Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01671

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч: А.И.Ц ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Э,

 

Хариуцагч: Ш.Ө.Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Б/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.И.Ц ХХК нь хариуцагч Ш.Ө.Т ХХК-д холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...А.И.Ц ХХК нь Ш.Ө.Т ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, дүүрэгт баригдаж буй давхруудын айл болон нийтийн эзэмшлийн заслын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр буюу нийт 30 хоногийн дотор багтааж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний нийт дүнг гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцохоор, ажлын хөлсийг 100 хувь бартераар байхаар, бартерын байрны үнийг 1 м.кв нь 1 600 000 төгрөгөөр тооцож 55.04 м.кв орон сууц өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл 55.04м2 x 1 600 000=88 064 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч талаас захиалагч талд актаар хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч үүргээ биелүүлсэнд тооцогдох юм. Гэтэл ажил гүйцэтгэгч Ш.Ө.Т ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлаа огт хийж хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2021 оны 3 дугаар сарын орчим буюу гэрээний хугацаа өнгөрөөд бараг хагас жилийн дараа хийсэн ажлын талаар манай байгууллагаас очиж шалгахад 64 603 000 төгрөг гэх тооцоолол гарсан, үүнийгээ ч актаар хүлээлгэж өгөөгүй. А.И.Ц ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, ажлаа хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд үүний оронд нийт хийх 88 064 000 төгрөгийн гүйцэтгэлээс хийсэн гэх 64 603 000 төгрөгийг хасаж зөрүүг манай байгууллагад буцааж өгье гэх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцээх хүсэлгүй байгаагаа бидэнд албан бичгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид ч биелүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хүсэлттэй байна. Иймд А.И.Ц ХХК нь Ш.Ө.Т ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байх тул ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож өгнө үү. 64 603 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар маргах зүйлгүй” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Ш.Ө.Т ХХК, А.И.Ц ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэсэн бөгөөд өмнө хийсэн гүйцэтгэгч нарын ажлын алдаа дутагдлыг засах ажлыг тусад нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд 1 сарын хугацаа заасан боловч 2020 оны 9 дүгээр сард цар тахлын улмаас нийтэд 14 хоногийн хөл хорио тавигдсан, мөн удалгүй дахин хөл хорио тогтоосноор сарын хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж чадаагүй. Ш.Ө.Т ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн 64 603 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, А.И.Ц ХХК-д хүлээлгэн өгч, харилцан баталсан. Бодит байдал дээр 64 603 000 төгрөгөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн, бусад ажил нь ямар нэгэн байдлаар доголдолтой гэдэг байдлаар хүлээж аваагүй ажил байгаа. 64 603 000 төгрөгийн ажлаас өөр цаашид хийж гүйцэтгэх ажлыг А.И.Ц ХХК нь манай компанид өгөөгүй учир бид санаачилгаараа ажил гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл бартераар өгсөн орон сууцны үнэд хүртэл захиалагч компани ажил гүйцэтгүүлэх ёстой байсан боловч ажил даалгаж өгөөгүй ул бид хийгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээ цуцлахаар шүүхэд хандахаас өмнө манай компанид мэдэгдэл хүргүүлэх, хуульд заасны дагуу хугацаагаа тохирох, энэ хугацаанд гэрээ цуцалснаас үүсэх үр дагавраа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж болох байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй, урьдчилсан шийдвэрлээгүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай байна. Нэгэнт гэрээ дуусгавар болоогүй учраас ажлын зөрүү гэж байгаа ажлаа хийгээд өгөхөд татгалзах зүйлгүй. Шинээр ажил өгөх юм бол тухайн ажлыг хийж гүйцэтгээд энэ асуудлаа шийдчихэд татгалзах зүйлгүй” гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О  тайлбартаа: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр И.Н.К ХХК-ийн захирал З.Ч, Э.Э нарын иргэн Д.Б-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.2-т захиалагч нь тус байрны төлбөрийг бүрэн төлсөн гэсэн бөгөөд уг гэрээнд И.Н.К ХХК-ийн захирал З.Ч, иргэн Э.Э нар гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байдаг. Мөн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр И.Н.К ХХК-ийн захирал З.Ч нь Д.Б-д тус байрыг зарах эрхийг дангаар эзэмшиж байгаа тухай албан бичигт тамга дарж, гарын үсгээр баталгаажуулж өгсөн байна. Энэ 2 баримтыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  би Д.Б-тай захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус байрыг худалдан авсан. Д.Б-тай байгуулсан тус гэрээнд “Шилжүүлж байгаа үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, өмчлөлийн ямар нэг маргаангүй” гэсэн байсан бөгөөд уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байраа үзэхээр очиход 2 дугаар байрны 2 номерын өрөөнөөс түлхүүрээ ав гэсэн бөгөөд манай бичиг баримтыг хуулбарлаж, ерөнхий инженер, ерөнхий нягтлан нар “Ямар нэгэн зөрчилгүй байна. И.Н.К ХХК-ийн захирал З.Ч нь Д.Б-д зараад, Д.Б нь танд зарсан юм байна” гэж хэлээд байрны түлхүүрийг олгож, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байрандаа нүүж орсон. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А.И.Ц ХХК-ийн захирал гэгч хүн хүрч ирээд танайх манай байранд орсон тул 3 хоногийн дотор нүү гэж загнасан. Дээрх үйл явдлаас болж 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Д.Б нь А.И.Ц ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, А.И.Ц ХХКнь ажлын хөлсөнд манай байрыг бартераар шилжүүлсэн, нэг өдөр 2 өөр агуулгатай гэрээ байгуулсан гэх үндэслэлээр миний хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Түлхүүр олгосон байгууллага нь Х.А.Х ХХК байсан ба 2 дугаар блокийг барих захиалагч нь байсан. Х.А.Х ХХК-иас лавлагаа авахаар очиход 2 дугаар байрны 55 тоот нь Д.О  миний нэр дээр бүртгэлтэй, төлбөр тооцооны үлдэгдэлгүй, И.Н.К ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэх албан бичгийг надад өгсөн. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Х.А.Х ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх захиалагч байгууллага мөн гэдгээ тодорхойлсон болно. Х.А.Х ХХК нь 2 дугаар байрны захиалагч байгууллага бөгөөд И.Н.К ХХК нь бартераар байрыг иргэн Д.Б-д өгсөн ба Д.Б нь тус байрыг надад худалдсан юм. Би хууль ёсны гэрээний үндсэн дээр байр худалдан авсан ба миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байр. Д.Б нь дээрх ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ажлын 73.4 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг байр нь миний өмчлөл, эзэмшилд нэгэнт шилжсэн тул миний эрхээр уг байр хязгаарлагдаж байгаа. Мөн Д.Б-ын гүйцэтгэвэл зохих ажлын 73.4 хувийн гүйцэтгэлийг хүлээж аваад айлууд нь ороод амьдарч байгаа тул Ш.Ө.Т ХХК-ийн Д.Б-ын хийсэн паркет, шохой, эмульсийн хуулж авах боломжгүй тул үүргийн шинж чанараас хамааран захиалагч, гүйцэтгэгч хэн алины гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаах боломжгүй юм. Иймд А.И.Ц ХХК нь Ш.Ө.Т ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон өөрт учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байрыг буцааж авах үндэслэлгүй байна” гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын талбайн гэх хүснэгт, А.И.Ц ХХК-ийн Ш.Ө.Т ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас, Д.Б, Д.О  нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, И.Н.К ХХК, Д.Б нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-гаас, Голомт банк ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой төлбөрийн баримт, Д.Б, Д.О  нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, И.Н.К ХХК, Д.Б нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ, И.Н.К ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тодорхойлолт, Х.А.Х ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Х.А.Х ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зар, фото зураг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...А.И.Ц ХХК нь Ш.Ө.Т ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэгт баригдаж буй нийтийн эзэмшлийн заслын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 30 хоногийн дотор багтааж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний нийт дүнг гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцохоор, ажлын хөлсийг 100 хувь бартераар байхаар, бартерын байрны үнийг 1 м.кв нь 1 600 000 төгрөгөөр тооцож 55.04 м.кв орон сууц өгөхөөр, өөрөөр хэлбэл 55.04м2 x 1 600 000=88 064 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч талаас захиалагч талд актаар хүлээлгэж өгснөөр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч үүргээ биелүүлсэнд тооцогдохоор тохиролцсон юм. Гэтэл Ш.Ө.Т ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2021 оны 3 дугаар сарын орчим буюу гэрээний хугацаа өнгөрөөд бараг хагас жилийн дараа хийсэн ажлыг манай байгууллагаас очиж шалгахад 64 603 000 төгрөг гэх тооцоолол гарсан, үүнийгээ ч актаар хүлээлгэж өгөөгүй. А.И.Ц ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, ажлаа хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд үүний оронд нийт хийх 88 064 000 төгрөгийн гүйцэтгэлээс хийсэн гэх 64 603 000 төгрөгийг хасаж зөрүүг манай байгууллагад буцааж өгье гэх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцээх хүсэлгүй байгаагаа бидэнд албан бичгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид ч биелүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хүсэлттэй байна. Иймд А.И.Ц ХХК нь Ш.Ө.Т ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байх тул ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож өгнө үү. 64 603 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар маргах зүйлгүй” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Ш.Ө.Т ХХК, А.И.Ц ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэсэн бөгөөд өмнө хийсэн гүйцэтгэгч нарын ажлын алдаа дутагдлыг засах ажлыг тусад нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд 1 сарын хугацаа заасан боловч 2020 оны 9 дүгээр сард цар тахлын улмаас нийтэд 14 хоногийн хөл хорио тавигдсан, мөн удалгүй дахин хөл хорио тогтоосноор сарын хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж чадаагүй. Ш.Ө.Т ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн 64 603 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, А.И.Ц ХХК-д хүлээлгэн өгч, харилцан баталсан. Бодит байдал дээр 64 603 000 төгрөгөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн, бусад ажил нь ямар нэгэн байдлаар доголдолтой гэдэг байдлаар хүлээж аваагүй ажил байгаа. 64 603 000 төгрөгийн ажлаас өөр цаашид хийж гүйцэтгэх ажлыг А.И.Ц ХХК нь манай компанид өгөөгүй учир бид санаачилгаараа ажил гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл бартераар өгсөн орон сууцны үнэд хүртэл захиалагч компани ажил гүйцэтгүүлэх ёстой байсан боловч ажил даалгаж өгөөгүй ул бид хийгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээ цуцлахаар шүүхэд хандахаас өмнө манай компанид мэдэгдэл хүргүүлэх, хуульд заасны дагуу хугацаагаа тохирох, энэ хугацаанд гэрээ цуцалснаас үүсэх үр дагавраа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж болох байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй, урьдчилсан шийдвэрлээгүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай байна. Нэгэнт гэрээ дуусгавар болоогүй учраас ажлын зөрүү гэж байгаа ажлаа хийгээд өгөхөд татгалзах зүйлгүй. Шинээр ажил өгөх юм бол тухайн ажлыг хийж гүйцэтгээд энэ асуудлаа шийдчихэд татгалзах зүйлгүй” гэв.

 

4. Бие даасан шаардлага гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр И.Н.К ХХК-ийн захирал З.Ч, иргэн Э.Э нарын иргэн Д.Б-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.2-т захиалагч нь тус байрны төлбөрийг бүрэн төлсөн гэсэн бөгөөд уг гэрээнд И.Н.К ХХК-ийн захирал З.Ч, иргэн Э.Э нар гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байдаг. Мөн 2020 оны 8 сарын 28-ны өдөр И.Н.К ХХК-ийн захирал З.Ч нь Д.Б-д тус байрыг зарах эрхийг дангаар эзэмшиж байгаа тухай албан бичигт тамга дарж, гарын үсгээр баталгаажуулж өгсөн байна. Энэ 2 баримтыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  би Д.Б-тай захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус байрыг худалдан авсан. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байрандаа нүүж ороод амьдарч байтал 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А.И.Ц ХХК-ийн захирал гэгч хүн хүрч ирээд танайх манай байранд орсон тул 3 хоногийн дотор нүү гэж загнасан. Түлхүүр олгосон байгууллага нь Х.А.Х ХХК байсан ба 2 дугаар блокийг барих захиалагч нь байсан. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Х.А.Х ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх захиалагч байгууллага мөн гэдгээ тодорхойлсон болно. Х.А.Х ХХКнь 2 дугаар байрны захиалагч байгууллага бөгөөд И.Н.К ХХК нь бартераар байрыг иргэн Д.Б-д өгсөн ба Д.Б нь тус байрыг надад худалдсан юм. Би хууль ёсны гэрээний үндсэн дээр байр худалдан авсан ба миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байр юм. Мөн Д.Б-ын гүйцэтгэвэл зохих ажлын 73.4 хувийн гүйцэтгэлийг хүлээж аваад айлууд нь ороод амьдарч байгаа тул Ш.Ө.Т ХХК-ийн Д.Б-ын хийсэн паркет, шохой, эмульсийн хуулж авах боломжгүй тул үүргийн шинж чанараас хамааран захиалагч, гүйцэтгэгч хэн алины гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаах боломжгүй юм. Иймд А.И.Ц ХХКнь Ш.Ө.Т ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон өөрт учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой тул миний өмчлөл, эзэмшилд шилжсэн байрыг буцааж авах үндэслэлгүй байна” гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.И.Ц ХХК болон хариуцагч Ш.Ө.Т ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр гүйцэтгэгч буюу Ш.Ө.Т ХХК нь захиалагчийн өгсөн даалгаврыг үндэслэн давхруудын айл болон нийтийн эзэмшлийн заслын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний нийт дүнг нийт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээр тооцохоор, захиалагч нь ажлын хөлсөнд талбайтай орон сууцны 1 м.кв-ыг 1 600 000 төгрөг буюу нийт 88 064 000 төгрөгт тооцож бартераар өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гүйцэтгэгч Ш.Ө.Т ХХК нь гэрээний дагуу орцонд нийт 64 603 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан А.И.Ц ХХК-ийн инженер Б.Н-ийн хянасан бичгийн нотлох баримтаар нотлогдохоос гадна нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй тул гүйцэтгэгчийг гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. 

 

Харин үлдэх 23 461 000 төгрөгийн үнийн дүнд Ш.Ө.Т ХХК ямар ажил хийж гүйцэтгэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, захиалагч талаас ажил гүйцэтгэх даалгавар өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, захиалагч нь гэрээний 2.1-д заасан гол нөхцөл буюу даалгавар өгөх үүргээ биелүүлээгүй байх тул ажлын хөлсний үлдэх үнийн дүнд ажил гүйцэтгээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Ш.Ө.Т ХХК-ийг гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэсэн боловч гэрээний нийт дүнгийн хэмжээнд ажил гүйцэтгээгүй үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар нэхэмжлэгч А.И.Ц ХХК-ийг гэрээнээс татгалзаж болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Ш.Ө.Т ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэгч А.И.Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ