Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03125

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03125

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо МОХНН-УБТЗ.

            Хариуцагч: Ц.Б.

Гэрээний үүргийн биелэлтэд 1,807,270 төгрөг гаргуулах үндсэн, хохиролд 3,322,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, Л.Х,  хариуцагч Ц.Б, гэрч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МОХНН-УБТЗ хариуцагч Ц.Бод холбогдуулж гэрээний үүргийн биелэлтэд 1,807,270 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч  Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: УБТЗ ХНН нь Ц.Бтой 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...ны үйлчилгээний зориулалттай 15 мкв талбайтай зоорийн давхарыг сийлбэрийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 1 мкв-ыг 7,000 төгрөг сарын 105,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг жил бүр сунгаж 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл гэрээ байгуулагдсан. Гэрээний 4.7-д зааснаар Ц.Б түрээсийн төлбөрийг урьдчилан өмнөх сарын 25-ны өдрийн дотор дансаар шилжүүлэх үүрэг хүлээсэн. Тухайн байранд нийт 15 түрээслэгч түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан тул түрээсийн үйл  ажиллагаа явуулах боломжгүй хөрөнгө гэж үзэхгүй. Төлбөр тооцооны үлдэгдэл дээр хариуцагч маргахгүй байна. Хоёр тал тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан нь хэрэгт байгаа. Ц.Б тухайн байранд засвар хийх гэж байгаа талаар бидэнд хандаж мэдэгдээгүй. 2018, 2019, 2020 онд байгуулсан гэрээнд засан сайжруулах үйл ажиллгаа, тохижилтын ажил хийхээр бол түрээслэгч тал өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан. Хариуцагч нь 2019 оны төлбөрт 91,000 төгрөг, 2020 оны төлбөрт 581,680 төгрөг нийт 672,680 төгрөг төлөөгүй тул алданги 290,840 төгрөгийн хамт нэхэмжилнэ. Мөн Ц.Бын ах Ц.Г өмнө нь энэ байрыг түрээслэж байхдаа төлбөрөө төлөөгүй тул бид Ц.Бтой гэрээ хийхдээ гэрээний 8.4.5 дахь заалтаар түрээслэгч нь тухайн түрээсийн байртай холбогдон үүсэх өмнөх оны авлагыг түрээсийн хугацаанд хавсралт №2-т заасан хуваарийн дагуу төлнө гэж гэрээ хийсэн. Гэрээний 8.4.5 дахь заалтаар Ц.Б нь өмнөх түрээслэгч Ц.Гын түрээсийн хугацааны үлдэгдэл төлбөр 562,500 төгрөгийг алданги 281,250 төгрөгийн хамт төлөх ёстой. 2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоосон байдаг тул бид 2020 оны 11 дүгээр сар хүртэл агуулахын түрээсийн мөнгийг нэхэмжилсэн. Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч Ц.Боос 1,807,270 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

2. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Түрээсийн байр нь 2 жил шахам үйл ажиллагаа явуулаагүй, цонхгүй, ариун цэврийн өрөө байхгүй, бохирын шугам нь хагарсан, чийгтэй, мөөгөнцөртсөн агуулах байсан. Намайг ахынхаа төлөх ёстой өрийг төлвөл агуулахыг түрээслэнэ гэхээр нь шахалтанд орж ахынхаа төлбөрийг төлөх нөхцөлөөр сар болгоны төлөх түрээс дээрээ нэмж 50,000 төгрөг төлж,  агуулахыг өөрийн зардлаар засварласан. Тухайн байрны агуулахыг түрээслэгч нар нийлж дундаасаа мөнгө цуглуулж бохирын асуудлаа шийдсэн. Гэрээ 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилж байгуулагдсан. Сард төлөх төлбөр 105,000 төгрөг дээр нэмж 50,000 төгрөг төлж ирсэн. 2019 оны төлбөрт 91,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сар хүртэл төлбөрт 581,680 төгрөг төлөөгүй, үнийн дүнд маргахгүй. Төлөхийг зөвшөөрнө. Харин ах Ц.Гын төлөх ёстой мөнгийг би төлөхгүй. Өмнөх жилүүдийн үлдэгдэл төлбөрийг тэдэн  оны тэдэнд төлж дуусгана гэж гэрээ байгуулаагүй гэв.

3. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчид холбогдуулан зардалд 3,322,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3.1. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МОХНН-УБТЗтай 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс цэцэг болон сийлбэрийн үйл ажиллагаа явуулахаар тухайн агуулахыг түрээслэсэн. Агуулах нь чанарын шаардлага хангахгүй, гэрээний 3.3-т заасан үүргийг зөрчсөн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангагдаагүй подволь байсан. Агуулахыг өөрөө зардал гаргаж  нийт 2,322,500 төгрөгний засвар үйлчилгээ хийж, ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 12 дугаар сард засварын ажил эхэлж 2018 оны 1,2 сард дууссан. Үүнээс хойш ашиг орлого олж амжаагүй байтал 2020 онд гарсан Ковид-19 өвчний нөхцөл байдлын улмаас хөл хорионд орж ажиллах боломжгүй болсон. 2021 оноос энэ байр нураагдах болж 2022 онд агуулахыг бүрэн хүлээлгэж өгсөн. Иймд тухайн агуулахад гарсан зардал болох 3,322,500 төгрөгийг хариуцагч МОХНН-УБТЗаас гаргуулж өгнө үү гэв.

3.2. Нэхэмжлэгч МОХНН-УБТЗ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Харицагчийн засвар хийсэн гэх баримтыг үзэхэд 2017 онд гэрээ хийхээс өмнө худалдаж авсан баримт байна. Бид хариуцагчтай 2018 онд гэрээ байгуулсан. Ц.Б 2018 оны 01 дүгээр сард түрээсийн хөрөнгийг хүлээж аваад 2022 оны 02 дугаар сард манайд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Бид 2021, 2022 оны төлбөрийг огт шаардаагүй. Түрээсийн хөрөнгө чанарын шаардлага хангахгүй байсан юм бол гэрээг үргэлжлүүлэх шаардлагагүй байсан. 2018 онд Ц.Б нь түрээслэгч Ц.Гын төлөх төлбөрийг төлөх үүргийг өөр дээрээ аваагүй байсан бол 2019 онд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.5-д заасан заалтыг оруулахгүй байсан. 2020 оны гэрээнд ч энэ заалт байгаа тул үүргийг нь хүлээж авсан гэдэг нь нотлогдож байна. Хариуцагч нь түрээсийн байранд засвар үйлчилгээ хийхдээ түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч мэдэгдээгүй. Түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд түрээсийн төлбөрөөс суутгахгүй, буцаан шаардахгүй гэж тохиролцсон. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар хөлслөгч буцаан шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс 2018, 2019, 2020 оны түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлын тооцоо 2019, 2020, Улаанбаатар Төмөр замын политехник коллежийн 2021 оны 01 дүгээр сарын 19, 2021 оны 02 дугаар сарын 04, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019, 2020 онд Ц.Бтой хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа №19/23, 2019, 2020 онд Ц.Гттай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа №19/18, №20/25,

5. Хариуцагчаас түрээсийн үнэ 210,000 төгрөг төлсөн кассын орлогын ордер, Ц.Бын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, агуулахад засвар хийсэн фото зураг, зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч МОХНН-УБТЗын нэхэмжлэлээс 963,520 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 843,750 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч “эд хөрөнгө түрээслэх гэрээний үүргээ  хугацаанд нь биелүүлээгүй”, хариуцагч нь “2019, 2020 оны төлбөрийг төлнө, Ц.Гын төлөх ёстой төлбөрийг төлөхгүй” гэсэн үндэслэлээр шаардах эрх, татгалзлаа тодорхойлсон.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “гэрээгээр түрээслүүлэгч нь үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардагдах бүх нөхцөлийг хангасан байраар хангана гэсэн үүргээ биелүүлээгүйгээс өөрийн зардлаар агуулахыг зассан гэж тайлбарласан, Нэхэмжлэгч нь “түрээсийн агуулахад засвар хийх талаар түрээслүүлэгчид мэдэгдээгүй, гэрээгээр түрээслэгч өөрийн зардлаар урсгал засварын ажлыг  гүйцэтгэх бөгөөд энэхүү зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй, буцаан нэхэмжлэх эрхгүй гэж тохиролцсон” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралданаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 26 дугаар байрны хагас зоорийн давхарт цэцэг, бэлэг дурсгалын зориулалтаар 15 мкв талбайг 1 мкв-ыг 7,000 төгрөг сарын 105,000 төгрөг, түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны дотор түрээслүүлэгч талын дансанд төлөх, түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулбал хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулагдаж, гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан 2018, 2019, 2020 оны түрээсийн гэрээ гэх баримтуудаар тогтоогдож, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний үнийн дүнд маргаагүй.

Нэхэмжлэгч МОХНН-УБТЗын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 2019 оны гэрээний төлбөрт 91,000 төгрөг, 2020 оны гэрээний төлбөрт 581,680 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй.

Хариуцагч Ц.Бын тайлбараар 2019, 2020 оны төлбөрт нийт  672,980 төгрөг төлөгдөөгүй, төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлнө гэж зааснаар гэрээний хариуцлага болох алдангид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 290,840 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2019 онд байгуулагдсан Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.5-д түрээслэгч нь тухайн түрээсийн байртай холбогдон үүсэх өмнөх оны авлагыг түрээсийн хугацаанд хавсралт №2-т заасан хуваарийн дагуу төлнө гэсэн үүргийн дагуу өмнөх гэрээний түрээслэгч Ц.Гын төлөгдөөгүй төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарлан 562,500 төгрөгийг алданги 281,250 төгрөгийн хамт шаардсан боловч гэрээний уг заалтаар түрээслэгч Ц.Гын гэрээний үүргийг  хариуцагч Ц.Б шилжүүлэн авч төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 562,500 төгрөгийг алданги 281,250 төгрөгний хамт нийт 843,750 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Ц.Боос гэрээний үүргийн биелэлтэд 963,520 төгрөг гаргуулж  МОХНН-УБТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 843,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

5. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч МОХНН-УБТЗд холбогдуулан  2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд агуулахад засварын ажил хийсэн гэж тайлбарлан зардалд 3,322,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зохигч Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.8, 4.2.9-д түрээсийн байранд өөрсдийн ажлын онцлогт тохирсон салгаж үл болох өөрчлөлт болон тохижилтын ажил хийх шаардлагатай бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авч харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийж зардлаа хариуцах, салгаж үл болох өөрчлөлт болон тохижилтын ажилд зарцуулсан хөрөнгийг түрээслүүлэгчээс буцаан нэхэмжлэх эрхгүй ба түрээсийн хугацаа дууссаны дараа түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө гэж зааснаар өөрийн хөрөнгөөр тохижилт хийж ажлын байрыг гэрээний хугацаа дуусаж түрээслүүлэгч МОХНН-УБТЗд хүлээлгэн өгсөн тул засварын зардал ажлын хөлс 3,322,500 төгрөгийг шаардах эрхгүй.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Б түрээсийн байранд засвар хийсэн талаар гэрчилсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

7. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Боос 963,520 төгрөг гаргуулж  МОХНН-УБТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 843,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,582,32 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос 27,674 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МОХНН-УБТЗд олгосугай.

3. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгч МОХНН-УБТЗд холбогдох зардалд 3,322,500 төгрөг гаргуулах хариуцагч Ц.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА