Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 81

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан  шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                               Д.Нямдэлэг

Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ашбагад овогт Ганболдын Тамирт холбогдох 201718000120 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2-р баг Техникчдийн 3-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ашбагад овогт Ганболдын Тамир /РД:МЕ88081913/       

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Тамир нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд Ерөө сумын 2-р баг 1-1А тоотод З.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний 51-48 УНҮ улсын дугаартай тоёото Марк Экс маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, 2 толийг нь хугалж гэмтээн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн З.Эрдэнэбаярт 380.000 төгрөгийн хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тамирын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Шүүгдэгч Г.Тамирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…..Эхлээд 2 хүнтэй 1 шил архи хувааж уугаад салсан. Өөр нэг хүн таараад З.Эрдэнэбаярын гэр рүү орсон. Аав ээж нь байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Намраас хойш З.Эрдэнэбаяр манай эхнэр руу утсаар ярьж мессеж бичиж уулздаг байсан. Би З.Эрдэнэбаяртай уулзая гэхээр надаас зутгаагаад уулздаггүй байсан. Намар 9 сарын 23-нд  машинд манай эхнэртэй байхыг би харсан. Цагдаагийн газар Бугантад шалгуулсан боловч танай эхнэр биш өөр хүн байна гэж хэлсэн. Тэгээд би байцаалт авсан зүйлээ харуулчих гэсэн чинь чамд үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар үнэн зөв шийдсэн бол энэ хэрэг болохгүй байсан. З.Эрдэнэбаяр миний машиныг харахаараа энэ тэнд орж зугтаадаг. Өөр хэлэх зүйлгүй гэв.

       2.Хохирогч З.Эрдэнэбаярын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн”...2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад гэртээ хариад жижиг өрөөндөө хүүхдүүдтэйгээ хамт гар утсаараа тоглоод сууж байхад манай гэрт нэг согтуу хүн орж ирээд намайг асууж байгаа бололтой манай ээжээс намайг асуухад ээж байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь миний нүүр рүү нэг хүн өшиглөхөөр нь хартал Г.Тамир зогсож байсан. Би босоод Тамирыг “чи яаж байнаа“ гээд бариад авах гэхэд гэрт хамт байсан манай аав босч ирээд намайг “цаашаа бай согтуу хүнтэй битгий хэрүүл маргаан хийх гээд бай” гэж хэлээд Г.Тамирыг гэрээс түлхээд гаргасан юм. Тэгтэл Тамир гэрээс гарахдаа хашаанд байсан машины толь, салхины шилийг хашаанд байсан блокоор хага цохиж хаяад явсан байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

            3.Гэрч Я.Ариунжаргалын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Өнгөрдөг намар З.Эрдэнэбаяртай хамт харанхуй шөнө машинтай явж байсан гээд хэн нэгэн манай нөхөрт хов зөөж хэлсэн байсан. Тэрнээс болоод л хэрүүл маргаан гардаг болсон. Манай нөхөр архи уух болгондоо Эрдэнэбаяртай хардаж хэрүүл хийдэг болсон. Бидний дунд гэр бүлээс гадуур харьцаа байхгүй. ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

4.Гэрч Р.Зоригийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад манайд Ганболдын хүү Тамир гаднаас согтуу орж ирээд манай хүү Эрдэнэбаярыг гэртээ байна уу уулзах гэсэн юм гэж асуусан юм. Тэгсэн чинь манай хөгшин Эрдэнэбаярыг гэртээ байхгүй байна гэж хэлсэн чинь Тамир шууд манай гэрийн арын жижиг өрөө рүү явж орсноо тэнд Эрдэнэбаяртай маргалдаад эхэлсэн юм. Тэгэхээр нь “чи согтуу байна айлд орж ирээд хэрүүл хийгээд байдаг маргааш эрүүлдээ та нар наад хэрүүл маргаанаа хий” гэж хэлээд Тамирыг гэрээс түлхээд гаргасан юм. Тэгэхэд Тамир гэрээс гарахдаа үүдэнд байсан блок аваад Эрдэнэбаярын машины салхины шил хагалсан тэгээд цаашаа яваад хашааны үүдэнд байсан цагаан өнгийн жижиг машинд суугаад яваад өгсөн. Тэр машины жолооч залуу манай гэрт орж ирээгүй гадаа машиндаа байсан...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

      5.Гэрч Д.Бавуудоржийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 04 сарын 27-ны өдрийн орой 19 цаг орчим ажил тарсны дараа манай компанийн инженер Г.Тамирын гэрт Даваасүрэн бид 3 очиж хашаанд нь 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад Даваасүрэн бид хоёр гэр рүүгээ харьж Г.Тамираа гэртээ ганцаараа үлдсэн. Түүнээс хойш уулзаагүй ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 150 дугаар хуудас/

     6.Гэрч Н.Даваасүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2017 оны 04 сарын 27-ны өдөр Ерөө сумын төвд “Их шинэстэй” ХХК-ийн  хашаанд техникийн засвартай өдөржингөө өнжсөн. Энэ өдрийн орой 19 цаг орчим ажил тарсны дараа манай компанийн инженер Г.Тамирын гэрт Даваасүрэн бид 3 очиж хашаанд нь 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад Бавуудорж бид хоёр гэр рүүгээ 20 цагийн үед харьж, Г.Тамираа гэртээ ганцаараа үлдсэн. Түүнээс хойш уулзаагүй. Хэрэг асуудлын талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/

     7.Гэрч О.Түмэннасангийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 04 сарын 27-ны өдрийн 20 цаг орчим шиг санаж байна. Тамир Ерөө сумын төв гудамжинд ганцаараа явж байсан. Миний машинд суугаад Эрдэнэбаярын гэр рүү хүргүүлж гэрт ороод удаагүй гарч ирээд буцаад гэрийнхээ ойролцоо хүргүүлсэн. Эрдэнэбаярын гэрт ямар шалтгаантай очсоныг мэдээгүй. Гэрт юу болж хашаан дотор юу болсныг мэдэхгүй. Гарч ирээд надтай юм яриагүй...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 153 дугаар хуудас/

8.Гэрч Б.Алтанцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 04 сарын 27-ны өдөр Эрдэнэбаяр өөрийнхөө марк Х маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймаг руу албан ажлаар яваад орой 20 цагийн үед ирсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр Зоригт, хэлд ороогүй 4 настай хүү унтаж байсан. Орой 21 цаг орчим Тамир манай гэрт орж ирээд “Эрдэнэбаяр байна уу “ гээд нилээн согтуу ширүүн ууртай орж ирэхээр нь би “Эрдэнбаяр гэрт байхгүй” гэж хэлэх зуур арын жижиг өрөө рүү ороод удаагүй Эрдэнэбаяртай маргалдаад би Тамирыг гэрээс түлхэж гаргасан. Гэтэл удалгүй Зоригт цонхоор хараад “Тамир машиныг цонх толь хагалчихлаа” гэж хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/

9.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №127 тоот:

1З.Эрдэнэбаярын биед тархи доргилт, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохтжурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 132 дугаар хуудас/

10.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №45 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн ДАХ 51-48 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota mark x” маркын автомашины урд салхины шил, баруун, зүүн талын толины сууринд гэмтэл үүссэн.

2.Шинжилгээнд ирүүлсэн автомашины баруун , зүүн талын толинд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй, гадаргуу зөөлөн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл, урд салхины шилэнд хатуу мохоо, өнцөг бүхий гадаргуутай зүйлээр гаднаас дотогш чиглэсэн байдалтай 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл үүссэн байна.

 3.Уг салхины шилэнд үүссэн гэмтэл нь бетонон блокоор, баруун зүүн толины суурины гэмтэл нь гутлын улаар өшиглөхөд үүссэн байж болно.....гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт

/хавтас хэргийн 62-64 дүгээр хуудас/

11.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №46 тоот:

1.Хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн №03-д үзүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ, зураг № 4-д үзүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

2.Нэг гутлын мөрөөр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3.Шинжилгээнд зураг №03-д үзүүлсэн гутлын мөр нь Г.Тамирын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх пүүзэн гутлын зүүн өмсгөлийн гутлын улны хээтэй хоорондоо хээний ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна. ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/

12.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/

13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

14.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

15.Шүүгдэгч Г.Тамирын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн”....Би 2017 оны 04 сарын 27-ны өдөр Даваасүрэн, Бавуудорж нарын хамт гэрийнхээ хашаанд гражид 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд нөгөө хоёр харилаа гээд яваад өгсөн. Би тэгээд гэрээсээ гараар дэлгүүр орох гээд явж байхад дэлгүүрийн гадаа Түмэннасантай тааралдаад хоёулаа хамт айлд очоод ирье гэхээр нь машинд нь суугаад хороолол ороод Эрдэнэбаярын гудамжаар явж байгаад гэнэт Эрдэнэбаяртай уулзаж гэр бүл үймүүлж байгаа талаар уулзаж ярилцая гээд гэрт нь ороход Эрдэнэбаярын аав ээж хоёр нь байсан. Эрдэнэбаярыг асуухад алга гэж хэлсэн.Тэгсэн чинь цаад өрөөнд Эрдэнэбаярын дуу гарах шиг болохоор нь очоод харсан чинь Эрдэнэбаяр утсаар яриад сууж байхаар нь тухайн үед гэнэт уур хүрээд цээжин тус газар нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь Эрдэнэбаярын аав нь “та нар яаж байгаа юм бэ% эрүүл саруулдаа уулзаж хоорондоо эв зүйгээ олоход яадаг юм” гээд намайг гэрээсээ түлхээд гаргасан юм. Би тэгээд тэр уурандаа гадаа хашаанд байсан цагаан өнгийн машиныг байшингийн үүдэнд байсан блокоор салхины шилийг нь хагалаад хажуу хоёр толийг нь өшиглөж хугалаад хашаанаас гараад явсан юм. Тэгээд би тэндээс дэлгүүр ороод тэнд Дархан явах машинтай замын хүмүүс дээр байхаар нь тэр машинд суугаад Дархан явсан. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

15.Шүүгдэгч Г.Тамирын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 201718000092 дугаартай эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх“ гэмт хэрэг үйлдснээр зүйлчилж, тухайн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ашбагад овгийн Ганболдын Тамирыг гэм буруутайд  тооцсугай.

2. Ганболдын Тамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг блокыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар устгалд оруулах, 1 хос шар өнгийн пүүзийг мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Тамирт буцаан олгохоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Г.Тамир нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг удаа хуулиар тогтоосон хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч  Г.Тамирт мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болт шүүгдэгч Г.Тамирт урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор бусад оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НАЦАГДОРЖ