| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1294 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1294
2025 05 16 2025/ШЦТ/1294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Г.Бат-Оргил;
Шүүгдэгч: Б.Л-;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Отгонпүрэв;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2409012830433;
Шүүгдэгч Б.Л- ийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Л- нь 2024 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” бааранд иргэн Б.У-ыг “гудамжинд агсан согтуу тавьсан” гэх шалтгаанаар нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
хохирогч Б.У-ын “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цагийн үед “Лакс” баарны үүдэнд эгч Ц, найз Б бид 3 хамт юм яриад байж байтал үл таних эрэгтэй ирээд зүүн талын нүд рүү 2 удаа цохиж 1 удаа өшиглөсөн. ...Миний санаж байгаагаар эгчтэйгээ яриад зогсож байх үед хажуу талаас үл таних эрэгтэй ирээд миний зүүн нүд рүү цохисон. Сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30),
“...Б.У-ын биед зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4754 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-39),
Гэрч Г.Т-ын “2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарнаас Б.Л-тай хамт гараад үүдэнд алхаад явж байх үед үл таних эрэгтэй орилоод байсан. Тэгэхээр нь би очоод “за яасан гэнэ ээ андаа” гэхэд хажуу талаас найз нь гэх хүн орж ирээд “чи зүгээр зайл лалараа” гэхээр нь би намхан эрэгтэйн баруун зүүн хацар руу нь 1 удаа алгадсан. Тэгээд үл таних эрэгтэй ирээд “за больцгоо” гээд болиулаад байж байх үед манай найз Б.Л- үл таних эрэгтэйтэй зодолдоод байж байхаар нь голоор нь ороод үл таних эрэгтэй боль гээд тэр 2-ыг салгаад байж байх үед найзууд нь гарч ирээд бид 2-ыг ална гээд байхаар нь зугтах гээд гүйж байх үед хамгаалагч бид 2-ыг барьж аваад цагдаагийн байгууллагын алба хаагч нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32),
Гэрч Е.Б-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарнаас найз Г.Т, Б.Л- бид 3 түрүүлээд гараад найз Т-ыг хүлээж байх үед үл таних эрэгтэй цамцаа тайлаад орилоод байхаар нь Г.Т шууд орилж байгаа үл таних эрэгтэй рүү явахаар нь араас нь дагаад явсан. Тэгээд Г.Т үл таних эрэгтэй дээр очоод “яасан бэ, чи яагаад орилоод байгаа юм бэ” гэхэд хэрүүл маргаан хийх гээд байж байх үед Б.Л- хажуу талаас үл таних цээж хэсгээрээ нүцгэн эрэгтэйг хөмсөг хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 36),
Гэрч Б.Ц-н “...Тухайн өдөр би Лакс баарны үүдэнд шорлог зараад зогсож байсан ба тухайн хэдэн залуучууд ирээд шорлог аваад идээд зогсож байсан ба муухай орилоод байхаар нь Б.У- чимээгүй гэж хэлэхэд нөгөө хэд нь гүйгээд хүрч ирээд манай дүүг зодоод эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудахад тухайн хүмүүс зугтаагаад яваад өгсөн. ...Ямар ч байсан Б.У-ыг цохисон залууг би барьж аваад цагдаад өгсөн. Хувцас нь гэвэл бараан өнгийн хувцастай байсан байх. Тухайн залуу Б.У-ын биед гэмтэл учруулсан юм. Хөл гараараа зодоод байсан. Хаашаа хэдэн удаа цохисныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25),
яллагдагч Б.Л-гийн “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний бие өөрийн 3 найзын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны үүдэн зогсож байхад үл таних нэг залуу орилоод байсан ба тухайн хүн дээр манай найз Г.Т очиж зүгээр эсэхийг нь асуухад өөдөөс нь “зайл” гэж орилох үеэр маргаан эхэлсэн. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгах гэж очиход тухайн залуу намайг тэврээд авсан. Тэгээд би тус залууг салгаад нүүрэн тус газар руу нь 3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27),
Б.Л-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 48-53) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хамтатган шинжлэхэд, шүүгдэгч Б.Л- нь 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны үүдэнд иргэн Б.У-т бие махбодийн хүч хэрэглэн халдсан нь шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн нотлогдлоо.
Хохирогч Б.У- мэдүүлэгтээ, шөнийн цагаар эгч болон найзын хамт “Лакс” баарны гадаа байж байхад үл таних этгээд гэнэт хүрч ирэн, нүүр, зүүн нүд орчимд хоёр удаа гараараа цохиж, улмаар нэг удаа өшиглөсөн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд энэхүү мэдүүлгийг гэрч Е.Б “Б.Л- нь цээж нүцгэн эрэгтэйг хөмсөг орчимд гараараа цохиж байхыг харсан” гэж, гэрч Г.Т ““Б.Л- болон үл таних этгээдийн хооронд маргаан гарч, би тэднийг салгах гэж оролдсон” гэж, гэрч Б.Ц “тухайн үед дүүгийнхээ хамт байсан бөгөөд Б.У-ыг үл таних эрэгтэй цохиж, өшиглөж байсныг харсан, тухайн этгээдийг барьж, цагдаад мэдэгдсэн” гэж мэдүүлсэн нь тус тус баталгаажуулсан.
Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрчилдөхгүй, харилцан давхцаж, нэгэн утгатайгаар шүүгдэгчийн үйлдлийг тодорхойлсон бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй нийцэж байгаа нь дээрх нотлох баримт нь хууль ёсны, үнэн зөв болохыг харуулж байна.
Мөн шүүгдэгч Б.Л- нь мөрдөн байцаалтад
“…2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний бие өөрийн 3 найзын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны үүдэнд зогсож байхад үл таних нэг залуу орилоод байсан. Тухайн хүн дээр манай найз Г.Т очиж зүгээр эсэхийг нь асуухад “зайл” гэж хэлсэн. Тэр үеэр маргаан үүсэж, би хоёр хүнийг салгах зорилгоор очиход тухайн залуу намайг тэврээд авсан. Үүний дараа би түүнийг өөрөөсөө салгаж, нүүр рүү нь 3 удаа гараараа цохисон…” гэж мэдүүлсэн (хх-ийн 26–27) нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай нийцэж байна.
Шүүгдэгч өөрөө үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, хохирогчийг гардан цохисон гэдгээ мэдүүлсэн бөгөөд тухайн үйлдлийг хоёр хүнийг салгах зорилгоор хийсэн гэж тайлбарласан ч, түүний хэрэглэсэн хүчний хэмжээ, давтамж нь зөвхөн маргааныг таслан зогсоох бус нөгөө этгээдийн бие махбодид санаатайгаар хөнгөн хохирол учруулсан шинжтэй болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон.
Цаашлаад, тухайн хэрэг болсон газар байрлуулсан хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэг, үзлэгийн тэмдэглэл нь гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа нь тухайн үйлдлийг шүүгдэгч үйлдсэн болохыг шууд болон шууд бус байдлаар нотолж байна.
Шүүх эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4754 дүгээр дүгнэлтэд “Б.У-ын зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл илэрсэн ба эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1–2 хоногийн дотогш үүсэх боломжтой” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй хугацаа, гэмтлийн шинж тэмдгийн хувьд нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бүх оролцогчид өөрсдийн эрх, үүргийг бүрэн ойлгож, эрхээ эдлэх боломжтойгоор хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, шударга, хуульд нийцүүлэн хэрэгжсэн бөгөөд хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэх оролдлого гараагүй болох нь тогтоогдсон.
Иймд шүүхийн зүгээс тухайн гэмт хэргийн үйлдэл, цаг хугацаа, газар орны нөхцөл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгч Б.Л-гийн гэм буруутай үйлдэл нотлогдож байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л- нь хохирогч Б.У-ыг гудамжинд, бие махбодод нь хүч хэрэглэн цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарах объектив болон субъектив шинжүүдийг бүрэн хангажээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг нь объектив талаасаа хүний биед хүч хэрэглэж халдан зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан ба шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Субъектив талаасаа шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлаж, санаатайгаар үйлдсэн байдлаараа Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох нөхцөл, шинжийг бүрэн агуулж байна.
Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Б.Л-гийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлогдсон баримтуудаар шүүгдэгч Б.Л- нь урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, тогтмол хөдөлмөр эрхэлдэг, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой болох нь тогтоогдсон. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй зэрэг нь гэмт хэргийн хор уршгийн шинж чанар харьцангуй бага байгааг илтгэж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлагаар дамжуулан шүүгдэгчийн хууль зөрчсөн үйлдэлд эдийн засгийн хариуцлага хүлээлгэж, улмаар ухамсар, хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлэхүйц, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, нийгмийн шударга ёс, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий байх ёстой гэж үзсэн тул ялын төрөл, хэмжээг дээрх байдлаар тогтоосон болно.
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай санал гаргахдаа тухайн хохирогч нь гудамжинд агсам согтуу тавьж, олон нийтийн хэв журам зөрчсөн нь маргаан үүсэх нөхцөл болсон, шүүгдэгч нь тохиолдлын нөхцөл байдалд орсон тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй хэмээн тайлбарласан.
Хэдийгээр хохирогч тухайн үед согтуурсан байдалтай, түрэмгий ааш авир гаргасан байж болох ч, энэ нь шүүгдэгчийн зүгээс хүч хэрэглэх, бие махбодид гэмтэл учруулах хууль бус үйлдлийг зөвтгөх нөхцөл биш болно.
Шүүгдэгч нь тухайн нөхцөл байдалд хуулийн хүрээнд тайван, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах өөр арга замыг сонгох бүрэн боломжтой байсан боловч асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх замыг сонгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай өмгөөлөгчийн санал нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, субъектив тал болох санаатай үйлдлийг үгүйсгэж чадахгүй.
Иймд өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэнийг дурьдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.У-ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Л- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Л- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ