Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 121/ШШ2023/0004

 

2023 оны 01 сарын 25-ны өдөр          Дугаар 121/ШШ2023/0004                     Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай “*******” ХХК нь 2017 оноос хойш түгээмэл тархацтай ашигт малтмалаар Өвөрхангай аймаг орон нутагтаа үйл ажиллагаа хийгээд ирсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэл хайгуул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлгүй цорын ганц аймаг манай Өвөрхангай аймаг байдаг. Бид нар байгалийнхаа ашигт малтмалыг хууль бусаар авч өнөөдрийг хүрсэн. Би өөрөө геологич мэргэжилтэй хүн. Мэргэжлийн хүний хувьд үүнийг олж хараад манай нутагт энэ талын ажлыг хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэж хараад 2017 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 онд “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутагт байрлах “*******-4” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Ингээд 2018 онд өөрийн 40-50 сая төгрөгөөр хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн. Хайгуулын ажил гэдэг нь тухайн элс нь барилгын материалд тохирох юм уу? Юунд тохирох  юм, хүний эрүүл мэндэд яах юм, цацраг идэвхт бодис хортой юм уу? Нөөц нь хэр юм, хор хөнөөл нь ямар юм, байгаль орчинд яаж ашиглавал хор хөнөөл нь бага байх вэ? гэсэн техникийн шинжээчийн үндэслэл гэх зэрэг зөндөө олон зүйл хайгуулын ажилд явагдаж байдаг. 2018 онд хайгуул хийх явцад нэг асуудал гарсан юм. Тухайн ордоос 10 гаруй тооны палеонтологи, археологийн судалгаа хийсэн. Манай Шинжлэн ухаан технологийн их сургуулийн компьютер менежментийн сургуулийн доктор Энхболд гэдэг хүнээр археологийн судалгаа явуулсан. Гэтэл хүннүгийн үеийн булш гараад ирсэн. Цаашид ашиглахад зардал их гарна. Үүнийг нүүлгэн шилжүүлдэггүй юм гэхэд булш бунхантай газар 200 м түүнээс цааш газар ашиглахыг хуулиараа зөвшөөрдөг байгаа. Ингээд бид энэ газраа ажиллах боломжгүй, шаардлагагүй болоод ирсэн. Тухайн талбай дээр зөндөө судалгааны ажил хийсэн. Тухайн элсний нөөцийг судалсан. Бид 2018 онд тэр чигээрээ тэр талбай дээр судалгааны ажил хийж ажилласан. Ингээд булшнуудаас болж бид нар энэ талбайгаа орхих шаардлагатай болсон. Нэгэнт эрхэлсэн ажлаа дуусгая гээд урд байгаа тайлбай дээр хайгуул зөвшөөрөл авахаар 2018 оны 11 дүгээр сард өргөдлөө өгсөн байдаг. Манай урд талын талбай дээр өмнөх компанийн хугацаа нь дуусч байсан. Бид нар зөрж аваад манайх судалгааны ажил хийе гэж өргөдөл өгсөн. Бид 2018 оны 11 дүгээр сараас хойш хөөцөлдсөн. Нэг хэсэг чимээгүй болсон. Сонгуулийн үеэр бүр замхарч, засаг төр солигдож бөөн асуудал болсон. Сая манайх за юу болов гээд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох материалын хамт өргөдөл өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл кадастрын системд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж орсон. Энд хориглосон зүйл байхгүй байна гэсэн. Энэ хугацаанд Засаг даргаас ямар нэгэн хариу ирээгүй. Ахиад аймгийн Засаг дарга руу бичиг явуулсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр албан  бичиг ирсэн. Татгалзсан гэсэн үндэслэл нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөөгүй гэсэн. Би Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас асуусан. Намайг орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээндээ хөрөнгө оруулалт хийгээгүй, өөрөө ирж уулзаагүй гэж надад хэлсэн. Би орон нутагт очиж мөнгө төгрөг өгч чадахгүй, манайх том уул уурхайн компани биш гэж хэлсэн. Манайх хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж байгаа компани гэдгээ хэлсэн. Мөн зам ухаж эвдрэлд оруулсан гэсэн юм ярьсан байна лээ. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг манайхыг хийсэн болгож яриад байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 16-нд Баянголоос элс хулгайлсан асуудал гарсан гэсэн.

Аймгийн Цагдаагийн газраас бидэнтэй холбогдсон. “*********” ХХК-нь Баянголоос элс авсан байгаа юм. Экологийн цагдаа танайх тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна гэсэн. Зөрчлийн хэрэг нээгээд явсан байх яаж шийдэгдсэнийг би мэдэхгүй байна. Би талбай дээрээ очиж үзсэн. Би эрхэм шүүгчид хүсэлт гаргасан. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас энэ зөрчлийн хэрэгтэй холбоотой баримтыг гаргуулж өгөхийг хүссэн. Ямар ч байсан шийдэгдсэн байх гэж бодож байна. Би дараа нь талбай дээр нь очиж үзсэн. Том том нүх ухаж,  машин машинаар элс ачсан байсан. Би санаа зовоод биеэр очоод үзэхэд гайгүй байсан.

Энгийн хүний нүдээр харахад мэдэгдэхгүй. Энэ Хүннүгийн үеийн булшийг мэргэжлийн хүмүүс л сайн мэднэ. Би аймгийн Засаг дарга ******** энэ тухай бүгдийг нь хүргүүлж байсан. Элс хулгайлж ачиж зөөх юм бол булш бунхан байгаа шүү гэдэг талаар сумын Засаг даргад хэлж байсан.

Манайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олдвор хайгуулалтад явахад асуудалтай юм байна гэж сануулж хэлж байсан. Би үүнийгээ өөрийн орон нутагтаа оруулж байгаа хувь нэмэр гэж бодож байсан. Сум орон нутаг болохоор өөдөөс иймэрхүү юм ярьж байгаа. Үүнийг миний хувьд ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөр нэг компани манай ашиглалтын талбайд өргөдөл гаргасан байсан. Тэгээд тэр компанид тусгай зөвшөөрөл олгосон байсан. Яагаад олгочхов гэсэн чинь ямар ч утгагүй ойлгомжгүй юм ярьсан.

Дүгнээд хэлэхэд манай компани маш их ажил хийсэн, хөрөнгө оруулалт оруулсан цорын ганц компани. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага ... хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэсний дагуу төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэж, улмаар 14.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд буюу нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдэж байгаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн талбай байрших сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх аймгийн Засаг даргад олгогдсон байна.

Гэтэл Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 06 дугаар сард хуралдаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу тухайн газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал ирүүлсэн байна. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу ирүүлсэн.

Үүнийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасантай нийцээгүй гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дүгээр зүйлд хамгийн түрүүнд хүсэлтээ өгсөн компанид олгоно гэсэн заалт байгаа. Манай компани хамгийн түрүүнд өргөдлөө өгсөн. Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан гэж бодож байна. Энэ 3 зүйлийг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Би орон нутагтаа хэрэгтэй зүйлийг хийе  гэж бодсон. Барилгыг судалгаа шинжилгээгүй барьснаар дараа нь ямар хор уршиг учрах уу? Элс бол маш их цацраг идэвхт бодис агуулдаг онцлогтой. Хамаагүй аваачаад шаварт наагаад байвал цацраг идэвхт бодистой тул ямар байх уу? гэдэг нь ойлгомжтой. Ашигт малтмал явуулна гэдэг чинь байгаль орчинд хамгийн ээлтэйгээр судалгаа шинжилгээтэй хийх ёстой. Тооцоо судалгаатай байх ёстой. Тийм учраас ийм зүйлийг Өвөрхангай аймагт хийе гэж 2016 оноос эхэлсэн юм. Гэтэл зөндөө ажилласны дараа ийм ойлгомжгүй асуудлаас болж бүх хийсэн зүйл минь юу ч биш болсон тул урам хугарсан.

Элс ашиглалаа гээд тухайн компанид тээвэрлэлтийн зардал маш өндөртэй. Тийм учраас элсийг олборлоод зараад элсний бизнес тийм их ашигтай биш байдаг. Миний хувьд хийсэн ажлаа дуусгая гэж зорьсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хоёроо ялгаж чадахгүй. Ийм ойлгомжгүй тайлбар өгсөн болохоор би бууж өгөхийг хүсээгүй. Тэгээд нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймагт хайрганы тусгай зөвшөөрөлтэй компани байдаггүй. Бетон зуурмагийн үйлдвэр дээрээ хайргаа хулгайлж аваачаад зуураад байдаг. Ямар ч судалгаа шинжилгээ байхгүй. Цаанаа юу хийж байгаа юм бүү мэд. Би аймгийн Засаг даргад бүгдээрээ энэ асуудлаа  нэг тийш нь болгоё гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга өөрөө энэ бол толгой өвтгөсөн том асуудал байна гэж яриад байдаг хэрнээ яагаад ингэчхэв гэдэг асуудал яригдаж байгаа юм” гэв       

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...”*******” ХХК Баянгол сумын “Цагаан булан” 3 дугаар бгаийн нутаг дэвсгэрт байрлах “*******-4” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, өргөдлийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн.

Улмаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөх, санал авах, зайлшгүй шаардлагатай тул тус компанийн хүсэлтийг холбогдох материалын хамт Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1/279 дүгээр албан бичгээр 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

Албан бичгийн дагуу Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 06 дугаар сард хуралдаж, мөн иргэдийн санал, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тухайн газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналтайгаар албан бичгийг ирүүлсэн.

“*******” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариу хүргүүлсэн болно. Үүнд өргөдөл шийдвэрлэх хугацаа болон шийдвэрлэлтийн шатан дахь ямар нэг зөрчил гаргаагүй болно” гэжээ.         

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх процессийг сая нэхэмжлэгч ******* захирал бүгдийг нь ярилаа. Би энэ асуудлыг анхнаас нь мэдэж хариуцаж байгаа болохоор чиг үүргийн хувьд мэдэж байгаа. Манай хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс Уул уурхай, байгаль орчин, ашигт малтмал, барилгын материалтай холбоотой аль ч бүх төрлөөр холбогддог байгаа. Манай хэлтэст энэ асуудлыг хариуцдаг байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтэн ажилладаг. Сая ******* захирлын ярьсан асуудлыг бид бүх түвшинд ярьсан. Өнөөдрийн миний хуулийн хэлэх ганц тайлбар бол ганц “*******” ХХК биш бүх аж ахуйн нэгж байгууллагад үүсч байгаа асуудал. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд элс, хайрга 2018, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт барилгын салбартай холбоотой энэ чиглэлээр элс хайрганы хэрэгцээ огцом нэмэгдсэн. Аймгийн хувьд энэ асуудал тулгамдсан асуудал болж хувирч байсан. Бид аль болох хууль тогтоомжид нийцүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийн үйлчилж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн талбайд хамаарах сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч зөвшилцөж шийдвэр гаргах аймгийн Засаг даргын зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх ёстой. Процессийн хувьд хугацаа зөрчсөн зүйл байгаа.

Баянгол сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа хагас жилд хуралдана гээд жилийн төлөвлөгөөгөө баталсан байдаг. Бид нар дундуур нь энэ асуудлаа оруул гэсэн. Тухайн үед “*******” ХХК нь “Арвай блок” констракшн ХХК хамт хүсэлт өгсөн. Баянгол сум төлөвлөгөөндөө оруулж хуралдаад нэг ч төлөөлөгч дэмжээгүй 100 хувийн саналаар татгалзсан. Хурлын протокол сийрүүлсэн хэлбэрээр бичсэн байдаг юм уу? тэнд их юм бичигдээгүй байгаа. Энэ нэхэмжлэлтэй холбоотой Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, удирдлагуудтай ярьсан. Сая ******* захирал өөрөө ч хэллээ. Үүнийг иргэд маш их анхаардаг болсон. Байгаль орчин сүйтгэж бэлчээрийн доройтолтой таван малаа яах вэ? гэж байхад дээрээс нь тайлбай сүйтгэж түүнийгээ тээвэрлэж байгаа. Энэ нь малчид бидэнд маш их хохиролтой байдаг гэж төлөөлөгч нараараа дамжуулж хэрвээ дэмжих юм бол хууль номонд нь нийцүүлж нөхөн сэргээлт хийдэг тэр зүйлийнх нь дагуу ам өчгийг нь авч гэрээ хэлэлцээр хийх ёстой шүү гэсэн шаардлага тавьдаг. Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж энэ 2 компанийг аль алийг нь зөвшөөрөөгүй байсан. Өргөдөл цахимаар бүртгэгдэж Ашигт малтмалын газар дээр хянагдаж урт нэртэй хуулийн үйлчлэлд хамаарч байна уу? Өөр нэгэн өмнө хойно олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу давхцаж байна уу? огтлолцож байна уу? гэдгийг хянадаг зүйл байгаа. Ямар нэгэн давхцал байхгүй байна гэсэн хариу ирсэн. Үүний дагуу өргөдлийг Баянгол сум руу бид уламжилсан. Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би өмнө нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргаар 2016-2021 оны хооронд ажиллаж байсан. Энэ хугацаанд би ******* захиралтай утсаар хэд хэдэн удаа холбогдож байсан. Өөрөө одоо санаж байгаа байх гэж  бодож байна. Тухайн үед юу яригдсан бэ? гэхээр тухайн асуудлаар аймаг элсгүй болчихлоо гээд бид нар гэрээний дагуу сургууль, цэцэрлэгийн барилгуудыг 8 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад өг гэдэг гэрээ тооцоо байгуулдаг. Гүйцэтгэгч нараас элсгүй болохоор хугацаа алдаж байна гэсэн санал гараад “Улаан-Нуур”-аас элс татахгүй, аймагт огт элсгүй байна гэсэн. Бид нар Хархорин сум, Баянхонгор аймгаас элс татаж байна гэдэг. Тэгээд би энэ тухай ******* захиралтай ярьж байсан. Тэгээд анх энэ хайгуулын зөвшөөрөл хөөцөлдөөд явж байгаа гэдгийг анх сонсож байсан. Ингээд би энэ ажил авсны дараа 2 дахь удаагаа холбогдсон чинь хүннүгийн үеийн булш бунхны асуудал үүссэн. Археологийн нарийн хайгуул судалгаа хийж энэ асуудлыг хийхгүй бол олборлолт хийх юм бол хууль зөрчиж хариуцлага хүлээх нөхцөл байдал руу орно гэж сая өөрөө мэргэжлийн хүний хувьд нэлээн сайн тайлбарлаж байна.

Аймгийн Засаг даргын түвшинд элс, хайрганы асуудал чухал байгаа ч гэсэн хуулийн дагуу анхнаас нь зөвшөөрөл авахгүй явах юм бол аймгийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг асуудал яригдана. Манай суман дээр бэлэн кэйс гэвэл Зүүнбаян-Улаан сумын асуудал байна. Сумын Засаг дарга нь олгохгүй хугацаа алдаж байгаа. Үүнээс болж эдийн засгийн хохирол амсаж байгаа компани байгаа. Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нартай ажил үүргийн чиг үүргээр холбогдоод аймагт ийм хэрэгцээ шаардлага байна. Зөвшөөрлийг өгч хууль хяналтын дагуу ажлыг нь явуулбал яасан юм бэ гэхэд нэг л зүйл тавьж байгаа.

Энэ компани өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн алхам хийгээгүй. Сум орон нутагтай гэрээ байгуулсан. Миний ойлголтоор өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй мөртлөө энд хүмүүс олборлоод дундаас нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэдэг утгаар нь оролцохгүйгээр 1 тонн элснээс хэдэн төгрөг гэж авах хүмүүсийн хардалт гэдэг юм уу? Тийм л зүйлийг сумынхан яриад байгаа юм. Сумдууд чинь энэ тал дээр маш их ач холбогдол өгдөг болсон. Багийн иргэдийн хурал, Сумын иргэдийн хурал ямар нэгэн зөвшөөрөл өгсөн бол очоод л ямар өвөлжөө хаваржаа байна, ямар малчны эрх ашиг хөндөгдөж байна гэж маш нарийн ханддаг болсон. Иргэд маш их мэдлэг мэдээлэлтэй болсон. Тийм учраас бид нар анхан шатнаас нь зөвшөөрүүлж байж тусгай зөвшөөрөл олгох асуудлаа цааш нь явуулахгүй бол ингээд өгчих юм бол дараа дараагийн шүүхийн шатны асуудал үүсч компани ч үйл ажиллагаа явуулж чадахгүй, шийдвэр гаргасан захиргааны байгууллага буруудаад явах ийм л нөхцөл байдал руу орчих гээд байгаа. Бид нар хайрганы хувьд шийдэл гаргаад явж байгаа. Аймагт  элс хайрганы 3, бетон зуурмагийн 2 үйлдвэр ажиллаж байна. Элсийг ашиглаад хар замаскны 2 үйлдвэр бас ажиллаж байна. Хайрхандулаан суманд нөөц байна гээд тухайн компани нь одоо судалгаа хийгээд тогтоочихсон. Одоо 3, 4 жилийн нүүр үзэж байна. Бас л ялгаагүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөвшөөрдөггүй. Тэнд одоо жоохон л нөөц байгаа гэж малчид нь эсэргүүцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөвшөөрдөггүй. Тухайн компани үйл ажиллагаагаа хумьж Баянхонгороос элсээ татаж үйл ажиллагаагаа явуулж байна. “*******” ХХК-нь би бодохдоо сум орон нутгийн удирдлагуудтай уулзаад энэ тайлбай дээр ийм ийм үйл ажиллагаа явуулна гээд хайгуулаа хийж бүр төлөвлөгөөгөө батлуулаад явах ёстой. Ашиглалтын лицензээ аваад явахаар зайлшгүй сумтай холбогдоод л явах юм. Баянгол сумын Засаг дарга болохоор би толгой мэдэж наадахыг чинь шийдвэрлэж чадахгүй байна. Миний ажлыг шийдвэрлэж хянаж, үнэлж дүгнэдэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  шийдэхгүй байхад би давж шийдвэр гаргах бололцоо байхгүй гэсэн тайлбар өгдөг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал би олонхоороо шийдвэр гаргадаг. Ядаж байхад нэг төлөөлөгч зөвшөөрөхгүй байхад зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг. Аймгийн Засаг даргын түвшинд анхан шатны байгууллага нь зөвшөөрөхгүй байхад би шийдвэр гаргах бололцоогүй гэсэн тайлбар өгдөг. “Арвай булаг” констракшн аймагт барилгын дүүргэлтийн компани хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжөө суурилуулж байгаа. “*******” ХХК-тай давхцаагүй, өмнө эзэмшиж байсан булш бунхны талбайтай давхцаагүй. Энэ компанийн хувьд сумтайгаа хэлэлцээрээ хийгээд сум нь хурлаараа зөвшөөрч зөвшөөрөл нь сая олгогдсон. Одоо хайгуулын судалгаагаа хийх байх гэж бодож байна. Одоогоор тайлан мэдээ ирээгүй байгаа. “*******” ХХК-ийн хувьд ийм боломж байгаа болов уу гэж би харж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас анх Өвөрхангай аймгийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутагт орших “*******-4” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл болон холбогдох материалыг хүргүүлснийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/279 дугаартай албан бичгээр тус хайгуулын талбай байрших Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар хүргүүлсэн байна.

3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:

14.1.1-т “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”;

14.1.2-т “тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх”;

14.1.3-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”;

14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”,

14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ.

14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/279 дугаартай албан бичигт “Танай сумын нутагт “*******-4” нэртэй газарт “*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ********* бүртгэлийн дугаартай 91.25 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт ирсэн. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу саналыг ирүүлнэ үү” гэжээ.

Дээрх албан бичгийн агуулгаас харахад “*******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох материалаа гаргасан, 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар “*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч талаас маргаагүй болно.

4. Харин нэхэмжлэгчээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналд үндэслэн, тэрхүү саналын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх агуулгагүй. Санал авах ажиллагаа нь хуулийн процессийн шаардлага бөгөөд өгч буй санал нь тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн шаардлагатай эн тэнцүү үндэслэл болох талаар тодорхой зохицуулаагүй. Гэтэл уг санал үндэслэн манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд заасантай нийцэхгүй байна гэж маргаж байна.

5. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/279 дугаар албан бичгийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирсэн бичгийн бүртгэл 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцээд зөвшөөрөөгүй гэсэн хариуг хүргүүлсэн гэж тэмдэглэжээ.

6. Хэрэгт Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тэмдэглэл авагдсан бөгөөд тус тэмдэглэлд дурдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт, 17 төлөөлөгчийн буюу 80.95 хувийн ирцтэй эхэлжээ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын 4 дугаарт заасан “*******-4”-ын элсний ордын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “*******” ХХК, “******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн байх ба хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжээгүй санал хүргүүлэхээр шийдвэрлэж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

7. Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот “*******” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал ирүүлсэн. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгджээ.

8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь 1/ аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авч бүртгэн, 2/ анхан шатны шүүлт хийх, 3/ хориглолт ба давхцал байгаа эсэхийг тогтоолгох цахим өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дүгнэлт авах, 4/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авах, 5/ тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах; гэсэн бие даасан, дамжлага бүхий үе шатуудаас бүрдэх ба урьдах шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн шаардлагыг шалгах горимтой.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хуулийн холбогдох шаардлагуудыг хангасан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналд үндэслэж хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэр нь хуульд нийцсэн байх тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.НЭРГҮЙ