| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
2025 07 25 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Д.Ч
Хохирогч З.М /цахим/
Шүүгдэгч Э.Анарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Чээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Э А холбогдох эрүүгийн 2540000410040 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын .-ний өдөр У хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Б аймагт үйл ажиллагаа явуулдаг “Нл” ХХК-нд бэхэлгээчин ажилтай, ам бүл 7, эгч, ах, дүү нарын хамт У хот, Н дүүрэг 0 дугаар хороо, З 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 10 хоногоор шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Э А. /РД:УД0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ань Х аймгийн Б сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д уурхайн байрны гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчим З.Мтой маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, баруун нүдний дээд доод зовхины хэсгийн цус хуралт, баруун чамархай хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2 дугаар шүд, доод үүдэн зүүн 1 дүгээр шүднүүдийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Амэдүүлэг өгөхгүй гэв.
2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч З.М мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр шөнийн ээлжинд ажиллаж байсан. Хамт ажилладаг 2 дүүгийн хамт хоолоо идэх гэж явахдаа дуулаад явж байсан. Гэтэл М “яасан чанга дуулдаг пизда вэ” гэж хараасан, тэгээд духанд мөргөсөн. Намайг газар унасан байхад А өшиглөсөн. Э.Аын цалингаас надад өгнө гээд захирал 750,000 төгрөг суутгаж авсан гэлээ. Надад ажиллагаагүй хугацааны цалин хэн ч өгөөгүй. Одоо нэмээд хамар их битүүрч байгаа. Би Атай хохирол нэхэмжилж холбогдож байгаагүй. Би 2 шүдээ хийлгэмээр байна. Судлаад үзэхэд 1 шүд 3 сая төгрөг гэж байсан. Хамраа янзлуулмаар, эмчлүүлмээр байна. Энэ талаар судалсан зүйлгүй. Ажилгүй байсан 5 сарын хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Би эмнэлэгт ер үзүүлээгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Шүүгдэгчид гомдол саналгүй...” гэв.
Эрүүгийн 254000000...дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч З.Мгийн “...Би Х аймгийн Б сумын 6 дугаар багт байрлах 3Дархан фолерут3 ХХК-ны уурхайд 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгаас ирж гүний малтагчаар орсон, би ирснээсээ хойш оройны 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл ажилладаг, шөнө 01-02 цагийн хооронд хоол цай иддэг юм. 2025 оны 02 дугаар сарын 19-ний шөнө хоол цайгаа уухаар 00 цаг 50 минутын үед гарч ирээд О, Ж нарын хамт гал тогооны гэрлүү дуу аялаад явж байхад Б.М гэх залуу амралтын гэрийн хаалгаар шагайж хараад “Яасан чанга дуулдаг пиздаанууд вэ” гэсэн. Би “харин гайгүй зөөлөн дуулж байна” гэж хэлээд цаашаа алхаж байхад Б.М гэрээс гарч ирээд миний духны хэсэгт мөргөсөн, би түлхээд “чи уусан байна шүү” гэхэд намайг хавирч унагаасан, би зөрүүлээд унагааж ноцолдож байхад гэрээс А, М гэх залуучууд гарч ирээд салгасан. Бид хоёрыг босгосон. Тухайн үед А, М, М нар бүгд архи уучихсан байсан. Б.М бид 2 гэрийн хажуу талын чулуун хашлаганы хажууд зогсож, маргалдаж, зууралдаж байгаад А хажууд зогсож байсан. Миний хажуу талын чулуун хашлага нураад би газар унаад тонгойж байхад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Би манараад газар хэвтээд өгсөн, надтай хамт явсан О, Ж нар хажууд байсан...Би яг хэн өшиглөснийг мэдэхгүй байгаа...Миний 2 шүд дундуураа хугарсан, мөн баруун ухархай хэсэгт хугарсан байна гэсэн. ..Би гомдолтой байна, би эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байгаа, сэтгэл санаанд бол учирсан хохирол байхгүй...
“...Б.М миний духны хэсэгт мөргөсөн, тэрнээс нь бол гэмтэл аваагүй. Харин дараа нь А өшиглөхөд харин нүүрэндээ бэртэл авсан, 2 шүд хугарч, ухайрхай хугарсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40, 56 дугаар хуудас/
2.Гэрч Д.Оын “...Шөнө ээлжний хүмүүс хоолондоо орох гээд ажилчдын гэрийн хажуугаар өнгөрөхдөө З.М дуу аялаад явж байхад гэрээс намхан биетэй М гэх залуу “яасан чанга дуулдаг пиздаанууд вэ” гэж хэлсэн. З.М “харин зөөлөн дуулж байна шүү дээ” гэж хэлэхэд М уурлаж гэрээс гарч ирээд “Чи муу ер нь дээрээс хойш юу гээд байнаа” гээд З.Мгийн нүүр хэсэгт мөргөсөн. Ж бид 2 салгасан, З.М “Чи согтуу байна, чамтай маргаж муудмааргүй байна” гэсэн. Гэрээс М, А нар согтуу гарч ирээд Ж бид 2-той маргасан. М, З.М 2 бид нараас арай зайтай хоорондоо ноцолдож барилцаж зодолдсон. Би очиж салгах гэхэд М, А хоёр бид 2-ыг явуулахгүй байсан. М, М хоёр луу салгах гээд явсан, гэтэл юу салгах харин очоод Мгийн нүүр хэсэгт өшиглөсөн. Харин М нуруу хэсэгт өшиглөөд байсан. Хажуу талын гэрээс хүмүүс гарч ирээд тэд нарыг салгасан...Хамраас нь цус гараад нүд нь хавдсан байсан. З.Мг газар унасан хойно А нүүрэнд нь хоёр удаа өшиглөсөн бид нараас арай зайтай байсан болохоор яг хаана нь оносоныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
3.Гэрч Б.Жы “...М гарч ирээд “Чи юу гээд байнаа” гээд З.Мг шууд нүүр хэсэгт мөргөсөн. О бид 2 хамт явж байсан болохоор салгасан, ажилчдын гэрээс М, А гэх 2 залуу мөн гарч ирсэн, З.М, М нар хоорондоо маргаад дахиж барилцаж авсан, О бид 2 салгах гэхэд М, А хоёр бид 2-ыг явуулахгүй байсан, А цаашаа яваад М, М хоёр луу явахаар нь би очоод салгах гэж байна гэж бодсон чинь Мг газар унасан чинь А нүүр лүү нь өшиглөх шиг болсон. Тэр 3 бид нараас арай зайтай байсан юм л даа, гал тогооны гэрээс тогооч болон тогоочийн нөхөр гарч ирээд тэд нарыг салгасан...Би 1 удаа өшиглөж байхыг нь харсан, орой байсан болохоор би А гэх залуу өшиглөсөн гэж харсан...
“..З.М чулуун нурсан хашлаганы хажууд тээглээд унасан чинь Б.М дээр нь нуруу дээр нь дарсан харин Э.Аочоод З.Мг тонгойж байхад нүүр лүү нь өшиглөсөн, З.М “ээ пиздаа” гэж хэлээд босоод нүүрээ таглаад газар хэвтсэн чинь Э.А, Б.М хоёр З.Мгийн нуруу бөөр лүү өшиглөж байхад тогооч эгч нөхөртэйгээ гарч ирээд салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 50 дугаар хуудас/
4.Гэрч Д.Б “..Би очиж салгасан зүйл байхгүй, П.Оюунтүлхүүр гэрээсээ гараад юу болоод шуугиад байгаа юм бэ гэж хэлсэн, би хэн хэнтэй маргаж зодолдсон зүйлийг хараагүй...Гэрүүдийн гадна нараар цэнэглэдэг гэрлүүд байдаг болохоор, үзэгдэх орчин зүгээр байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60 дугаар хуудас/
5.Гэрч П.О “...шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүмүүст хоол хийгээд дуусаж байхад гадаа хүмүүс шуугаад байх шиг байсан, би гэртээ гэрт Д.Батбаатартай хамт байсан юм, тэгээд юу болов гэж бодоод гэрээс гараад “Та нар юу болоод байгаа юм бэ” гэхэд хоорондоо муудаж маргасан байдалтай салаад гэр гэрлүүгээ орсон. Тэгтэл Золоо гэх залуу нь миний шүдийг цохисон гэж хэлээд хоолоо идэхгүй суугаад байсан. Би хэн хэн хоорондоо маргаж зодолдсон зүйлийг бол хараагүй, намайг гараад харахад гэр гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62 дугаар хуудас/
5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн: “1. З.Мгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын мурийлт, баруун нүдний дээд доод зовхины хэсгийн цус хуралт, баруун чамархай хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2 дугаар шүд, доод үүдэн зүүн 1 дүгээр шүднүүдийн хугарал /цөгц хэсэг/ бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид дээрх 2 шүдний хугарал бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Бусад гэмтлүүд нь нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ань 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Х аймгийн Б сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д уурхайн байрны гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Мтой маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, баруун нүдний дээд доод зовхины хэсгийн цус хуралт, баруун чамархай хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2 дугаар шүд, доод үүдэн зүүн 1 дүгээр шүднүүдийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Шүүгдэгч Э.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын биеэ зөв авч явах болон хооронд үүссэн зөрчилтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх чадвар дутсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Боржигин овогт Золзаяагийн Мгийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, баруун нүдний дээд доод зовхины хэсгийн цус хуралт, баруун чамархай хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2 дугаар шүд, доод үүдэн зүүн 1 дүгээр шүднүүдийн хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч З.М нь эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэх боловч хохиролтой холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.Ань энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогч З.М нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Э.Ань 21 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Б аймгийн Баян-Уул суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Н” ХХК-нд бэхэлгээчин ажилтай, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт, У хот, Н дүүрэг 0дугаар хороо, З1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдов.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...тал бүрээс нь харгалзан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,...” санал дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хоёр шүд болон хамраа эмчлүүлэх, ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин нэхэмжилнэ гэж тайлбарласан, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байж хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгчид улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэх тайлбар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ань шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Атайлбарлав.
Хохирогч З.М нь энэ гэмт хэргийн улмаас 2025 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 243,697 төгрөгийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул шүүгдэгч Э.Ааас 243,697 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ань энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Э Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Э А1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ань шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ань торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ад тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.Ань энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.М нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Ааас 243,697 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.
8.Шүүгдэгч Э.Аурьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ