 2015 оны 11 сарын 13-ны өдөр УБ пропертиз компани Д.Нтэй байгуулсан гэрээ гаргаж ирж маргаан үүссэн.

Миний бие 2015 оны 11 сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хийгээгүй, миний гарын үсэг биш байсан тул энэ гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж, Иргэний хэргийн шүүхэд хандаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2015 оны 11 сарын 13-ны өдрийн энэ гэрээг үндэслэн гарсан тул гэрээг хүчин төгөлдөр бус болно. Ийм учир уг байраа буцааж ав гэсэн яриатай. Гэрээтэй холбоотой УБ пропертиз компани Б.Болд-Эрдэнэ, Г.С, Б, Х нарыг хариуцагчаар татан иргэний хэрэг үүссэн байсан.

2. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй шийтгэх тогтоолын 3-р хуудаст “...хохирогч Б.БУлаанбаатар пропертиз ХХК руу манай менежер залуутай Д.Н хамт яваад гэрээнд гарын үсэг зурсан, Д.Н нь машинаас буугаагүй. Тухайн хүн өөрөө байж гарын үсэг зурснаар Улсын бүртгэлийн гэрчилгээ нэр дээр нь гардаг гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Бмөрдөн шалгах үед хэлсэн мэдүүлэгтээ Д.Н ирж гэрээ хийгээгүй бол би гэрээ бэлдчихсэн байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Буг байрыг манай Тесо констракшн ХХК-аас авсан гэх мэдүүлэг нь”

Шийтгэх тогтоолын 11-р хуудас: Улаанбаатар пропертиз ХХК-ийг төлөөлөгч Т.Цийн мэдүүлэг Манай компани нь 2015 оны 11 сарын 13-ны өдөр Д.Нтэй Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

Т.Цийн мэдүүлэг: Манай компанийн талаас гэрээний мэргэжилтэн Батсайханы Оюунжаргал нөгөө талаас Дарамзагдын Д.Н ар байлцан гэрээг хийсэн, энэ талаар Б.Оюунжаргал мэдэж байгаа, гэрээг компаний захирал И.Бямбасүрэн гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа гэх мэдүүлэг.

Т.Цийн мэдүүлэг: Манай компани нь барилга барих үйл ажиллагаа явуулдаггүй 2018 оны 5 сарын 31-ний Х-2018/00009 тоот гэрээгээр Хүннү конкрет ХХК-тай орон сууц захиалах худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хүннү конкрет бетон зуурмаг нийлүүлж төлбөр нь Икс апартментыг авахаар болсон. Уг орон сууцыг манай ХХК Хүннү конкретод худалдан борлуулах эрхийг өгсөн. Хүннү конкрет 2018 оны 11 сарын 06-ны 2/121 хүсэлтэд дээрх орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан ба уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Дарамзагд овогтой Д.Нд гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Тэгээд дээрх гэрээг үндэслэн 2015 оны 11 сарын 13-ны өдрөөр орон сууц захиалан бариулах гэрээг Д.Нтэй байгуулсан. Манай компани талаас гэрээний мэргэжилтэн Д.Оюунжаргал, нөгөө талаас Д.Н нар байлцан гэрээг хийсэн.

Манай байгууллагаас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн материалуудыг хүргэж өгдөггүй. Харин Д.Н өөрийн биеэр ирж материалыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргэж өгснөөр гэрчилгээ гардаг гэсэн мэдүүлэг.

Эдгээр мэдүүлэг нь маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг ямар замаар гаргасан нь эргэлзээтэй. Яллах дүгнэлтэд: Д.Н нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг залилан мэхэлж авсан гэж эрүүгийн хэргийн зүйл заалтаар ялласан ямар бичиг баримт үндэслэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан гэдгийг шалгаагүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь Д.Н миний биеийг өөрийн биеэр ирж орон сууц захиалгын гэрээг хийсэн гэсэн нь худал зөрүүтэй, байгааг шалгаагүй, гэмт хэргийг хөдөлшгүй баримтаар нотолж тогтоогоогүй.

3. Шинжээчийн дүгнэлтийн талаар:

Маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2015 оны 11 сарын 13-ны өдөр Улаанбаатар пропертиз ХХК Д.Нтэй хийсэн орон сууц захиалгын гэрээг үндэслэн гарсан. Энэ гэрээ нь миний гарын үсэг биш байна гэж шинжээч томилж орон сууц захиалгын гэрээний Д.Н гэсэн гарын үсгийг, Баянзүрх дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт “үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө үү иргэн Д.Н” гэсэн гарын үсгийг Д.Н миний гарын үсэг мөн бишийг шинжлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан.

Прокурор шинжээч томилж 3 асуулт явуулсан. Нэгд, 2015 оны 11 сарын 13-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагч Д.Н гэсэн гарын үсэг, хоёрт 2018 оны 11 сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний Д.Н гэсэн гарын үсэг, гуравт Баянзүрх дүүргийн Үл хөдлөх бүртгэлийн газарт “Үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө үү иргэн Д.Н” гэсэн гарын үсгийг Д.Нн гарын үсэг мөн бишийг шинжлэн тогтоох асуултыг Шүүх шинжилгээний байгууллага руу явуулсан. Гэтэл шинжээч нар “орон сууц захиалгын гэрээний Д.Н” гэсэн гарын үсгийг шинжлээгүй, “үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтэд Д.Нн гарын үсэг байхгүй байна гэсэн дүгнэлт, миний маргаагүй худалдах-худалдан авах гэрээний Д.Н гэсэн гарын үсгийг шинжилсэн байна.

Эхний шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул өмгөөлөгч болон миний бие 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг үндэслэн уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хийсэн гэрээний Д.Н гэсэн гарын үсэг нь Д.Нн гарын үсэг мөн эсэх шинжлэх хүсэлт дахин гаргаж, шинжилгээнд дахин асуулт явуулахдаа прокурор өөр обьект шинжилсэн дүгнэлтийг баталгаажуулж ганцхан асуулт явуулж хууль бус шинжээчийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримт болгосон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ямар бичиг баримт үндэслэж гарсан гэдгийг шалгаагүй байгаа. Гэтэл Д.Н үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг залилан мэхэлж авсан гэж ялласан, ямар гэрээгээр буруутгагдсан нь тодорхойгүй, иргэний хариуцагч болон гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй худал байгаа.

Шийтгэх тогтоолын 13 дугаар хуудаст: Иргэний хариуцагч Б “байрыг худалдаж өгөөд Д.Нгээс хүүгүй мөнгө зээлэхээр ярьж тохирсон байсан. Буцаагаад боломжтой үедээ өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудас: Иргэний хариуцагч Б “Д.Нд мөнгө зээлдэг байсан” гэж худал хэлж гүтгэсэн.

Б, Г.С нар нь Герман улсад хамт сурч байсан найзууд гэж байсан. Гэтэл шүүх хурал дээр нэгнийгээ таньдаггүй хүмүүс болсон.

Иргэний хариуцагч Б, Г.С, Х нарын авсан мөнгө, төлбөр төлөх асуудлыг шийдвэрлээгүй.

Хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар: Миний бие маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлөх явцад гэрээний маргаан гарсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг орон сууцыг буцааж өгөх зорилготой иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагч Улаанбаатар пропертиз, Болд-Эрдэнэ, Б, Г.С, Х нарыг хариуцагчаар татсан иргэний хэрэг үүссэн байсан. Уг орон сууцны үнэ, төлбөр гурван өөр үнэтэй байгаа. Маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын хуурамч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж Болд-Эрдэнэд орон сууцыг өгч, Г.Сад өгөх төлбөр мөнгийг би төлж барагдуулах тал дээр маргахгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, иргэний хариуцагч нар зөрүүтэй мэдүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэрээний мэргэжилтэн Батсайханы Оюунжаргал, гэрээг баталгаажуулсан захирал И.Бямбасүрэн нарыг гэрчээр асууж үнэн зөвийг олох, уг гэрээн дэх Д.Н гэсэн гарын үсгийн мөн, бишийг шинжлэн тогтоох шинжилгээг хийлгэх ажиллагааг хийлгэж хэргийг шийдвэрлэх мөрдөн байцаалт, нотлох баримт зөрүүтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Үл хөдлөх орон сууцны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул орон сууцыг буцааж, Г.Сад учруулсан хохирлоо төлж барагдуулна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн 1906012682151 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Н нь хохирогч Б.Б-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс Апартмент хотхоны Б блок 3 давхар 10 тоот 4 өрөө 82,5 м2 талбайтай орон сууцыг 148.500.000 төгрөгөөр худалдан авах, байрны үл хөдлөхийн гэрчилгээ гарсны дараа 100.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2201098190 улсын дугаартай гэрчилгээг гаргуулж авсаны дараа 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Сад 82.500.000 төгрөгөөр худалдаж хохирогчид төлбөрийн мөнгийг бүрэн өгөлгүй 37.800.000 төгрөгийг шилжүүлж 114.393.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хохирогч Б.Бнь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс Апартмент хотхоны Б блок 3 давхар 10 тоот 4 өрөө 82,5 м.кв талбайтай орон сууцыг барилга угсралтын ажлын төлбөрт авахаас өмнө Тэсо констракшн ХХК-ний охин компани болох Хүннү конкрет ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эко констракшн ХХК-д Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний төлбөрт тухайн байр /Икс апартмент хотхон/-ыг 167.000.000 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан байдаг.

Мөн өдөр Хүннү контрет ХХК нь Улаанбаатар пропертиз ХХК-аас мөн дээрх орон сууцыг 165.000.000 төгрөгөөр орон сууцны барилга захиалан худалдан авах гэрээ байгуулж авсан ба 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тухайн орон сууцыг өөрийн толгой компани Тэсо контракшн ХХК-ний Сонгинохайрхан дүүрэгт барьж байгаа Содон хорооллыг барих ажилд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа Долт интернэшнл ХХК-ний захирал Б.Болд-Эрдэнэд 82,5 м.кв орон сууцыг 1 м.кв-ийг 1.950.000 төгрөгөөр, нийт 160.875.000 төгрөгт тооцож шилжүүлэхээр гэрээ байгуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь Б.Болд-Эрдэнэд бага хүүхдэдээ байр худалдаж авах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд тэрээр Тэсо контракшн ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс Апартмент хотхоны Б блок 3 давхар 10 тоот 4 өрөө 82,5 м2 талбайтай орон сууцыг үзүүлсэн ба Долт интернэшнл ХХК-ний ажилтан Л.Батжаргал, Н.Мөнхдөл нар Улсын бүртгэлийн байгууллагад орон сууцыг бүртгүүлж Д.Нгийн нэр дээр шилжүүлэх ажлыг хариуцаж хийсэн байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1- д “газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн бүртгэлд бүртгэхэд тухайн эд хөрөнгийн захиалгын гэрээнд заасан үнэ, захиалгын гэрээнд заасан үнэ байхгүй бол батлагдсан төсөвт өртгөөр тодорхойлогдсон үнээр бүртгэнэ” гэж заасан байна.

Хохирогч Б.Болд-Эрдэнээс шүүгдэгч Д.Нд орон сууцыг худалдаж, улсын бүртгэлд бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад захиалгын гэрээ шаардлагатай болсон тул Улаанбаатар пропертиз ХХК-ний захирал И.Бямбасүрэн, гэрээний мэргэжилтэн Б.Оюунжаргал, Д.Н нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой Орон сууц захиалгын гэрээг хуурамчаар үйлдэж, шаардлагатай бусад материалуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Мөн Улаанбаатар пропертиз ХХК-ний захирал И.Бямбасүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Д.Н нь орон сууцны үнэ 165.000.000 төгрөгийг захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсний дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.

Орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, гэрээгээ хийхээр бэлдэж гарын үсэг зурахад бэлэн болсон байсан, ямар шалтгаанаар гэрээ байгуулаагүй талаар мэдэхгүй байгаа гэж хохирогч Б.Болд-Эрдэнэ, Долт интернэшнл ХХК-ний ажилтан Л.Батжаргал, Н.Мөнхдөл нар мэдүүлэг өгсөн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ямар шалтгааны улмаас орон сууц захиалгын гэрээг хуурамчаар үйлдсэн асуудлыг шалгуулах, яагаад орон сууцны төлбөр төлөгдөөгүй байхад бүрэн төлөгдсөн гэж хуурамч албан бичиг өгсөн асуудлын талаар Улаанбаатар пропертиз ХХК-ний захирал И.Бямбасүрэн, гэрээний мэргэжилтэн Б.Оюунжаргал нараас гэрчийн мэдүүлэг авах талаар хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолтой энэ асуудлыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөрдөн байцаалтын явцад орон сууц захиалгын гэрээнд Д.Н гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор 2 удаа шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахад шинжээч орон сууц захиалгын гэрээний эх хувийг ирүүлээгүй, гэрээн дээр  Д.Нгийн гарын үсэг байхгүй тул гарын үсгийн адилтгалын шинжилгээ хийх боломжгүй талаар дүгнэлт гарсан байдаг.

Мөн шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 152.139.500 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөгчөөс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс Апартмент хотхоны Б блок 3 давхар 10 тоот 4 өрөө 82,5 м2 талбайтай орон сууцны үнэлгээг тогтоох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд Тэсо контсракшн ХХК, Долт интернэшнл ХХК-ний хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан 160.875.000 төгрөгөөр хохирогчийн үнэлгээг тооцсон.

Шинжээч дүгнэлт гаргахдаа 2016 онд тухайн орон сууцанд 1 кв.м-ийн үнийг хэдэн төгрөгөөр тооцож захиалга авч байсан тухайн компаний талаарх мэдээлэлтэй харьцуулалгүйгээр зөвхөн хохирогчийн гаргасан үнэлгээнээс хугацааны болон ашиглалтын элэгдлийг хасч үнэлгээг тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх хуралдаанд Г.С “Тухайн үед байрны үнэ гайгүй байсан. Би өмнө 2 газар ярьсан байсан. 1.000.000-1.100.000 төгрөгөөр 2-3 байр гарч ирдэг байсан” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт болон Г.С нарын мэдүүлгийг харьцуулахад тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ эрс зөрүүтэй, Г.С нь тухайн байрыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосноос 69.639.500 төгрөгийн бага үнээр худалдаж авсан байдаг.

Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитоор тогтоогоогүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19 өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэсэн хэсэгт: “...Тухайн орон сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж үзнэ.”, “...Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжсэн үү, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж шилжүүлж авсан уу гэдгээс хамаарч тухайн үл хөдлөх хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.С нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ хэлцлийг хийсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдэх боломжгүй байсан байх тул уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэрээг хүчингүй тооцож, уг хөрөнгийг хураан авч хохирлыг нөхөн төлүүлэх буюу шилжүүлэх боломжгүй байна.” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Бын дагуулж ирсэн худалдан авагч Г.С зах зээлийн үнээс 2 дахин хямд орон сууц худалдан авч байгаагаа мэдээгүй гэдэг. Гэвч Г.С, Б.Б нар ямар холбоотойг бид мэдэх боломжгүй. Б.Б тухайн худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Д.Н төлөөгүй гэдгийг мэдэж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Д.Н, Б.Б нар хоорондоо ярилцаж байгаад 1 метр квадратыг нь 1 сая төгрөгөөр тогтоож бусдад худалдсан нь тогтоогддог.

Г.Сын бүрдүүлж өгсөн материал хуулийн шаардлага хангасан учраас Улсын бүртгэл бүртгэж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хууль ёсны баримт бичиг бүрдүүлж өгөхийг л шаарддаг. Энэ талаар талууд маргадаггүй. Харин худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Г.С маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Д.Н төлсөн эсэхийг мэдээгүй байсан гэдэг нь эргэлзээтэй. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болбол ашиг олох хүн нь Г.С. Тийм ч учраас үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан мэтээр мэдүүлдэг.

Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг ямар ч мэдээллийн хэрэгслээс бүрэн олж авах боломжтой. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг үнэхээр мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаад Г.С худалдаж авсан уу, мэдэхийг хүсэхгүй худалдаж авсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг тул гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан Г.С, Д.Н нарын хооронд хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож уг эд хөрөнгийг хохирогч Б.Болд-Эрдэнэд олгохоор шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан.

2. Мөн тогтоолд: “...иргэний хариуцагч нарын хувьд хохирогч Б.Болд-Эрдэнэд шууд хохирол учруулсан гэж үзэх шалтгаант холбоо, харилцан хамаарал байхгүй байх тул иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.” гэсэн байна. Гэтэл иргэний хариуцагч нар гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Д.Н төлөөгүй гэдгийг бүгд мэдэж байсан. Тэр ч байтугай ямар үнээр зарвал хурдан борлогдох талаар зөвлөж, худалдан борлуулсан үнээс бүгд зохих хэмжээний мөнгийг авсан байдаг. Иргэний хариуцагч Б.Б учрах саадыг арилгаж, 15.000.000 төгрөгийг өөртөө авсан зэрэг нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээр харагддаг.

Иймд хохирлыг буруу тооцсон, иргэний хариуцагч нарыг буруу шийдвэрлэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Д.Н нь анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх удаа дараагийн идэвхитэй үйлдлүүдийг хийж байсан талаараа дурдаж байсан боловч шүүхээс Д.Нг хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй гэж үзэж, 3 жилийн хорих ял оногдуулсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргаангүй бөгөөд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Н нь 55 настай, ам 7, өрх толгойлсон эмэгтэй хүн бөгөөд урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах талаараа илэрхийлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд Д.Н, түүний гэр бүлийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг барагдуулах талаар хохирогчтой холбогдож, 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Б.Болд-Эрдэнийн Хаан банкны 5006397957 дугаартай дансанд 5.000.000 төгрөгийг, мөн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Б.Болд-Эрдэнэд 96-54 УБӨ улсын дугаартай Тоёота альфард маркын автомашиныг 10.000.000 төгрөгийн хохиролд тооцуулан шилжүүлэн өгсөн, нийт 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Түүний эрүүл мэндийн хувьд авч үзвэл 2019 оны 3 дугаар сарын14-ний өдөр цөсний хагалгаанд орсон, байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм барьдаг байсан боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас шалтгаалан дэглэм алдагдаж, эрүүл мэндийн байдал муудаж, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Д.Нгийн холбогдсон хэргийн хувьд авч үзвэл хохирогч Б.Болд-Эрдэнээс маргаан бүхий орон сууц болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Икс апартмент хотхоны Б блок 3 давхрын 4 өрөө орон сууцыг 148.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өмчлөх эрхийг шилжүүлэн аваад бусдад буюу Г.Сад 82.500.000 төгрөгөөр худалдсан, Г.Саас 67.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд тухайн маргаан бүхий орон сууцанд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох зорилгоор шинжээч томилоход тухайн орон сууц нь 152.139.500 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, Г.С, Д.Н нарын хооронд гэрээнд тусгагдсан 82.500.000 төгрөг гэх үнийн дүнгээс өөр тохиролцоо байсан эсэхийг тогтоолгүйгээр 152.139.500 төгрөгийн үнэ бүхий байрыг 82.500.000 төгрөгөөр худалдан авсан Г.С гэгчийг шударга өмчлөгч гэж үзэн, орон сууцны өмчлөх эрхийг түүнд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь тус хэргийн хохирлын дүн өндөр болох шалтгаан нөхцөл болоод байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хохирогч Б.Бнь Д.Нд анх тус байрыг худалдаалахдаа 148.500.000 төгрөгөөр тохиролцсон гэх талаараа шүүхэд мэдүүлж, холбогдох баримтуудыг гарган өгсөн байдаг ба яллах дүгнэлтэд нь мөн хохирогчийн хохирсон гэх үнийн дүн болох 110.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичигдсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс хохирлын дүнг тооцохдоо хохирогч этгээдийн хохиролд нэхэмжилсэн дүнгээс давуулан тооцож, шинжээчийн дүгнэлтээр тусгасан орон сууцны үнэлгээг нийт хохирлын дүнд тооцсон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болоод байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол”-ыг бүрэн гүйцэт, үнэн зөвөөр тогтоосон эсэхэд эргэлзээтэй байна. Гэсэн хэдий ч миний үйлчлүүлэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.Болд-Эрдэнэд 15.000.000 төгрөгийн хохирлыг төлөөд байгаа гэдгийг дахин дурдах нь зүйтэй байна.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Нгийн анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн, хохирлын нөхөн төлж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ ... зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтын дагуу Д.Нг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.Үүнд:

              1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Н бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдыг залилсан гэм буруутайд тооцсон боловч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэрхэн залилсан талаар шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолын 35 дахь талд “халдлагын зүйл болох орон сууцыг хэрхэн яаж залилан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар бүрэн гүйцэд шалгагдаж нотлогдон тогтоогдсон” гэсэн боловч ямар нотлох баримтаар гэдэгт дүгнэлт хийгээгүй, эд хөрөнгийн эрхийн талаар хууль зүйн ямар ч дүгнэлт өгөөгүй нь шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, бодитой болгож чадаагүй гэж үзэж байна.

                    2. Өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан гэх асуудлын хувьд хохирогч Л.Болд - Эрдэнэ мэдүүлэгтээ “...Д.Н гарын үсэг зурсан гэх боловч орон сууц захиалгын гэрээ эсвэл орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой бус/. ... шилжүүлэхийн хувьд манай байгууллагын менежер Мөнхдөл үл хөдлөхөөр оруулж Д.Нн нэр дээр шилжүүлсэн. менежер залуу гэрээг нь гаргаж ирээд гарын үсэг зуруулаад буцааж оруулсан /ямар гэрээний тухай ярьсан нь тодорхойгүй/, гэрч Т.Ц “... орон сууц захиалгын гэрээг Оюунжаргалтай хийсэн, ...Д.Н өөрийн биеэр байсан эсэхийг сайн мэдэхгүй байна”... үл хөдлөх эд хөрөнгийн материалыг Д.Н өөрийн биеэр хүргэж өгсөн” гэх зэргээр эргэлзээтэй мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаалтын шатанд Оюунжаргалыг гэрчээр оролцуулах хүсэлт өгөөд прокурор хүсэлтийг хангасан боловч гэрчээр оролцуулаагүй, орон сууц захиалгын гэрээнд зурагдсан гэх Д.Нгийн гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт өгөөд  хангасан боловч орон сууц худалдах, худалдан авах гэрээний гарын үсэг шинжилсэн байдаг. Дээрхээс дүгнэхэд гэрчилгээг шилжүүлэн авсан асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

                    3. Шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Д.Н бусдын эд хөрөнгийг залилсан гэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шилжүүлсэн боловч шүүх хэргийг хянан шийдвэрлээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилсангэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл үгүй.

                    4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Нгийн бусдад учруулсан хохирлыг тодорхой заагаагүй, хохирол, хор уршгийг ялгаж тодорхойлоогүй, хохирол болох 114,639,500 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу Д.Нгээс гаргуулахаар заасан нь хууль зүйн үндэслэл үгүй.

                    Дээрхи нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Нд холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

                    Иргэний нэхэмжлэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би зарын дагуу холбогдож байрыг худалдаж авсан. Тухайн үед 3-4 хүн хамт очсон байсан бөгөөд би “байрыг авъя” гэсэн санал тавьж худалдаж авсан. Байрыг худалдаж авахад бүх бичиг баримт нь бүрэн байсан. Би энэ талаар хүмүүсээс лавлаж асуусан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг үзэхэд тухайн байрны өмчлөгч Д.Н байсан. Ямар ч асуудал байгаагүй, төрийн цахим санд баталгаажсан байсан учраас би мөнгийг төлж, худалдаж авсан. Борлуулагчийн санал болгосноор мөнгийг хоёр хувааж, дансанд нь шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлэх үед Д.Н надтай явж байсан бөгөөд “энэ данс руу шилжүүлэх нь зөв үү” гэж асуухад “зөв” гээд данс руу шилжүүлсэн. Харин би Б.Б гэх хүнийг танихгүй бөгөөд энэ хэрэгт оролцсон ямар ч хүнийг би танихгүй. Зарын дагуу худалдах гэж байгаа хүмүүстэй очиж уулзаад хэлцэл хийж, орон сууцыг худалдаж авсан. ...” гэв.

                    Иргэний нэхэмжлэгч Г.Сын өмгөөлөгч Н.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн тогтоосон. Өмгөөлөгч Т.Эрдэнэбат хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Г.С нарын мэдүүлгээр үнийн дүн эрс зөрүүтэй тул Г.С үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ярьж байна. Гэвч тухайн хүн эд хөрөнгөө хэрхэн үнэлж борлуулах нь Иргэний хуулиар зохицуулагддаг харилцаа бөгөөд худалдах, худалдан авах саналыг үндэслэж, хууль ёсоор байгуулсан гэрээ юм. Өмгөөлөгч Т.Сайнбаяр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж орон сууцыг худалдаж авсан гэж байгаа боловч шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үү, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж шилжүүлж авсан уу гэдгээс хамаарч уг асуудал яригдана. Тэгэхээр тухайн үед авагдсан нотлох баримтууд болох үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, бусад баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн эрх давхацсан асуудал байгаагүй, битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн зүйл байгаагүй учраас үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон, эсүл ямар нэг зөрчилтэй байсан гэдгийг мэдэх боломж байгаагүй. Шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Дэлгэрням Д.Нг 67.000.000 төгрөгийг авч, үлдсэнийг нь аваагүй гэж байна. Хэрэв үнэхээр өмгөөлөгчийн ярьж байгаа шиг зүйл болсон бол уг асуудлыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ярих асуудал биш. Миний үйлчлүүлэгч Г.С мэдүүлэхдээ “67.000.000 төгрөгийг Д.Нгийн данс руу, мөн өөрийнх нь хүсэлтээр үлдсэн төгрөгийг Б.Бын данс руу шилжүүлсэн” гэдэг. Хэрэв 82.500.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж үзэж байгаа бол энэ нь үүргийн гүйцэтгэлийг шаардсан иргэний хэрэг болох байсан. Тийм учраас Г.Сад холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. ...” гэв.

                    Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Икс Апартмент” хотхоны Б блок 3 давхрын 10 тоот дөрвөн өрөө 82,5 мкв талбайтай орон сууцыг 148.500.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаанд нь 110.700.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарахаар өгөхөөр болж Б.Болд-Эрдэнэтэй тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан шилжүүлж авсан. Үүний дараа 37.800.000 төгрөгийг өгчихөөд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Сад 82.500.000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийн мөнгийг авсан боловч, Б.Болд-Эрдэнэд дээрх мөнгийг өгөлгүйгээр бусдад 114.393.500 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдолд хохирол бүрэн тогтоогдоогүй гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирлыг тогтоосон. Учир нь, шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн орон сууцны зах зээлийн ханшаар орон сууцны үнэлгээг тогтоосон. Энэ талаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэдэг асуудлын хувьд гэрчилгээ гаргахад Д.Н байлцаж, гарын үсэг зурсан гэдэг. Энэ талаар Б.Бын мэдүүлэгт “гэрээнд гарын үсэг зуруулахаар хамт явахад Мөнхдөл гэх хүнтэй хамт явсан. Гадаа нь Д.Н байхад менежер залуу гарч ирж, гарын үсэг зуруулсан” гэдэг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байдаг бөгөөд тухайн гарын үсэг Д.Нгийнх болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмгөөлөгч Т.Сайнбаярын давж заалдах гомдлын тухайд орон сууцны үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тогтоосон. Халдлагын зүйл болох орон сууцыг залилсан үйлдэл нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсныхаа дараа бусдад худалдсан үйл баримт хэрэгт авагдсан. Г.Сад м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр тооцож худалдан борлуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдсан. Өмгөөлөгч Т.Эрдэнэбат тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж байгаа ч хэрэгт авагдсан баримтуудаар хохирол бүрэн тогтоогдсон. Б.Б“Улаанбаатар пропертиз” ХХК-тай 2.000.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан ч Д.Нд 1.800.000 төгрөгөөр бодож орон сууцаа худалдахаар болсон гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн агуулгаар, эсхүл бусад өмгөөлөгч нараа дэмжиж байгаа мэт тодорхойгүй байр суурь илэрхийлж оролцож байгааг ойлгохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, завсарлага авч эрүүгийн хариуцлагын хуралдаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Икс Апартмент” хотхоны Б блок 3 давхрын 10 тоот дөрвөн өрөө 82,5 мкв талбайтай орон сууцыг 148.500.000 төгрөгөөр худалдан авахаар Б.Болд-Эрдэнэтэй тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098190 дугаартай гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан шилжүүлж авсны дараа 37.800.000 төгрөгийг өгчихөөд, Г.Сад 82.500.000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийн мөнгийг авсан боловч, Б.Болд-Эрдэнэд 110.700.000 төгрөгийг өгөлгүй хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Саас Д.Н, Б.Х нарт мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх 110/, Б.Хгийн дансны хуулга /1хх 142/, “Улаанбаатар пропертиз”, Д.Н нарын орон сууц захиалгаар барих тухай гэрээ /2хх 12/,  Д.Нгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 17/, Д.Н, Г.С нарын орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2хх 22/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /2хх 47-48/, Г.Сын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 54/,

“...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Икс Апартмент” хотхоны Б блокийн 3 дугаар давхрын 10 тоот 82,5 кв.м талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэлгээг 2018 оны 8 дугаар сарын байдлаар 152.139.500 төгрөгөөр тогтоов. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 20/ЦХ-99 дугаартай /2хх 240-242/,

“...Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Ү-2204098190 дугаартай хувийн хэргийн 19 дүгээр хуудсанд байх 2018.11.20 гэсэн огноотой Г.С, Д.Н нарын хооронд хийсэн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний худалдагч гэсэн хэсэгт Д.Н гэсний ард хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Нгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай болон бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2568 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 183-198/,

“...Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Ү-2204098190 дугаартай хувийн хэргийн 19 дүгээр хуудсанд байх 2018.11.20 гэсэн огноотой Г.С, Д.Н нарын хооронд хийсэн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний худалдагч гэсэн хэсэгт Д.Н гэсний ард хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Нгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай болон бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3249 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /1хх 202-215/ болон,

хохирогч Б.Болд-Эрдэнийн “...Б блокын 3 дугаар давхар, 10 тоот, 82.5 мкв, 4 өрөө байрыг 1мкв-г 1.800.000 төгрөгөөр тооцож авахаар болж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохиролцож урьдчилгаа 100.000.000 төгрөг авахаар болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэрээ 2018 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Тэгээд хэсэг алга болохоор нь “та яасан бэ” гээд залгасан чинь “7 хоногийн дараа 30.000.000 төгрөг шилжүүлээд, үлдэгдэл 70.000.000 төгрөгөө ирэх 7 хоногийн дараа шилжүүлнэ” гэж хэлээд бас алга болсон. 2018 оны 12 дугаар сард увуулж, цувуулж байгаад 6.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Анхцэцэгтэй утсаар яриад хэлсэн чинь 1.800.000 төгрөг шилжүүлсэн. ...Анх нийт 148.500.000 төгрөгөөр тохирсон, тэрнээс 37.800.000 төгрөг авсан байгаа. Одоо үлдэгдэл 110.700.000 төгрөг авах байгаа. ...” /1хх 45-49, 50-52, 86/,

гэрч, иргэний хариуцагч Б.Бын “...Болд-Эрдэнийн данс гэж 5006397957 гэсэн данс руу эхлээд 500.000 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлээд, дараахан нь 500.000 төгрөг дахиад шилжүүлсэн буюу нийт 1.000.000 төгрөг Болд-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 6-нд 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-нд 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-нд 1.000.000 төгрөгийг Болд-Эрдэнийн данс руу Д.Нгээс гэж нийт 5.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 97-99, 100-102/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Сын “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Икс Апартментын 10 тоот, 4 өрөө, 82.5 мкв талбайтай орон сууцыг худалдана гэсэн байсан. Тэгээд би утсаар холбогдоод шууд очиж байрыг үзсэн. Тэгээд шууд худалдан авахаар тохирч маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө нотариат орж орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгээд байрыг Д.Нгийн нэр дээр байсныг би өөрийн нэр дээр болгосон. ...Зах зээлийн ханшнаас харьцангүй хямд байсан учир худалдан авсан юм. Төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Нгийн Хаан банкны 5029070457 гэсэн дансанд 67.000.000 төгрөгөөр нэг удаа, Батсуурийн Х гэх хүний Хаан банкны 5026842884 гэсэн дансанд 15.500.000 төгрөгөөр нэг удаа, нийт 2 удаагийн гүйлгээгээр 82.500.000 төгрөгийг төлсөн. ...” /1хх 108-109/,

гэрч Т.Цийн “...Би “Улаанбаатар пропертиз” ХХК-д 2017 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Манай компани нь  үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компани юм. ...“Хүннү конкрет” ХХК-иас манай компанид 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2/121 дугаартай хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлт дээр “танай орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан ба уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Дарамзад овогтой Д.Нд гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Тэгээд дээрх гэрээг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр он сарыг тавьж орон сууц захиалан бариулах гэрээг Д.Нтэй байгуулсан. Тэгээд холбогдох материалын хамтаар улсын бүртгэлд хүргүүлснээр улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Нгийн нэр дээр гарсан юм. ...” /1хх 117-118/,

гэрч Л.Батжаргалын “...Би “Долт Интэрнэшнл” ХХК-д ажиллаж байсан ба захирал гэх Б.Ббид хоёр Д.Н эгчид хоёр, гурван байр үзүүлээд Х-Апартмент хотхоны Б блокны 3 дугаар давхарын 10 тоотын 4 өрөө 82.5 мвк байрыг үзүүлсэн. ...Д.Н эгч Б.Болд-Эрдэнэтэй утсаар ярьсан юм уу, эсхүл уулзсан талаар мэдэхгүй байна, байрыг авахаар болсон гэж Б.Болд-Эрдэнээс сонссон. ...Тэгээд сүүлд нь Д.Н гэгчээс байрны урьдчилгаанд өгсөн 35.000.000 төгрөгний үлдэгдэл мөнгө болох 113.000.000 орчим төгрөгөө өгөхгүй утсаар худлаа яриад, сүүлдээ утсаа авахгүй байхаар нь иргэний үнэмлэхний хуулга нь байсан учраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийнх нь хаягаар мөнгөө хэзээ төлөх талаар тохиролцоо хийх гэж очсон. ...Д.Н эгч анхнаасаа мөнгийг нь өгөхгүй байх санаатай ингэж худал мэдүүлсэн байна гэж бодож байна. Хүч хэрэглэсэн зүйл бол байгаагүй. Охин болох Анхцэцэгт нь хүртэл “ээж чинь ингээд байна” гэж хэлж байсан. Тэгсэн ээж рүүгээ утасдаад “та ангийн хүүхдээс юу аваад, юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж хүртэл хэлж байсан. Тэгсэн бид нарт “манай охинд ахиж битгий хэлээрэй” гэж хэлж байсан. ...” /1хх 119-121, 122/,

гэрч Н.Мөнхдөлийн “...“Экс апартмент” хотхоны байрны захиалгын гэрээг Д.Нн нэр дээр шилжүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөхөд яаралтайгаар нэг өдрийн дотор үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан аваад тэр даруй байрны урьдчилгаа 100.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байсан. ...Б.Бнадад “Д.Нд дээрх хаяг бүхий орон сууцны нэрийг нь шилжүүлээд өг” гэж хэлсэн.  Тэгээд би хэрэгтэй бүх материалуудыг “Улаанбаатар пропертиз” ХХК, ТЭСО констракшн ХХК-иудаас бичиг баримтуудыг бүрдүүлж байгаад материалуудыг Д.Нн хамтаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт аваачиж өгсөн. Тэгээд өдөртөө гэрчилгээг нь аваад Д.Нд өгсөн. Ер нь материалуудаа би бүрдүүлж бүртгэлийн газарт Д.Н өгч гэрчилгээг Д.Н авсан. ...Тухайн орон сууцыг 160.000.000 орчим төгрөгийн бартерт аваад Д.Нд 148.500.000 төгрөгт тохирч худалдсан. Д.Н дээрх орон сууцыг өөртөө авна л гэж байсан ба авсан даруйдаа барьцаанд зээл гаргуулаад мөнгийг өгнө гэж байсан юм. ...” /1хх 123-125, 126/,

гэрч Б.Батсүхийн “...Д.Нтэй амаар ярьж тохирсон. “Байрыг худалдаж өгөөд хүүгүй мөнгө зээлэхээр ярьж тохирсон байсан, буцаагаад боломжтой үедээ өгье” гэж хэлсэн Д.Н зөвшөөрч байсан. 15.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын хөлс, 13.500.000 төгрөгийг надад зээлж байгаа гэдгээ мэдэж байсан, хамт орон сууцныхаа өмчлөгчийн нэрийг нь шилжүүлж өгсөн, хамт байж байгаад мөнгөө өгөлцөж, авалцсан. Дараа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр энэ байрны өмчлөгчийн талаар маргаан гарсан. Тэгээд Д.Н эгч надад “20.000.000 төгрөг зээлсэн” гэсэн бичиг биччихсэн ирээд би зөвшөөрч гарын үсэг зурж байсан. ...” /1хх 127-128/,

гэрч Б.Хгийн “...Д.Н байрныхаа гэрчилгээний нэрийг нь Г.Сын нэр дээр нь шилжүүлэн өгөөд Хаан банк орохоор болоод явцгаасан. Тэгээд Улаанбаатар зочид буудлын эсрэг талд Спортын төв ордны урд талд байдаг Хаан банкинд очоод миний дансанд 15.500.000 төгрөгийг, үлдсэнийг нь Д.Нгийн дансанд шилжүүлсэн. Тэгээд би 15.500.000 төгрөгөөс өөрийн жуучлалын хөлс 2.000.000 төгрөгийг аваад, үлдсэн 13.500.000 төгрөгийг Батукын 5041181356 дугаартай дансанд шилжүүлэн хийсэн. ...” /1хх 138-139/,

яллагдагч Д.Нгийн “...Б.Бнь төрсөн охин Анхцэцэгийн дунд сургуулийн нэг ангийн найз бөгөөд 1-10 дугаар анги хүртэлээ нэг ангид суралцсан. ...Б.Бнад руу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин яриад “бартераар авсан орон сууц байна. Танд хямдхан өгнө” гэсэн. Тэгээд харилцан тохиролцож “та иргэний үнэмлэхнийхээ зургийг Б.Бфейсбүүк хаяг руу явуулчих” гэсэн ба иргэний үнэмлэхний зургаа явуулсны дараа “таны орон сууцны гэрчилгээ гарсан, та Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс очоод гэрчилгээгээ аваарай” гэсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэрчилгээ гарсны дараа би орон сууцны мөнгийг Болд-Эрдэнэд өгөх гээд мөнгөний хэрэг гараад орон сууцыг банкны барьцаанд тавих гэтэл 14 хоногоос дээш хугацаа шаардана гээд байсан. ...Тэгээд орон сууцыг Г.Сад худалдахаар болоод нэрийг нь Г.Сад шилжүүлэн өгсөн. Г.Сад 82.500.000 төгрөгт буюу 1мкв талбайг 1.000.000 төгрөгт худалдсан юм. Үүнээс 67.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлж, үлдсэн мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа. Би авсан 67.000.000 төгрөгөөс 38.000.000 төгрөгийг Болд-Эрдэнэд дансаар өгсөн. ...Б.Бмөнгөө нэхээд яаруулаад байсан. Жаахан ажил хийчихвэл би ажилаа дуусгаад санхүүжилтээ авчихна гээд байсан. Тэгээд би яараад худалдчихсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарчихсан учир би Болд-Эрдэнэд хэлээгүй, хэлэх шаардлага ч байхгүй. Нэгэнт минийх болсон учир би өөрөө мэдээд худалдсан. ...” /1хх 170-172/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Минжүүрдорж нар “...Хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. ...”  гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэт нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Д.Нгийн өмгөөлөгч Т.Сайнбаяр “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Д.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Нг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтын дагуу Д.Нг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасан нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Т.Сайнбаяр, Ц.Дэлгэрням, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо уг гэмт хэргийн хохирлыг буюу худалдан борлуулсан үнийг тооцохдоо 152.139.500 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул хоорондын тохиролцоо болох 148.500.000 төгрөгөөр байрыг үнэлэх нь үндэслэлтэй гэж үзэн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Болорцогты Д.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нгээс 114.639.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болд-Эрдэнэд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нгээс 110.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болд-Эрдэнэд олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ      

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ