| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1295 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1295
2025 05 16 2025/ШЦТ/1295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Г.Гармаа;
Шүүгдэгч: Э.М- (өөрийгөө өмгөөлөв);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2511002080122;
Шүүгдэгч Э.М-ийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Э.М- нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... тоотод 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч М.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний зүүн нүд хэсэг рүү гараараа цохиж, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хадам ээж болон хоёр охиныхоо хамт гэртээ байсан. Том охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээс гараад явсан. Харин гэрт хадам ээж, бага охин хоёр үлдсэн. Том охиноо хүргэж өгчихөөд буцаж гэртээ ирсэн. Ингээд байж байтал том охиныг авах цаг болсон. Охиныг авахаар гэрээс гарахдаа ус авч явах санаатай усаа буцалгах гэж байгаад асгачихсан. Ус асгаснаас болоод хадам ээж намайг элдвээр харааж эхэлсэн. Усаа арчиж байтал үснээс зулгаагаад чичлээд байхаар нь өөрөөсөө холдуулах санаатай цааш нь түлхтэл шалны мод мөргөчихсөн. Тэгсэн уурлаад намайг бүр их харааж эхэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд гараараа зүүн нүд хэсэгт нь цохичихсон. Ийм л зүйл болсон...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч М.Б-гийн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хүргэн Э.М- охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад гарч яваад буцаж орж ирээд хөлдөөгчний хажууд байсан ус буцалгагчтай усыг асгачихсан. Тэгээд би хүргэн рүү уурлаад “яаж байгаа юм бэ, наадахаа арч” гэж хэлсэн чинь манай хүргэн надад “яадаг юм, ингээд л байж байг” гээд хэлэхээр нь би шал угаагч аваад арчиж байгаад хүргэнийхээ шагай руу нь нэг удаа цохиод авсан чинь манай хүргэн Э.М- миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
“...М.Б-гийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №868 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19),
Э.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед босоод хүүхдээ хичээлд нь хүргэж өгсөн. Тэгээд орой 16 цагийн үед манай охины хичээл тарчихаар нь хичээлээс нь очиж аваад гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь манай хадам ээж М.Б- намайг “залхуу, гуйлгачин, ажил төрөл хийж чадахгүй, олсон орлого байхгүй” гэх мэт үгээр хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би нэг аяга ус уух гээд ус буцалгагч барьчихаад гарнаасаа алдаад асгачихсан юм. Тэгсэн чинь манай хадам ээж намайг “өмхий гуйлгачин чинь гэр бузарлаад хаячихлаа, хулгайч, лалар, далд ор” гэх мэт үг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд над руу учир зүггүй шалны мод бариад “наадахаа энүүгээр арч өмхий гуйлгачин минь” гээд чарлаад эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд өөдөөс нь би “албаар асгаагүй, цаашаа бай” гээд түлхсэн чинь шалны модны иш нь хадам ээжийн хацар луу нь цохигдоод хацраас нь цус гарсан. Тэгээд миний уур хүрээд аргагүйн эрхэнд алганыхаа гадна хэсгээр хадам ээжийн баруун хацар руу нь 2 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 46),
Э.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 22, 24-29), зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тусынх нь хууль ёсны эх сурвалж, агуулга, хоорондын уялдаа, зөрчилтэй болон зөрчилгүй шинж, хэргийн нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг шүүх бодитойгоор судлан шинжилж, үнэлгээ хийж дараах дүгнэлтэд хүрэв.
Шүүгдэгч Э.М- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... тоотод хадам эх болох М.Б-тай маргалдсан үедээ уур бухимдалд автан түүний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохисон байна. Үүний улмаас хохирогчийн зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүх шинжилгээний байгууллагын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 868 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Уг үйл явдал нь тухайн өдөр шүүгдэгч гэр бүлийн хүрээнд маргаан үүсгэснээр эхэлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэгт дурьдсанаар түүний зүгээс ус асгарсан талаар шүүгдэгчид анхааруулсан нь маргаан үүсэх шалтгаан болжээ. Үүний улмаас шүүгдэгч болон хохирогч бие биедээ ширүүн үг хэлж, хохирогч шүүгдэгчийн шагай орчимд шалны модоор цохисон байна. Үүнээс улбаалан шүүгдэгч Э.М- нь уур хилэндээ автан хохирогчийн нүүр рүү цохисон нь санаатай, хүч хэрэглэсэн, гэмтэл учруулах шалтгаантай, ухамсартай үйлдэл байсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр нотлогдож байна.
Тодруулбал хохирогч М.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэгтээ “…2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргэн маань охиноо сургуульд нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Улмаар хэсэг хугацааны дараа ус буцалгагчаар ус буцалгаж байгаад санамсаргүйгээр хөлдөөгчийн хажууд асгасан тул би “яаж байгаа юм бэ, наадахаа арч” гэж хэлэхэд хүргэн “яадаг юм, ингээд л байж байг” хэмээн эсэргүүцсэн. Үүний улмаас маргаан үүсч, би шал угаагч барьж аваад ус асгарсан хэсгийг арчиж байгаад түүний шагай орчимд нэг удаа цохисон. Ингэтэл тэр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон” хэмээн мэдүүлсэн.
Хохирогчийн мэдүүлэг нь түүний биед учирсан гэмтэлтэй агуулгын хувьд тохирч байгаа бөгөөд шүүгдэгч өөрөө уг үйлдлийг үгүйсгээгүй, үйл явдал болсон өдөр хадам эхийнхээ зан авираас үүдэн уур бухимдал нь төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шинжилгээний байгууллагын 868 дугаар дүгнэлтээр хохирогчийн “зүүн хацарт зулгаралт, зовхи орчимд цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол” тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь тухайн өдрийн маргааны улмаас үүссэн гэдэг нь мэдүүлэг, шинжилгээний хугацаа, эмнэлгийн үзлэгийн цаг хугацааны уялдаагаар бодитой тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад уг үйлдлээ хүлээн зөвшөөрч, тухайн өдөр хэт бухимдсан байснаа мэдүүлжээ. Түүний мэдүүлэг нь хохирогчийн гомдол, мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцэж, үйл явдлын өрнөл, цаг хугацаа, газар орны хувьд бүрэн тохирч байгаагаас гадна, шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн шинж, байршилтай бүрэн уялджээ.
Ийнхүү хэргийн үйл баримт, нотлох баримтууд харилцан давхар баталгаажиж нэг чигт нийцсэн байдалтай байгаа нь тухайн нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт хамааралтай гэж дүгнэх үндэслэлтэй юм. Эдгээр баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу хууль ёсоор цуглуулж, хэрэгт бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна.
Шүүх дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Э.М-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв. Үүнд:
Тухайн гэмт хэрэг нь объектив талаасаа хүний биед хүч хэрэглэж халдан зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан ба шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Субъектив талаасаа шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлаж, санаатайгаар үйлдсэн байдлаараа Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох нөхцөл, шинжийг бүрэн агуулж байна.
Энэхүү гэмт хэрэг гарахад гэр бүлийн хүрээнд харилцан хүндлэл, ойлголцол дутагдсан, өдөр тутмын энгийн үйл явдлыг бие биенээ буруугаар ойлгож, уур бухимдал, сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэх хандлагатай байсан бөгөөд зөвхөн тухайн өдрийн жижиг маргаанаар хязгаарлагдахгүй, өргөн утгаараа гэр бүлийн дотоод орчны сөрөг уур амьсгал, зан харилцааны соёлын дутагдалтай холбоотой нөхцөл нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Э.М-ийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлогдсон баримтуудаар шүүгдэгч Э.М- нь урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, тогтмол хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой болох нь тогтоогдсон. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй зэрэг нь гэмт хэргийн хор уршгийн шинж чанар харьцангуй бага байгааг илтгэж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн амжиргааны түвшин, орлого, хөдөлмөр эрхлэлт, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байдал, үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдлыг шаардлага хангасан хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэж ялын төрөл, хэмжээг дээрх байдлаар тогтоосон.
Мөн энэ ял нь шүүгдэгчийг нийгмийн амьдралд хэвийн оролцох бололцоог олгохын зэрэгцээ хариуцлагыг нь санхүүгийн байдлаар үүрүүлж, өөрийнх нь үйлдлийн хор уршгийг ухамсарлуулах давуу талтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.Б-гийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Э.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ