Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 83

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

 Прокурор                          А.Ариунзаяа

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Бууч овогт Дашдоржийн Энхболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 16-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайн технологийн багш мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бууч овгийн Дашдоржийн Энхболд /РД:88111616/

      

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Энхболд нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажилллагаа явуулдаг “Аж богд” бөс барааны дэлгүүрийн урд талын авто  машины зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Бадралын эзэмшлийн “Дайхацу” маркийн 06-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Модерн Номадс” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Хонгорзулын эзэмшлийн “Мерседес бенз ML350” маркийн 28-82 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг хугалж, арын улсын дугаарыг гэмтээсэн, баруун урд хаалгыг зурж сэвтүүлэн нийт 1.695.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын  01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын  авто зогсоол дээр байрлуулсан иргэн Н.Пүрэвбатын жолоодож явсан “Ланд Круйзер-200” маркийн 03-07 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын улсын дугаарыг хуулж, хоёр талын толын нь хугалан 670.000 төгрөгийн хохирол тус тус учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхболдын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Шүүгдэгч Д.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “….2017 оны сарын 31-нд олимпиад болоод дуусаад хүмүүстэй найз охинтойгоо маргалдаад сэтгэл санаа муу болохоор нь архи уусан. ”Войс” кароакед 0.75 литрийн архи уугаад согтуу тасарсан байдалтай байсан. “Аж богд”-ын ард байсан жижиг суудлын ногоон машины зүүн толийг хугалсан байсан. “Модерн номадс” мөн “Сэлэнгэ” зочид буудал дээр байсан машиныг согтуу өөрийгөө жолоодох чадваргүй яагаад тийм зүйл хийснээ ойлгохгүй байна. Багш хүнд байх ёсгүй зүйл гаргасандаа маш их харамсаж байна. Тухайн үйлдлийг хийчихээд 5 өнгөрч байхад Буурийн голд эзгүй хашаанд хэвтэж байсан. Яаж тэнд очсоноо мэдэхгүй байна гэв.

            2.Хохирогч Б.Хонгорзулын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 00 цагийн үед өөрийн эзэмшлийн 28-82 УНХ улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Сүхбаатар суманд ирсэн. Ирээд 6-р багт байрлах “Модерн номадс” зочид буудалд байрлаж тээврийн хэрэгслээ зогсоол дээр нь байрлуулсан. Өглөө 11 цагийн үед машинаа гараад үзтэл миний машины баруун урд талын толийг хугалж доош унжуулсан, арын улсын дугаарыг гулзайлгаж хэлбэрийг нь алдагдуулсан байсан. Машины толийг хугалах үедээ хаалгыг зурж сэвтээсэн байсан. ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

     3.Хохирогч Б.Бадралын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар сумын төвд байрлах “Аж богд” бөс барааны дэлгүүр, “Таны Сэлэнгэ” кабелийн телевизийн байрны ертөнцийн зүгээр бол хойд талд өөрийн эзэмшлийн хар ногоон өнгийн Дайхацу маркийн 06-8 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 21 цаг 45 минутын орчим байрлуулж, гэр орж амарсан. Ингээд маргааш өглөө нь 10 цагийн үед машинааа үзэхэд машины зүүн талын толь хугарч алга болсон байсан. Толиноос өөр эвдрэл гэмтэл байхгүй. ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

4.Хохирогч Н.Пүрэвбатын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ирээд “Сэлэнгэ” зочид буудалд ганцаараа байрласан. 03-07 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ машины зогсоол дээр байрлуулсан. Өглөө сэрэхэд Цагдаагийн ажилтан нар ирээд үзлэг, шалгалт хийж байсан. Миний машины арын номерийг мултлаад сул тавьсан. Урд номер байхгүй, 2 толины хавтаснаас толийг нь салгаж авсан байсан....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

      5.Гэрч Г.Бямбадалайгийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би харуулын үүрэг гүйцэтгэж байсан. “Сэлэнгэ” зочид буудлаас манай машины зогсоол дээр байсан машинуудад гэмтэл учирсан байна. Танайх зүгээр үү гэж асуусан. Би гарч хартал мөнгөлөг саарал өнгийн  хареир маркын машины зүүн толь хугарсан, цагаан өнгийн истима маркын машинд эвдрэл байхгүй байсан. Хажууд нь хөх өнгийн суудлын бенз маркын машины урд номерийг авчихсан байсан. Хамгийн захад байсан цагаан өнгийн дунд оврын бенз маркын машины баруун толийг хугалсан, хаалга хэсэг нь бага зэрэг сэвтсэн ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

            6.Гэрч Д.Мөрөнгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Ашид билгүүх ХХК-д 3 жил мэргэжилтнээр ажиллаж байна. Би Дайхацу 06-88 УБА, Хариар 23-95 УНЧ, Истима 95-80 УНК, бенз Е240 00-42 УНН, Волкесвеган 00-74 УНӨ, Ланд 200 03-07УНИ, Бенз ДЛ350 28-82 УНХ, Иёт 84-37 СЭҮ улсын дугаартай 8 тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол үнэлгээг гаргахаар томилогдсон...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

           

7.Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №30 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн “3 дугаартай 84-37 СЭҮ машины хойд номерийн дээд хэсгээс“ гэж хаягласан 1ш гарын мөр  шинжилгээнд тэнцэнэ. 1,2 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа 3 дугаартай гарын мөр нь сэжигтэн Д.Энхболдын гарын хээний дардастай тохирохгүй байна.

3.Шинжилгээнд тэнцэж байгаа 3 дугаартай гарын мөр нь Папилон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Тогтоол заасан асуултанд дурьдаагүй нөхцөл байдлууд илэрсэнгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/

8.Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №31 тоот:

1.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр сэжигтэн Д.Энхболдоос хураан авсан гэх гутал нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Д.Энхболдоос хураан авсан гэх гутлын улаар үүсгэгдсэн байж болно.

 3.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Д.Энхболдоос хураан авсан гэх гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.

4.Тогтоол заасан асуултанд дурьдаагүй нөхцөл байдлууд илэрсэнгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/

9.Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас/хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас/

            10.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-16 дугаар хуудас/

11.Хүний бие, өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хйисэн тэмидэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/

            12.Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаал, ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 120-122 дугаар хууудас/

13.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/

14.Шүүгдэгч Д.Энхболдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

15.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтатс хэргийн 55-60 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Д.Энхболдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дээрх нотлох баримтуудад

шүүхээс өгсөн  хууль зүйн дүгнэлт  

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дашдоржийн Энхболдыг 2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажилллагаа явуулдаг “Аж богд” бөс барааны дэлгүүрийн урд талын авто  машины зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Бадралын эзэмшлийн “Дайхацу” маркийн 06-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Модерн Номадс” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Хонгорзулын эзэмшлийн “Мерседес бенз ML350” маркийн 28-82 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг хугалж, арын улсын дугаарыг гэмтээсэн, баруун урд хаалгыг зурж сэвтүүлэн нийт 1.695.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын  01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын  авто зогсоол дээр байрлуулсан иргэн Н.Пүрэвбатын жолоодож явсан “Ланд Круйзер-200” маркийн 03-07 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын улсын дугаарыг хуулж, хоёр талын толын нь хугалан 670.000 төгрөгийн хохирол тус тус учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.        

            Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан ач холбогдол бүхий хууль ёсны нотлох баримтууд, түүнд өгсөн оролцогч талуудын санал дүгнэлтэд үндэслэн Шүүх шинээр мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн, гэмт хэргийн шинж байдал, тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай дүйцүүлэн мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Өөрөөр хэлбэл прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг 2015 оны шинэчлэн  найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинж байдалтай нийцэж байгаа тул энэ зүйл ангиар гэм буруутайд тооцсон болно.    

            Хохирогч Б.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 134 дүгээр тал/, хохирогч Н.Пүрэвбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, хохирогч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 132 дугаар тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл  /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/, хүний бие, өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,  гэрч Г.Бямбадалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, гэрч Б.Мөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55-60 дугаар хуудас/, хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/, Ашид билгүүн ххк-ний үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудад оролцогч талуудын өгсөн санал дүгнэлтэд үндэслэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө усгах, гэмтээх” гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгч Д.Энхболдыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хээлцүүлэгт хохирогч Н.Пүрэвбатад 600.000 төгрөг, хохирогч Б.Хонгорзулд 1.700.000 төгрөг, Б.Бадралд 300.000 төгрөг өгч хохирлыг бүрэн төлсөн тухай мэдүүлэг зэрэг баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Дахин нэмж гаргуулах хохирол төлбөргүй байна.

             Дээрхи нөхцөл байдлуудад оролцогч талуудаас эрүүгийн хариуцлагын талаар өгсөн санал дүгнэлтэд үндэслэн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугцаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.

            Шүүгдэгчид хуульд заасан дээрхи ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн биеэ авч явах чадвартай байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, харьцааны соёлтой байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээрхи ялаас 450 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн 1 хос ботинкийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхболдод буцаан олгох, гэмт хэрэг үйлдсэн талаар гудамжинд байрлуулсан камерийн бичигт бичигдсэн үйл баримтыг буулгасан бичлэгтэй CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэвтэст хэрэгт хадгалахаар  тогтоох нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхболдод авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэвэл зохино.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 201718000092 дугаартай эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх“ гэмт хэрэг үйлдснээр зүйлчилж, тухайн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Бууч овгийн Дашдоржийн Энхболдыг гэм буруутайд  тооцсугай.

2.Дашдоржийн Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн 1 хос ботинкийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхболдод буцаан олгох, гэмт хэрэг үйлдсэн талаар гудамжинд байрлуулсан камерийн бичигт бичигдсэн үйл баримтыг буулгасан бичлэгтэй CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар  тогтоох нь зүйтэй.

4.Шүүгдэгч Д.Энхболд нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг удаа хуулиар тогтоосон хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Энхболдод мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхболдод урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор бусад оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар дээрх хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол анхан шатны шүүхийн шийтдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАЦАГДОРЖ