Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         Улсын яллагч                       Л.Энхтайван

         Өмгөөлөгч                         Д.Даваасүрэн

         Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Цагаанхайрхан овгийн Цэндсүрэнгийн Эрдэнэбатад холбогдох 201718000083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1-р баг Хуучин төв гэх газарт оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цагаанхайрхан овогт  Цэндсүрэнгийн Эрдэнэбат /РД:ТК72072614/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1-р баг  “Хуучин төв” гэх газарт оршин суух гэртээ 6 сартай хүү Э.Мөнхтөрийг тэвэрч бүүвэйлж байхдаа толгойн тус газрыг нь шүүгээ мөргүүлж, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, тархины хөнгөн зэргийн няцрал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 03 дугаар сарын 02-нд гэртээ нэг шил архи ганцаараа уусан. Орой 22 цагийн үед унтсан. Гэтэл шөнө 01 цагийн үед хүүхэд уйлсан. Тэгэхээр нь босоод хүүхдээ тэвэрч бүүвэйлж байгаад хөл алдаж арагшаа ор руугаа суухдаа хүүхдээ толгойгоор нь зурагтны тавиур мөргүүлсэн гэв.

          2.Хохирогч Д.Мөнхтуяагийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Ц.Эрдэнэбат өдөржингөө гэртээ гэр бүлийнхэнтэйгээ өнжсөн. Гэрт байхдаа оройн 21 цагийн орчим 0.5 литрийн хараа архийг шүүгээнээс гаргаж ирээд ганцаараа уусан. Оройн 23 цаг орчим бид нар унтахаар болж монгол гэрийнхээ баруун талд Ц.Эрдэнэбат ганцаараа унтсан. Гэрийн хойморт би 2 ихэр Мөнхтөр, Мөнхсүлд нар болон ах нар болох Мөнх-Эрдэнэ, Мөнхбат нартай унтсан. Шөнө унтаж байтал 01 цаг өнгөрч байхад 06 сартай 2 ихэр хүүхдийн нэг Мөнхтөр уйлахад аав нь босож хүүхдээ аваад бүүвэйлж миний унтаж байсан хойморын орны доод хэсэгт хөл алдахад  хойшоо орон дээр сууж Мөнхтөрийн толгойн орой хэсгийг орны хажууд байсан зурагтны саарал өнгийн модон шүүгээг мөргүүлчихсэн. Ор зурагтны тадиур хоёр их ойрхон байдаг. Хүүхэд хэсэг уйлж байгаад унтаад өгсөн. Согтуу хүүхэд тэвэрч чадахгүй, тэвэрч байгаад хүүхдийн толгой цохиж гэмтэл учруулсанд уурлаж би цагдаагийн байгууллагад “...согтуу хүүхэд цохичихлоо” гэж хэлсэн. Ц.Эрдэнэбат санаатай цохиогүй яах аргагүй хөлд суухдаа хүүхдийн толгой мөргүүлчихсэн. Түүнээс санаатайгаар хүүхдийн толгой мөргүүлсэн юм байхгүй. Мөргүүлсний дараа харахад Э.Мөнхтөрийн толгой орой хэсэг хонхойгоод орчихсон байхаар нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөөний 07 цагт очиж эмчилгээ хийлгэсэн ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

          3.Гэрч Т.Ганбатын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2017 оны 03 сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 4 цаг орчим Хушаат сумын 1-р баг Хуучин төвд оршин суух хаягтай Ц.Эрдэнэбатын эхнэр Мөнхтуяа утсаар “...манай нөхөр согтуу агсам тавьж, хүүхдийнхээ толгой тус газар цохиж гэмтэл учрууллаа..” гэж дуудлага мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу очиход Ц.Эрдэнэбат, Д.Мөнхтуяа болон 4 хүүхдийнхээ хамт байсан. Юу болсон талаар асуухад “Ц.Эрдэнэбат хүүхдээ бүүвэйлж байхдаа хүүхдийнхээ толгойг зурагтны тавиур мөргүүлчихлээ. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан..” талаар ярьсан. Ингээд хүүхдийг нэгдсэн эмнэлэг рүү явуулсан......” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

4.Гэрч П.Тамирын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2017 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шижих шөнийн 04 цаг орчим Хушаат сумын 1-р баг Хуучин төвд оршин суух хаягтай Ц.Эрдэнэбатын эхнэр Мөнхтуяа утсаар “..6 сартай хүүхдийн толгой гэмтлээ..” гэж дуудлага мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу очиход Ц.Эрдэнэбат эхнэр Д.Мөнхтуяа болон 4 хүүхдийнхээ хамт байсан. Хүүхдүүд нь бүгд тайван юмнаас айж цочсон зүйлгүй, гэрийнхээ хойморын орон дээр бүгд унтаж байсан. Юу болсон талаар асуухад 6 сартай хүү Мөнхтөрийн ээж Мөнхтуяа “.. Аав нь тэвэрч байгаад толгойг нь юманд санаандгүй цохиулсан..” талаар ярьсан. Хүүхдэд үзлэг хийхэд хүүхэд тайван сайхан унтаж байсан. Харин толгойн орой хэсэг нь цөмөрсөн байсан. Ээж, аав нь хүүхдийг авч Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Анхан шатны тусламж эм тариа хийгээгүй......” гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №291 тоот:

1.Э.Мөнхтөрийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, тархины хөнгөн зэргийн няцрал тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Э.Мөнхтөрд учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.....” гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

6.Шинжээч эмч Д.Туяагийн 2017 оны 05 дугаар 03-ны өдөр мардан байцаалтын шатанд өгсөн”... Би 2017 оны 03 сарын 16-ны өдөр 6 сартай, Э.Мөнхтөр гэгч хүүхдийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж байхад нь очиж үзсэн. Намайг үзэх үед баруун чамархайн дээд хэсэгт шархтай, шархыг томсгож хийсэн хагалгааны шархтай, боолттой байсан. Э.Мөнхтөрийн биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, тархины хөнгөн зэргийн няцрал гэсэн гэмтэл тогтоогдож хүнд зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан. Хүүхдийг тэвэрч байгаад шүүгээний ирмэг мөргүүлэх, гараар цохих, өөр хатуу зүйлээр цохиход дээрхи гэмтэл үүсэх боломжтой....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

7.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/

8.Э.Мөнхтөрийн өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, эмнэлгээс гарах үеийн эпикриз, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хавтатс хэргийн 38-51 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өдөржингөө эхнэр хүүхдийнхээ хамт гэрт өнжсөн. Оройн 20 цаг орчим гэрт байсан 0.5 литрийн хараа нэртэй архийг ганцаараа уусан. Орой нь эхнэр хүүхдийнхээ хамт хойд орон дээр унтаж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад 06 сартай, 2 ихрийн нэг Мөнхтөр уйлахаар нь би босож тэвэрч бүүвэйлэх гэхэд хойшоогоо хөл алдаж орон дээр суутал хүүхдийнхээ толгойн орой хэсгийг орны хажууд байсан зурагтны саарал өнгийн модон шүүгээг мөргүүлчихсэн. Согтуудаа тэнцвэргүй хөл алдаад хойшоогоо орон дээр суучихсан. Эхнэр ч хүүхэд мөргүүлсэнд уурлаж цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд агсам согтуу тавьж, эхнэр хүүхдээ айлгаж зодоогүй.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

10.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

11.Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”...../хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

12.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

13.Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                                       Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн

                                                     судлаад Шүүх дараахи дүгнэлт хийв.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Цэндсүрэнгийн Эрдэнэбатыг согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг  “Хуучин төв” гэх газарт оршин суух өөрийнхөө гэрт 6 сартай хүү Э.Мөнхтөрийг тэвэрч бүүвэйлж байгаад хөл алдан хүүхдийн толгойн тус газрыг нь зурагтын суурь мөргүүлж, гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, тархины хөнгөн зэргийн няцрал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцэв.

 Үүнд; Хохирогч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх11-12/, гэрч Т.Ганбатын /хх 20/, П.Тамирын /хх-21/, шинжээч эмчийн 291 тоот дүгнэлт /хх-35/, шинжээч эмч Д.Туяагийн /хх-36/ мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, Э.Мөнхтөрийн өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, эмнэлгээс гарах үеийн эпикриз, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хавтатс хэргийн 38-51 дүгээр хуудас/зэрэг болно.

           Эдгээр нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангасан баримт сэлтүүд мөн гэж Шүүх үзсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, нотолгооны эх сурвалжаа болголоо. 

          Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудад эргэлзээ гарсан ба үл зөвшөөрсөн байдлаар мэтгэлзэгч талууд   маргаангүй байна.

           Иймээс шүүгдэгч Цэндсүрэнгийн Эрдэнэбатыг  2017 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг  “Хуучин төв” гэх газарт оршин суух өөрийнхөө гэрт 6 сартай хүү Э.Мөнхтөрийг тэвэрч бүүвэйлж байгаад хөл алдан унахдаа хүүхдийн толгойн тус газрыг нь зурагтын суурийн өнцөг мөргүүлж, гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, тархины хөнгөн зэргийн няцрал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

           Эрдэнэбатын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

                                      Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

          Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутагт айлын мал хөлсөөр маллан эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг өөрийн нэр дээр 10 тооны үхэр тоолуулсан, өөрөөр хувийн унаа тэрэг, мал хөрөнгө байхгүй, орлогогүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, эхнэр хүүхдэдээ халамжтай, гэмтэл учруулсан хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж эмчлүүлсэн ба одоо хүүхэд хэвийн байдалд орсон зэрэг байдлууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдов.

         Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцохдоо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан   болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулж буй хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

           Хохирогч Д.Мөнхтуяа нь шүүх хуралдаанд дуудагдан ирсэн боловч хоёр ихэр хөхүүл хүүхэдтэй ирсэн тул шүүх хуралдаанд сууж чадаагүй ба хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хавтаст хэрэгтэй танилцах үед гаргасан хүсэлтэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

         Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Цагаанхайрхан овогт  Цэндсүрэнгийн Эрдэнэбатыг мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “Бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Цэндсүрэнгийн Эрдэнэбатад 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатад оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Ц.Эрдэнэбат нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  Цэндсүрэнгийн Эрдэнэбатад оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, мөн  хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ц.Эрдэнэбатын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Ц.Эрдэнэбатад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                            Б.НАЦАГДОРЖ