Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/454

 

 

 

 

 

       2021           5           13                                        2021/ДШМ/454

 

Р.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадралын давж заалдах гомдлоор шүүгдэгч Р.Бд холбогдох 1908064771621 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжны 112 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Этай “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газар нь тохойгоороо цохиж зодон бие махбодид нь “...баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдахуун гадагшлалт...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин овогт Рэнцэндавгын Р.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Быг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Э цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сар 02-ны өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн хувьд:

2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шүүгдэгч Р.Б нь хохирогч Х.Эгын нүүр хэсэгт нь тохойлдож хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Б нь хамтран амьдрагч Х.Эгийн биед үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Р.Быг хохирогч Х.Этай хамтын амьдралтай байсан, нэг гэр бүлийн гишүүд, цаашилбал шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчлэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь шүүгдэгч Р.Б өөрийн эхнэр, тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Бадгэрэлтэй маргадсан байх үедээ тус гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Хавтаст хэргийн 46 дугаар талд Бадгэрэл нь гэрчээр мэдүүлэхдээ “Р.Б бид хоёр 2013 оноос хамт нэг гэрт хамт амьдарч байгаа 2019 онд үл ойлголцон маргалдсан байх үед гэмт хэрэгт холбогдсон юм байна лээ” хэмээн мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч Р.Б нь би хохирогч Х.Эг урьд нь таньдаг байсан гэр бүлийн харилцаатай биш эхнэртэйгээ маргалдчихсан байх цаг үед надтай холбогдоод хятад махны үйлдвэрт ажил байна ажилд орох уу гэхээр нь тус үйлдвэрт ажилд орж, нэг үйлдвэрт хамт ажиллаж байсан. Хохирогчийн гэр миний ажиллаж байсан махны үйлдвэртэй ойрхон ба ажил оройтож дууссан үед тэднийд ороод хоночихдог байсан бусад үед эгчийндээ очоод хонодог байсан гэдэг.

Дээрх нөхцөл байдлыг харахад шүүгдэгч Р.Б болон хохирогч Х.Э нарыг хамтын амьдралтай байсан гэр бүлийн гишүүд хэмээн үзэхгүй юм.

Учир нь шүүгдэгч хохирогчийнд ажил оройтож тарсан үед хохирогчийн гэр шүүгдэгчийн ажлын байртай ойрхон байдаг тул хол явахгүйгээр амарчлан хонодог байсан ба бусад үед нь эгчийндээ очиж хонодог байсан нөхцөл байдлыг гэр бүлийн гишүүн хамтран амьдрагчид хэмээн үзэхгүй ба өөрийн эхнэр Бадгэрэлтэй гэр бүлийн харилцаагаа дуусгаагүй маргалдсан байсан болно.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь өөрийн эхнэр Бадгэрэлтэй тухайн цаг үед аливаа асуудал үүсгэж хууль шүүхийн байгууллагаар шалгагдах байдалд орлоо гэж бодоход мөн л шүүгдэгчийг гэр бүлийн гишүүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэх ба энэ нөхцөл байдал өөрөө хууль зүйн хувьд эргэлзээтэй шүүгдэгчид ямар ч тохиолдолд ашиггүй юм.

Шүүгдэгч нь Р.Б нь хохирогчийнд өмнөх амьдарлаа бүрэн дуусгаж нүүж очоогүй, цаашид хамт амьдарна гэж хоорондоо ярилцаж байсан болохоос биш тогтвор суурьшилтай хамтын амьдрал бодитоор шүүгдэгч, хохирогч нарын дунд үүсээгүй ярилцаж л байсан байдаг. Энэ талаар хохирогч Х.Э мэдүүлэхдээ цаашид хамтран амьдарна хэмээн ярилцаж байсан талаар мэдүүлсэн байдаг.

Мөн шүүгдэгч хавтаст хэрэгт авагдсан зарим гэрч рүү хэрэг болохоос өмнө залгаж би ийм хүүхэнтэй танилцсан хэмээн яриж байсан байдаг ба хохирогч Х.Этай хамтран амьдарч байгаа талаар яриагүй байдаг.

Дээр дурдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлд хамаарч байх тул тус шийтгэх тогтоолд заасан шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Дээр дурдсан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь заалтад зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж гэм буруутайд тоооцсон байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаангүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эрүүгийн хуулийг зөв хэрэглэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралд оролцсон болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга хүчирхийлсэн байх үндсэн суурь ойлголттой байх талаар хууль тогтоогч хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуульд хуульчлахдаа гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдээд байх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Гэхдээ Эрүүгийн хуулийн тодорхой тооны гэмт хэргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн бол байнга гэх дээрх шинжийг шаардахгүйгээр хүндрүүлэн зүйлчлэлэхээр хуульчилсан байдаг.

Аливаа гэр бүлийн хүчирхийлэл нь тодорхой хугацааны явцад зан харилцааны таагүй болон бусад таарамжгүй байдлын сөргөлдөөн далд, давтагдаж, даамжирсанаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдалд хүргэдэг онцлогтой гэмт хэрэг юм.

Учир нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол нэг өдөр үүсдэггүй таарамжгүй харилцаа, таагүй уур амьсгал тодорхой хугацааны туршид үргэлжлэн хуримтлагдасны үндсэн дээрээс үүсэж үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн гэрт ажлаа оройтож тарахаас бусад нөхцөлд байнга хамтдаа байхгүй байдаг байсан ба шүүгдэгч хохирогч нарын хооронд аливаа маргаантай асуудал, таагүй уур амьсгал үүсээгүй, мөн үүсэх боломжгүй бага хугацааны дотор буюу шүүгдэгч хохирогч нэг махны үйлдвэрт ажиллаад 2 сар гаруй болсон байдаг.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэргийг харахад гэр бүлийн үйлдсэн хүчирхийлэл гэх дээр шинжгүй байгаа нь тодорхой харагддаг.

Мөн анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгчийг үл ялих зүйлээр шалтаглан тус гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн байдаг.

Үл ялих зүйлээр шалтаглах гэдэг ойлголтыг 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа хууль зүйн хувьд бусдыг үл ялих зүйлээр өдөөн хоргоож, яг тухайн цаг үед үүссэн жижиг асуудлыг дэвэргэж томруулан улмаар гэмт хэрэг үйлдэх хэмээн тайлбарласан байдаг.

Тус гэмт хэргийн хувьд шүүгдэгч болон хохирогч нар нэг үйлдвэрт ажиллаж байсан өмнө нь танилууд байсан тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл шалтгаан нь шүүгдэгчийн цалингийн картыг хохирогч авчихаад өгөхгүй байсан ба шүүгдэгч картаа нэхээд өгөхгүй болохоор хамт сууж байгаад босохдоо хохирогчийн нүүрэн хэсэгт тохойлдсоноос үүдэн хохирогчийн биед хүнд хохирол учруулсан байдаг.

Дээрх нөхцөл байдлыг харахад шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй ба шүүгдэгч өөрийн өмчлөлийн картыг өөртөө өгөхийг шаардаж эхэлснээр тус гэмт хэрэг гарах шалтгаан болсон байдаг.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж өгөхийг хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг тайлбарлахдаа шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь заалт дээр маргасан нь гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх үндэслэл болсон хэмээн танилцуулж тайлбарласан байдаг.

Харин цаасан хэлбэрээр ирсэн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг хэдийгээр шүүгдэгч Р.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч түүний үйлдлийн улмаас хор уршиг арилаагүй хэмээн дүгнэсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих тохиолдолд хамаарахаар хуульчилсан байдаг.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан тус шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн цаашид гарах хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Р.Б хувийн байдлын хувьд өөрийн төрсөн эгчийн элэгний донор болсон ба өөрийн элэгний 65 хувийг төрсөн эгчдээ өгч, өөрөө 35 хувийн элэгтэй үлдсэн байнгын эмчийн хяналтад байдаг шүүгдэгч юм.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаангүй, мөн анхан шатны шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч болон түүний ах дүү нарын зүгээс хохирогчийн эмчилгээнд тусалж хор уршгийг арилгах талаар бүхий л арга хэмжээ авах талаар илэрхийлээд байгаа, мөн шүүгдэгчийн өөрөө төрсөн эгчийнхээ элэгний донор болсон, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын доод хэмжээнээс эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар Р.Б, Х.Э нар нь хамтран амьдарч байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзэхэд нь Тунгалаг гэх хүнтэй гэрлэлтийн бүртгэлтэй байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Бадгэрэл гэх хүн “манай нөхөр байгаа юм” гэж мэдүүлдэг боловч 2019 оны 8 дугаар сард маргалдаж, улмаар тусдаа амьдарч, сүүлд Х.Этай хамтран амьдарч байсан нь тогтоогддог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хамтран амьдрагч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаар хуульчилсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хамтран амьдрагчийн биед халдсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр заасан. Тиймээс тухайн үед 2019 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх өдөр хүртэл Р.Б, Х.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдарч байсан нь тогтоогдсон учир түүний үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж дүгнэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх хүлээж аваад шүүгдэгчид 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг прокурорын зүгээс тохирсон гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзан ял оногдуулахаар хуульчилсан. Хүний нүд сохорсон хор уршиг учирсан үйл баримт байгаа тул үүнд 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжны 112 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Этай “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газар нь тохойгоороо цохиж зодон бие махбодид нь “...баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдахуун гадагшлалт...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Эгийн...Би Р.Б гэх хүнтэй 2015 онд танилцаж байсан. Бид дундаасаа хүүхэдгүй, хоорондоо ярилцаж тохироод 2019 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 1-112 тоотод байх хашаа байшинд хамтран 4 сар гаруй амьдарсан. Р.Б нь заримдаа согтууруулах ундаа зүйл хэрэглэдэг. ...2019 оны 11 дүгээр сарын 5-ны орой 22 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 1-112 тоотод буюу гэртээ орон дээрээ сууж байтал хамтран амьдрагч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд миний баруун гар талд орон дээр суучхаад надаас архины мөнгө нэхээд “мөнгө өгчих” гэхээр нь би “чи яагаад архи уугаад байгаа юм бэ, юун мөнгө нэхээд байгаа юм бэ, мөнгө өгч чадахгүй” гэж хэлтэл Р.Б уурлаад “чамд мөнгө байгаа надад өгчих” гээд миний баруун талын нүд рүү зүүн талын тохойгоороо нэлээн хүчтэй цохисон. Тэгсэн миний баруун талын нүд харанхуйлаад байхаар нь би “чи миний баруун талын нүд рүү цохичихлоо” гэхэд Р.Б “сүртэй юм бэ, ганц цохиод юу гэж нүд харахгүй болж байдаг юм” гэж хэлсэн. ...Р.Б надаас мөнгө нэхээд байхаар нь би өгөхгүй, байхгүй гэж хэлтэл уурлаад зүүн талын тохойгоороо баруун талын нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. ...2019 оны 8 дугаар сараас Р.Б бил хоёр манай гэрт хамт амьдарчсан бөгөөд цаашид гэр бүл болж хамт амьдарна гэж ярилцаж байсан. ...Би хараагүй болсон нүдээ авхуулж протез хийлгэхэд 6.000.000 орчим төгрөг болно гэсэн. Мөн би махны үйлдвэрт ажлаад сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би нүдээ гэмтээлгэснээс хойш 14 сар ажилгүй байсан. Энэ хугацааны мөнгийг нэхэмжилж байна. ...” /хх 25-27, 30, 33/,

гэрч Г.Чийн “...2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр би хичээлээсээ тараад гэртээ байж байтал манай ээж Э миний утас руу залгаад “ээж нь нүдний хагалгаанд орох гээд байна, хүнд баруун нүдээ цохиулчихсан, миний охин хүрээд ир” гэж хэлэхээр нь би ээжийн хагалгаанд орох гэж байсан “Орбит” нүдний эмнэлэг дээр очоод ээж бид хоёр нүдийг үзүүлтэл эмч нь “яаралтай хагалгаанд ор” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө нүдний хагалгаанд орсон. ...Сүүлд эмнэлгээс гарсны дараа надад ээж Э “Бүрнээ ах чинь намайг орон дээр сууж байх үед хажууд согтуу суугаад миний баруун нүд рүү зүүн талын тохойгоороо цохичихсон” гэж хэлж байсан. ...Миний ээж, аав хоёр 11 жилийн өмнө салаад тусдаа байдаг. ...2019 оны 9-10 дугаар сарын хооронд 2 удаа ээж дээр очиход Р.Б гэдэг хүн байсан бөгөөд Ээж “бид хоёр хамт амьдарч байгаа, архи дарс уудаггүй, гайгүй хүн” гэж надад хэлж байсан. ...” /хх-41-42, 44/,

гэрч Р.Цгийн “...2019 оны 7, 8 дугаар сарын үед Р.Б над руу согтуу яриад “би Эмээлтэд махны үйлдвэрт ажиллаж байгаа, би ийм хүүхэнтэй танилцсан” гээд нэг согтуу хүүхэн яриулаад байсан. ...Тэр эмэгтэй нь Х.Э гэдэг хүүхэн юм байна лээ. 2020 оны 1 дүгээр сард Р.Б над руу яриад би “Х.Эгийн нүдийг цохичихлоо, эргээд өгөөч” гэхээр нь би 2 дугаар эмнэлэг дээр очсон чинь байхгүй “Орбит” гэдэг эмнэлэгт байсан. ...” /хх 48/,

шинжээч эмч Ц.О “...Дээрх дурдсан дүгнэлтэд 65% тогтонги гэж нүдний гэмтлийг заасан байдаг. Х.Эгийн баруун нүд бүрэн хараагүй болсон байсан. Болсон хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 5-нд гэсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн. Хэсэг газрын үзлэгээр баруун нүдний алим ширгэсэн, хүүхэн хараа цайсан, амбулаторийн картаас 2019 оны 11 дүгээр сарын 06, 12, 09, 11, 13, 18-ны өдрийн нүдний эмчийн үзлэгийг дүгнэж дүгнэлт гаргасан. Зөөлөн эдийн няцрал цус хуралт шимэгдэж эдгэрсэн тул хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч 1 удаагийн тохойн ар хэсгээр цохих үед үүссэн байх боломжтой. ...” /хх-56-57/,

Р.Бын яллагдагчаар өгсөн “...Тэгээд би ажил хийгээд Эгийн гэрт 2-3 сар амьдарсан. Энэ хооронд бид хоёр бэлгийн харьцаанд 2 удаа орсон. Бид хоёр маргалдаад орон дээр сууж байсан. Э хэрүүл хийгээд байхаар нь “Би явлаа, чи дуугүй бай” гээд зүүн тохойгоороо тохойдсон чинь Эгийн баруун нүд орчимд цохисон. Э нүдээ дараад байхаар нь би гарсан. Этай муудалцаад хэрүүл хийж байгаад болгоомжгүй тохойгоороо цохисон чинь нүдэнд нь цохисон. ...” /хх 65-72/ гэсэн мэдүүлгүүд,

“...Х.Эгийн биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдахуун гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3375 дугаартай дүгнэлт /хх 53-55/,

хохирогчийн “Орбита” эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх /хх 173-181/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 183-186/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Р.Бын хамтран амьдрагч Х.Этай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Р.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадралын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Р.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, баруун нүд хараагүй болж хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч А.Очбадрал нь “...Р.Б нь Х.Э гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нэг гэр бүлийн гишүүд биш. Хамтран амьдраад 2-3 сар болж байсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г хамааруулахаар хуульчилсан ба энэхүү хэргийн шүүгдэгч Р.Б, хохирогч Х.Э нар нь хамтран амьдрагч нар тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Р.Б нь хохирогч Х.Этай нэг гэрт амьдарч байх үедээ архины мөнгөн өгсөнгүй буюу гэр бүлийн шинжтэй маргаанаас үүдэн, улмаар нүүрэн тус газар нь тохойгоороо цохисон байх тул Р.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Х.Эгийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Р.Бын 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ