Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор                                                  А.Энхтуяа

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч                   Л.Доржпүрэв

   Хохирогч:                                                    Ч.Билгүүн

   Хохирогчийн өмгөөлөгч                         Р.Атарцэцэг

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Их мээрэн овгийн Лхагваагийн Бат-Очир, Их мээрэн овгийн Очхүүгийн Гантогтох, Борлууд овгийнГанжавын Эрдэнэбаатар нарт холбогдох 201718000056 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын харъяат, 1958 оны 04 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр охины  хамт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 41-624 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их мээрэн овгийн Лхагваагийн Бат-Очир /РД: ЧА58041675 /

2.Монгол Улсын харъяат, 1995 оны 06 дугаар сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их мээрэн овгийн Очхүүгийн Гантогтох /РД: ОЖ95061411/

3.Монгол Улсын харъяат, 1995 оны 08 дугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Борлууд овгийн Ганжавын Эрдэнэбаатар/ РД:ОЖ95081017/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Бат-Очир, О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Алтанбулаг сумын 3 дугаар баг “Их овоо” гэх газарт Оюунчимэгийн малын хашаанд тус сумын иргэн Ч.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааг үүсгэн маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, хохирогчийн биед “дагзны баруун талын цусархаг няцрал, дагзны зөөлөн бүрхүүл доорхи хэсэг газрын цус харвалт, тархи доргилт, тархины даралт ихсэлт, зүүн хөмсөгний доод хэсгийн болон уруулын дотор шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөг, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Л.Бат-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Билгүүнийг би сайн мэднэ олсон зүйлээ хувааж иддэг тийм дотно найзууд байсан. Манай дүүг нас барсанаас хойш манай гэрийхэнг байнга муу хэлж, хулгай хийдэг. Тухайн өдөр Билгүүнээ өтнүүд минь хашаандаа хонио оруул гэхээр нь би чи ийм өт үзсэн юм уу гэхэд намайг эхлээд  цохиж авсан.  Тэгээд цаашаа явхаар нь би араас нь гараараа нэг цохисон. Дараа нь Билгүүнээ намайг хашаанд шахаад хоолой боосон. Тэр үед миний ухаан балартаад өмдөндөө шээсэн байсан. тэгээд аймгтийн төв ороод усанд орсон гэв.

            2.Шүүгдэгч О.Гантогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэр өглөө Билгүүнээ ах хонио гарга гэсэн өтнүүдээ гээд хоёулаа барьцалдаад багалзуурдаад дараа нь би очиж салгасан гэв.

            3.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өглөө би бие засаад эргэж харах хооронд Бат-Очир ах Билгүүнээ ах хоёр зодолдож байсан. Би очоод агаа болио гээд Билгүүнээ ахыг салгасан гэв.

4.Хохирогч Ч.Билгүүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Тухайн өдөр би өглөө 9:20 минутанд очиход Л.Бат-Очир малын хашаандаа байсан. Мориноосоо буугаад хонины хотруу орсон Гантогтох малаа гаргах гэж байсан. Намайг ална гэсэн дараа нь Бат-Очир намайг цохиод дараа нь бүгд намайг нийлж зодсон. Цагдаа дуудах гэсэн чинь Оюунчимэг миний утсыг булааж авсан. Тэгээд толгойныхоо ард гэмтэл авсан. Нүд байнга хатгуулдаг.  Бат-Очир намайг модоор цохисон. Өөр ярих зүйл байхгүй гэв.

            5.Хохирогч Ч.Билгүүний 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2016 оны 12 дугаар сард 10 гаруй тооны хонь, ямаа бэлчээрээсээ алга болсон байсан.Тухайн үед хохины ээлжинд Дулмаа гэгч залуу явж байсан. Тэгээд манай хонь ямаа алга болсныг Дулмаа мэдээд ойр хавийн Оюунчимэг болон Мөнхөө нарынд очиж асуухад байхгүй манай малтай нийлээгүй гээд байсан. Гэтэл 2017 оны 02 сарын 11-нд би хонио хариулаад явж байгаад Оюунчимэгтэй таарсан. Оюунчимэг тухайн үед хонио хариулаад явж байсан. Би малынх нь захаар гарах гэтэл 2016 оны 12 сард алга болсон ямаа, хонь зүсээрээ явж харагдсан. Би малаа харчихаад манай мал танай мал дотор явж байна гэхэд Оюунчимэг малын хулгайч минь чи хүний мал авах гэлээ гэхээр нь би Оюунчимэгтэй малаа нийлүүлж хариулдаг Нямжавыг гэрээс нь утсаар дуудаад мал дээрээ хүрээд ир манай мал танай малд нийлсэн байна гэхэд Нямжав удалгүй марьтой хүрээд ирэхээр нь би өөрийн мал дотроос нь зүсэлж зааж өгөөд эм тамгыг нь үзүүлэхэд Нямжав танай эмтэй мал мөн байна гэхээр нь би мал дотроос нь маргааш өглөө бэлчээрт гарахаас нь өмнө малаа авъя гэж Нямжав, Оюунчимэг хоёртой тохироод салсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 12-ны өглөө 09 цагийн үед өөрийн алга болсон хонь ямаагаа авах гэж Оюунчимэгийнд очтол малаа хашаанаас нь гаргах гэж байхаар нь буцаагаад хонь ямааг нь хашаанд нь оруултал Оюунчимэгийн хүү Гантогтох намайг “чи яасан орой ирдэг юм” гэхээр нь “чамд ямар хамаатай юм” гэхэд Гантогтох намайг заамдаж аваад “чамайг ална шүү” гэхээр нь би “яагаад намайг заамдаад байгаа юм тавиач” гэхэд тавьсан. Тэгэхээр нь би хашааны хаалган доогуур нь шургаад малын хашаанд ортол араас Бат-Очир шургааг модоор шилэн хүзүү толгой дамнуулаад хүчтэй цохиход би урагшаа газар унасан. Тэгээд би газар унаад жаахан ухаан балартаад босох гэтэл Гантогтох намайг татаж босгож ирээд заамдаж нүүр рүү гараараа 2-3 удаа цохитол Бат-Очир бид хоёрын дундуур орж ирээд “чи миний дүүг их зоддог гэсэн гээд миний хоёр шанаа руу ээжилэн цохиод, бас зүүн талын хөмсгийг зад цохьсон. Тэгэхээр нь Бат-Очирыг бариад автал Улаанаа намайг салгах нэрийдлээр миний гарыг бариад тавихгүй, Бат-Очир толгой тархи руу цохиж, төмсөг рүү өшиглөсөн. Тэгтэл Оюунчимэг эгч наад сарлаг халхаа ал малын хулгайчаа хашаанаас гаргаж хая гэтэл Гантогтох, Улаанаа, Бат-Очир нар нь хөл гарнаас дамжилан хонины хашааны дээгүүр нуруугаар минь нэдэрч давуулан шидсэн. Тэд нар намайг зодож байсныг Гантогтохын эхнэр эхнээс нь авхуулаад дуустал нь бичлэг хийж харагдсан. Би босоод морины уяагаа тайлж байхад Оюунчимэг миний малгай дээр дэвсэлж харагдсан. Гантогтох намайг ахиад хойт энгэр рүү малаа бэлчээх юм бол ална шүү гэж заналхийлсэн. Тэгээд би морио мордох гэтэл Бат-Очир салаавч гарган миний ам руу чихээд энийг долоо гээд байсан. Миний бие малгайгаа Гантогтохоос авахад миний малгай нил шүлс болсон байсан. Тэгээд мориндоо мордоод явах гэтэл Оюунчимэг малын төмөр шилбүүрээр миний зүүн талын хавирга руу хатгаад авсан. Тэгээд би төв зам руу очоод морио замын хажууд уяж орхиод Алтанбулаг сум орж эмнэлэг дээр ирж жижүүр эмчид нь үзүүлж эмнэлгийн тодорхойлолт аваад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж толгой тархины зураг авхуулаад, зүүн хөмсөгөндөө нэг оёдол тавиулсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

6.Гэрч Б.Цэрэнсидийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 02 сарын 12-ны өдөр орой 10 цагийн үед гэртээ хүүхдээ хооллоод сууж байтал хадам ээж Оюунчимэг гадаа зодоон болоод байна чи утсаараа бичлэг хий гэхээр нь  гэрээс гараад Бат-Очир ахаас гар утсыг нь аваад бичлэг хийх гэтэл Билгүүнээ ахын зүүн талын хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Тэгтэл бичлэг хий миний биеэс цус гарсан байна одоо боллоо та нарыг цагдаад өгнө гэхээр нь утсаар бичлэг хийх гэтэл Бат-очир ахын утасны цэнэг дуусаад унтарахаар нь “Билгүүнээ ахаа та яасан хэрэггүй юмнаас болоод хэрүүл хийдэг юм та яв” гэхэд “та нарыг цагдаад өгнө” гээд байсан. Бат-Очир ах малын хашаанаас гараад Билгүүнээ чи явахгүй бол морийг чинь тавьж явууллаа гээд мориныхоо цулбуурыг тайлтал Билгүүнээ ах малын хашаа давж гараад мориныхоо цулбуурыг булааж аваад Бат-очир ахыг багалзуурдаж цааш нь түлхтэл Бат-очир ах гарын салаавч гаргаад чи миний дүүд салаавч гаргасан гэсэн чи энийг ав гээд салаавч гаргаад дайраад байсан. Тэгээд Билгүүнээ ах мориндоо мордоод урагшаа төв зам руу явсан ....  гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

7.Гэрч Г.Эрдэнэбаатарын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2017 оны 02 сарын 11-ний өдөр орой 19 цагийн үед морио тэжээх гэж Оюунчимэг эгчийнд очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн үед би бие засаад ирж байх үед Билгүүнээ ах Бат-Очир ахыг малын хашаатай хавсараад багалзуурдаад дараад авсан байсан. Билгүүнээ ахыг болиочээ гээд салгатал Бат-Очир ах газар унаад босч ирээд Билгүүнээг эргээд явах хооронд Бат-Очир ах Билгүүнээг гараараа толгойн ар дагз руу цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь Бат-Очир ахыг боль гээд татаад автал Билгүүнээ ах Бат-очир ахыг заамдаж аваад малын хашаанд шахаад байхаар нь Билгүүнээ ахыг “та яагаад хөгшин хүн цохиод байгаа юм бэ гээд гарыг нь бариад автал Бат-Очир ах Билгүүнээг нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Билгүүнээ ахын зүүн хөмсөгнөөс цус гарч байх шиг байсан. Билгүүнээ ах би цагдаа дуудна та нар надаас цус гаргасан гээд зогсоод байсан. Тэгтэл Бат-Очир ах явахгүй бол морийг чинь тавьж хөөлөө шүү гээд морины цулбуурыг нь тайлтал Билгүүнээ ах малын хашаа давж гарч ирээд Бат-Очир ахаас мориныхоо цулбуурыг авах гэж булаацалдсан. Тэгтэл Бат-Очир ах “чи яагаад миний дүүд салаавч өгдөг юм бэ” гээд Бат-Очир ах Билгүүнээ ах руу салаавч гаргатал Билгүүнээ Бат-Очир ахыг  багалзуурдаад авахаар нь би болон хамт байсан Оюунчимэг эгч Гантогтох нар болиочээ гэхэд Билгүүнээ ах Бат-Очир ахыг тавиад мориндоо мордоод явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

8.Гэрч О.Гантогтохын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 02 сарын 12-ны өглөө 10 цагийн үед Оюунчимэгийн хамт хашаанаасаа хонио бэлчээрт гаргаад байж байтал манай сумын Билгүүнээ морьтой хүрээд ирсэн, ээж Билгүүнээ ахыг яасан орой ирдэг юм гэтэл “өтнүүдээ буцаагаад хонио хашаа” гэхэд Бат-Очир ах үхрийн баас түүж байгаад Билгүүнээг “чи ийм олон өт хаана харсан юм”  бид нар хүн байгаа биз дээ гэхэд Билгүүнээ Бат-Очир ахыг заамдаж аваад гөлөг минь гээд хонины хашаанд шахаад байхаар нь Улаанаа бид хоёр салгасан. Билгүүнээг эргээд явахад нь Бат-Очир ах гараа зангидаж байгаад толгойн ар дагз руу нь цохьсон. Тэгтэл Билгүүнээ эргэж хараад Бат-Очир ахын хойлойноос нь багалзуурдаж аваад хашаанд шахсан. Бат-очир ах гараа сарвагнуулаад байхаар нь Улаанаа бид хоёр салгатал Билгүүнээгийн хөмсөгнөөс цус гарсан байсан. Билгүүнээ ах одоо боллоо миний биеэс цус гарсан гээд байсан. Тэгээд Билгүүнээ мориндоо мордоод урагшаа зам руу давхиад явсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

9.Гэрч Б.Анхзоригийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2017 оны 02 сарын 11-ний орой 18 цагийн үед хонинд явж ирээд малаа хашаанд Оюцнчимэг эгчийнд хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн үед явах санаатай морь руугаа явж байхад Билгүүнээ ах Оюунчимэг эгчийнд ирж байсан. Билгүүнээ ахыг ирээд мориноос буух үед Оюунчимэг эгч “хонь гарсан байхад яасан орой ирдэг юм бэ эрт ирээд нийлсэн малаа авчихгүй яасан юм бэ” гэхэд Билгүүнээ ах “хонио хашаа өтнүүдээ, мангар бацаануудаа гээд байсан. Бат-Очир ах “чи ийм том өтнүүд хаана харсан юм гэхэд Билгүүнээ ах Бат-Очир ахыг малын хашааны гадаа баыхад нь нүүр рүү нь цохиод автал Бат-Очир ах хонины хашаа руу ороод Билгүүнээ ахыг цааш хараад явж байхад нь толгойн дагз руу нь гараараа цохьсон. Билгүүнээ ах эргэж хараад Бат-очир ахтай барьцалдаад автал Гантогтох, Эрдэнэбаатар нар тэр хоёрыг салгасан. Бат-Очир ах Билгүүнээ чи өчигдөр манай дүүг хонины бэлчээрт хэл амаар доромжлоод яагаад дээрэлхээд байгаа юм гэхэд Билгүүнээ ах “чам шиг хөгшин өвгөнд хамаагүй” гээд Бат-очир ахыг багалзуурдаад автал салгах санаатай очтол Билгүүнээ ахын зүүн хөмсөгнөөс цус гарсан байхаар нь Эрдэнэбаатар бид хоёр салгасан. Тэгтэл Билгүүнээ ах одоо боллоо миний биенээс цус гарсан би утсаар ярина гээд утсаа гаргаж ирээд би хүнд зодуулчихлаа гээд яриад байсан. Тэгтэл Бат-Очир ах явахгүй бол морийн чинь тавьж хөөлөө шүү гээд морины цулбуурыг тайлтал Билгүүнээ ах малын хашаа давж гараад Бат-Очир ахаас морины цулбуураа булааж аваад мориндоо мордоход Оюунчимэг эгч барьж байсан малын шилбүүрээр морийг нь ороолготол давхиад явсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

10.Гэрч О.Оюунчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2017 оны 02 сарын 12-ны өглөө 10 цагийн үед малаа хашаанаас гаргаж байтал Билгүүнээ ирэхээр нь “чи яасан орой ирдэг юм” гэхэд “өтнүүдээ хонио хашаалаач” гэтэл Бат-Очир ах “чи ийм өт үзсэн юм уу гэтэл “чи муу гөлөг чамд ямар хамаатай юм бэ” гээд багалзуурдаад хонины хашаан дээр дараад авсан. Тэгтэл манай хүү Гантогтох тэр хоёрыг салгаад болиулсан. Билгүүнээ цаашаа эргэх хооронд Бат-Очир ах Билгүүнээгийн толгой руу нь баруун гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгээд дахиад зууралдаад авахаар нь Улаанаа Гантогтох хоёр салгатал Билгүүнээгийн зүүн хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Би Билгүүнээг манайхаас хурдан зайлаад өгөөч гээд малгайн дээр нь дэвсэж орхисон. Билгүүнээ “одоо боллоо миний биеэс цус гарлаа” гээд малын хашааа даван гарч Бат-Очир ахаас морины цулбуурыг булааж аваад мориндоо мордоод малгайгаа аваад цагдаа дуудна гээд давхиад явсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

11.Гэрч Б.Цогзолмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Миний хувьд энэ хоёрын хоорондох маргаан зодооны талаар мэдэхгүй. Би 2017 оны 02 сарын 14-ний өдөр миний хүү Билгүүн хажуу хөрш Бат-Очир, Гантогтох гэдэг хүмүүст зодуулсан. Манай хонь хоньтой нь нийлсэн чинь өгөхгүй зодсон гэж ярьсан. Манай хонь, ямаа нийлсэн 25 гаран бог нийлсэн байсан гэсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

12.Гэрч М.Оюунцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2017 оны 02 сарын 13-ны өдөр Бат-Очир надад иргэн Билгүүнтэй зодолдсон хоолой боосон гэж үзүүлсэн. Тэр үед хоолой хэсэг нь улайчихсан харагдсан, өөр ямар нэгэн хавдсан зүйл ажиглагдаагүй. Дараа нь 2017 оны 02 сарын 28-ны өдөр Чулуунбаатарын Билгүүн нь толгой өвдөөд байна гэж дуудлага мэдээлэл 99068304 утсаар өгсөн. Түүний дагуу очиж үзэж тархины хаван хөөх, булчин сулруулах, тайвшруулах тариа хийж, эмнэлэгт яаралтай хэвтүүлэх зөвлөгөө өгсөн. Эмч нарын үгэнд оролгүй эмнэлэгт хэвтээгүй, цагаан сар гаргаад эмнэлэгт үзүүлнэ гээд байсан. Тухайн үед Билгүүний ар талын дагзанд учирсан гэмтэл хэвээрээ хавантай байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  37 дугаар хуудас/

13.Гэрч Ц.Эрдэнэтуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2017 оны 02 сарын 26-ны дөр 14 цаг 3 минутын үед Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээр дээр Чулуунбаатарын Билгүүн өөрөө 99068304 дугаарын утсаар миний дотор муухай оргиж унах гээд байна гэж дуудлага ирүүлсний дагуу очиж үзэхэд биеийн байдал хүндэвтэр, толгой их өвсөн, ар дагз хэсгийг барьж үзэхэд цусан хураа үүссэн байсан тул шууд хэвтүүлээд эмчилгээ хийлгэ, яаралтай эмнэлэгт хэвтэх зөвлөгөө өгч тархины хаван буулгах тариа, өвдөлт намдаах, даралт бууруулах тариа хийгээд авч явах гэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлнээ гээд ар гэрийнхэн нь өгч явуулаагүй тул зөвлөгөө өгч гэрт нь хэвтүүлсэн. Харин маргааш нь эмчид үзүүлсэн үгүйг мэдэхгүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  32 дугаар хуудас/

14.Гэрч С.Энхжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Оршихийн Оюунчимэг нь миний охин Баярмааг хонио хариулаад явж байхад нь манай арын айлын залуу Билгүүнээ манай бэлчээрт мал оруулчихлаа гэж хэл амаар доромжилоод охины маань унаж явсан морийг ташуурдаж хөөж явуулсан гэсэн гомдол ирсэн байсныг би шалгаж иргэн Билгүүний хийсэн үйлдэл нь захиргааны төрлийн шинжтэй байсан тул 15000 төгрөгөөр торгох арга хэмжээ аваад торгуулийн мөнгийг нь төрийн сангийн 130100952 дансанд хийлгэж явуулсан. Өөр ямар нэгэн гомдол ирээгүй  ...гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн  38 дугаар хуудас/

15.Гэрч Г.Билэгмаагийн  2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....  2017 оны 02 сарын 12-ны өглөө 10 цаг 50 минутын үед Алтан булаг сумын эрүүл мэндийн төв дээр Ч.Билгүүн нь хүнд зодуулчихлаа гэж ирж үзүүлсэн. Үзэхэд зүүн нүдний дээд зовхиноос цус гарсан, нүүр хэсэг рүү нь цус нь урсаад хатсан шархтай, эрүү шанаа хэсэг толгой шилэн хүзүү, бэлэг эрхтэн, мөн цээж хэсгээр өвдөж байна гэсэн зовиуртай ирсэн. Би тухайн үед асуумжийн дагуу өрөөс нь авч биеийг нь үзэхэд нуруу хэсгээр зовиуртай, зүүн талын 10,11,12 дугаар хавирга эмзэглэлтэй, толгой хэсэг болон хавирганы зураг авхуулахаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн. Энэ талаар өөрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл дээр бичсэн. ...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

16.Гэрч М.Нямжавын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би өглөө гэртээ байж байсан чинь миний утас руу Билгүүн залгаад Оюунчимэгийн хонь, ямаанаас малаа ялгаж байна чи хүрээд ир гэхээр нь очиход Билгүүн , Оюунчимэг хоёр чиний хонь миний хонь гээд хэрэлдээд байсан. Би тэр үед та хоёр хэрэлдээд яах вэ боль гэхэд миний үгийг авахгүй байсан. Билгүүн Оюунчимэгийн хонь ямаанаас 10 ямаа авч харагдсан. Дараа нь орой болж байна хотноос нь очоод авахгүй юу даа гэхэд Билгүүн за тэгэхээс гээд явсан....гэх мэдүүлэг   

/хавтаст хэргийн 41- 42 дугаар хуудас/

17.Насанд хүрээгүй гэрч О.Баярмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг Билгүүн ах зодоогүй 2016 оны 10 сард байх би хонио хариулаад хээр явж байсан чинь Билгүүнээ ах ирээд “чи муу гичий минь ямар их зантай болчихсон юм бэ? хонио зайлуул “ гээд хонь хөөгөөд, миний унаж явсан морийг ташуурдаад байсан ба тэгээд айгаад хонио холдуулаад явсан. Тэгээд тэр өдрөө айгаад шууд гэр рүүгээ хариад энэ цагаас хойш дахиж хонинд яваагүй. Ээжид энэ талаар хэлсэн чинь цагдаагийн байгууллагад хэлнээ гэж байсан .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

18.Шүүх эмнэлгийн үзлэг хйисэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №58 тоот:

1.Ч.Билгүүний биед тархины зөөлөн бүрхүүлд цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт, уруулын дотор салстад шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн хөмсө, зүүн нүдний зовхи, нуруунд зөөлөн эдийн Г.Энхбатын биед баруун шилбэний хавчаар ясны хугарал, шагайн мултрал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Ч.Билгүүний биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгпэх үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 1.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  48 дугаар хуудас/

19.Дархан-Уул аймгийн Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №292 тоот:

1.Ч.Билгүүний биед дагзны баруун талын цусархаг няцрал, дагзны зөөлөн бүрхүүл доорх хэсэг газрын цус харвалт, тархи доргилт, тархины дотоод даралт ихсэлт, зүүн хөмсөгний доод хэсгийн, уруулын дотор салстын шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөг, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Шинжээч эмч Насанжаргалын гаргасан 2017.02.16-ны өдрийн58 тоот дүгнэлтийн 2,3-р хариулт үндэслэлтэй 1,4,5-р хариулт үндэслэлгүй байна.

5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  55 дугаар хуудас/

20.Ч.Билгүүний нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 57-72 дугаар хуудас/

21.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №115 тоот:

1.Л.Батдоржийн биед хүзүүний баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн  80 дугаар хуудас/

21.Шүүгдэгч Л.Бат-Очирын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”....Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед дүү Оюунчимэгийн гадаа малын баас түүгээд байж байтал Билгүүнээ морьтой давхиж ирээд өтнүүд минь малаа оруул би малаа авах гэсэн юм гэхээр нь “чи өт гэж юу яриад байгаа юм бэ? наана чинь хүмүүс байгаа биздээ” гэхэд Билгүүнээ намайг ал минь чамд хамаагүй гээд миний зүүн шанаа руу гараараа цохиж аваад эргээд явахаар нь би малын хашаа руу ороод араас нь толгойн ар хэсэг дагз руу нь гараараа цохиод автал Билгүүнээ эргэж хараад гөлөг минь чамайг ална гээд хоолойноос багалзуурдаж авсан чинь миний нүд харанхуйлаад ухаан балартаж байсан. Би гар, хөлөө сарвалзуулаад хөдөлгөж байх хоорондоо би Билгүүнээг бөгжтэй гараараа цохисон юм шиг байна лээ манай дүү Гантогтох, Улаанаа нар ирээд салгатал Билгүүнээгийн зүүн хөмсөгөөс нь цус гарч байсан. Тэгээд Билгүүнээг манайхаас зайл гээд хөөсөн чинь мориндоо мордоод урд төв зам руу давхиад явсан ...гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн  99-100 дугаар хуудас/

22.Шүүгдэгч Л.Бат-Очирын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”...Чулуунбаатарын Билгүүн гэдэг хүнийг би 7 жилийн өмнөөс таньдаг. Манай төрсөн дүүгийн маань 3 жилийн өмнө талийгаач болсоноос хойш Билгүүний зан ааш өөрчлөгдөж дүүгийн хүүхэд Гантогтохыг 3 жил дараалан хонины бэлчээрт барьж авч зодож дарамталдаг байсан. Бас 12 дугаар ангийн Охиныг хөөж хүчиндэх гэж оролдсон гэж үзэж байгаа. Мөн миний нас барсан дүү Очтүүхийн эхнэр Оюунчимэгийг хонины бэлчээрт очиж элдэв бусаар доромжилж үхсэн нөхөр чинь чамайг харж байгаа байхдаа чамайг  гэж доромжилсон, намайг 2016 оны 12 дугаар сард дүүгийн гэрийн гадаа ирж миний нүүрэнд гэмтэл  учруулж зодож байсан хүн би энэ хүнийг яагаад ингэж дарамт учруулаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал даамжираад 2017 оны 1 сард дүүгийн маань охиныг дарамталсан хүчирхийлэх гэж байсан болов уу гэж би бодож байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  102-103 дугаар хуудас/

23.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар 2017 оны 04 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өөрийн хонио хариулаад хааяа хамаатны эгч Оюунчимэгийн гэрт очиж мэнд асууж малын ажилд тусалж яваад ийм асуудалд орсон. 2017.02.11-ний орой Оюунчимэг эгчийнд хоноод 2017.02.12-ны өглөө басаад малын нь ажилд туслаад Оюунчимэг эгч хонио гаргаж байхад нэг хар зүсмийн морьтой хүн ирж харагдсан. Би тухайн үед би бие засаад эргэж харсан чинь Бат-Очир ахыг нэг залуу Оюунчимэг эгчийн хонины хашаанд заамдаад тэр хоёр маргалдаад өтнүүдээ гэх зэрэг янз бүрийн үг яриа нөгөө залуугаас хэлж яриад байсан. Тэр үед цохилцоод байхаар нь би явж очоод та хоёр боль гэж хэлээд салгасан чинь Бат-очир ах газар унаад босож ирээд нөгөө залууг араас толгойн дагз хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон, би боль гэж салгаад нөгөө залууг би барьсан чинь шууд хажуу талаар орж ирээд Бат-Очир ах нүүрэн тус газар гурван удаа цохьсон. Дараа бие биенийгээ ална гэх зэргээр маргалдаад Бат-Очир ах морийг нь тавиад хөөнө гээд морь руу нь явсан чинь нөгөө залуу араас нь очоод ахиж барьцалдаж аваад Бат-Очир ахыг малын хашаан дотор боогоод дарчихсан байсан би Гантогтохтой хамт очоод чи хөгшин хүнийг цохиод байхдаа яадаг юм бэ боль гээд салгатал “та нар намайг зодсон, миний хөмсөгнөөс цус гарч байна цагдаад хэлнэ “ гэж хэлээд мориндоо мордсон ....гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн  110-111 дүгээр хуудас/

24.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”........гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  102-103 дугаар хуудас/

25.Шүүгдэгч О.Гантохтохын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”...Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө босоод гэрийнхэнтэйгээ малаа бэлчээрт нь гаргаж байсан чинь манай хажуу айлын хөрш Билгүүнээ хар зүсмийн мохь уначихсан ирээд хонины хашаанаас мориа уяад хашаа руу явган орж, орохдоо “хонио хашаач өтнүүд ээ” гэж ээжид хэлсэн, ээж ямар орйо ирдэг юм бэ гээд тэр хоёр маргаж заамдалцаад цохилцох үед Эрдэнэбаатар явж очоод салгаж байх шиг байсан. Харин Бат-Очир тэр үед хажуугаас ороод 2-3 удаа цохьсон. Би явж очоод Бат-очир ахаа боль гээд салгаад байж байхад Бат-очир ах ахиж араас нь явж очоод Билгүүнээ ахын ар дагз руу нэг удаа баруун гараараа цохьсон. Энэ үед Эрдэнэбаатар бид хоёр дахиж очоод боль гэж салгаж байтал Бат-очир ах морийг нь тавина гээд уяаг тайлсан чинь Билгүүнээ ах морины цулбуураа бариад Бат-Очир ахыг заамдаад хашаанд шахаад байсан. Бид хоёр очоод бас салгах гэтэл мориндоо мордоод надаас цус гарч байна би цагдаад мэдэгдэнэ гээд инээгээд яваад өгсөн....гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн  115-116 дугаар хуудас/

26.Шүүгдэгч О.Гантогтохын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”........гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  102-103 дугаар хуудас/

27.Хэрэг учралын газар давтан, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтатс хэргийн 10-13 дугаар хуудас/

28.Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

29.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хавтатс хэргийн 18 дугаар хууудас/

30.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссийн акт /хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/

31..Шүүгдэгч Л.Бат-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  125 дугаар хуудас/

32..Шүүгдэгч О.Гантогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  129 дүгээр хуудас/

33.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  136 дугаар хуудас/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дээрх нотлох баримтуудад шүүхээс өгсөн  хууль зүйн дүгнэлт 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Лхагваагийн Бат-Очир, Очтүүхийн Гантогтох, Ганжавын Эрдэнэбаатар нарыг бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Алтанбулаг сумын 3 дугаар баг “Их овоо” гэх газарт Оюунчимэгийн малын хашаанд тус сумын иргэн Ч.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааг үүсгэн маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, хохирогчийн биед “дагзны баруун талын цусархаг няцрал, дагзны зөөлөн бүрхүүл доорхи хэсэг газрын цус харвалт, тархи доргилт, тархины даралт ихсэлт, зүүн хөмсөгний доод хэсгийн болон уруулын дотор шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөг, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.   

            Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үйлдлэ холбогдлоос шүүгдэгч Очтүүхийн Гантогтох, Ганжавын Эрдэнэбаатар нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Ч.Билгүүнийг бүлэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол зохино.

            Шүүгдэгч О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нарын үйлдэл нь тухайн өдөр болсон хохирогч Ч.Билгүүн, шүүгдэгч Л.Бат-Очир нарын дунд үүссэн хэрүүл зодооныг таслан зогсооход чиглэсэн, хүч хэрэглэсэн шинжгүй, санаа зорилго агуулсан гэмт үйлдэл биш болох нь гэрч Б.Цэрэнсид, Б.Анхзориг, О.Оюунчимэг нарын мэдүүлэгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч Ч.Билгүүн нь шүүгдэгч О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нарыг нөгөө талыг баримтлан зодоонд оролцож, миний эрх чөлөөнд халдсан гэж мэдүүлж байгаа ч дээрхи гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчид учирсан гэмтлийн шинж байдлаар нь хохирогч Ч.Билгүүний мэдүүлэг няцаагдаж байна гэж үзэв.               

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан ач холбогдол бүхий, хууль ёсны нотлох баримтууд, түүнд өгсөн оролцогч талуудын санал дүгнэлтэд үндэслэн Шүүх, шинээр мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн, гэмт хэргийн шинж байдал, тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай дүйцүүлэн шүүгдэгч Лхагваагийн Бат-Очирыг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Бат-Очирт зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь: Шүүгдэгч О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нар нь тухайн гэмт хэрэгт оролцсон, гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдохгүй байгаа үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон тул хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал арилсан байна. Иймд Л.Бат-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар зүйлчилснийг 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилвэл зохино. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасантай дээрхи зүйлчлэл, гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал дүйцэж байгаа тул шинэчлэн найруулсан хуулиар Л.Бат-очирыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ. 

            Хохирогч Ч.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/, хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,    гэрч Б.Цэрэнсидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,  гэрч Б.Анхзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-34 дүгээр тал/, гэрч О.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, гэрч М.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, гэрч Ц.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/, гэрч С.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дугаар тал/, гэрч Г.Билэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дугаар тал/, гэрч М.Нямжавын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, гэрч О.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/, жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55 дугаар тал/, хохирогч Ч.Билгүүний хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 57-72 дугаар хуудас/, Билгүүний 2016 оны мал тооллогын “А” дансны бүртгэл, /хавтаст хэргийн 167-170 дугаар тал/, хохирогчоос эмчилгээнд зориулж зарцуулсан мөнгөний тооцоо буюу хохиролын баримтууд /хавтаст хэргийн 137-164 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудад оролцогч талуудын өгсөн санал дүгнэлтэд үндэслэн шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг мөн бөгөөд энэ гэмт хэрэгт шүүгдэгч Л.Бат-Очирыг гэм буруутай нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хээлцүүлэгт хохирогчид 2.500.000 төгрөг өгч хохирлыг бүрэн төлсөн тухай мэдүүлэг, хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохиролд 2.500.000 төгрөг төлүүлсэн тухай мэдүүлэг, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн ба хүлээж авсан баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Хохирогч Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт “тархи толгойгоо дахин үзүүлж харуулах ба эмчлүүлэх болбол гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг шүүхээс хүссэн тул хүсэлтийг хүлээн авч цаашид гарч болох эмчилгээний зардлын талаар хэлэлцэхгүй орхиж, шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

             Дээрхи нөхцөл байдлуудад оролцогч талуудаас эрүүгийн хариуцлагын талаар өгсөн санал дүгнэлтэд үндэслэн шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цаг-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугцаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.

            Шүүгдэгчид хуульд заасан дээрхи ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшихгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээрхи ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр иштэй мяндсан гүрмэл шилбүүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Алтанбулаг сумын иргэн О.Оюунчимэгт буцаан олгохоор тогтоох нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бат-Очирт авсан батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэвэл зохино.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 39.11 дүгээр  зүйлийн 1.5-д зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан “Бүлэглэж, бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн Лхагваагийн Бат-Очир, Очтүүхийн Гантогтох, Ганжавын Эрдэнэбаатар нарт холбогдох 201718000056 дугаартай эрүүгийн хэргээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Гантогтох, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Лхагваагийн Бат-Очирт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан “Бүлэглэж, бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн  зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3.Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Их мээрэн овгийн Лхагваагийн Бат-Очирыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

4.Лхагваагийн Бат-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр иштэй мяндсан гүрмэл шилбүүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Алтанбулаг сумын иргэн О.Оюунчимэгт буцаан олгосугай.

6.Шүүгдэгч Л.Бат-Очир нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ч.Билгүүнээс иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлснээс гарах зардлыг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг удаа, хуулиар тогтоосон хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч  Л.Бат-очирт мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болт шүүгдэгч Л.Бат-Очирт урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор бусад оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ