Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Дөлбаяр,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл  

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** ургийн овогтой Э.Э-д холбогдох эрүүгийн ******** дугаартай, 316/2025/0*****/Э индектсэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ****, ******* хамт Сэлэнгэ аймаг ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** ургийн овогтой Э.Э Регистрийн дугаар: ********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг ********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч М.М, О. Б нартай маргалдаж, улмаар 24 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай хар өнгийн хутгаар О.Б, М.М нарыг тус тус хутгалж, О.Б-н эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч О.Б нас барсан, хохирогч М.М-н зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “...Би 2025 оны 03 дугаар сарын 15-нд найзтай 2 шил архи уугаад явсан. Найзын хүү нь 1 шил архи авч өгсөн тэгээд хажуу айлд ороод нэг архи гаргаж ирэхээр нь нэг татаад 9-10 цагийн үед гэртээ хариад унтаж байхад Б ах, М ах хоёр орж ирсэн. Манайд орж ирснийг би мэдээгүй. Намайг татаж чангаагаад байсан. Тэгээд чи авгайгаа зоддог гэл үү гээд архи авч өг гээд байсан. Би яагаад архи авч өгөх билээ гэхэд чи яасан том болоо вэ гээд барьцалдаад авсан. Тэр үед эхнэр орж ирээд тэр архийг чинь би авч өгье гээд явсан. Баадай ах уурлаад ширээн дээр байсан түмдэн шидсэн. Барьцалдаж байх зуур эхнэр бид хоёрыг салгах гэж зууралдсан. Нэг мэдсэн хутга байсан уг нь хутгыг аваад болиулах гэж байсан. Эхнэр чи хутга барьчихсан байна гэхээр нь харахад миний гарт хутга байсан. Баадай ах шалан дээр уначихсан байсан.Тэгээд би цагдаа руу явсан. Цагдаа байхгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид хэлж мэдэгдээд цагдаа ирж хутга хаана байна гээд хэрэг болсон газар луу явсан...” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э-н буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б-н биед хүнд гэмтэл учруулсан учраас амь хохирсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар, М.М-н биед хөнгөн зэргийн хохирол учирсан үйлдэлд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. М.М-н биед хохирол учруулсан үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Хохирогч хохирол тогтоолгохоос татгалзсан байгаа юм. Гэрч нарын мэдүүлгээс харахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаанаас уг гэмт хэрэг гарсан байдаг боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйл, 4.3 дугаар зүйлд заасан аргагүй хамгаалалтад тооцохгүй юм. Гэмт хэрэг үйлдэхдээ хутга мэс хэрэглэсэн. Хохирлын зэрэг, гэмт хэрэг үйлдсэн байдал, шалтгаант холбоо зэргийг харгалзан дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас цус алдаж шоконд орж нас барсан гэх дүгнэлт, цогцост үзлэг хийхэд 2.8 грам спиртийн агууламж илэрсэн, 165 дугаар хуудас, хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас хавтаст хэргийн 80-81 М.М-н биед шинжилгээ хийсэн дүгнэлт хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөр эрхлэх чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, хохирогч М.М-н биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэж байна. Хутган дээр үлдсэн цуснаас ДНК шинжилгээ хийлгэхэд Э.Э-н цусны бүлэгтэй таарсан. Хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас Мөнхнасан болон Баатархүүгийнхтэй таараагүй гэх дүгнэлт, Хохирогч нарт учруулсан хор уршиг зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан шинж тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө гэртээ архидан согтуурч хохирогч М.М  болон О.Б муудалцан хутгалсны улмаас О.Б-н амь нас хохирсон үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 18,880,500 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоос татгалзсан. Хохирогч М.М гомдол саналгүй, хохирол төлбөргүй сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх хохирол төлбөргүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Гэм бурууд маргаан байхгүй. Хохирлын 18,880,500 төгрөг төлж барагдуулсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон. Хэргийн зүйчлэлд бол гомдол саналгүй. Гэмт хэргийн учраас учирсан хохирол оршуулгын зардал зэрэг төлөгдсөн байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй цаг бусаар дүүгээ алдсандаа гомдолтой байгаа гэж мэдүүлдэг...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-с 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б бол миний хамгийн бага дүү. Бид эхээс долоон хүүхэд байсан, бусад миний 4 ах, 1 дүү нас барсан. Тэгээд талийгаач О.Б бид 2 л үлдсэн байсан юм. Миний дүү О.Б бол хар бага наснаас л мал маллаж байсан. Миний санаж байгаагаар 1971 онд байхаа Алтанбулагт нэг эмэгтэй хүнтэй найзалж байсан. Тэрнээс биш огт гэр бүл зохиож байгаагүй, төрсөн хүүхэд байхгүй. Архи дарс бол уудаг, дор хаяж 3 хоног бол уудаг. Надад бол ууж харагдаад байдаггүй. Хүмүүсээс сонсох нь архи уугаад байдаг бололтой байдаг. Архи уусан үедээ хорон илүү үгтэй нөхөр. Бусдаар бол гэм хор байхгүй" гэх мэдүүлэг /27- 28 хуудас/,.. ” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хохирогч М.М 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би талийгаач Баадаа гэж дууддаг Баатархүүтэй 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийг орчим Сүхбаатар сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*****" дэлгүүр дээр ирээд нэг талх, 2 билүү 3 шил архи аваад Алтанбулаг сум Баашхүүгийн дэлгүүрээс дахин 0,33 литрийн нэг шил архи авсан. Ямар ч байсан авсан аль нь зөөлөн архи вэ гэж хэлээд 14000 төгрөгөөр авсан. Тэгээд тэндээс хөдөө гэртээ ирээд Баатархүүтэй хуваагаад авчирсан архиа уугаад дуусгасан Орой 20, 21 цагийн үед Алтанбулаг сумын төв рүү дахин орсон. Одоо яг яах гэж орсон гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан талийгаач Б нутгийн дүү байгаа тэднийд очно гэж хэлж байсан. Тэр айл манай төрсөн дүү Мөнхнасангийн гэр байсан. Тэгээд тэднийд бараг 22 цаг өнгөрч байхад очсон байх, би нэлээд согтуу байсан гэрт нь очоод болсон үйл явдлыг орж гараад л санаад байна ... Би *******ийн гэрт болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа юм. Ямар ч л байсан санаж байгаагаар ******* гартаа богино хутга барьсан байсан. Миний зүүн гарнаас цус гарч байсан. Тэгэхэд ******* гэрээс гүйгээд гарч байгааг нь би санаад байгаа юм. Тухайн үед талийгаач Баатархүү гэрт нь шалан дээр хэвтсэн байсан. Тэгээд дараа нь эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийж байхад миний дүү М бас гуя өгзөг хэсэгтээ хутгаар хатгуулсан байсан. Надад ямар нэг гомдол байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би сүртэй гэмтсэн зүйл байхгүй, шарх өөрөө эдгэсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 хуудас/,

Гэрч М.М-н 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр ******* бид 2 аймгийн төв ороод 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд амарч байхад гаднаас миний төрсөн ах М.М, Б гэж дууддаг нэг ахтай 2-лаа гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би "бид нар амарч байна та нар гар гэхэд" М.М ахтай хамт орж ирсэн Баадаа ах нь "Чамд хамаагүй наадахыг чинь би босгоно" гээд байсан. Тэр үед би М ахыг гаргах гэж байхад тэр Б ах нь манай нөхрийг татаад босгоод байсан. Тэгээд тэр Б гэдэг ах нь архи авна гээд байсан учир би гэрээсээ дагуулаад хамт авч гараад М ахын саарал өнгийн машинтай гэрийн цаана байдаг цагаан дэлгүүрээс нэг шил архи авч өгөөд би ингээд алхаад явлаа гэхэд Б гэж дууддаг ах нь "суу одоо зүгээр зүгээр" хүргээд өгье гэхээр нь би гэртээ хүргүүлээд "та 2 одоо ингээд яв" гэхэд Б гэдэг ах "гэр лүү чинь орно, чи нөхөртэй зодуулдаг байж үнэнээ хэл" гээд байсан. М ах бас" чи битгий худлаа хэлээд бай" гэж хэлээд тэр Баадаа гэдэг ах гэр лүү гүйгээд орсон. Тэгээд би араас нь гэртээ яваад ороход Баадаа манай нөхөр 2 барьцалдаад авсан байсан. Би салгах гэж оролдож байхад М ах миний араас барьцалдаад авсан байдалтай байсан. М ах миний араас миний нөхөр *******ийн нүүр лүү цохисон. Тэгэхэд Э тонгойх шиг болоод хальт л миний гуя руу цохих шиг болсон. Бас тэр Баадаа гэдэг ах М ах нарыг гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд салахад миний гар цус болсон байхыг мэдээд харахад Э гартаа хутга барьсан байсан. Би сандраад "Э чи гартаа хутга барьсан байна" гэхэд Э гэрээс гараад гүйсэн. Баадаа гэдэг хүн нь гэрт гал тогооны шалан дээр хэвтээд өгсөн. М ах миний ард зогсож байсан" гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 хуудас

Хохирогч М.М 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Би нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Харин нэг зүйлийг хэлмээр байна миний нөхөр Э.Э нь намайг албаар санаатайгаар хутгаар хатгаагүй М болон талийгаач Б нартай маргалдаж байхдаа санаандгүй байдлаар манайг хутгаар хатгасан юм. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Э.Т 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим миний ээж М.М түүний хамтран амьдрагч ******* ах 2 миний хадам аав Ж.Г уулзахаар яваад 21 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирсэн ээж архи уугаагүй Эархи уусан байсан гэхдээ ухаантай байсан хувцасаа өөрөө тайлаад унтаад өгсөн тэгээд бид нар бүгд амарсан байсан. Тэгээд нэг цаг гаран болсон байхаа гэрт гаднаас ээжийн төрсөн ах М болон танихгүй 2 гаднаас ороод ирсэн /Сүүлд сая Б гэж дууддаг гэдгийг мэдсэн./ тэгээд тэр Баадаа гэдэг ах нь шууд *******ийн ахыг унтаж байхад нь толгой хэсгээс татаад бас гар хэсгээс татаад хөөе босоод ир гэхэд ******* ах нойрмоглосон байдалтай босож ирээд тэр ахыг хараад "Б ахаа та яагаад байгаа юм бэ" гэхэд тэр ах ганц юм гаргаад ир гэхэд ******* ах би яахаарай та нарт архи уудаг юм гэхэд тэр ах энэ их том болсон байгаа юм гэх зэргээр маргаад байсан тэгээд би голоор нь ороод салгасан тэгэхэд ******* ах та нар гар гэхэд М ах би дүүгийндээ байна гэхэд ******* ах би өөрийн гэртээ байна гээд хэрэлдээд байхад нь ээж бид 2 М ах Б гэх 2 ахыг түлхээд гэрээс гаргаж байхад М ах ширээн дээр байсан төмөр талхны савыг аваад Э ах луу шидсэн гэхдээ оноогүй тэгээд ээж тэр 2 ахыг аваад гэрээс гарсан тэр хооронд Э ах аяга угаагайд би шалан дээр байсан юмыг цэвэрлэж дуусаад Э ах миний охин Э тэврээд байж байхад над руу миний дүү Э.Э залгахаар нь би болсон үйл явдлыг хэлээд охиноо Э ахаас аваад утсаа Э ахад өгөхөд ******* ах "М эд нар гэрт орж ирээд архи нэхээд, гэрт ирж дээрэлхэлээ, дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү" гэх зүйлийг яриад таслахаар нь би утас, охиноо аваад өөрийн өрөөндөө ороод удаагүй байхад ээж гаднаас орж ирж байгаа сонсогдсон мөн араас нь нөгөө 2 ах орж байгаа бололтой байсан тэгэхээр нь би өөрийн охиндоо утсаа үлдээгээд өрвөнөөс гарахад ямар ч байсан нэг нь Э ахын толгой руу нөгөө талхны саваар цохисон тэгэхэд боон зууралдаан болоод байсан тэгээд нэг мэдэхэд Э ах гартаа хутга барьсан байдалтай гараараа саваад М ах тэр нөгөө Б гэх ах нарыг хутгатай гараараа цохиод байсан тэр үеэр ээж ******* ахад чи намайг хутгаарай хатгачихлаа больцгоо гэсэн би бас цаанаас нь болиоч, яваад өгөл дөө гээд уйлаад хэлсэн. тэгэхэд 00-ын урд талд ээж болон М ах зогсож байсан Б гэх ах нь шалан дээр хэвтсэн байхад би Э ах руу орилоод болиочоо агаа гуйж байна, наад хүмүүс ээ явуул гэхэд Э ах гэрээс гараад явсан би цаад өрөөнд орсон байхад ээж орж ирээд эмнэлэг дууд гэхээр нь эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43-р хуудас/,

Гэрч М.Ш-н 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт гахайн байранд манай худ Э.Э өөрийн энхэр М манай гэрт 15 цагийн ирсэн. Тэгэхэд манай нөхөр Г гэртээ байхгүй айлд юм хийж байхад би дуудсан юм. Тэгэхэд манай нөхөр найз Б, Б нарын хамт гэртээ ирсэн гэртээ ирэхдээ 1 шил архины талыг бариад халамцуу ирсэн гэрт тэгээд тухайн өдөр цэргийн баяр болж байсан учир нөхрийн авчирсан тал шил архи уугаад цай уугаад сууж байсан тэгээд би өөрийн худ Мг дагуулаад дэлгүүр орж 0.75 лиртийн нэг шил архи бас бус зүйл аваад гэртээ ирэхэд батсуурийн хүргэн нь аавдаа цэргийн баярын юм гээд нэг шил архи авчирсан байсан тэгээд бид нар тэндээ архи дарсаа уугаад цай уугаад хөзөр тоглоод сууж байгаад 19 цагийн орчим Б, Б, Б эхнэр А болон худ Э, М нар гэрээс гараад явсан тэгээд Батсуурь гэрээс гарахдаа манайхаар цай уу гэж байсан тэд нар орж байсан би болон манай нөхөр ороогүй тэгээд л салсан. Учиргүй их согтуу байгаагүй. Архинаас бол 3 эмэгтэй бараг уугаагүй. М бол огт уугаагүй би ганц нэг л авсан байхаа. Э гайгүй л байх шиг байсан. Нээх архи уугаад байдаггүй. Баяраар бол манай гэрт орж нийтэж, М, Э 2 хоорондоо их эвтэй байгаа харагддаг. Элдэв муу авиргүй хүн шиг санагддаг. Манай гэрт маргаан болоогүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Ц.Ц-н 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “... 2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчим манай сумын иргэн Э манай гэрт орж ирсэн тухайн үед манай гэрт манай нөхөр М бид 2 байсан тэгэхэд Э манай гэрт орж ирээд надад "анай та надад цагдаа дуудаад өгөөч" гэхээр нь би яасан юм гэхэд Э "Би нэг хэрэг хийчэхлээ" гэхээр нь яасан гэхэд "Би хүн хутгалчихлаа" гэсэн тэгээд бас "Би цагдаагийн гадаа 30 гаран минут боллоо цагдаа байдаггүй би даараад байна та цагдаа дуудаад өгөөч" гэхээр нь би чи цагдаагийн үүдэнд байж бай, битгий алга болчоорой гэж хэлэхэд ******* гараад явсан тэгэхээр нь би өөрийн хүргэн хэсгийн төлөөлөгч Энхтүвшин луу залгаад "миний хүү хаана байгаа юм" гэхэд "Нэг хэрэг гараад гадуур ажилтай байна" гэхээр нь тэр хэргийн чинь хун "цагдаа дуудаад егееч гээд гэрт орж ирээд гарлаа, одоо цагдаа дээр оч гээд гаргасан" гэхэд "аан за" гэж хэлээд утсаа салгасан. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

 Гэрч А.Э-н 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад тус өдрийн 23 цаг 39 минутад эмнэлгийн хүлээн авах тусламжийн 7******8 тоот дугаарын утас руу музейн хажууд хүн хутгалуулчихлаа гэж дуудлага ирсэн байсан. Тэр үед би эрүүл мэндийн төвийн жолооч П-н хамт дуудлагад яваад ажил руу буцаж тус дуудлага ирээд ажил оролгүйгээр шууд хэрэг учрал болсон гэх айлд очсон. Тус айлын гэрт нь ороход шалан дээр нэг эрэгтэй өндөр настай бололтой эрэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тус хэвтэж байсан газарт нь цус их хэмжээгээр шалаар бүрхсэн байсан. Тэгээд тус иргэнд биеийн үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь үзэгдэхгүй байсан. Тус иргэнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд тус иргэнийг дээш нь харуулж үзлэг хийхэд баруун гуяны хэсэгт хутгалуулсан шархтай байсан. Эмнэлэг хүргүүлэх шаардлагатай гээд эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тухайн үед М гэх эрэгтэй наад хүн чинь үхчихлээ ш дээ гээд орилоод байсан. Мөн тэнд М нь зүүн гарын бугалгын хэсэгт хутгалуулсан. М нь өгзөгний зүүн хэсэгт хутгалуулсан шархтай байсан. Тэгээд эмнэлэг рүү тус иргэдийг тээвэрлэн яаралтай тусламж үзүүлсэн. Тухайн үед М-н шарханд 4 оёдол, М-н шарханд 5 оёдол тавьж боолт хийсэн. Тухайн үед манай сувилагч музей хажууд хүн хутгалуулсан дуудлага ирлээ гэсэн тэрний дагуу л шууд очсон. Намайг тус хэрэг учрал болсон газарт очиход М, М, М-н эгчийн охин Түмэнцэцэг нар болон талийгаач болсон хүн байсан. Тэр үед талийгаач байсан хэсэг цусаар бохирлогдсон бас тухайн үед түүний хувцас нэлэнхийдээ цус болсон байсан. Харин М нь "намайг ч бас хутгалсан би яах вэ, наад хүн чинь үхчихлээ” гээд байсан. М эгч "ёо ёо миний өгзөгний хэсэгт бас хутгалчихлаа" гээд байж байсан. Намайг очиж үзэхэд талийгаачийн амин үзүүлэлтүүд нь унасан, ухаангүй байдалтай асуултад хариулах боломжгүй байдалтай байсан..."  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/,

Гэрч А.Э-н 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 39 минутад Музейн хажууд хүн хутгалуулсан гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед би 1 дүгээр багт дуудлага аваад хүнээ үзэж дуусаад буцаад явж байхад дуудлага ирсэн тул би удаагүй 23 цаг 44 минутад очсон. Тэгэхэд би нэг л хүн хутганд хатгуулсан байх гэж бодсон чинь 3 хүн хутгалуулсан байсан нэг настай газарт хэвтэж байсан доошоо харсан байдалтай байсан. Мөн их цус алдсан байсан. Биеийг үзэхэд биеийн байдал хүнд. орчиндоо харьцаагүй, амин үзүүлэлтийг үзэхэд артер даралт, пульс зүрхний цохилт олширч 112 хавьцаа байсан. Тэгэхээр нь эрүүл мэндийн төвөөс туслуулах сувилагч дуудуулаад тэр хооронд цус тогтоох тариа хийгээд мөн шингэн сэлбэх эмчилгээ хийх гэхэд судас нь хагараад болохгүй байсан. Энэ үед сувилагч ирээд эмнэлэг рүү тээвэрлэхээр болоод шууд авч явсан. Авч явахад 00 цаг 10 минутын орчим байхаа хутгалуулсан байсан М, М 2-ын өөрсдийнх нь машинаар авч явсан. Эмнэлэгт ирээд талийгаачийн бүх хувцсыг тайлаад харахад зүүн гуянд хутгалуулсан, тэр шархнаас цус багаар гарч байсан. Мен шодой хэсэгт хутгаар хатгуулсан шархтай байсан Тэгээд амьлуулах эмчилгээ буюу зүрхэнд массаж хийсэн 5 минут орчим хийсэн. Мөн уян зүү тавьж эмчилгээ хийх гэсэн боловч шингэн явахгүй байсан, 12 цаг 20 минутад зүрх зогсож нас барсан…" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д-н 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №27 дугаартай "Шүүх эмнэлгийн шинжилгээгээр дух, зүүн гуя, баруун цавь, баруун төмсөг, шодойнд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн байх боломжтой байна.  Дээрх гэмтлүүдийн үүссэн дараалал тогтоох боломжгүй байна. Дээрх зүүн гуяны гадна дунд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно. Уг шарх нь зүүн гуяны төв хураагуур тараагуур судсыг хатгаж гэмтээснээр их хэмжээний цус алдаж дотор эрхтэн цус эргэлтийн хямралд орсноор цус багадалт цус алдалтын шоконд орж нас барахад хүрнэ. Талийгаач нь зүүн гуяны төвийн хураагуур, тараагуур судас гэмтсэний улмаас цус эргэлтийн цочмог хямралаар нас барсан байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2025 оны 03 дугаар сарын 19-ний 13:10 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 12-с дээш цаг болсон байх боломжтой байна." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 58-61, 66-75 хуудас/

2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №90 дугаартай Шинжилгээний үр дүнгээр О.Б-н цусанд 2,8 промилл спирт илэрсэн тухай Химийн шинжилгээний хариу /65 хуудас/ 3.15. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ/0325/2518 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн Э.Э-н биеэс авсан гэх хумснууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.Э-н биеэс авсан гэх Б1, 32, 35 дугаартай хумснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/2519 дугаартай дүгнэлтэд дурдсан О.Б гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, М.М болон М.М нарын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй" гэх шинжээчийн дүгнэлт /87-90 хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0325/2519 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн О.Б. М.М М.М нарын гэх хуруу шилтэй цуснуудын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хар өнгийн иштэй хутга дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо М.Мт гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, О.Б болон М.М нарын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй" гэх шинжээчийн дүгнэлт 195-98 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 10- ны өдрийн 186 дугаартай "М.М-н биед зүүн бугалга шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /115-116 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №39 дугаартай: “....Э.Э-с гараас авсан гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.  Хэргийн газраас бэхжүүлж авсан хар өнгийн иштэй хутган дээрээс илрүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж авсан хар өнгийн хутган дээрээс илрүүлсэн 1 ширхгэг гарын мөр нь Э.Э-н гарын дардастай таарч байна. Э.Э-н баруун гарын эрхий хурууны хээг илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөртэй уламжлалт аргаар харьцуулахад 1-нийлэлт, 2-нийлэлт, 3-салаалалт, 4-эхлэл, 5- салаалалт, 6-төгсгөл, 7-нийлэлт, 8-төгсгөл хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.  Шинжилгээнд хүргүүлсэн Э.Э-н гарын дардасыг Нэгдсэн санд MN003320014269" дугаараар кодлон оруулж санд байгаа эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй харьцуулахад тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-129-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаартай:”... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн 22см урттай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Тэнцэж байгаа бол хутганаас гарын мөр илрүүлэх зорилгоор гарын мөр үзэхэд илрэхгүй байна. Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-136-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №40 дугаартай: “....Шинжилгээнд хүргүүлж байгаа ирүүлсэн хар өнгийн шортны урд хэсэгт, саарал өнгийн дотуур өмдний зүүн гуяны ар хэсэгт, хар өнгийн ажлын өмдний баруун талын гуяны хэсэгт гэмтэл үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн шортны урд хэсэгт үүссэн гэмтэл, саарал өнгийн дотуур өмдний зүүн гуяны ар хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зах ирмэг тэгшхэн, утас жигд тасарсан, суналт, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул шинэ зүсэгдэлт байна. Хар өнгийн ажлын өмдний баруун талын гуяны хэсэгт үүссэн гэмтлийн утасны зах ирмэг нь жигд бус, нэг талаасаа нөгөө тал хүртэл нимгэрсэн, утасны ширхэг нь хөвөрсөн, сэмэрсэн, бохирлогдсон байх тул эдэлгээний явцад үүссэн хуучин элэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн шортны урд хэсэгт үүссэн гэмтэл, саарал өнгийн дотуур өмдний зүүн гуяны ар хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зах ирмэг тэгшхэн, утас жигд тасарсан, суналт, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул шинэ зүсэгдэлт байна. Энэ төрлийн гэмтэл нь хурц, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хар өнгийн ажлын өмдний баруун талын гуяны хэсэгт үүссэн гэмтлийн утасны зах ирмэг нь жигд бус, таслагдсан утаснууд сунаж хөвөрсөн, хуучин урагдалт байна. Энэ төрлийн гэмтэл нь татаж, чангаах хүч, хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас эсвэл эдэлгээний явцад үүсэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пудволк 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг зэрэг хувцаснуудаас биологийн дээж илрэх эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй…” гэх дүгнэлт /1-р хх-ийн 140-147-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №139 дугаартай: “...Э.Э-н биед бүсэлхий нуруу, баруун гуянд, хэвлийд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. эрүүл мэндийг түр сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 151-152-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 01-23-р хуудас/,

Эд мөрийн баримтаар 24 см урт хар өнгийн хутга хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 24-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Б-г томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх- ийн 26-р хуудас/,

Хохирогчоор М.М-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх- ийн 29-р хуудас/,

Хохирогчоор М.М-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх- ийн 37-р хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1-р хх-ийн 53-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56-57-р хуудас/,

Шүүгдэгчийн гарын хээний дүрс /1р хх-ийн 123-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 157-161-р хуудас/,

Шүүгдэгчид “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал /1-р хх-ийн 165-р хуудас/,

Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 166-172-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 182-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 183-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 184-р хуудас /,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 188-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар эмчийн хяналтад байдаг тодорхойолт, эмнэлгийн картын хуулбар /1-р хх-ийн 192-203-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс О.Б-с “Талийгаач О.Б-н буяны ажилд зарцуулсан 18,880,465 төгрөг”-ийн баримтууд /1-р хх-ийн 208-228-р хуудас/ зэрэг болно.

 

1.3. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.4. Хэргийн үйл баримтын талаар: 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Булгийн 221а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ амарч байх үед гаднаас хохирогч М.М, О.Б нар орж ирэн тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч М.М, О.Б нартай харилцан бие биедээ халдаж, улмаар 24 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай хар өнгийн хутгаар О.Б, М.М нарыг тус тус хатгаж, О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч О.Б нас барсан, хохирогч М.М-н зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон болно.

1.5. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг ************* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ амарч байх үед гаднаас хохирогч М.М, О.Б нар орж ирэн тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч М.М, О.Б нартай харилцан бие биедээ халдаж, улмаар 24 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай хар өнгийн хутгаар О.Б, М.М нарыг тус тус хатгаж, О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч О.Б нас барсан, хохирогч М.М-н зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 Прокуророос шүүгдэгч Э.Э-н “...О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч О.Б нас барсан...” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн”, мөн зүйлийн 2.5-д заасан “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж,

“...М.М-н зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Түүнчлэн Э.Э нь нэг удаагийн үйлдлээр 2 хүний эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хуулийн шаардлагад нийцэж байна.

 Эрүүгийн хуулийн арваннэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн талаар хуульчилсан ба хүний идэвхитэй үйлдлийн улмаас бусдын биед учирсан гэмтлийн зэргээс хамаарч тохирох зүйл ангиар зүйлчлэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол тус зүйл заалтаар зүйлчилхээр зохицуулсан. Ингэхдээ хүний биед гэмтэл учруулах санаа сэдэл, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх, энэ гэмтлийн улмаас хүн нас барсан зэргээс хамаарч хүндрүүлэн зүйлчилнэ.

Мөн зүйлийн тайлбар хэсэгт “...Энэ хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж тайлбарлажээ.

Үүнээс авч үзвэл Э.Э-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахаар байна.

Шүүгдэгч Э.Э-н хутгалсан үйлдлийн улмаас О.Б-н эрүүл мэндэд  дух, зүүн гуя, баруун цавь, баруун төмсөг, шодойнд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх зүүн гуяны гадна дунд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь зүүн гуяны төв хураагуур тараагуур судсыг хатгаж гэмтээснээр их хэмжээний цус алдаж дотор эрхтэн цус эргэлтийн хямралд орсноор цус багадалт цус алдалтын шоконд орж нас барахад хүрсэн. Талийгаач нь зүүн гуяны төвийн хураагуур, тараагуур судас гэмтсэний улмаас цус эргэлтийн цочмог хямралаар нас барсан болох нь Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Амь хохирогч О.Б-йн зүүн гуяны төвийн хураагуур, тараагуур судас гэмтсэний улмаас цус эргэлтийн цочмог хямралаар нас барсан нь шүүгдэгч Э.Э-н хутгалсан идэвхитэй, санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн Э.Э нь хохирогч М.М-н зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч М.М, М.М, Э.Т, Ц.Ц, Г.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогч О.Б учирсан гэмтлийн шинж, чанар, хүнийг алах шууд санаа зорилго болох субьектив шинж тогтоогдоогүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, үргэлжилсэн хугацаа, хохирогч нарт учруулсан гэмтэлд хандсан сэтгэхүйн харьцаа, учруулсан хор уршиг, хутга буюу зэвсэг ашигласан зэрэгт тус тус дүгнэлт хийж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар: “...Хохирлыг төлж барагдуулсан байна. Гэм буруутай гэж үзэж байна...” гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцсэн болно.

1.6. Хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас О.Б-н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь нийт 18,880,465 төгрөг /баримттай 14,370,465 төгрөг, баримтгүй 4,510,000 төгрөг/ нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхээс татгалзсан.

Хохирогч М.Мө нь хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршиг тус тус нэхэмжлэхээс татгалзсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Ингэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байдал, шинж чанар, хор уршиг,хохирол төлбөргүй байх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан мөн хуулийн 6, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ялын санал гаргая. Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ял, хохирогч М.М-н биед хохирол учруулсан хэрэгт мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 9 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Тусгайлсан саналгүй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа амь хохирогчийн дух, зүүн гуя, баруун цавь, баруун шилбэ зэрэг 5 хэсэгт мэс хүрсэн байгаа байдлыг харгалзан хариуцлага оноож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь  харилцан үйлдсэн байдаг. Амь хохирогч өөрөө татаж чангааж буцаж гэрт орж хэрүүл маргаан үүсгэсний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Нэг үгээр хохирогчийн буруутай үйлдлээс болсон. Эрүүгийн хуулийн зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд мөн оршино. Гол нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Өөрөө цагдаагийн газар очсон байдаг. Тэр үед цагдаа нар эрэн хайж байсан. Би гэмт хэрэг үйлдлээ цагдаа дуудаж өгнө үү гэж хэлсэн байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. Хохирол төлж барагдуулсан ар гэрээс уучлал гуйсан байдаг. 2016 оноос зүрхний архаг дутмагшил өвчнөөр группт орсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6, 7 дугаар зүйлийг харгалзан үзнэ үү. Хохирогч М.М-н биед гэмтэл учруулсан хэрэгт 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5,  мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ам бүл 3, эхнэр охины хамт амьдардаг, ***** настай, зүрхний дутагдал С үе гат гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон зэрэг хувийн байдал тогтоогдов.

Тус гэмт хэргийн улмаас О.Б-н амь нас хохирсон, М.М-н биед хөнгөн гэмтэл учирсан зэрэг хохирол хор уршиг учирсан байна. Гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүгдэгч Э.Э-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 /дөрөв/ жил, 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

2.4. Шүүгдэгч энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн  хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** ургийн овогтой Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан”,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч **** ургийн овогтой Э.Э-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д зааснаар оногдуулсан 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 /дөрөв/ жил, 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 04 /дөрөв/ жил, 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 24 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 -д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч,шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.БАЯРХҮҮ

          ШҮҮГЧИД                                     Б.МӨНХЗУЛ

                                                                                         Б.БАЯРСАЙХАН