Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02405

 

 

Нэхэмжлэгч: В.Б,

 

Хариуцагч: З.Ш,

 

Хариуцагч: Г.Ц,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т,

Хариуцагч Г.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л,

Хариуцагч Г.Ц-ын өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга П.М нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.Б нь З.Ш, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр З.Ш, Ш.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч З.Ш-гийн Хаан банкны  дансанд шилжүүлсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон. Миний бие хариуцагч нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул үндсэн зээл 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийн 45 000 000 төгрөгийг  З.Ш-ээс, 45 000 000 төгрөгийг Г.Ц-оос гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.                 

 

2. Хариуцагч Г.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Хариуцагч З.Ш нь Ө.Э.Ж ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд манай ЦХБ ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2 933,95 тонн, 505 604 720 төгрөгийн үнэ бүхий цемент худалдан авсан. Ө.Э.Ж ХХК-ийн захирал З.Ш нь дээрх төлбөрөөс боломжит байдлаар төлж байсан хэдий ч үйл ажиллагаа нь саатаж, эргэлтийн хөрөнгөгүй болсон. Г.Ц нь З.Ш-ээс цемент нийлүүлсэн мөнгөө хугацаанд нь төл, хэрвээ төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дахин цемент нийлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэний дагуу З.Ш нь манайд төлөх төлбөрөө төлөхөөр нэхэмжлэгч В.Б-ээс зээл авч, Г.Ц-ыг хамтран зээлдэгчээр оролцож өгөхийг гуйсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т заасны дагуу В.Б нь З.Ш-ийн данс руу 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн, З.Ш нь дээрх 60 000 000 төгрөгийг ЦХБ ХХК-ийн цементийн өр төлбөрт шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээг бичгээр байгуулах шинж нь байгаа боловч хамтран зээлдэгчээр оролцож байгаа Г.Ц нь энэ зээлтэй холбоотой үүрэг гүйцэтгэх ёсгүй юм. Мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг хэн хэрэгжүүлснээс үл хамаарна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний эрхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээний харилцаа 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан, энэ өдрөөс шаардах эрх нь хэрэгжиж эхлэх юм. Гэтэл шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан, шүүхэд хандсан, эрэн сурвалжилсан баримтгүй байна. Иймд Г.Ц т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

3. Нэхэмжлэгч талаас, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн иргэн В.Б , иргэн З.Ш нарын уулзалтын тэмдэглэл, В.Баяр-Эрдэнийн Хаан банк дахь 5023126089 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4.  Хариуцагч Г.Ц оос, ЦХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хариуцагч Г.Ц-ын Хаан банк дахь 5374221268 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ө.Э.Ж ХХК, ЦХБ ХХК нарын цементын тооцоо нийлсэн акт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр З.Ш, Ш.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч З.Шгийн Хаан банкны 5131203121 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг З.Шгээс 45 000 000 төгрөг, Г.Ц оос 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.                

 

3. Хариуцагч Г.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хариуцагч З.Ш нь Ө.Э.Ж ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд манай ЦХБ ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2 933,95 тонн, 505 604 720 төгрөгийн үнэ бүхий цемент худалдан авсан. З.Ш нь дээрх төлбөрөөс боломжит байдлаар төлж байсан хэдий ч үйл ажиллагаа нь саатаж, эргэлтийн хөрөнгөгүй болсон. Г.ЦЗ.Шд цемент нийлүүлсэн мөнгөө хугацаанд нь төл, төлөөгүй тохиолдолд дахин цемент нийлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэний дагуу З.Ш манайд төлөх төлбөрөө төлөхөөр В.Б-ээс зээл авч, Г.Ц-ыг хамтран зээлдэгчээр оролцож өгөхийг гуйсан. Зээлийн гэрээний 2.5-т заасны дагуу В.Б нь З.Ш-ийн данс руу 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн, З.Ш нь дээрх 60 000 000 төгрөгийг ЦХБ ХХК-ийн цементийн өр төлбөрт шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээг бичгээр байгуулах шинж нь байгаа боловч хамтран зээлдэгчээр оролцож байгаа Г.Цнь энэ зээлтэй холбоотой үүрэг гүйцэтгэх ёсгүй юм. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний эрхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан, энэ өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан, шүүхэд хандсан, эрэн сурвалжилсан баримтгүй байгаа тул Г.Ц т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

4. Хариуцагч З.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр В.Б нь 60 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй З.Ш, Г.Ц нарт зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний зүйлийг З.Ш хүлээж авсан талаар маргаангүй.

 

Харин хариуцагч Г.Ц “...тус зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан боловч хамтран зээлдэгчээр оролцож байгаа учир энэ зээлтэй холбоотой үүрэг гүйцэтгэх ёсгүй. Мөн хариуцагч З.Ш нь нэхэмжлэгчээс зээлж авсан 60 000 000 төгрөгийг ЦХБ ХХК-ийн цементийн өр төлбөрт шилжүүлсэн, би тус зээлийг авч ашиглаагүй” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч З.Б гэрээний 2.5-д “...З.Ш Хаан банк дансанд шилжүүлнэ” гэж заасан үүргийнхээ дагуу 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 60 000 000 төгрөгийг хариуцагч З.Ш-ийн дансанд шилжүүлсэн болох нь, мөн өдрөө З.Ш нь өөрийн данснаас Г.Ц-ын Хаан банк дахь данс руу “...Ө.Ү.Э.Ж  ХХК-с цементний төлбөр ЦХБ ХХК-д” гэсэн утгатай 50 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн болох нь тус тус тогтоогдох боловч шилжүүлсэн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгч нарын эрх байхаас гадна зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч Г.Ц хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн байх тул тэрээр зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. /хх20/

 

Улмаар хариуцагч нар гэрээнд заасан үүргээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцон алданги 30 000 00 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч З.Ш, Г.Ц нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийн үүргийн хуваан хариуцуулж, хариуцагч З.Ш-ээс 45 000 000 төгрөг, Г.Ц-оос 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.  

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2021 оны 6 дугаар сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд З.Ш-тэй уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн үйл баримтаар шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш-ээс 303 975 төгрөг, хариуцагч Г.Ц-оос 303 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Б д олгох нь хуульд нийцнэ.  

 

9. Хариуцагч З.Ш нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч З.Ш-ээс 45 000 000 төгрөг, Г.Ц-оос 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч В.Б-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш-ээс 303 975 төгрөг, хариуцагч Г.Ц-оос 303 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ