Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0920/з |
Дугаар | 221/MA2017/0271 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0271
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгээр Н.Энхбаярт мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Н.Энхбаярыг аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид үзүүлэх мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох”-оор заасан. Н.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна. Түүнийг цагдаагийн албанд ажиллаж байх хугацаанд мөнгөн урамшил олгуулах тухай холбогдох баримт, материалыг Цагдаагийн ерөнхий газарт Завхан аймаг дахь цагдаагийн газраас ирүүлээгүй бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа мөнгөн урамшил авах тухай хүсэлтийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт гаргаагүй нь цагдаагийн дэслэгч Ж.Цэцэгмаагийн илтгэх хуудсаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, нотлох баримт буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзийгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзийгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс Завхан аймгийн Шилүүстэй сум дахь хэсгийн төлөөлөгч, Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, тэрээр аймгийн төвөөс бусад суманд 5 жил цагдаагийн албан хаагчаар ажилласан үйл баримттай хариуцагч маргадаггүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 2-т “Цагдаагийн албан хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшуулал авах эрхтэй” гэж тус тус заасныг Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдсөн 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар болон түүнээс хойш аймгийн төвөөс алслагдсан бусад сумдад цагдаагийн албан хаагчаар ажилласан жил нь 60 сар хүрсэн тохиолдолд тийнхүү хүнд, хэцүү нөхцөлд ажилласных нь төлөө мөнгөн урамшил олгох зохицуулалт гэж ойлгох ба нэхэмжлэгч Н.Энхбаяр 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуульд заасан болзлыг хангасан тул дээр дурдсан мөнгөн урамшууллыг авах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагч талаас “мөнгөн урамшлыг зөвхөн цагдаагийн албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох зохицуулалттай” гэж маргасан ч нэхэмжлэгч нь цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 6 дугаар сар, 2014 оны 9 дүгээр сард мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх ба эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас Цагдаагийн ерөнхий газарт нэхэмжлэгчийн хүсэлт хүргэгдэж чадаагүй үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 5-д “Аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй” гэж заасан зохицуулалтад цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа хуульд заасан болзол хангаж, мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан цагдаагийн алба хаагч хамаарахгүй бөгөөд уг журамд заасан хугацаанаас хойш цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн Н.Энхбаярыг мөнгөн урамшилд хамруулахгүй байгаа хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн мөнгөн урамшил олгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Харин “Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэснийг зөрчсөн байна.
Уг албан бичгээр Н.Энхбаярт “мөнгөн урамшил” олгох, эс олгох асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Н.Энхбаяр нарын мөнгөн урамшил авах хүсэлт, үүнтэй холбоотой баримт, бичгийг буцаан хүргүүлснийг илэрхийлсэн, байгууллага хоорондын харилцаанд хамааралтай, дотогшоо чиглэсэн буюу эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт биш гэж үзнэ.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбаярын “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзийгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Энхбаярыг аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид үзүүлэх мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
|