| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1260 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1260
2025 05 14 2025/ШЦТ/1260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Бат-Эрдэнэ;
Шүүгдэгч: Ө.Э;
Шүүгдэгч: У.Э;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Дорж;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2411027980165;
1. Шүүгдэгч У.Э-ийн биеийн байцаалт,
2. Шүүгдэгч Ө.Э-ийн биеийн байцаалт.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:
Ө.Э, У.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсэрт С.Б-тэй маргалдаж түүний биед уруулд язарсан шарх, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг бүлэглэж санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос Ө.Э, У.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Б-гийн “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын замын эсрэг талын “CU” дэлгүүрээс бэлэн гоймон авах гээд орох үед үл таних хоёр залуу гудамжны буланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архины хамааралтай 5 иргэнийг өшиглөөд цохиод байхаар нь би харчихаад “та хоёр болиоч, болихгүй бол цагдаа дуудаад өгчихнө шүү” гэж хэлэхэд цагаан өнгийн Харриер маркын машинаас танихгүй эмэгтэй бууж ирээд намайг “чи хэн бэ, чам шиг юмыг мэдэхгүй юм байна” гэж хэлэхээр нь би “цагдаа дуудчихна шүү” гэж хэлэхэд тухайн эмэгтэй миний энгэрээс зуураад намайг “CU” дэлгүүрийн хананд шахахаар нь би тухайн эмэгтэйгээс салаад зугтахдаа цагдаад дуудлага өгөөд гудамж руу орж байхад тухайн эмэгтэй хамт явсан хоёр залууд “хөөе энэ залуу намайг зодчихлоо” гэж хэлсэн чинь хашааны буланд хүмүүсийг цохиод байсан 2 залуугийн жижигхэн биетэй нь намайг барьж аваад миний хоолойноос боож доош дарах үед хамт явсан өөр нэг залуу нь миний уруул хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би доош суух үед тухайн хоёр залуу миний толгой, дагз, баруун талын чамархай хэсэг, нуруу, дал хэсэгт гараараа болон хөлөөрөө олон удаа өшиглөөд байж байхад хамт явсан эмэгтэй нь ирээд “наад залуу чинь цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ноцолдож байгаад тухайн хоёр залуугаас мултраад төв зам руу гүйх үед цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-21),
“...С.Б-гийн биед уруулд язарсан шарх, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №14212 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32),
У.Э, Ө.Э нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 58-59, 62-63),
У.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 38, 54),
Ө.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 39, 42-50) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаагаар, 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүчит шонхор” захын замын эсрэг талд байрлах CU дэлгүүрийн орчимд хохирогч С.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар зам дагуу явах үедээ хоёр танихгүй этгээд архины хамааралтай иргэдийг зодож буйг харж, тэднийг болихыг шаардаж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд цагдаа дуудна хэмээн анхааруулсан байна.
Энэ үед тухайн хоёр этгээдтэй хамт явсан эмэгтэй хохирогчийг заамдан авч, дэлгүүрийн хананд шахаж түлхсэн бөгөөд хохирогч түүнээс мултарч зугтах үедээ цагдаад дуудлага өгсөн байна. Удалгүй дээрх эмэгтэй “энэ залуу намайг зодсон” гэж хамт явсан хоёр эрэгтэйд хэлсний дараа тэдний нэг нь хохирогч С.Б-гийн хоолойноос боож газар унагааж, нөгөө нь уруул хэсэгт нь өшиглөсөн байна. Дараагаар нь хоёр этгээд хохирогчийн толгой, чамархай, нуруу, дал хэсэг рүү удаа дараа гараараа цохиж болон хөлөөрөө өшиглөж зодсон болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн газрын нөхцөл байдал, цагдаагийн ирсэн цаг хугацаатай уялдан нотлогдож байна.
Шүүх шинжилгээний байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14212 дугаартай дүгнэлтээр С.Б-гийн уруулд язарсан шарх, баруун чамархайн хуйханд няцрал, баруун даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь тухайн хэрэг болсон гэж үзэж буй цаг хугацаанд үүсэх боломжтой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна.
Хохирогч С.Б-гийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх шаардлагад нийцэж, хууль ёсны дагуу цугларсан байна. Хохирогчийн мэдүүлэг нь тодорхой, логик дараалалтай, хэргийн нөхцөл байдалтай нийцэж, бусад баримтаар баталгаажсан байна. Шүүх шинжилгээний байгууллага нь мэргэжлийн байгууллага бөгөөд дүгнэлтийг мэргэшсэн шинжээч гаргасан тул энэ нь хуулийн дагуу цугларсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, итгэж үнэмшиж болох баримт мөн гэж шүүх үзсэн.
Мөн Шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөгчийн тогтоолын дагуу хийгдсэн, шинжээч томилох журмыг хангаж мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчигдөөгүй бөгөөд хохирогчийн мэдүүлгийг мөрдөн байцаагч хуулийн дагуу авсан бөгөөд түүнийг дарамталсан, хууль зөрчиж мэдүүлэг өгүүлсэн талаар ямар нэгэн мэдээлэл, гомдол байхгүй. Үүгээрээ уг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагуудыг хангаж, шүүх шийдвэр гаргахад ач хобогдолтой, хууль ёсны, итгэл үнэмшил төрүүлэхүйц баримтад тооцогдсон болно.
Түүнчлэн дээрх баримтууд нь шүүгдэгч нарын эсрэг шууд болон шууд бусаар холбогдох бөгөөд хохирогчийн мэдүүлэгт дурьдсан танихгүй хоёр эрэгтэй хэмээн тодорхойлогдсон нь шүүгдэгч У.Э, Ө.Э нар байсныг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бүх оролцогчид өөрсдийн эрх, үүргийг бүрэн ойлгож, эрхээ эдлэх боломжтойгоор хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, шударга, хуульд нийцүүлэн хэрэгжсэн бөгөөд хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэх оролдлого гараагүй болох нь тогтоогдсон.
Иймд шүүхийн зүгээс тухайн гэмт хэргийн үйлдэл, цаг хугацаа, газар орны нөхцөл, хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгч У.Э, Ө.Э нарын гэм буруутай үйлдэл нотлогдож байна гэж дүгнэв.
Шүүгдэгч У.Э, Ө.Э нар нь хохирогч С.Б-г гудамжинд, бие махбодод нь хүч хэрэглэн цохиж, өшиглөж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарах объектив болон субъектив шинжүүдийг бүрэн хангажээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг нь объектив талаасаа хүний биед хүч хэрэглэж халдан зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан ба шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Субъектив талаасаа шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хор уршгийг ухамсарлаж, санаатайгаар үйлдсэн байдлаараа Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох нөхцөл, шинжийг бүрэн агуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үзэхэд, шүүгдэгч У.Э, Ө.Э нар нь гэмт хэргийг урьдчилан төлөвлөөгүй, тухайн үед үүссэн маргааны үр дүнд хохирогчийн зүй ёсны шаардлагыг үл хүндэтгэн түүнийг зодсон бөгөөд шүүгдэгч нар согтууруулах ундаа хэрэглэсэн, хувь хүний хариуцлагын ухамсар дутмаг, нийгмийн хэм хэмжээг сахин биелүүлэх дадал хэвшээгүй, зөрчил үүссэн нөхцөлд асуудлыг хүч хэрэглэж шийдвэрлэх хандлага давамгайлсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Ө.Э, У.Э нарын үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч Ө.Э, У.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлогдсон баримтуудаар шүүгдэгч Ө.Э, У.Э нар нь урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, тогтмол хөдөлмөр эрхэлдэг, ам бүл олонтой, бага боловсролтой, тогтмол орлоготой хүмүүс болох нь тогтоогдсон. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал хүссэн, гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй зэрэг нь гэмт хэргийн хор уршгийн шинж чанар харьцангуй бага байгааг илтгэж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, У.Э нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлагаар дамжуулан шүүгдэгч нарын хууль зөрчсөн үйлдэлд эдийн засгийн хариуцлага хүлээлгэж, улмаар ухамсар, хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлэхүйц, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, нийгмийн шударга ёс, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий байх ёстой гэж үзсэн тул ялын төрөл, хэмжээг дээрх байдлаар тогтоосон болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, У.Э нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Б-гийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ө.Э, У.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, Ө.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч У.Э, Ө.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э, Ө.Э нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ