Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01538

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч: Д.Б,

 

Хариуцагч: Э.О,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 299 080 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 299 080 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Э.О  бид танилууд бөгөөд тэрээр 2016 оны 3 дугаар сарын эхээр өөрийн өмчлөлийн хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалан 130 000 000 төгрөгийг зээлэх тухайгаа надад хэлж байсан, тухайн үед би түүний байрыг үзэж түүнд зээл олгохоор шийдсэн юм. Ийнхүү бид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 130 000 000 төгрөгийг Э.О-т 3 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, 130 000 000 төгрөгийг түүнд бэлнээр хүлээлгэн өгч баримт үйлдсэн. Зээлийн гэрээний барьцаанд түүний өмчлөлийн хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалах зорилгоор Э.О-ын хүсэлтээр би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, Э.О  нь өөрийн байранд одоог хүртэл амьдарч байгаа. Э.О  нь зээл авсан өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу ямар нэгэн хүү төлж байгаагүй бөгөөд өөрийнх нь эрхэлж буй бизнес, санхүүжилт түр зогссон байгаа, удахгүй санхүүжилт ороод ирэхээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хамтад нь хийнэ гэж хэлдэг байсан. Түүний хэлж байснаар зээлж авсан мөнгийг замын ажилд зарцуулсан гэх бөгөөд санхүүжилт удаашралттай байгаа гэх шалтгаанаар зээлийн хүүг төлөхгүй хойшлуулдаг байсан. Ийнхүү зээлийн гэрээнд зааснаар гурван сарын хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон боловч Э.О нь үндсэн зээл, зээлийн хүү болох нийт 145 600 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Тэрээр гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан тул зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл гэрээний сунгасан хугацаанд ч тэрээр засгаас мөнгөө авч чадахгүй байна, түр хүлээж бай гэх зэргээр аргацааж байсаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаар бид харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдэж, Э.О-ын үндсэн зээл 130 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үнийн дүн 269 186 667 төгрөг болсноос зээлийн хүүгийн төлбөрөөс 100 106 667 төгрөгийг хөнгөлөн хасаж, эцсийн дүн болох 299 080 000 төгрөгийг 2020 оны 8-р сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Э.О  нь дээрх хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 130 000 000 төгрөг, хүү 169 080 000 төгрөг, нийт 299 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна” гэв. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэгт шаардаж буй 299 080 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэгч Д.Б-ийн өмчлөлд байгаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.О  нь зөвхөн зээлийн барьцаанд барьцаалбар болгох зорилготой байсан ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл сонирхолгүй байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.О ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр “...хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараар хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд талуудын гэрээгээр үүсэх барьцааны гэрээний хэлбэр, түүнд тавигдах шаардлагыг зохицуулсан ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор талууд гэрээ байгуулахдаа хуульд заасан арга хэлбэрийг баримтлах буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал бичгээр хийж, уг гэрээг нотариат, улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэтэл талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, мөн барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм. Иймд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул үл  хөдлөх хөрөнгө барьцаалсан, барьцаалбартай холбоотой гэрээний заалт хуульд нийцээгүй байгаа талаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, тооцоо нийлсэн акт, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн өмгөөлөгч М.Ц-ний гаргасан мэдэгдэл, нэхэмжлэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай, 126.6 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг, 38.9-д зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь тус шүүхэд хариуцагч Э.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 299 080 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.  

 

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 130 000 000 төгрөгийг Э.О-т 3 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хариуцагч Э.О  нь өөрийн байрандаа өдийг хүртэл амьдарч байна. Э.О  нь зээл авсан өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу ямар нэгэн хүү төлж байгаагүй бөгөөд зээлийн гэрээнд заасан хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон боловч үндсэн зээл, зээлийн хүү болох нийт 145 600 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Хариуцагчаас гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Гэтэл сунгасан хугацаа дуусахад Э.О  зээлийн төлбөрийг барагдуулаагүй тул бид тооцоо нийлсэн акт үйлдэж, Э.О-ын үндсэн зээл 130 000 000 төгрөг, хүү 269 186 667 төгрөг, үүнээс хүүгийн төлбөрөөс 100 106 667 төгрөгийг хөнгөлөн хасаж тооцон, эцсийн дүн болох 299 080 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Э.О  нь дээрх хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 299 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн барьцаанд хаягт байрлах, 126.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 130 000 000 төгрөг, хүү 169 080 000 төгрөг, нийт 299 080 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэгч Д.Б нь тус орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйл заасан барьцааны гэрээний хэлбэр, түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал бичгээр хийж, уг гэрээг нотариат, улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцаалбартай холбоотой гэрээний заалт хуульд нийцээгүй байгаа талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Д.Б нь 130 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй Э.О-т зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас зохигчид 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ байгуулж, тус гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 4 /дөрвөн/ жилийн хугацаатай сунгасан, хариуцагч хугацаа сунгасан талаар маргаагүй.  

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Улмаар гэрээний сунгасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зохигчид 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 130 000 000 төгрөг, зээлийн хүү 269 186 667 төгрөг нийт 399 186 667 төгрөг болохыг баталгаажуулж, тус төлбөрөөс 100 106 667 төгрөгийн хүүг хасаж тооцон, үлдэх 299 080 000 төгрөгийг хариуцагч Э.О  2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон, тус төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн байна. 

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.О аас 299 080 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй.

 

5. Хариуцагч зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг зөрчсөн, тус заалтад үндэслэж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Д.Б-ийн өмчлөлд шилжсэн гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Б болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдох боловч тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаар “...Зээлдэгч нь зээлийн барьцаа болгож хаягт байршилтай, 126.6 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлж өгнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцээгүй байна.

 

Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч тус гэрээний 8.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзэв.   

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 723 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 653 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.О аас 299 080 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б хариуцагч Э.О-т холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 723 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 653 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ