Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/559

 

 

 

 

 

 

   2021             6               2                                        2021/ДШМ/559

 

 

А.О-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.О-д холбогдох эрүүгийн 2106000000051 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Ариунаагийн О-, 19... оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. хийдэг гэх, ам бүл.............хамт Баянзүрх дүүргийн ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3571 дугаартай захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялын хугацаа дуусч суллагдсан.

А.О- нь 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “......” хүнсний дэлгүүрт иргэн Л.Н-гийн эд хөрөнгийг авах зорилгоор “мөнгө өг” гэж хэлэн чулуугаар цохих, шилээр зүсэх зэргээр хүч хэрэглэж, улмаар шилний хагархайг хохирогчийн хүзүүнд тулган биед нь гэмтэл учруулахаар заналхийлэн довтолж, дэлгүүрийн орлого болох бэлэн 140.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Л.Н-гийн толгой руу чулуугаар цохиж, шилэн лангуу руу түлхэж унагаан шилэн лангууг хагалж, улмаар хагалсан шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Л.Э-ы эзэмшлийн 32 инчийн “Самсунг” брэндийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор дүйцүүлэн 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн А.О-ын нийт эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О-ын урьд цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг чулуу, шилний хагархай 1 ширхэг, цагаан өнгийн даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч А.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Б.Байгалмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” заалтад хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд уг тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн аль ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан байна. Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Хууль тогтоогчийн дээрхи тайлбарыг үндэслэл болгон шүүгдэгч А.О-ын тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн зүйлүүд нь болох бөөрөнхий мөлгөр хэлбэртэй байгалийн чулуу, хохирогч Л.Н-гийн / хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн дэлгүүрийн шилэн лангууг унаж хагарсан/ шилэн лангууны шилний хагархай нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай галт хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн аль ч биш. Мөн байгалийн /бөөрөнхий/ чулуу, шилэн лангууны хагархай нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл биш юм. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэдэгт иж бүрдэл бүтцийн хувьд аливаа амьд болон бусад биетийг устгах, гэмтээх чадвартай эд зүйлийг хамааруулан авч үздэг. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот тогтоолд “Зэвсгийн чанартай бусад зүйл буюу хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох... чулуу, шил, гэх мэт эд зүйлсийг тусгайлан бэлтгэсэн засаж тохируулсан эсэх нь... зүйлчлэхэд нөлөөлөхгүй...” гэжээ. Өөрөөр хэлбэл, байгальд ердийн бүтэц, шинжээрээ оршин байх эд зүйл, мөн тодорхой хүчний нөлөөллөөс хагарч, хурц ирмэг бүхий шил зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд зайлшгүй засаж тохируулсан, эсхүл урьдаас бэлтгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд нэгэнт байгалийн өвөрмөц шинжээрээ хүний оролцоотойгоор бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадвартай тул “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх тодорхойлолт диспозицэд хамаарч дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байх тул прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад заасан “танхайрах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх энэ зүйл хэсэгт Улсын Дээд шүүх 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот тогтоолоор албан ёсны тайлбар хийсэн байдаг бөгөөд уг тогтоолын 2 дахь хэсэгт заасныг /зэвсгийн чанартай бусад зүйлийг тайлбарласан/ анхан шатны шүүх дээрхи дүгнэлтийнхээ үндэслэл болгожээ. Хууль тогтоогч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж хуульчилсан байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж буюу “тусгайлан бэлтгэсэн” гэсэн үг оруулан тодотгон хуульчилж, уг зүйл хэсгийн тайлбартаа “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ. А.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бөөрөнхий хэлбэрийн байгалийн чулуу, шилэн лангууны хагархайн аль аль нь үйлдвэрийн, гар хийцийн, галт болон хүйтэн зэвсгийн алинд ч хамаарахгүй, харагдах байдал, бүтэц хэлбэрийн хувьд ч галт болон хүйтэн зэвсэгтэй адил биш, хохирогч Л.Н- ч чулуу, шилний хагархай байсныг тодорхой, харснаа мэдүүлсэн байдаг. А.О- уг гэмт хэргийг үйлдэхийн тулд урьдаас байгалийн чулуу, шилний хагархайг тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй, харин дэлгүүрийн шилэн лангуу унаж хагарснаас шилний хагархай бий болж тэр хагархайг нь л авч хэрэглэсэн байдаг. Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч А.О-ын дээрэмдэх гэмт хэргийг бөөрөнхий хэлбэрийн байгалийн чулуу, шилэн лангууны хагархай хэрэглэж үйлдсэн энэ үйлдлийг нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна. Иймд “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эд зүйлийг устгах гэмтээх биеэ хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгодог. Дээрмийн гэмт хэргийг үйлдэхийн тулд тусгайлан бэлтгэж гаднаас чулуу халаасандаа хийн орж ирж худалдагчийн бие махбодод халдсан. Улмаар тухайн лангууг хагалж лангууны шилээр биед нь халдаж байгаа үйлдлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч А.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

А.О- нь 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “......” хүнсний дэлгүүрт иргэн Л.Н-гийн эд хөрөнгийг авах зорилгоор “мөнгө өг” гэж хэлэн чулуугаар цохих, шилээр зүсэх зэргээр хүч хэрэглэж, улмаар шилний хагархайг хохирогчийн хүзүүнд тулган биед нь гэмтэл учруулахаар заналхийлэн довтолж, дэлгүүрийн орлого болох бэлэн 140.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, энэ явцдаа хохирогч Л.Н-гийн толгой руу чулуугаар цохиж, шилэн лангуу руу түлхэж унагаан шилэн лангууг хагалж, улмаар хагалсан шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Н-гийн “... би тамхи авч өгөх гэтэл гэнэт гартаа чулуу барьчихсан байж байгаад тэр чулуугаараа миний толгойн тус газар нилээн олон удаа цохиж, тэр залуу бид хоёр хоорондоо  ноцолдож, манай шилэн лангуун дээр намайг түлхэж унагааж, шилэн лангуу хагарахад, лангууны хагарсан шилээр миний хоолой, чих, хацар, шанаа гэх мэт газар руу маш олон удаа хатгаж, зүсэж гэмтээгээд “мөнгө өг” гэж хэлээд манай дэлгүүрийн өнөөдрийн орлого болох 140.000 орчим төгрөгийг дээрэмдэж аваад, намайг мөнгөө өгөхгүй бол ална гээд миний хоолойн тус газар лангууны хагарсан шилээр тулгаж, зүсэж сүрдүүлсэн. ...” /1хх 27/,

А.О-ын яллагдагчаар өгсөн “... Шархадны арын ууланд ганцаараа хоёр лааз пиво авч гараад уугаад, ууж дуусчихаад уулнаас буугаад дэлгүүр орж тамхи авах санаатай явж байгаад эхний гудамж эргээд байдаг улаан тоосгон 1 давхар дэлгүүр лүү ороод тамхи авахаар 1000 төгрөг өгч байснаа санаж байна. Тэрнээс хойших хэсэг зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд дэлгүүрийн шилэн лангуу хагарчихсан, газраар нэг цус болчихсон байсан болохоор гэнэт айгаад цаасан хайрцагтай бэлэн мөнгө харагдахаар нь аваад зугтаасан. ...” /1хх 92/ гэх мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 730 дугаартай “... Л.Н-гийн биед духны баруун, зүүн шанаа, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 61/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаартай “... А.О- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.О- нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. ... А.О- нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байсан байна. ...” гэх дүгнэлт /1хх 70/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  /1хх 7, 13-14//,

“Дамно” ХХК-ийн БЗДЗ-21-26 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 75-76/ зэргээр,  

мөн 2020 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Л.Э-ы эзэмшлийн 32 инчийн “Самсунг” брэндийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

А.О-ын яллагдагчаар өгсөн “... тэр өрөөний жижиг цонх нь онгорхой байсан. Эзэн нь ганцаараа унтаж байхаар нь би цонхоор нь ороод хажуу талд байсан 32 инчийн зурагтыг аваад гарсан. Хулгайлсан зурагтаа “Нарантуул” зах дээр очоод замын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Зурагт зарсан мөнгөөрөө өөртөө юм аваад дуусгасан. ...” /1хх 119/,

Хохирогч Л.Э-ы “... Тэрнээс хойш ганцаараа байж байгаад 22 цаг болж байхад хаалгаа унтсан. Тэгээд өглөө 5 цаг 10 минут болж байхад сэргээд зурагт байхгүй болсон байхаар нь дүү рүү залгаж дуудсан. Манай дүү ирээд цагдаад дуудлага өгсөн. Авдар дээр байсан 32 инчийн “Самсунг” зурагт алга болсон байна. 3 жилийн өмнө 490.000 төгрөгөөр авч байсан, одоо авсан үнээрээ үнэлнэ. ...” /1хх 138/ гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 125/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 126-130/,

“Дамно” ХХК-ийн СБ2-20-1219 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 149-150/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайн зүйл хэсгүүдэд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.О-ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагаас “А.О- гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бөөрөнхий хэлбэрийн байгалийн чулуу, шилэн лангууны хагархай аль аль нь үйлдвэрийн, гар хийцийн, галт болон хүйтэн зэвсгийн алинд ч хамаарахгүй тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэж заасан байх ба шүүгдэгч А.О-ын дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Л.Н-гийн эд хөрөнгийг нь авахаар довтолж, толгой руу нь чулуугаар цохиж, улмаар ноцолдох явцад лангууны хагарсан шилийг ашиглан хохирогчийн хоолой, чих, хацрыг зүсэж гэмтэл учруулсан үйлдлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19ий өдрийн 2021/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ