| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1426/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1705 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1705
2025 07 02 2025/ШЦТ/1705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Л.Содбаяр (томилолтоор);
шүүгдэгч: Х.О;
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Ариунзаяа;
Хэргийн дугаар: 2502000390197;
Шүүгдэгч Х.О-ийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Х-ийн ахлах нягтлан бодогч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-ийн байранд зурагт авалт хийх, тоглолтын үйл ажиллагаа явуулах зэрэг түрээсийн үйлчилгээ авсан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн түрээсийн төлбөр болох нийт 21.002.000 төгрөгийг Х-ийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэлгүй, өөрийн эзэмшлийн Хаан банкны ..., ... тоот данснуудаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Х-д 21.002.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр/
Нийслэлийн прокуророос Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-ийн “...Х- нь Нийслэлийн харьяа төсөвт байгууллага буюу Нийслэлээс санхүүждэг. Ерөнхий боловсролын сургуулиас гадуур дугуйлан, сургалт зэрэг 23 ангилалд жилдээ 1800-2000 хүүхэд суралцдаг. Манай байгууллагын хувьд хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр авдаггүй бөгөөд жилд Нийслэлийн төсөвт 12,300,000 төгрөгийн төсвийг бүрдүүлдэг. 2024 оны нийт батлагдсан төсөв нь 1,535,008,000 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар захирал 1, 50 албан хаагч ажиллаж байна. Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоолоор тухайн жилд хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэхийг тогтоож өгдөг бөгөөд манай байгууллагын 2020 оноос хойш 12,300,000 төгрөгийн орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг даалгасан байдаг. Үүний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад заал талбайг түрээслэх үйл ажиллагааг зохион байгуулж орлогыг Х-ийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлж жилийн эцэст 12,300,000 төгрөгийг Нийслэл рүү шилжүүлж илүү орлогыг хүсэлт гаргаж үйл ажиллагааг зарцуулах зөвшөөрлийг авдаг юм. 2025 оны 2 дугаар сарын 26-нд дотоод журмаа шинэчлэн батлахдаа Ёслолын тахим цагийн 250,000 төгрөг, орд галерей өдрийн 300,000 төгрөг гэж түрээсийн үйл ажиллагааны төлбөрийг тусгаж өгсөн. Үүнээс өмнө ямар нэгэн тогтсон төлбөрийн хувьд журам байдаггүй байсан. Гэхдээ урлагийн заал цагийн 250,000 төгрөг, зураг авалт 100,000 төгрөг гэх байдлаар тогтоож явсан. Тухайн түрээсийн үйл ажиллагааг санхүүтэй холбоотой учраас ахлах нягтлан бодогч Х.О-т 2019 оноос хойш хариуцуулж өгсөн. Х.О- түрээслэгчтэй уулзаж төлбөрийг тохиролцох, түрээсийн орлогыг Төрийн санд төвлөрүүлэх, жилийн эцэст Нийслэлийн төсөвт шилжүүлэх, бүртгэл хөтлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцдаг байсан. Х- 1 нягтлан бодогчийн орон тоотой бөгөөд ахлах нягтлан бодогч Х.О- нь 2016 оноос 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Нягтлан бодогчийн хувьд санхүүтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцах үүрэгтэй. Х.О- нь тухайн хариуцсан түрээсийн үйл ажиллагааны орлогыг Х-ийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Өөрийнхөө хувийн дансанд шилжүүлж авч байсан талаар огт мэдээгүй. Хэрвээ дээрх мөнгийг өөрийн дансаар шилжүүлж аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол хохирол болох 21,002,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Б 2022 онд Дотоод хяналт, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд түрээсийн үйл ажиллагаанд оролцох талаар үүрэг чиглэл өгч байгаагүй. Харин хуулийн асуудал хариуцсан ажилтны хувьд гэрээ, тушаалын төслүүдийг хянах чиг үүрэгтэй ажилладаг байсан. Э.Б-ий хувьд түрээсийн үйл ажиллагаанд оролцох ямар чиг үүрэг байхгүй бөгөөд миний хувьд түрээсийн үйл ажиллагааг хариуцуулж өгөөгүй. Санхүүтэй холбоотой буюу түрээстэй холбоотой бүх асуудлыг ахлах нягтлан бодогч Х.О-т хариуцуулсан. Билгүүний тухайд ямар учраас түрээсийн орлогыг өөрийн дансаар авсныг мэдэхгүй байна. Учирсан хохирол төлбөрийг гаргуулж Х-ийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 61-62),
Гэрч Г.М-ын “...Би Х.О- гэх хүнийг танихгүй. Д.У- гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хурмын зураг авалтаа Х-ийн дотор нь хийсэн. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар Х- дээр очиж байгаагүй. Тухайн газар хурмын зураг авхуулдаг гэхээр нь утасны дугаарыг нь олж аваад 1 цагийн 350,000 төгрөг гэхээр нь тэр мөнгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед яг ямар хүнтэй ярьсан талаараа санахгүй байна. Утасны дугаараар нь яриад цагийн 350,000 төгрөг гэхээр нь тэр данс руу нь мөнгийг шилжүүлсэн. Х- дээр очиход манаач нь оруулсан. Гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Ямар нэгэн баримт үйлдээгүй. Утсаар ярьсан хүн эмэгтэй хүн байсан бөгөөд өөрөө цагийн 350,000 төгрөгийн ханштай байдаг талаар хэлсэн. Хас банкны ... тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “7.2ni 9tsag/...” гэх утгаар 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгө нь дээрх зураг авалтын төлбөрийг төлсөн гүйлгээ юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 64),
Гэрч О.Б-ийн “...Би Х.О- гэх хүнийг огт танихгүй. Тэр хүнтэй ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Х-ийн захирал Д.У- гэх хүнийг танихгүй. Х-өөс ямар ч хүн танихгүй. 2023 оны 9 дүгээр сард Шинэ оюутныг дэмжих хөтөлбөр явагддаг бөгөөд Оюутнуудад үзүүлэх видео хийж гүйцэтгэж байсан. Тэр контентын агуулга нь төрөл бүрийн мэргэжил сонгосон оюутны амьдралыг харуулах байсан бөгөөд тэрний нэг дүр болох урлагийн оюутны амьдралыг харуулахаар тайзтай видеоны хэсэг хийх болоод тайзтай хэсгийн зураг авах зорилгоор Хүүхдийн урлан төв дээр очоод яг хэнтэй уулзсаныг санахгүй байна тайзан дээр 30-40 минутын зураг аваад гарсан. Надтай хүн ирж уулзаагүй. Тухайн үед утсаар яриад тохиролцоод зураг авалтаа хийгээд тэр хүний өгсөн данс руу нь мөнгийг нь шилжүүлсэн. Заалны хаалгыг манаач онгойлгож өгсөн байх гэж бодож байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Зураг авалтыг хийхдээ гэрээ хийдэггүй тухайн үед ярилцаад явдаг. Төлбөрийг өөрийн дансаар тухайн хүний өгсөн данс руу нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “Зураг авалт” гэх утгаар 100,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь тухайн Х-ийн тайзтай зааланд зураг авалт хийсний хөлс болгон ашигласан төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 67),
Гэрч Б.Г-ийн “...Х.О- гэх хүнийг огт танихгүй энэ хүнтэй ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэдэг хүнийг танихгүй. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхнэр ... бид хоёр хуримын зургаа авхуулаад явж байсан. Тэр үед зураг авч байсан зураглаач маань Х- дотор зураг авах боломжтой гоё талбай байдаг гэхээр нь Х- дээр очоод зураг авхуулахаар өмнөх өдөр нь очоод манаачтай уулзахад энэ хүн рүү ярь гээд нэг утасны дугаар өгсөн. Тэгээд тэр хүнтэй ярихад цаг нь 200,000 төгрөг байдаг гээд хуримын зураг авалт угаасаа 2 цаг орчим болно чи 350,000 төгрөгийг энэ данс руу хийчих гээд нэг дансны дугаар өгөөд утасны дугаараа бичээд шилжүүлчих гэсэн. Тухайн хүний өгсөн данс руу нь 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд зураг авалтаа хийгээд дуусгасан. Манаач нь надад өгсөн дугаараар яриад тухайн хүний өгсөн данс руу мөнгийг шилжүүлсэн. Яг ямар албан тушаалтай хүн байсан талаар мэдэхгүй байна. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Төлбөрийг тэр хүний хэлсэн дүн буюу 350,000 төгрөгөөр тохирсон. Хаан банкны ... тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “...” гэх утгаар 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ шилжүүлсэн гүйлгээ нь дээр хэлсэн хуримын зураг авалт хийлгэх үедээ тухайн газрыг ашиглаж төлсөн төлбөрийн мөнгө юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 71),
Гэрч Л.Б-ын “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. Манай студиүдээс хүүхдүүдэд зориулж үнэгүй поп оркестрын тоглолтыг Х-ийн тоглолтын тайзан дээр зохион байгуулахаар болоод манай гүйцэтгэх П Х-ийн ажилтантай явуулах үйл ажиллагаа, төлбөрийн талаар ярилцаж тохиролцсон. Тоглолт болохоос өмнөх 2 удаагийн бэлтгэл болон тоглолт нийлээд 1,000,000 төгрөгийн төлбөрийг тэдний өгсөн данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулсан зүйл байхгүй. Төлбөрийг тухайн газраас хэлсэн үнээр тогтоож өгсөн. Хаан банкны ... тоот данснаас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “Anir studies, huuhdiin toglolt” гэх утгаар 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх гүйлгээ нь Х-ийн заал ашигласны төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 74),
Гэрч А.С-ийн “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 05 дугаар сард Плехановын нэрэмжит 11-р ангийн хүүхдүүд төгсөлтийн баярын зургийн цомог хийх үүднээс Х-ийн зааланд зураг авхуулах болсон. Миний хувьд хүүхдүүдийн төгсөлтийн мөнгийг хурааж байсан бөгөөд нэг хүүхдийн аав нь Х-тэй холбогдоод зураг авахаар болсон энэ данс руу мөнгө хийгээрэй гэж хэлээд дансны дугаар өгсөн бөгөөд тэр өгсөн данс руу нь 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэг хүүхдийн аав нь тэр данс руу мөнгө хийгээрэй гэж хэлсэн. Тэр өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Хаан банкны ... тоот данснаас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Х.О-ын ... тоот данс руу “Montaj 11v” гэх утгаар 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ манай хүүхдийн ангийнхан төгсөлтийн зураг авхуулах зорилгоор хийсэн Х-ийн заалны түрээсийн төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 77),
Гэрч Л.Г-ын “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын нутгийн зөвлөлийн уулзалт болоод Х- дээр 1 цаг орчим болсон. Тухайн түрээсийн төлбөрийг нь төлөөд үйл ажиллагаагаа явуулсан. Тухайн арга хэмжээг зохион байгуулах талаар мөнгө шилжүүлсэн хүнтэй ярьсан. Гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Тухайн газрын түрээсийн төлбөрийг ярилцаж байгаад тохирсон. Хаан банкны ... тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Х.О-ын ... тоот данс руу “түрээс” гэх утгаар 300,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад ашигласан заалны түрээсийн төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 80),
Гэрч Г.Д-ын “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. Х-ийн зааланд хурмын зураг авалтаа 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. Тухайн газарт зураг авалт хийхээр өмнө нь манай эхнэр бид хоёр утсаар нь холбогдоод өгсөн данс руу нь 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Утсаар ярьсан хүн ямар хүн байсныг санахгүй байна. Тэр хүний өгсөн данс руу нь мөнгийг нь шилжүүлээд тухайн зураг авах өдрөө очиход манаач нь оруулаад бид нар зургаа авхуулаад гарсан. Тухайн дансны дугаар өгсөн хүнтэй утсаар байх гэж бодож байна. Гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Тухайн хүний хэлсэн 350,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “MM:25 nii 10 tsagt zurag avalt ...” гэх утгаар 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь зураг авалтын заалны түрээсийн төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 83),
Гэрч Б.С-ын “...Би Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын сүүлээр хуримын зураг авхуулах болсон. Тэгээд фитнест хамт явдаг байсан эмэгтэй Х- дээр зураг авхуулахад гоё газар байсан гэж хэлсэн. Тэгээд Х-ийн утсаар нь холбогдоод нэг цаг нь 350,000 төгрөг гэж хэлээд өгсөн данс руу нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Зураг авалтаа 8 дугаар сарын 25-ны өдөр очиж хийсэн. Утсаар ярьсан хүнийг ямар хүн байсан талаар сайн мэдэхгүй байна. Гэрээ байгуулсан зүйл байхгүй. Өөрийнх нь хэлсэн 350,000 төгрөгийг нь өгсөн данс руу нь шилжүүлсэн. Хаан банкны ... тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “Huuhdiin urlan- 08.25 nii 13:00-...” гэх утгаар 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Зураг авалтын төлбөрийг тухайн өгсөн данс руу шилжүүлсэн гүйлгээ юм. ... гэсэн дугаар нь манай нөхрийн утасны дугаар юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 86),
Гэрч Б.Г-ийн “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй. Манай Сити их сургуулийн төгсөх курсийн дуулаачийн оюутнууд жил болгон тоглолт хийдэг юм. Үүнтэй холбоотой тоглолт хийх газруудыг судалж байсан. Тэгээд анх удаа Х-ийн том тайзтай заалыг сонгосон. Учир нь төлбөрийн хувьд хямдхан, манай сургуультай ойрхон байсан. Тэгээд би очиж жижүүртэй нь уулзахад нэг хүний дугаар өгсөн тэр хүн нь нягтлан бодогч гэх эмэгтэй 2 давхарт нь байсан. Тэгээд тоглолт хийх талаар ярилцаад 2 цагийн үйл ажиллагаа явуулахад 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэр эмэгтэй дансны дугаар өгөөд урьдчилгаагаа шилжүүлчих гэсэн. Тэгээд би өгсөн данс руу нь “урьдчилгаа сити” гэх утгаар 500,000 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 21-нд болж дуусаад 5 дугаар сарын 24-ний өдөр нөгөө хүн рүү ярихад үлдэгдэл мөнгийг өгсөн данс руу “Кондишн” гэх утгаар хийчих гэхээр нь тэр данс руу нь 500,000 төгрөгийг тэр хэлсэн утгаар нь шилжүүлсэн. Х-ийн 2 давхарт суудаг эмэгтэй хүн байсан. Би ойлгохдоо санхүү хариуцсан хүн гэж бодсон. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. 1,000,000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Дээрх 1,000,000 төгрөгийн гүйлгээ нь Сити их сургуулийн дуулаачийн төгсөх оюутны тоглолтын тайз түрээсийн төлбөр гэх утгаар шилжүүлсэн мөнгө юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 89-90),
Гэрч М.А-ны “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. Би 2023 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл Ваюу эрт ХХК-д гэрээт ажилтнаар Зургийн албанд ажилладаг байсан. 2023 оны зун Вивант гэх кино зураг авалт хийж байсан бөгөөд тухайн киноны зураг авах газраар Х-ийн 2 давхрын заалыг сонгоод 2023 оны 07 дугаар сард 1 өдөр бүтэн зураг авалтуудаа хийсэн. Тухайн объектын зураг авалтын түрээсийг 3,000,000 төгрөгөөр тохиролцоод мөнгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн. Яг ямар албан тушаалтантай уулзсан талаар санахгүй байна. Тухайн түрээсийн төлбөрийг тухайн хүний өгсөн данс руу шилжүүлсэн. Тухайн заалны түрээсийг Х-д өгч байна гэж ойлгосон. Гэрээ, хэлцлийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн төлбөрийг 3,000,000 төгрөг болох талаар тухайн Х-ийн ажилтнаас хэлсэн. Хаан банкны ... тоот данснаас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “Урлан түрээс” гэх утгаар 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь дээрх кино зураг авалтын заалны түрээсийн төлбөр юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 94),
Гэрч Н.О-н “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гэр нүүдлийн музей төслийн нээлттэй үзэсгэлэнг Х-ийн төв үзэсгэлэнгийн танхимд миний бие зохион байгуулсан явуулсан юм. Манай ажилтнууд Х-ийн заалыг олж өгөөд ажилтантай нь төлбөрийг тохиролцсон байсан. Тухайн үзэсгэлэнгийн заалны төлбөрийг 350,000 төгрөг гэж тохиролцсон. Миний хувьд өөрөө санхүүжүүлж байсан болохоор төлбөрийг өөрийн данснаас шилжүүлсэн. Тухайн данс өгсөн албан тушаалтантай холбогдсон байх гэж бодож байна. Гэрээ хэлцэл хийж байгаагүй. Тухайн үедээ гэрээ хийе гэж хэлж байсан боловч хийгээгүй. Голомт банкны ... тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ гүйлгээ нь үзэсгэлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулах заалны төлбөр гэж шилжүүлсэн гүйлгээ юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 98),
Гэрч Ө.Б-ын “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. 2024 оны 03 дугаар сард Амьдралын минь найз уран бүтээлийн тоглолтод зориулаад дуучин Д, Э бид гурав хамтраад Баярлалаа ээжээ клипний зураг авахаар болоод зураглаачийн хэлсний дагуу зураг авахаар Х- дээр очиж уулзахад манаач нь нягтлан бодогчийн утасны дугаарыг өгсөн. Х-ийн нягтлан бодогч эмэгтэй хүнтэй утсаар яриад 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зураг авахаар болоод 500,000 төгрөгөөр тохиролцоод 3 цаг орчим зураг авсан. Төлбөрийг нягтлан бодогчийн өгсөн данс руу би өөрийн данснаас шилжүүлсэн. Х-ийн нягтлан бодогч эмэгтэй байсан нэрийг нь асуугаагүй. Гэрээ хэлцэл хийж байгаагүй. Төлбөрийг нягтлан бодогчтой ярилцаж тохиролцсон. Хаан банкны ... тоот данснаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу 500,000 төгрөгийг “Б-с” гэх утгаар шилжүүлсэн байна. Энэ шилжүүлэг нь клипний зураг авалтын заалны түрээс юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 105),
Гэрч О.А-н “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр манай компани Пандора брэндийн зураг авалт хийхээр Х-ийн нягтлан бодогчтой утсаар яриад заалыг нь түрээсэлж зураг авахаар болсон. Тухайн зааланд ойролцоогоор 2 цаг зураг авсан бөгөөд төлбөр болох 700,000 төгрөгийг тухайн хүний өгсөн данс руу би өөрийн данснаас шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэх үедээ өрөөнд нь ороод уулзаад шилжүүлсэн. Анх Х-ийн заалыг очиж үзсэн тэгээд зураг авахад боломжтой байсан учраас манаачаас нь ямар хүнтэй холбогдох талаар тодруулахад нягтлан бодогч гэх эмэгтэй хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд өгсөн дугаар руу нь яриад 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр очиж уулзаад зургаа авахаасаа өмнө нягтлан бодогчийн өрөөнд нь орж өгсөн данс руу нь мөнгийг шилжүүлсэн. Гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Төлбөрийг нягтлан бодогчийн хэлсэн үнээр буюу 700,000 төгрөгөөр тохирсон. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2024 оны 1 дугаар сарын 18-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу “Нано фэшн, түрээсийн төлбөр” гэх утгаар 700,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх гүйлгээ нь Х-ийн зааланд зураг авалт хийсэн төлбөр гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг (1хх-ийн 114),
Гэрч Ц.Ж-гийн “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. Манай энтертайнмент 2024 оны 08 дугаар сард рекламын зураг авах болоод жүжигчин зогсоох шат хэрэг болоод ажилчдадаа олох үүрэг өгөхөд Х- дээр шаттай зураг авах газар байна гэж зааж өгсөн. Тэгээд манай ажилчид Х-ийн хүнтэй уулзаж тохиролцоод 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр очиж зураг авалтаа хийсэн. Зураг авалт дуусаад төлбөрийг нь хийх данс гэж өгсөн данс руу нь 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн түрээслүүлэх үйл ажиллагааг нэг эмэгтэй хүн яриад түрээслэхээр болсон талаар манай ажилтан надад хэлсэн. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй зураг авахыг зөвшөөрсөн хүний данс руу өөрсдийнх хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х.О-ын ... тоот данс руу 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх гүйлгээ нь зураг авалт хийсэн талбайн түрээсийн төлбөр юм. Х.О- гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 117),
Гэрч Б.Г-ийн “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. Манай эгч Б.Г-ийн хүүхэд Р.М нь 2024 оны 09 сард хуримаа хийсэн. 2024 оны 08 дугаар сард Мөнхбат нь хуримын зурагт авалттай гадуур явж байхдаа над руу яриад Х- дээр зураг авхуулах гэсэн мөнгө байдаггүй та миний өгсөн данс руу 350,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэхээр нь ... тоот данс руу өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х.О-ын ... тоот данс руу 350,000 төгрөгийг “08” шилжүүлсэн байна. Энэ шилжүүлсэн гүйлгээ нь М.ын шилжүүлээд өг гэж гуйсан мөнгө юм..” гэх мэдүүлэг (1хх-ийн 119),
Гэрч Р.М-ын “..Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хуримын зураг авалт хийлгэхээр Х-д орсон. Тухайн Хүүхдийн урлан бүтээх ажилтан гэх эмэгтэйтэй холбогдоод утсаар нь яриад зураг авах гэсэн юм гэхэд төлбөрийг төлөх дансны дугаар өгсөн. Би тухайн данс руу өөрийнх хэлсэн 350,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зураг авхуулахаар очиход манаач нь оруулсан. Гэрээ хийгээгүй бөгөөд утсаар яриад мөнгөө шилжүүлээд харуул нь оруулсан. Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х.О-ын ... тоот данс руу 350,000 төгрөгийг “08” шилжүүлсэн байна. Б.Г нь миний ээж Г-ийн төрсөн дүү юм. 2024 оны 08 дугаар сард эгчийг гуйж тухайн мөнгө шилжүүлээд өгөөч гэхэд шилжүүлж өгсөн. Энэ мөнгө Х-д хуримын зураг авхуулсны төлбөр гэх утгаар шилжүүлсэн мөнгө юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 121),
Гэрч Н.Б-ийн “..Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. Б гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2022 оны 11 сард хуримаа хийсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сард Х-д очиж хуримын зураг авхуулсан. Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Э.Б-ий эзэмшлийн ... тоот данс руу 250,000 төгрөгийг “...” шилжүүлсэн байна. Хүүхдийн урлан төвд хуримын зураг авхуулсан бөгөөд төлбөр 250,000 төгрөгийг өгсөн данс руу шилжүүлсэн. Тухайн гүйлгээг манай эхнэр С өөрийн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 123),
Гэрч Л.Б-ын “...2022 онд манай Анир под оркестр анх байгуулагдсан бөгөөд бүтэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл хийх шаардлага гарсан үүнтэй холбоотой студийн зааланд багтахгүй учраас Х-ийн тайзан дээр бэлтгэл хийх зорилгоор манай гүйцэтгэх захирал холбогдож тухайн тайзыг ашиглаж байгаа төлбөр гэж байж болох хамгийн бага үнэ буюу ашиглалтын зардал гэж ойлгохоор өдрийн 250,000 төгрөгийг төлөхөөр тохиролцоод 23 хоногийн төлбөр 5,750,000 төгрөгийг тухайн өгсөн данс руу шилжүүлсэн. Гэрээ хэлцэл хийсэн эсэх асуудлыг мэдэхгүй байна. Манай нөхөр одоо ирэх боломжгүй бөгөөд 750,000 төгрөгийг манай нөхөр Хүүхдийн урлан бүтээх рүү шилжүүлсэн..” гэх мэдүүлэг (1хх-ийн 125),
Гэрч Б.Е-ийн “...Х.О- огт танихгүй өр авлагын асуудал байхгүй. Огт танихгүй. Өр авлагын асуудал байхгүй. Манай найз Э-гийн Б над руу яриад миний данс руу 150,000 төгрөг шилжүүлээд нэг хүний данс өгөөд шилжүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэр өгсөн данс буюу ... тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “tvrees ...” гэх утгаар шилжүүлсэн. Гүйлгээний утгыг Б хэлж өгсөн. Миний хувьд Х- дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 128),
Гэрч Э.Б-ний “...Х--д 2021 оны 08 сард ажилд ороод 2023 оны 01 сар хүртэл Дотоод хяналт хуулийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллаж байсан. Манай байгууллагын нягтлан бодогч Х.О- нь намайг байхгүй үед зураг авалт хийх, хуримаа хийж байгаа хүний зураг авалт хийх үед түрээсийн төлбөрийн намайг өөрийн дансаар аваад дараа нь өөр рүү нь шилжүүлчхээрэй гэж хэлээд би тухайн түрээслэх гэсэн хүмүүсээс өөрийн дансаар авсан мөнгөө Х.О-ын данс руу шилжүүлдэг байсан. Би ямар учраас байгууллагын данс руу мөнгийг төвлөрүүлэхгүй байгаа талаар асуухад байгууллагын үйл ажиллагаа буюу үзэсгэлэн болон бусад зардлуудад зарцуулах хэрэгтэй болохоор Төрийн сан руу хийхээр буцааж авч чаддаггүй гэж хэлсэн. Тэрнээс Х.О- бид хоёрт бие биедээ мөнгө зээлсэн зүйл байхгүй. Түрээсийн асуудлаар захирал Д.У- нь оролцдоггүй байсан. Нягтлан бодогч Х.О- түрээсийн асуудлыг хариуцаж байсан. Тогтсон үнэ тариф гэж байхгүй. Тухай бүрд Х.О- руу ярьж асуудаг байсан. Бага хэмжээний түрээс дээр гэрээ хэлцэл хийж байгаагүй. Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 4 сараас 2022 оны 08 дугаар сар дуустал хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 3,352,000 төгрөгийг, мөн таны төрсөн эх Ц.О-ын эзэмшлийн ... тоот данснаас 2022 оны 06 сарын 10, 17-ны өдрүүдэд нийт 800,000 төгрөгийг буюу нийт 4,152,000 төгрөгийг Х.О-ын ... тоот данс руу “zaalnii turees bilgun” гэх утгаар шилжүүлсэн байна. Х-ийн нягтлан бодогч Х.О- нь байхгүй үедээ намайг заалны түрээсийн төлбөрийг аваад өөрийнх нь данс руу шилжүүлж байгаарай гэж хэлсэн. Тэрний дагуу зураг авалт хийх заал түрээслэхээр ирсэн хүмүүсээс төлбөрийг өөрийн дансаар аваад дараа нь Х.О-ын данс руу шилжүүлсэн гүйлгээ юм. Тэрнээс Х.О-тай өр авлагын асуудал байхгүй. Ээжийн данснаас 800,000 төгрөгийг шилжүүлсэн учир нь миний утас эвдэрсэн байсан учраас ээжийг өөрийнхөө мөнгөнөөс шилжүүлээд өгөөч би тан руу дараа явуулъя гэж хэлээд шилжүүлсэн юм. Зөрүүтэй мөнгийг хувьдаа ашигласан бөгөөд энэ мөнгийг нөхөн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 130-131),
Гэрч Б.Б-гийн “...Би Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. Би 2022 оны 06 дугаар сард хуримаа хийсэн бөгөөд хуримын зураг авалт хийх гээд студийн зураглаачтай ярилцахад Х--д гос байршилтай талаар мэдэж авсан. Х- дээр очиж жижүүртэй нь уулзаад зураг авхуулах гэсэн юм гэхэд нэг хүний утас өгсөн. Тухайн утасны дугаар руу холбогдоход нэг эмэгтэй хүн байсан бөгөөд хуримын зураг авхуулж болох уу гэхэд цаг байгаа эсэхийг нягтлаад эргэж яриад 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тэр эмэгтэйн өгсөн данс руу 250,000 төгрөгийг шилжүүлээд очиж эхнэртэйгээ зургаа авхуулсан. Мөн 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дахиж хуримын гэрч болох найзуудтайгаа очиж зураг авхуулаад тэр эмэгтэйн өгсөн данс руу 300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэр эмэгтэй нь хариуцдаг хүн гэж ярьж байсан. Гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Утсаар яриад тохиролцоод өгсөн данс руу мөнгийг шилжүүлсэн. Хаан банкны ... тоот данснаас Х.О-ын ... тоот 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “5 сарын 11нд 10цаг зураг авалт ...” гэх утгаар 250,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “zurag awalt ...” гэх утгаар 300,000 төгрөгийг, нийт 550,000 төгрөгийг шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 165),
Гэрч Л.Ц-ын “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх хүнийг танихгүй. Б гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Миний хувьд кино хийдэг бөгөөд 2022 онд Сорил нэртэй уран сайхны киноны зураг авалтын хэсгийг Х-ийн зааланд хийсэн. Тухайн үед манай зургийн дарга объекттой тохиролцож зураг авалтын төлбөрийн өгсөн данс руу шилжүүлсэн. Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Э.Б-ий эзэмшлийн ... тоот данс руу 1,000,000 төгрөгийг “25-28 nii 17 tsag hurtle zurag avah urdchilgaa” гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг “25-28 зураг авах түрээсийн төлбөр урлан” гэх утгаар нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх хоёр гүйлгээ нь Х-ийн зааланд кино зураг авалт хийсний төлбөрийг төлсөн гүйлгээ байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 168),
Гэрч З.Р-гийн “...Х.О- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Өр авлагын асуудал байхгүй. Д.У- гэх танина. Ивээлтэй монгол аянтай холбоотой уулзаж байсан. Манай Ивээл брэнд үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой үйлдвэрлэл эрхэлдэг юм. Түүний хүрээнд маркетингийн албаныхан 2022 онд Х-д хувцасны зураг авалт хийсэн. Гэрээ байгуулаагүй. Абигэйл ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Э.Б-ний эзэмшлийн ... тоот данс руу 200,000 төгрөгийг “Zurag avalt iveel” шилжүүлсэн байна. Х-д хувцасны зураг авалт хийсний төлбөр гэж шилжүүлсэн гүйлгээ байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 170),
Гэрч Х.О-ын “...Би 1998 оны 01 дүгээр сард Х-д үйлчлэгчээр ажилд ороод 2012 онд туслах тогоочоор ажиллаж байгаад 2020 оноос одоог хүртэл жижүүрээр ажиллаж байна. Жижүүр нь өдөр тутамдаа урлангийн аюулгүй байдлыг хангах, гаднаас орж байгаа хүний хөдөлгөөнд хяналт тавих, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас манай Хүүхдийн урланд зураг авалт хийх, зааланд үйл ажиллагаа зохион байгуулагдах зэрэг үйл ажиллагааг нягтлан бодогч Х.О- хариуцаж ажилладаг байсан. Хүмүүс ирж уулзахаар нь Х.О-тай уулзаарай гэж хэлдэг байсан. Ямар тарифтай байсан, төлбөрийг хэн авдаг байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 172),
Х-ийн ерөнхий захирлын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай “Ажилд томилох тухай тушаалд “...Х.О-ыг төсвийн ахлах нягтлан бодогчоор 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс томилон ажиллуулсугай. Х.О-ыг ажилд орсон өдрөөс нь ТҮ-8 дугаар зэрэглэлээр 2 дугаар шатлалаар цалинжуулж, бусад нэмэгдлүүдийг зохих журмын дагуу олгосугай...” гэсэн тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар (1хх-ийн 181-189),
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт Албан тушаалын тодорхойлолт “Х-, нягтлан бодогч, албан тушаалын ангилал Төрийн үйлчилгээ ТҮ-8” албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1хх-ийн 190-194),
Х-ийн 2024 онд батлагдсан төсөв (2хх-ийн 5-13),
Нийслэлийн засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/34 дугаартай “Х-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” захирамжийн хуулбар (2хх-ийн 95-96),
Х-ийн 2022, 2023 онд батлагдсан төсөв (2хх-ийн 101-113),
Х-ийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай “Х.О-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай тушаалын хуулбар (2хх-ийн 114-115),
Мөрдөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3хх-ийн 38-40),
Арилжааны банкнуудаас ирсэн дансны хуулга (3хх-ийн 41-97),
Иргэний хариуцагч Э.Б-ий “...Зөрүүтэй мөнгийг хувьдаа ашигласан бөгөөд энэ мөнгийг нөхөн төлж барагдуулна. Тухайн мөнгө нь 930,500 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг (3хх-ийн 107-108)
Х.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (3хх-ийн 129-143) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогцоор нь үнэлж дүгнэхэд Нийслэлийн харьяа төсөвт байгууллага буюу Х-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.О- нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдож байна.
Тэрээр төрийн өмчид хамаарах, нийслэлийн төсвөөс санхүүждэг Х-ийн эзэмшлийн заал, танхимыг иргэд, хуулийн этгээдүүдэд зураг авалт, тоглолт, арга хэмжээ зохион байгуулах зориулалтаар түрээслүүлж, холбогдох төлбөрийг байгууллагын дансаар бус өөрийн эзэмшлийн ХААН банкны ... болон ... дугаар бүхий хувийн дансууд руу шилжүүлэн авч, тухайн орлогыг байгууллагын нягтлан бодох бүртгэлд тусгалгүй, ил тод бус байдлаар өөрийн үзэмжээр зарцуулжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-ийн мэдүүлэг болон байгууллагын дотоод баримтаас үзэхэд Х- нь жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд Нийслэлийн төсөвт 12.300.000 төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд түүнээс давсан орлогыг зөвхөн захиргааны зөвшөөрлөөр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулдаг тогтолцоотой байжээ. Түрээсийн үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн эрх мэдлийг 2019 оноос хойш албан ёсоор ахлах нягтлан бодогч Х.О-т шилжүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, холбогдох орлогод бүртгэн тайлагнах үүрэгтэй байсныг холбогдох тушаал, албан тушаалын тодорхойлолтоор нотлогдсон.
Гэвч шүүгдэгч Х.О- нь дээрх үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж байгууллагын өмч хөрөнгийг ашиглуулсны төлбөрийг өөрийн хувийн шинжтэйгээр захиран ашиглаж, тухайн орлого нь төсвийн бүрдүүлэлтэд тусгагдаагүй, байгууллагын хяналт, тайлан бүртгэлд ороогүй, иргэдэд төрийн байгууллагад төлбөр төлж буй мэт ойлголт өгсөн үйлдлүүдийг хийсэн нь эд хөрөнгийг албан бусаар ашиглах, өөрт давуу байдал бий болгох замаар нийтийн албаны ашиг сонирхолд бодит хохирол учруулсан нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Гэрч нарын мэдүүлэгт дурьдсанаар гэрээ байгуулаагүй, төлбөрийг утсаар тохиролцон, шилжүүлэг хэлбэрээр хийсэн бөгөөд ихэнх гэрч дансны эзэмшигч хэн болохыг мэдээгүй, төрийн байгууллагад албан ёсоор төлбөр төлж байгаа гэж ойлгосон талаараа мэдүүлсэн байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон банкны шилжүүлгийн баримтуудыг харьцуулан үзэхэд тусгай зориулалттай (түрээсийн) орлогоос бүрдсэн төлбөрүүдийг албан бус байдлаар хувийн дансанд төвлөрүүлжээ.
Түүнчлэн байгууллагын жижүүр, ажилтнуудын мэдүүлгээр Х.О- нь түрээсийн үйл ажиллагааг өөрөө зохион байгуулж, холбоо барих, нөхцөл тохиролцох, төлбөр хүлээн авах зэрэг үйлдлийг биечлэн хийдэг байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь түүнийг санхүүгийн бүрэн эрх бүхий албан тушаалтны байр сууриа ашиглан өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан нөхцөл байдлыг нотолж байна.
Эдгээр үйлдэл нь Төрийн байгууллагын хөрөнгө болох танхим, заал, байрны талбайг түрээсэлсэн түрээсийн орлогыг албан ёсны бүртгэлд тусгаагүй, төрийн дансаар бус хувийн дансаар авсан, орлогыг захиран зарцуулахдаа байгууллагын хяналт, тайлангаас гадуур ашиглаж улмаар өөртөө хяналтгүй, тайлагнадаггүй давуу байдал бий болгосон байна.
Ийнхүү шүүгдэгч Х.О-ын дээрх үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.О- нь өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, тогтмол ажил хөдөлмөр эрхэлж ирсэн, хэрэг гарсны дараа тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөж одоо тодорхой ажилгүй байгаа, ам бүл 4, хоёр хүүхэдтэй эмэгтэй байна. Хэрэг үйлдсэний дараах түүний хандлага нь гэмшиж уучлал хүссэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хариуцлага хүлээх хүсэлтэй байдалтай, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хуулийн байгууллагатай хамтран ажилласан зэрэг нь түүнийг нийгэмшсэн хандлагатай гэдгийг харуулж байна.
Гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нь ажлын хариуцлага алдсан, хяналт сул, байгууллагын удирдлагын зүгээс тавих хяналт хангалтгүй байсантай холбоотойгоор сэдэлжсэн болох нь нотлогдсон. Мөн шүүгдэгчийн үйлдэл нь төрийн санхүүгийн хариуцлага, ил тод байдал, олон нийтийн итгэлд халдсан, нийгмийн үнэт зүйлсийг зөрчсөн шинжтэй хэдий ч гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах, хохирогч байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх чухал алхам болсон.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнссэн хугацаанд эрх хязгаарлах, тодорхой үүрэг хүлээлгэх нь хорих ялтай харьцуулахад нийгмийн үр дүн илүүтэй. Энэ нь шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, хуулиа сахин амьдрах, гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө үүргээ гүйцэтгэх боломжийг олгож, цаашид гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь ял шийтгэлийн зорилго биелэх бөгөөд нийгэмшүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүү үр нөлөөтэй гэж үзсэн.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Х.О-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналттай ажил эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоов.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.О- нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.У- баримтаар тогтоогдсон хохирол 21.002.000 төгрөгийг төлж барагдуулсан (3хх-ийн 157) тул энэ тогтоолын хүрээнд гаргуулах төлбөргүй болно.
Шүүгдэгч Х.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Иргэний хариуцагч Э.Б-ээс нөхөн төлсөн 930.500 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан Х-д шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгасугай.
Хэрэгт арилжааны банкнаас хавсарган ирүүлсэн 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.О-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналттай ажил эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хассан эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Х.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргасан 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хариуцагч Э.Б-ээс нөхөн төлсөн 930.500 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан Х-д шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ