Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/492

 

 

 

 

 

    2021           5           20                                             2021/ДШМ/492

 

З.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,  

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

хохирогч С.С.Бгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц.Э,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.З.Г даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2007002610148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

З.Г нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 12-876 тоотод өөрийн хүүхэд болох хөгжлийн бэрхшээлтэй, бага насны Г.Хг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гараараа шанаан тус газарт нь цохих, ор руу шидэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн өөрийн төрсөн хүүхдүүд болох гэр бүлийн хамаарал бүхий бага насны, хөгжлийн бэрхшээлтэй Г.Х, бага насны Г.Г нарыг 2020 оны 2 дугаар сард, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр,  эхнэр С.С.Бг 2015 оны зун, 2018 оны 4 дүгээр сард, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэн байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэрэгт,

2020 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий бага насны Г.Хгийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу түүний ам руу бэлэг эрхтнээ хийх зэргээр хүчиндэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Зоригтын З.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 60 хоногийн хорих ялаар дүйцүүлэн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн дүйцүүлсэн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Гын цагдан хоригдсон 193 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Год оногдуулсан 13 жил 8 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болох бага насны Г.Х, Г.Г нарт асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч З.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 7-ны шөнө хамтран амьдрагч С.С.Бгээ өндгөвчний хорт хавдрын улмаас таалал төгсөх хүртэл нь өөрийн биеэр асран халамжилж, эцсийн амьсгалаа хураах хүртэл нь тасралтгүй асарч, сахисаар өөрийн гар дээр алдсан. Энэ цаг мөчөөс сэтгэл санааны гүн хямрал, шаналал зовлонтой явсаар 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр архи хэтрүүлэн хэрэглэж анх удаа өөрийн том охин Г.Хд гар хүрч алгадсан гэмт хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс шалгагдаж эхлээд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүх хурлаар орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял сонстол С.Нгээс “эхнэр болон хүүхдүүдээ зодож гар, хөлийг нь хугалж байсан” гэж хилс хэрэгт гүтгэгдэн хаалттай 461 дүгээр хорих ангид цагдан хоригдсон.

 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хадам ээж С.Ц.Э, С.Н нар ирж тавьсан шаардлагыг нь биелүүлээгүйн үндсэнд хүүхдүүдээ наймаалцсан. 2020 оны 9 дүгээр сарын 28-наас өөрийн охин Г.Хгийн аманд шаар шиг зүйл хийсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх огт ор үндэслэлгүй хилс хэрэгт гүжирдэгдэн гүтгүүлсээр 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэх зүйлээр зүйлчлэгдэж 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 13 жил 8 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн.

Миний бие талийгаач эхнэр С.С.Бг урьд өмнө цохиж, зодож, гар хүрч байсан удаа байхгүй, хадам С.Нгийн худал гүтгэлгээр явж байгаа тул эрхэм шүүгчид та бүхнээс үнэн худлыг ялгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ялласан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Миний бие өөрийн охин Г.Хг алгадаж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би уй гашууд автаж, хоёр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулж өнөөдрийн ийм байдалд хүрсэндээ маш их гэмшиж, ичиж, ойлгож, ухаарч байна.

Талийгаач эхнэр С.С.Бгийн араас гашуудаж хар усанд толгойгоо мэдүүлж, өөрөө өөрийнхөө ажил төрөл эрхэлж, амь амьдрал минь жигдрэхийн босгон дээр эхнэрээ алдсан гэнэтийн цочиролд сэтгэл санааны гүн хямралаасаа болж хүүхдээ алгадсанаараа ажил төрлөө болон үр хүүхдүүдээ алдаж байна. Мөн цалингийн зээлнээсээ болж гэр орноо алдах эрсдэлтэй тулгарч байна.

Иймд миний эрх зүйн байдал хэт дордож байгаа тул гэр орныхонтойгоо ойр дотно байж, хоёр хүүхэддээ анхаарал халамж тавьж, үр хүүхдийнхээ талаар сонсож, мэдэж байх эцэг хүний санаа зовиносон сэтгэлийг минь харгалзан үзэж, хүнлэг нинжин сэтгэлээр хандаж хаалттай хорих ангид эдлэх ял шийтгэлийг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгөхийг хүсэж байна.

Миний бие маш хурдан засрал хүмүүжлээ олж авч, хоёр хүүхдийнхээ төлөө, ирээдүйн амьдралд нь анхаарал халамж тавьж, хичээж зүтгэх боломж олгож, хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

 Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйлээр шийтгэх тогтоол үйлдсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож байсан үйлдэл тогтоогддоггүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд, З.Гын зүгээс тайлбар хэлсэн. “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс миний охинд үг хэл зааж өгсөн. Анх хэрэг үүсгэгдээд явж байхад миний охин энэ талаар ярьж байгаагүй. Хэрэг дахин шийдвэрлэх хугацаанд хүүхэд энэ асуудлын талаар ярьсан учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна. Энэ талаар прокурор, цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа хийгээгүй учраас намайг хилсээр гүтгэж ял оногдуулсан” гэсэн агуулгатай гомдол гаргасан. Мөн хорих ялыг оногдуулахдаа хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд нээлттэй хорих ангид болгон өөрчилж өгнө үү гэсэн хоёрдмол агуулгатай гомдол бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй. Цаг хугацаа, орон зайн хувьд тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад зүйлчлэлийн хувьд шүүгдэгч З.Гын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсан. Нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн. Шүүгдэгч З.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ гэм буруугийн хувьд маргадаггүй. Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нягтлан судалсан. Хүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцож маш тодорхой мэдүүлэг өгсөн. Хүүхдэд хүн  зааж өгөх боломжгүй нөхцөл байдал гэж үзсэн. Анхан шатны шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан” үйлдэлд шүүх дүгнэлт хийнэ. Харин бусад зүйлчлэлийн хувьд хөнгөрүүлэх боломжгүй байна. Үйлдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан оногдуулсан ял шийтгэл тохирсон. Хорих ангийн дэглэмийн хувьд хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх нь зөв гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч С.С.Бгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Гын давж заалдах гомдлыг сонсоод гомдолтой байна. Бид нар З.Год ял өгөөгүй. З.Г өөрөө өөртөө ял өгсөн. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ ял авсан. Миний хүүхэд одоо 6 настай, 12 жилийн дараа 18 насанд хүрч өөрийгөө аваад явчихна. З.Гын ял нь хөнгөрөөд 6-7 жилийн дараа гарч ирэхэд хүүхэд маань 10 гаруй настай, биеэ хамгаалах чадваргүй байна. Иймд ялыг нь хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Год холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэмжээ хязгаарын хүрээнд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Насанд хүрээгүй хохирогч Г.Х, хууль ёсны төлөөлөгч С.Н, хууль ёсны төлөөлөгч С.Ц.Э нар нь намайг хилс хэрэгт гүтгэсэн гэж шүүгдэгч хэлдэг. Шүүгдэгчийн хэлсэн тайлбарууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Энэ асуудлыг мөрдөн байцаалтын явцад тал бүрээс нь шалгасан гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч Г.Хгийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Шүүгдэгч З.Год хүчиндүүлсэн талаараа нэг мөрдөгчид биш, олон хүнд нэг агуулгаар тогтвортой мэдүүлдэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн аюулын үнэлгээ тогтоож байгаа мэргэжилтэн, сэтгэл зүйч, полиграфч, энэ хэрэгт 3 өөр мөрдөгч түүнээс мэдүүлэг авсан байдаг. Мөн шүүх сэтгэл судлалын 3 эмч уулзаж тэмдэглэл үйлдсэн байдаг. Хэрэг шалгах ажиллагааны явцад нийт 8 хүнтэй уулзаж, өөрт тохиолдсон хэргийн талаар тодорхой ярьдаг. З.Год холбогдох хэрэгт анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахаар мөрдөн байцаалтад хэргийг буцаасан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзээд прокурорын зүгээс шийдвэрт эсэргүүцэл бичээгүй. Хэрэг шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Х хамгаалалтын байранд байсан. Эцэг З.Гоос тодорхой хугацаанд зайтай байсан. Өөрт тохиолдсон зүйлийг тайвширсан үедээ хэлсэн. З.Г бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, бэлэг эрхтнээ ам руу нь хийсэн талаараа хэлдэг. Энэ дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэж шүүгдэгч З.Гыг ялласан асуудал байхгүй. З.Гын хэлсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Насанд хүрээгүй хохирогч Г.Х сэтгэл зүйчтэй ярилцахдаа зурсан зураг дээр аавыгаа зураагүй. Ааваасаа айдаг, мөн байнга зоддог талаараа хэлсэн байдаг. Насанд хүрээгүй хохирогч Г.Х бие хамгаалах чадваргүй, гэр бүлийн хамааралтай, бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж зохиж зодсон нь нотлогдоод шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Энэ үйлдлээсээ гадна гэр бүлийнхэндээ хохирол учруулахгүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зоддог. Н мэдүүлэгтээ “гэрт нь 1-2 удаа очиж байсан. Очих болгонд ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан гардаг байсан. Эхнэрийнхээ үснээс нь зулгаадаг, цохьдог, зоддог, өөрт ойрхон эд зүйлийг авч шиддэг байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийг бүрэн агуулж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч Г.Хг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх хуралдааны явцад би хохирогчийг анх удаа харсан. Шүүх хуралдааны явцад хохирогч өөрт тохиолдсон зүйлийг маш тодорхой мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд хүчирхийллийн төвөөс Баярцогт гэдэг хүний оролцуулан мэдүүлэг авахуулсан байдаг. Насанд хүрээгүй хохирогч Г.Х нь 5 настай боловч оюун санааны хувьд 11-12 насны хүүхдүүдтэй харилцах хэмжээний сэтгэн бодох чадвартай хүүхэд байна гэж дүгнэсэн. Мөн шүүх сэтгэц судлалын шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн хувьд өөрт тохиолдсон асуудлыг үнэн зөв мэдүүлэх чадвартай гэж дүгнэсэн. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч З.Год оногдуулсан ялын хувьд хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон, хорих дэглэмийн хувьд мөн нийцсэн байна. Иймд шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

З.Г нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 12-876 тоотод өөрийн хүүхэд болох хөгжлийн бэрхшээлтэй, бага насны Г.Хг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гараараа шанаан тус газарт нь цохих, ор руу шидэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

мөн өөрийн төрсөн хүүхдүүд болох гэр бүлийн хамаарал бүхий бага насны, хөгжлийн бэрхшээлтэй Г.Х, бага насны Г.Г нарыг 2020 оны 2 дугаар сард, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр,  эхнэр С.С.Бг 2015 оны зун, 2018 оны 4 дүгээр сард, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэн байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэрэг,  

2020 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий бага насны Г.Хгийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу түүний ам руу бэлэг эрхтнээ хийх зэргээр хүчиндэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.Хгаар мэдүүлэгт дурдагдсан “ууттай шаар шиг” гэх зүйлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 145-149/, Г.Хгийн өвчний түүх /2хх 67-89/, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн аюулын зэргийн үнэлгээний маягтууд /1хх 81-82, 83-84/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 86-93/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1хх 119/, Г.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 54/, насанд хүрээгүй хохирогч Г.Хгийн насыг тоолсон тэмдэглэл /2хх 150/, Г.Г-ын төрсний гэрчилгээний хуулбар /1хх 55/, Г.Г-ын насыг тоолсон тэмдэглэл /2хх 151/, С.С.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар болон нас барсныг бүртгэсэн гэрчилгээ /1хх 56/, З.Гын зөрчлийн арга хэмжээ авагдсан баримтууд /1хх 71-80/ зэрэг нотлох баримтууд,

“...Г.Хгийн биед нүүр, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 375 дугаартай /1хх 25-27/,

“...Г.Г-ын биед баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 380 дугаартай /1хх 28-30/,

“...Г.Х нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, Нийгмийн халамжийн салбар комиссын шийдвэрээр 2 талын дунд чөмөгт ясны тэжээл алдагдсан, 2 талын түнхний үений тогтворгүйтэл оношоор хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон байна. Энэ нь гэмтлийн шалтгаантай үүсгэгдэхгүй ба ясны хугарал гэмтлээс шалтгаалж үүсээгүй болно. Г.Хгийн биед баруун дунд чөмөг ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг 2018-2019 онд авсан байх боломжтой ба нэмэлт материалд ирүүлсэн эмнэлгийн бичгүүдэд гэмтэл авсан он, сар болон оношийн зөрүүтэй байдлаас шалтгаалж гэмтэл авсан хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Баруун дунд чөмөг ясны хугарал гэмтэл нь хөдөлгөөний хөгжлийн бэрхшээл үүсэхэд нөлөөлөхгүй болно. Баруун дунд чөмөг ясны хуучин хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална. ...” гэх 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 801 дугаартай /2хх 49-53/,

“...Г.Хгийн охин хальс бүтэн байна. Г.Х нь бэлгийн харьцаанд ороогүй байна. Г.Хгийн бэлгийн бойжилт гүйцээгүй байна. ...” гэх 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 886 дугаартай /2хх 54-56/ шинжээчийн дүгнэлтүүд,

“...Г.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Х нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд үг хэл, үйлдэл хөдөлгөөнөө удирдана. Г.Х нь одоогоор сэтгэцийн өвчин, эмгэгтэй болсон гэх шинж, баримт үгүй байна. Г.Х нь цаашид сэтгэцийн байдалд өөрчлөлт орох эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. Г.Х нь өөрийн харсан, сонссон, мэдсэн зүйлээ өөрийн насны түвшинд илэрхийлэн ярих чадвартай байна. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 938 дугаартай /2хх 46-48/

“...З.Г нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. З.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. З.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. ....” гэх 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1203 дугаартай /2хх 183-185/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд,

насанд хүрээгүй хохирогч Г.Хгийн “...Би хүүхдийн баярын дараа өдөр гэртээ дүү, аавтайгаа байж байтал аавын найзууд ирээд аавтай архи уусан. Манай дүү Соёмбоо “аниа хоёулаа гадаа гарч маматай тоглоё” гэж хэлсэн. Тэгэхээр нь аавдаа хэлтэл аав уурлаад, намайг цамцнаас ингэж татаад /цамцны урд энгэрээс татаж үзүүлэв/ ор руу шидчихсэн. Тэгээд энэ хацар руу гараараа цохьсон. /баруун хацраа гараараа дарж заав/ Мөн баруун талын хөл рүүгээ зааж, энэ хөлөн дээр суучихсан, нүүр рүү зөндөө их зодсон. Тэгэхээр нь би “ааваа болилдоо, гуйж байна, намайг битгий зодоочээ” гэж гуйгаад, уйлсан. Бас Соёмбоог “чи яах гэж айл руу орж байгаа юм бэ, өлсөж үхэх гэж байна уу. Би чамайг тэжээдэг биз дээ” гэж загнаад дүүгийн баруун талын хацар руу нэг удаа цохьсон. Тэрний дараа “аавыгаа уучлаарай” гэж хэлсэн. Аав надад хувцас авч өгдөггүй, ээж надад авч өгдөг байсан. ...Баруун хацар, баруун хөл, баруун мөр ёоёо болсон гэж зааж байв. Мөн дүүгийн хөл нь ёоёо болсон. Аав ёоёо болгосон гэж зааж байв. ...Соёмбоо гарчихсан юм. Тэгэхээр нь би “гарч тоглоё” гэж аавд хэлсэн чинь аав намайг зодчихсон. Урьд нь аав зодож байсан. 2020 оны 2 дугаар сард ээжийг ёоёо болоод эмнэлэгт хэвтсэн байхад нүүр рүү, хацар руу, хөл рүү, нуруу руу гараараа зодсон гэж зодсон хэсгүүдээ зааж байв. Бас Соёмбоогийн хацар руу зодсон гэж хэлэв. ...Дүү бид хоёр ааваасаа маш их айдаг. Аав архи уухаараа чанга чанга орилоод, дүү бид хоёрыг зоддог болохоор аавтайгаа хамт байхыг хүсэхгүй байна. ...Манай ээжийг нас барсны дараа, нэг орой манай аав өмдөө тайлаад, боовоо гаргаж ирээд, нэг уут углаад миний аманд хийгээд “зүгээрээ зүгээр” гээд байсан. Дүү Г аав руу эргэж харсан чинь “цаашаа хар” гээд алгадаад, дүү цаашаа харсан. Тэгээд аав боовоо гаргаад дээш, доошоо хөдөлгөөд, боовноос нь сүү шиг цагаан юм гараад байсан. Дараа нь миний боовыг үнсээд, хазаад байхаар нь би “ааваа өвдөөд байна” гэсэн чинь “зүгээр болноо” гэсэн. Тэр үед дүү Г бид 3 байсан бөгөөд гэртээ орон дээрээ унтах гэж байхад аав намайг сэрээгээд тэгсэн. ...Эндээ байдаг урт юм байсан /салтаа руугаа зааж байв/. ...Миний салтаанд нүүрээ хийгээд боовноос хазаад байсан. ...Би 279 дүгээр цэцэрлэгийн ахлах А бүлэгт явдаг. Манай багшийг Энхжин гэдэг. ...Ээжийг маань С.Б гэдэг. Манай ээж эмнэлэгт хэвтэж байгаад байхгүй болчихсон. Одоо тэнгэрт байдаг. ...Н аниа надад сайн байдаг, намайг асардаг. ...Ээжийг байхгүй болсны дараа гэртээ байхад нэг орой тэгсэн. Тэгээд “битгий хүнд хэлээрэй, харанхуй өрөөнд цоожилно” гэж хэлэхээр нь би айгаад хүнд хэлээгүй. Аав дахиж тэгээгүй. ...Тэр үед аав эрүүл байсан. ...Өвөө, эмээ, Н ээж надад зааж өгөөгүй. З.Г тийм баба юм зааж өгсөн. З.Г өөрөө боожгойгоо хөхүүлээд байсан. Тэгээд манай Соёмбоо дүүг харж байсан чинь хацар руу нь алгадчихаад “цаашаа хар, хэнд ч хэлэхгүй шүү, хэлбэл харанхуй өрөөнд хийж цоожилно шүү” гэж хэлсэн. Тэгээд З.Г унтаад өгсөн чинь Соёмбоо дүү “аниа ааваас айгаад байна” гэхээр нь “миний дүү битгий айгаарай, зүгээр” гэж хэлсэн чинь “аав зодно” гээд байхаар нь дүү бид хоёр гадагшаа гарсан чинь хашааны хаалга цоожтой байсан. З.Г нэг жижигхэн гялгар уут задалж /ширээн дээр гараараа зурж дүрсэлж үзүүлж байв/ ураад дотроос нь шаар шиг юм гаргаж ирээд боожгойндоо углаад ам руу хийгээд “ид ид” гэж хэлээд боожгойноос нь сүү шиг цагаан юм гараад, тэр сүү шиг цагаан юм нь З.Г аавын өмдөн дээр асгарсан. Цагаан, нойтон юм байсан. ...Ам руу чихээд байсан юм. ...Цагаан өнгөтэй гялгар уут задалсан. Тэр дотроос нь гарч ирсэн шаар шиг юм муухай, сонин үнэртэй байсан. ...З.Г шаараа боожгойндоо углаад ам руу чихээд байхад боожгой нь хатуурчихсан байсан. Харин тэр шаар зөөлхөн, нойтон юм шиг байсан. Бас З.Г шаараа боожгойндоо хийж наашаа цаашаа хөдөлгөж байгаад сүү шиг юм гарахад шааран дотор харагдаж байсан /бодолгүйгээр шууд хариулж байв/. ...Үснээс нь зулгайгаад үснийх нь боолтыг аваад зодож байсан. Ээж тэр үед “боль боль” гээд байдаг байсан. Би тэр үед “бурхан минь ээжийн биеийг зүгээр болгоод өгөөч” гэж гуйдаг байсан. ...” /1хх 5-10, 11-14, 220-223, 2хх 152-154/,

гэрчээр, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нгийн “...Би Х, Г нарын нагац эгч байгаа юм. Х, Г нарын ээж С.Б нь өндгөвчний хорт хавдар өвчний улмаас 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөд болсон юм. Талийгаач С.Б нөхөр болох З.Гтой 2015 оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2015 онд охин Х, 2016 онд хүү Гансоёмбыг төрүүлсэн. Тэр хоёр гэрлэлтийн баталгаагүй. Одоо З.Г нь охин Х, хүү Г нартай хамт амьдардаг. 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 13 цагийн үед хүргэн З.Гын эгчийнх нь том охин болох Номин манай аавынд ирээд манай аав Сэргэлэнбаатар, ээж Ц.Э, дүү Цэрэнням нарт “агаа Хг аймаар зодчихсон байна” гэж хэлсэн байсан. Тэгээд З.Гын хажуу айлын ойролцоо байдаг Оюунцэцэг гэх эмэгтэй над руу залгаад “танай дүү Хг аав нь зодчихсон байна. Эдний гэрт хүмүүс ирээд архидаад байна, хэд хоног архи уулаа. Одоо яах вэ” гэж хэлэхээр нь би Х, Г нарыг аав нь зодсоныг мэдсэн. Тэр өдөр манай ах Даваацэрэн болсон асуудлын талаар Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн юм. ...Хгийн баруун дух, хацар, шанаа, чих, хамар, нүд хэсэг улайж, хавдаж, хөхөрсөн байсан. Мөн баруун талын эгэм хөхрөлттэй, баруун хөлийн өвдөг хэсэг бага зэрэг улайлттай байсан. Гд ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Хгийн хувьд хоолондоо их муу байгаа. Г-ын хувьд хоол идэхээрээ бага зэрэг бөөлжих гээд байгаа. Миний бодлоор хоёулангийнх нь толгой хөдөлсөн юм шиг байна.

2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 6 дугаар сард З.Г гэртээ хүмүүс цуглуулж архи уусан үедээ талийгаач С.Бгийн толгой, гар, хөл рүү нь цохиж, үснээс нь зулгааж, зодож байсан. Мөн тухайн үед охин Х, хүү Г нарын хацар руу алгадаж, нуруу мааждаг маажуураар гар, хөл рүү нь цохиж, гутал авч шидэх гэх зэргээр зодож байсан. ...З.Гын хувьд хүүхдүүддээ анхаарал халамж маш муу тавьдаг. Талийгаач дүүг маань өөд болсноос хойш З.Г хүүхдүүддээ огт анхаарал хандуулахаа больсон. Хүүхдүүддээ хоол унд хийж өгдөггүй, халамж маш муу. Охин Хгийн хувьд төрснөөсөө хойш сайн явж чаддаггүй байсан. З.Гын хувьд огцом, түргэн ааш зантай, эхнэр, хүүхэдтэйгээ ууртай, ширүүн харьцдаг. Хоёр хүүхдийн хувьд ааваасаа их айж, эмээдэг. З.Г хүүхдийн групп, асаргаа, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг хүүхдүүддээ зарцуулахгүйгээр хүмүүс цуглуулж архи авч уудаг.

2015 оны зун /сар, өдрийг нь санахгүй байна/ З.Г нь гаднаас согтуу орж ирээд буцаад гарна гэхээр нь гаргахгүй гэснээс болоод хоорондоо маргалдаад гэр дотор байхдаа үснээс нь зулгайгаад хана руу түлхээд, баруун талын бугалга руу гараараа цохиод хөл рүү нь өшиглөсөн. Би тэр үед дундуур нь ороод салгасан. Тухайн үед дүүгийн биед бага зэргийн хөхрөлтүүд үүссэн байсан. Манай дүү “яах юм бэ, хэрэггүй” гээд байсан учраас би цагдаад мэдэгдээгүй юм.

Мөн 2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 9 дүгээр сард дүүг маань зодож, цохьсон, үснээс нь зулгаасан, гар хөл рүү нь цохиж зодсон. Гэхдээ миний хэлсэн энэ үеүүдэд хүүхдүүдээ зодож, цохьсон асуудал байхгүй. ...Х нь тулгуур эрхтний хөгжил дутуу хөл дээрээ гишгэж чаддаггүй, дархлаа сул, бие муутай. Түүнээс ярих, оюун санааны хувьд цоо эрүүл өөрөө болсон асуудлыг хараад бүрэн бүтэн ярьдаг, ухаан санаа эрүүл, сайн ярьдаг, ер нь юмыг худлаа ярьдаггүй, яг л үнэнг ярьдаг юм. Г нь бие эрхтний хувьд эрүүл, саруул хүүхэд байгаа юм. Би З.Г гэх хүнтэй 2 хүүхдээ байлгамааргүй байна. Би өөр дээрээ авч, цаашид асран хүмүүжүүлмээр байна. З.Г гэх хүний эцэг байх эрхийг нь хасуулмаар байна. “Аав чинь ирж байна” гэхээр хүүхдүүд айдастай, дургүй байдаг. Мөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдүүлмээр байна. Миний хувьд гомдолтой байна. Хүүхдээ зодуулсан асуудалд нэхэмжлээд байх зүйл байхгүй, эмчилгээтэй холбоотой зардал гараагүй.

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хтай ярилцаж байхад “аавтайгаа орон дээр унтаж байхад аав намайг боов хөх гээд байсан” гэсэн. Тэгээд би “өөр яасан бэ” гэхэд “аав миний боовыг хэлээрээ оролдоод, хазаад байхаар нь “ааваа өвдөөд байна” гэсэн чинь “дуугүй бай” гэсэн, тэр үед дүү хажууд унтаж байгаад эргэж харахад “цаашаа хар” гэж загнаад, дүү цаашаа харсан. Тэр дүү бид 3 гэртээ байсан. Тэгээд аав боовоо дээшээ доошоо гараараа хөдөлгөж байснаа боовондоо үлээхэд шаар шиг болдог юм углаад хөдөлгөөд байхаар нь “ааваа энэ юу юм бэ” гэхэд “аавынх нь боовноос сүү гардаг юм” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би “аав нь нэг удаа л тэгсэн үү” гэхэд “нэг удаа л тэгсэн” гэж хэлсэн.

Хгийн яриагаар хэрэг болохын өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө юм шиг байгаа юм. Би Хг худлаа яриагүй гэж бодож байгаа, болоогүй асуудлыг зохиож ярина гэж байхгүй бөгөөд өмнө нь худлаа ярьж үзээгүй хүүхэд.

2015 оны зун Баянзүрхийн 12-876 тоот гэртээ үдээс хойш З.Г согтуу орж ирээд гарна гэхээр нь дүү С.Б гаргахгүй гэсэн чинь үснээс нь зулгааж, хана руу түлхэж гараараа олон удаа цохиж, өшиглөж, зодсон. Тэгэхэд би дундуур нь орж салгасан. Тухайн үед дүүгийн гар, хөл хөхөрсөн байсан.

2018 оны 4 дүгээр сард /сар өдрийг нь санахгүй байна/ архи ууж ирээд агсам согтуу тавиад байна гээд дүү С.Б утсаар дуудаж, би гэрт нь очиход дүүг гэрийн үүдэнд үснээс нь зулгааж, толгой, гар, бугалга руу нь цохиод би салгаж байсан. Тэгэхэд мөн л гар, хөл нь хөхөрсөн байсан.

2019 оны 9 дүгээр сарын 21 юм уу 22-ны өдрийн үдээс хойш тэр хавиар явж байгаад гэрт нь ороход З.Г согтуу агсам тавьчихсан, хүүхэд рүүгээ хашхирч орилоод байхаар нь дүү С.Б өмөөрөхөд “наад тахир дутуу хүүхдээ аваад зайл” гээд дүүг том өрөөнд авдарны хажууд үснээс нь зулгаагаад, гар, хөл рүү нь цохиход би салгаж болиулсан. ...Би З.Год маш их гомдолтой байгаа. Гаргах санал, хүсэлт байхгүй. 2 хүүхдийг нь өөрийн асрамжинд авмаар байна. ...” /1хх 15-17, 105-106, 224-226, 227-229, 2хх 155-156/,

гэрчээр, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц.Эгийн “...Манай охин С.Б нь 2020 оны 2 дугаар сард нас барсан. Охины хоёр хүүхэд болох Х, Г нар нь аав З.Гтойгоо байдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 2-ны өглөө З.Гын эгчийнх нь охин болох Номин нь манайд орж ирээд “Соёмбоо, Х хоёрыг аваад ирье” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд “ах тэр хоёрыг зодоод аймаар болгочихсон байна. Бид нар хот руу явах гэж байгаа” гэж хэлэхээр нь охин Нд хэлээд охин маань очиж хүүхдүүдээ авсан юм. Хгийн баруун талын шанаа, баруун хөл нь хөхөрсөн байсан. Г-ын баруун талын хөлөн дээр нь бага зэргийн хөхөрчихсөн байсан. Хгаас асуухад цамцнаас нь татаж байгаад ор руу шидсэн гэж хэлсэн. Тэгээд З.Г маргааш нь манайд орж ирэхээр нь “чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэхэд “намайг уучлаарай” гэж хэлсэн.

Хгийн биед учирсан гэмтлийг З.Г учруулсан болохыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байтал охин Х нэг өдөр З.Г нь бэлэг эрхтнээ ам руу нь хийж, хөхүүлж, үнсүүлсэн асуудлыг өөрөө хэлсэн. Тэр үед Н болон Х бид нар байсан ба “яасан гэнээ” гээд тодруулж “аав чинь согтуу байсан юм уу” гэхэд “архи уугаагүй байсан” гэсэн. “Гэрт чинь хэн байсан бэ” гэхэд “Соёмбо бид 2 байсан, унтаж байсан чинь сэрээгээд боовоо хөхүүлээд, Соёмбоог харахаар нь “цаашаа хар” гээд алгадаад охины хэлж байгаа гялгар ууттай шаар шиг зүйл болох бэлгэвч углаж байгаад ам руу нь хийсэн байсан. Мөн охин сүү шиг цагаан юм боожгойноос нь гарсан гэж хэлсэн. Тэгээд “бүдүүн эмээ, Нямка ээждээ хэлж болохгүй, чамайг хэлбэл харанхуй өрөөнд хийнэ шүү” гэж айлгасан байсан. Хг охидын эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж охин Нд хэлээд ер нь бухимдалтай байж байтал охин Н өргөдөл бичиж өгсөн байсан. ...” /1хх 21, 230-232, 2хх 180-182/,

гэрч Ч.Оюунцэцэгийн “...З.Гтой хөрш айл болоод 10 гаруй жил болж байна. 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр элсэн дээр хашааны гадаа охин Х нь тоглоод байж байсан. Тэгэхээр нь хартал зүүн талын шанаа нь улайчихсан байхаар нь асуутал хашаа мөргөөд уначихсан гэж хэлж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Тэгэхэд ил хөхөрсөн барьсан зүйл анзаарагдаагүй. Дүү Г нь хашаанаас гүйж гарч ирэхээр нь “аниа нь яасан юм бэ” гэхэд “аав алгадчихсан” гэж хэлсэн. Охин бол өөрөө надад хэлээгүй. ...З.Г нь 2020 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө 2-3 хоног архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи ууж байхад нь ороход хэдэн залуучууд сууж байхаар нь “та нар одоо эзэнгүй гэрт боль” гэж хэлчихээд гараад явсан. ...” /1хх 116-117/,

гэрч С.Д“...2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр манай дүү Н над руу залгаж “З.Г Хг зодоод нүүр амыг нь хөхрүүлсэн байна. Сая дүү нь авч ирж өглөө, манайд байна” гэхээр нь би шууд 108 дугаар руу залгаж, учир байдлыг хэлж зөвлөгөө авсан. ...Х нэг хацар нь хөхөрсөн харагдсан. Аль хацрыг нь мэдэхгүй байна. ...” /1хх 206-208/,

гэрч Ж.С“...Би З.Г ахтай хуурай ах, дүүсийн харилцаатай байдаг. 2020 оны 5 дугаар сарын 28, 29-ний үеэс З.Г ах бид хоёр 3 хоног тэдний гэрт архи уусан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний орой би тэдний гэрээс гарч гэртээ харьсан. 2020 оны 6 дугаар сарын 2-ны өглөө З.Г ахын гэрт очиход охин Хгийн нэг хацар нь хавдсан байхаар нь “яасан бэ” гэсэн чинь “харин согтуудаа зодсон байна лээ” гэж З.Г ах хэлж байсан. ...”  /1хх 209-212/,

насанд хүрээгүй гэрч О.Нгийн “...2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрт нь үдээс хойш 14 цагийн үед ороход З.Г ахын гэрт 2 найз нь байсан. Мөн Х, Г хоёр хамт байсан. Тэгээд ороход Хгийн нэг талын хацар нь хөхөрчихсөн байхаар нь асуусан чинь “би аавтай тоглож байгаад ширээ мөргөсөн” гэж хэлсэн. ...” /2хх 169-170/,

гэрч М.Г “...Гэрт нь очиход аль аль нь согтуу, охин Хгийн баруун билүү, зүүн талын хацар нь улайсан байхаар нь би “хүүхдээ харж хандахгүй яаж байгаа юм” гэж загнаад Балданцэрэнг хөөж явуулсан. ...Х нь хөгжлийн бэрхшээлтэй боловч их сэргэлэн хүүхэд байдаг юм. ...” /2хх 171-173/,

яллагдагч З.Гын “...Би яллагдагчаар татах тогтоолтой өөрийн биеэр уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн гэмээ ухаарч байна. ...өглөө нь сэрээд хартал том охин Хгийн баруун талын хацар нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь “яасан юм бэ” гэхэд “та зодсон” гэж хэлсэн. Тэр үедээ би охиноо зодсоноо мэдээгүй учраас хадмуудаасаа айгаад, хүрээд ирэх байх гэж бодоод эгч Оюунтуяагийнд 2 хүүхдээ аваачиж өгсөн. ...Би тэр үед зодож, цохиогүй. Би охинд маань үг зааж өгөөд байна гэж бодож байна. Охин хадам ээж Ц.Эг загнадаг гээд очих дургүй байдаг байсан. Би эдгээр хүмүүсийг үг зааж өгөөд байна гэж үзэж байна. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд болсон асуудлыг мэдэх чадваргүй согтсон байсан. ...Х 2 настай байхдаа орон дээрээс унаад хөл, гараа гэмтээж байсан. Ясны сийрэгжилттэй болохоор гар, хөл нь амархан гэмтдэг байсан. Би зодоод гар, хөлийг нь гэмтээсэн асуудал огт байхгүй. ...Би одоо мэдүүлэг өгөхгүй, дараа өөрийн өмгөөлөгчийг байцуулж мэдүүлэг өгнө. ...Би өмнө нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа удаа дараа мэдүүлсэн тул одоо нэмж ярих зүйл байхгүй. ...” /1хх 101-102, 233-240, 2хх 128-131, 3хх 13-15/ гэсэн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

З.Г нь бага насны, хөгжлийн бэрхшээлтэй Г.Хг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн бага насны Г.Х, Г.Г, эхнэр С.С.Б нарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

З.Г нь бага насны, хөгжлийн бэрхшээлтэй Г.Хгийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй буюу түүний ам руу бэлэг эрхтнээ хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ““Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж, “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. ...” гэж тус тус заасан Эрүүгийн хуулийн тайлбарт нийцжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч З.Год нийт 13 жил 8 сарын хорих оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч З.Гоос “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ялласан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх огт ор үндэслэлгүй хилс хэрэгт гүтгүүлсэн. Мөн хорих ялын дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Учир нь, З.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.С.Б, охин Г.Х, Г.Г нарыг удаа дараа зодож байсан болох нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, хохирогч Г.Х, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

            Мөн 2020 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий бага насны Г.Хгийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу түүний ам руу бэлэг эрхтнээ хийх зэргээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь бага насны хохирогч Г.Х, хууль ёсны төлөөлөгч С.Н, Ц.Ц.Э нарын мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Хгаар мэдүүлэгт дурдагдсан “ууттай шаар шиг” гэх зүйлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Эдгээр хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул “хүчиндэх гэмт хэрэгт гүтгүүлж байна” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Анхан шатны шүүхээс З.Год оногдуулсан 13 жил 8 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно. ...” гэсэн заалтад нийцсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Гын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 86 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ