Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Содномиший,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн ************ дугаартай, ********** индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ** аймгийн **** суманд терсен, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа улс хоорондын ачаа тээвэрт явдаг, ************** сумын * дугаар баг, * дугаар хэсэг, 7 дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, **** овогт ********, регистрийн дугаар **************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 3-1 тоотын гадна ********* нүүр хэсэгт цохиж, хамар ясны баруун хажуу хананы урд хэсэгт зөрүүгүй сэлтэрсэн шинэ хугаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ************** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 3-1 тоотын гадна ********* нүүр хэсэгт цохиж, хамар ясны баруун хажуу хананы урд хэсэгт зөрүүгүй сэлтэрсэн шинэ хугаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************: ”...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Хохирогч *********** 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ний 22 цагийн орчимд үеэл Ганболд, эхнэр Батцэцэг, үеэл дүү Ч.Сувд-Эрдэнэ нөхөр Анхбаярын хамт манай гэрт ирсэн. Бид нар Сүхбаатар сум 6 дугаар багт байрлах "Софт" караокед суухаар 00:00 цагийн үед ороод 2025 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг өнгөрч байх үед гараад бүгдээрээ манай гэрт ирсэн. Би өөрийн үеэл дүүгийн нөхөр болох Анхбаяртай тамхи татаад гэрийнхээ хашаа нь дотор шат нь дээр зогсож байсан чинь манай гэрийн урдуур явган хүний замаар хэдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс явж байгаад тэр хүмүүс нэгийгээ цохиод унгачих шиг харагдсан. Тэгсэн манай хүргэн Анхбаяр тэр хүмүүст хандаж нэгийгээ аятайхан аваад яваач ээ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө талаас чамд ямар хамаа байна гээд нэлээн ууртай манай гэрийн зүг рүү 2-3 эрэгтэй хүн наашаа алхаад ирж явсан. Би тэгэхээр нь хашааны хаалга онгойлгоод өөдөөс нь гараад харсан чинь Алтанбулаг сумын зүс таних жолооч болох Ганзориг урд нь түрүүлээд ирж байхаар нь таниад таних хүн байгаа юм чинь учрыг нь олоод адилхан ууж, идсэн хүмүүс юм чинь гээд ярих гээд мэнд мэдэж үг сольж амжаагүй байхад цаанаас нь нэг залуу шууд дайраад цохиж, нүдээд ороод ирсэн. Би тэгээд цохиулаад нөгөө хоёр залуутай зууралдаад газар унасан. Тэгээд зууралдаж явсаар байгаад манай хашаа руу орсон. Тэгж байхад бол манай хүргэн Анхбаяр бол миний зүс таних Алтанбулагийн залуутай зууралдаад яг зодолдоогүй зогсож байсан. Хэсэг хугацаа өнгөрч байхад гэрээс манай эхнэр Алтанболор, үеэлийн эхнэр Батцэцэг нар гарч ирээд салгаж, намайг тэр доороос нь авах гээд зууралдаад байх үед цагдаа нар ирж бид нарыг салгаад би босож ирээд өөрийн дүү нарыг гэрийн үүд тал руу болгоод, хашааны хаалгаа хаагаад гэр рүү гээ орох гээд алхаж байх үед намхавтар, махлаг биетэй залуу миний баруун талаас ирээд миний нүүр хэсэгт гараараа цохих үед нь миний толгой дайвалзаад газар унаад үлдсэн, тэгээд хэсэг сууж байгаад би гэр рүү гээ орсон. Манай хүргэн Анхбаяр бид хоёр гэрийн гадаа довжоон дээр тамхи татаад зогсож байтал манай хашааны гадна хүмүүс зодолдоод нэг цохиулаад уначих шиг болсон. Анхбаяр тэр хүмүүст хандаж нэгийгээ аятайхан явчхаач ээ гэх утгатай зүйл хэлсэн. Тэрнээс болоод Анхбаярын хэлсэн үгийг хүлээж аваагүй бид хоёр руу орилж хашхираад хүрээд ирэхээр нь би хашаанаас гараад бид нарын дунд маргаан үүсэж магадгүй учраас асуудлыг зөвөөр шийдэж, ярилцах санаатай очиж байхад өөдөөс зүс таних Ганзориг гэх залуу ирж байсан. Гэтэл араас нь ноосон малгайтай залуу гарч ирээд л надтай шууд зууралдаад авсан, ингээд л маргаан, зодоон ширүүссэн. Намайг гэр рүү гээ орох гээд алхаж байтал хар өнгийн цагаан канттай өвлийн куртик, бараан өнгийн ноосон малгай өмссөн, намхавтар, махлаг биетэй залуу миний баруун талаас орж ирээд л нүүрэн хэсэг рүү маань нэг удаа нэлээн хүчтэй цохих үед л миний хамар хугарсан байх, бусад үед нь би нүүр хэсэг рүүгээ цохиулаагүй, хүнтэй зууралдаж газар унах үедээ бол байнга толгойн хэсгээ хамгаалсан байдалтай л байсан гэдгээ санаж байгаа.Тиймээ их согтолттой байсан. Ер нь бол дуу их өндөртэй, орилж хаширсан байдалтай, ууртай уцаартай байсан

Алтанбулагийн гэх Ганзоригийг л би зүс мэднэ. Ноосон малгай өмссөн, хар куртиктэй гэр рүү намайг орж байхад нүүр рүү цохисон залууг Бариади гээд 10 жилийн нэг сургуулийн залуу байсан. Бусад хүмүүсийг сайн танихгүй. Эмнэлгийн байгууллагад үзүүлж бичиж өгсөн эм, тарианы мөнгө болон долоо хоногийн хугацаанд акт авч ажилдаа явж чадаагүй тул тухайн хугацааны цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг гаргуулах, мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

Хохирогч Б.Мөнхболдын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний гомдол саналыг барагдуулсан тул одоо гомдол санал байхгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Гэрч ************** 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой би өөрийн найзууд болох Бариади болон түүний эхнэр Энхмөрөн, Ганзориг болон түүний эхнэр Долзодмаа нарын хамтаар Коллектив гэх бааранд орж хэсэг бүжиглэнгээ хэдэн пиво уугаад нэлээн оройтож баар хаах үед нь гараад такси олох гээд би Бариадигын эхнэр болох Энхмөрөнтэй, харин бид 2-ын урд Ганзориг, Бариади, Долзодмаа нар алхаад явж байснаа гэнэт л манай хэд, өөр хэдэн хүмүүстэй юунаас ч болсон юм бүү мэд маргаан үүсгэж, зууралдаад дээр доороо ороод шуугилдаад явчихаар нь юу болов гээд гүйгээд очтол манай хэд, үл таних хэдэн залуустай маргалдаж хоорондоо зууралдаад байж байхаар нь би тэр хавиар байгаа хүмүүсийг салгах гээд нааш цааш гүйлдэж байх үед нээх их удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд бид тэндээс машинуудад хуваагдаж суугаад цагдаагийн газар дээр ирсэн. Миний хувьд бол ерөнхийдөө биеэ авч явах чадвар алдагдаагүй, тухайн үйл явдлыг бүгдийг нь л санаж байна. Би тэр үед бол маргаан юунаас үүссэн талаар огт мэдээгүй, сүүлд нь найзуудаасаа сонсоход Ганзориг, Бариади 2 алхаж яваад халтираад унах үед нь хажуу хашаанаас өөр хүмүүс тэднийг "яаж яваад байгаа юм бэ, аятайхан яваач" гэж хэлээд л тэдний хооронд маргаан үүссэн талаар мэдсэн. Би тэр Мөнхболд гэх залууг хэн нэгэн нь цохисон талаар мэдээгүй ээ, яагаад гэвэл тэнд чинь 10 орчим хүн бүгд л согтуу гүйлдэж, орилолдоод байсан шүүдээ. Бариади бол бидний дунд хамгийн өндөр согтолттой нь байсан Миний бодлоор би өөрөө улаан өнгийн зуны саравчтай малгайтай, ногоон куртиктэй, Бариади өвлийн цагаан канттай, бараан өнгийн куртик, бараан өнгийн ноосон малгайтай байсан, түүний эхнэр Энхмөрөн цагаан өнгийн уртавтар куртек, Долзодмаа цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар богино куртиктэй л явсан байх, Ганзориг бол ногоон куртик, улаан саравчтай малгайтай байсан. Тийм зүйл огт байхгүй, гэр бүлийн найзуудаараа зөндөө л олон удаа гарч нийлж явж л байсан, ийм зүйл бол анхны удаа л болсон. Би Бариади гэх залуутай нөхөрлөөд 20 жил орчим болсны хувьд хэлэхэд тайван зан ааштай, харин архи дарсны хувьд бол маш муу уудаг, зарим үед 3 шил пиво уугаад согтчихдог тал байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч ************* 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн нөхөр Ганзориг найзууд болох Батням, Бариади, Энхмөрөн нарын хамтаар Сүхбаатар сумын 6-р багт байрлах Коллектив нэртэй шөнийн цэнгээний газарт ороод хэсэг бүжиглэнгээ, бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ингээд цаг нэлээн оройтож бар хаах гээд заалны гэрлээ асаасан, энэ үед ойролцоогоор шенийн 3 цаг болж байсан байх, бид барнаас гараад такси байхгүй байсан тул Вокзалын хойно байрлах хуучин Хөх чулуут дэлгүүрийн гаднах такси зогсоол руу очих гээд алхаж явах үед манай нөхөр Ганзориг болон Бариади нар нь цасан дээр халтираад уначихсан, энэ үед хажуу хашаанаас эрэгтэй хүний хоолойгоор “та нар аятайхан яваач ээ пизда нараа" гэж хэлхээр нь би зөрүүлээд "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлтэл нөгөө эрэгтэй хүн миний урдаас "би цагдаа шүү, та нар яаж чадах юм бэ" гэж хэлээд бидний хооронд маргаан үүсэж, улмаар хоорондоо зууралдаж муудалцаж эхэлсэн, би тэднийг салгах гээд дундуур нь орох үед үл таних эмэгтэй миний үснээс зулгааж, тухайн маргаан улам ширүүссэн, би тэр үед нэлээн их согтолттой байсан бөгөөд хэсэг зуур бага сэргээд иртэл цагдаагийн алба хаагч нар ирчихсэн, манай найз Батням нь бусдад зодуулж байгаа байдалтай байсан, ингээд л тэр дунд бужигнасан олон зүйл болсон, үүний дараагаар бид бөөндөө хэд хэдэн машин хуваагдаад цагдаагийн байгуулга дээр ирсэн. Би тухайн үеийн үйл явдлын зарим хэсгийг нь сайн санахгүй байгаа тул багагүй хэмжээний согтолттой байсан, найзууд дундаас Бариади хамгийн их согтолттой байсан, харин манай нөхөр Ганзоригийн согтолтын хэмжээ бага бөгөөд, биеэ авч явах чадвар сайтай байсан. Маргаан үүсэх тодорхой шалтгаан бол байхгүй, ерөөсөө л биднийг гудамжаар явж байх үед бидний талаар ярьж, хараасан нь л хэрүүл маргаан үүсэх шалтгаан болсон. Би тэр Мөнхболд гэх залууг хэн нэгэнд зодуулсан талаар мэдэхгүй байна, огт олж хараагүй, харин манай найз Батням л бусдын доор орчихсон цохиулж байсныг хараад салгах гэж очсон. Манай найз Бариади нь бидний дунд нэлээн их согтолттой байсан, баарнаас гараад манай нөхөр Ганзориг түүнийг үүрэх шахуу сугадаад явж байсан талаар санаж байна. Миний санаж байгаагаар Бариади өвлийн бараан өнгийн куртик, бараан өнгийн ноосон малгайтай байсан, түүний эхнэр Энхмөрөн цагаан өнгийн шубтэй, манай нөхөр Ганзориг зуны саравчтай малгайтай, хар куртик, харин би богино хар куртек, цэнхэр өнгийн женсин өмдтэй, Батням нь ногоон куртик, улаан саравчтай малгайтай байсан гэж санагдаж байна. Тийм зүйл огт байхгүй. Би тэр залуутай бараг 5 жил орчим гэр бүлийн найзууд гэж явж байгаа, бага зэргийн нялцгардуу, бусдаар бол элдэв янзын зан авир байхгүй гэж боддог. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч ***************** 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн эхнэр Долзодмаа болон найзууд болох Батням, Бариади, Энхмөрөн нарын хамтаар Сүхбаатар сумын 6-р багт байрлах Коллектив нэртэй шөнийн цэнгээний газарт ороод хэсэг бүжиглэнгээ, бага зэрэг ууж суусан, цаг нэлээн оройтож бар хаах гээд заалны гэрлээ асаасан, энэ үед ойролцоогоор шөнийн 3 цаг өнгөрч байсан байх, бид баарнаас гараад Вокзалын Хөх чулуут дэлгүүрийн гаднах такси зогсоол руу очих гээд алхаж явах үедээ би өөрийн найз Бариадигын хамт цасан дээр халтираад уначихсан чинь эрэгтэй хүн хажууд хашаан дотроос "аятайхан яваач ээ гээд орилохоор нь манай эхнэр зөрүүлээд "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлтэл нөгөө эрэгтэй хүн манай эхнэрийн урдаас "та нар тэгээд яаж чадах юм бэ" гэх мэтээр ярьснаас болоод бидний хооронд маргаан үүсэж, улмаар хоорондоо зууралдаж муудалцаж эхэлсэн, би уг нь тэр үед багахан хэмжээний согтолттой байсан бөгөөд ерөнхий болж байгаа зүйлсийг зохицуулах гээд нааш цааш гүйж байтал цагдаагийн алба хаагч нар ирчихсэн, дараа нь бид бөөнөөрөө машинуудад хуваагдаж суугаад цагдаа дээр ирсэн. Би бол тухайн үед биеэ авч явах чадвар бараг хэвийн шахуу байсан даа, манай хэдээс Бариади л нэлээн согтчихсон байсан гэж бодож байна. Маргаан үүсэх тодорхой шалтгаан гэвэл ерөөсөө л биднийг гудамжаар явж байх үед бидний талаар ярьж, эгдүүцэл хүргэсэн нь л маргаан үүсэх шалтгаан болсон байх, бусдаар өөр сүйдтэй зүйл болоогүй байсан. Би тэр Мөнхболд гэх залууг хэн нэгэн нь цохисон талаар мэдээгүй ээ, яагаад гэвэл тэнд чинь 10 орчим хүн бүгд л согтуу гүйлдэж, орилолдоод байсан шүүдээ. Бариади бол бидний дунд нэлээн их согтолттой байсан, баарнаас гараад би түүнийг сугадаж аваад явсан л даа Миний санаж байгаагаар би өөрөө улаан өнгийн зуны саравчтай малгайтай, хар куртиктэй, Бариади өвлийн бараан өнгийн куртик, бараан өнгийн ноосон малгайтай байсан, түүний эхнэр Энхмөрөн цагаан өнгийн шубтэй, эхнэр Долзодмаа цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар богино куртиктэй л явсан байх, Батням бол ногоон куртик, улаан саравчтай малгайтай байсан гэж санагдаж байна Тийм зүйл огт байхгүй, гэр бүлийн найзуудаараа зөндөө л олон удаа гарч нийлж явжил байсан, ийм зүйл бол анхны удаа л болсон. Би тэр залуутай бараг 5 жил орчим гэр бүлийн найзууд гэж явж байгаагын хувьд хэлхэд тайван зан ааштай хүн дээ бусдаар бол элдэв янзын зан авир байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,

Гэрч **************** 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би 02:00 цагийн үед Сүхбаатар сумынг 6 дугаар багт бвтрэх Коллекив бааранд ажиллаж байсан. Баар хаах дөхсөн юмаа цэвэрлээд байтал манай үеэл ах Ганзориг миний дугаар руу залгаад "Мишээлийн урдд үеэд ир, би хүнд зодуулаад байна" гэж хэлэхээр нь би гүйгээд яваад очсон Айриш пе шопын хажуу талд Бариадий ахыг Билгүүндалай ах хашаанд шахсан байдалтай Бариадий ах өөдөөс нь орилоод байсан. Билгүүндалай ах намайг Даад Бариадий ахыг бариад байж бай цаашаа яваад цагаан шубтэй хүүхэнтэй Ельж байсан. Би Бариадий ахыг бариад байж байтал үсчээд намайг тойроод Бупсгаад Мөнхболд ахын хашаа руу орчихсон. Манай бэр эгч Долзодмаа, үеэл ах Ганзориг нар нь Мөнхболд ахын эхнэр юмуу нэг эмэгтэй хүнтэй хэрэглдээд Сакан. Би очоод Ганзориг ах, Долзодмаа эгч хоёрыг салгаад буцаад ажилруугаа явсан. Ганзориг ах, Долзодмаа эгч, Батням ах, цагаан шубтэй эгч нар Коптэктив бааранд ороод хүний 2 харбин нэртэй 0.5 л пиво уугаад 02:30 минутын зраад явсан. Долзодмаа эгч бусдаасаа арай илүү согтуу байсан. Бариадий ах й байсан. Бусад хүмүүстэй бол би харьцаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,

Гэрч ************** 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өглөөний 09:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. 01 дүгээр сарын 19-ний шөнийн 03 цаг 50 минутын орчимд 70194710 дугаарын утсаар жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Золжаргалаас Сүхбаатар сумын 6 дугаар баг Ариш кофе шопын гадна хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Би ойр орчмыг шалгаж явж байсан тул тухайн дуудлага мэдээлэлд 04:00 цагт очсон. Манай цагдаагийн газарт харуулын цагдаагаар ажилладаг Б.Мөнхболдын хашаан дотор хүмүүс байсан. Мөнхболд нэг залууг доороо хийчихсэн дээрээс дараад нүүрээ гараараа хамгаалаад хэвтэж байсан. Би хашаа руу нь ороод Мөнхболдыг татаад дээш нь босгоод хоёр тийш нь тухайн хүмүүсийг салгасан. Нүүр нь дээрээ мэнгэтэй хүүхэн хашааны наанаа, цаанаас хүмүүсийг үснээс зулгаагаад цохиод яваад байсан. Хэд хэдэн удаа хоорондоо зодолдоод байхаар нь салгасан. Тэр дунд Ганзориг ах коллектив бааранд ажилладаг Өсөхөөг утсаараа дуудаад Өсөхөө хүрээд ирсэн. Ноосон малгайтай, хар куртиктэй залуу Мөнхболд руу дахин дахин дайраад байхаар нь би Өсөхөөг тэр ноосон малгайтай залууг бариад байж бай би энэ хүмүүсийн учир зүйг нь олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Ноосон малгайтай залуугийн эхнэр болох цагаан гадуур хувцастай эмэгтэйгээс энд болсон үйл явдлын тухай сонсож байтал ноосон малгайтай залуу Өсөхөөг тойрч зугтаагаад Мөнхболдын хашаа руу ороод гэр рүү гээ орох гэж байгаа Мөнхболдын баруун талаас нь цохиод Мөнхболд газар унаад үлдсэн. Би араас нь очоод тэр ноосон малгайтай залууг аваад хашаанаас гарсан. Ийм л зүйл болсон Сүүлд учир байдлыг сонсож байхад Мөнхболдын гэрийн урдуур хэсэг хүмүүс явж байгаад нэгнийгээ унагаасан болохоор аятайхан яваач гэж хэлсэн юм байна лээ. Тэрнээс болж л зодоон эхэлсэн. Миний харснаар Мөнхболдыг гэр рүү гээ орох гэж байхад ноосон малгайтай залуу хашаа руу ороод баруун талаас нүүр рүү нь цохиод Мөнхболд газар унаад үлдсэн. Бүгд л гайгүй согтолттой байсан. Хүний үг ойлгохоор байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/,

Гэрч *************** 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд эмээгийндээ бууз хийж байгаад 03 цагийн орчимд эмээгийн гэрээс гараас гэр рүү гээ харьж явсан. Ари кофе шопын хажууд хэсэг бүлэг хүмүүс хоорондоо зодолдоод мөн дунд нь хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүндалай тухайн хүмүүсийг ганцаараа салгаад зогсож байсан. Би машинаа хуучин захын таксины зогсоолд зогсоод Билгүүндалай руу залгаад "Наана чинь зүгээр юм уу очих хэрэг байна уу" - гэхэд намайг "хүрээд ирээ, аймар олуулаа байна. Энэ хүмүүсийг салгаж барахгүй байна" гэж надад хэлсэн. Би энгийн хувцастай явж байсан. Машинтайгаа хажууд явж очоод машинаасаа буугаад очиход арав гаруй хүн хоорондоо маргалдсан байдалтай байсан. Билгүүндалайгаас энд юу болсон талаар асуухад "Мөнхболдтой баахан хүмүүс зодолдоод дуудлага" өгсөн тухайн надад хэлсэн. Тухайн үед очиход таньдаг хүн гэвэл хамт ажилладаг харуулын цагдаа болох Мөнхболд ах болон Ганзориг ах түүний эхнэр Долзодмаа нарыг таньсан. Би Ганзориг ах Долзодмаа эгч хоёртой уулзаад "эндээс яв, хэрүүл маргаан хийгээд хэрэггүй" гэж хэлээд зогсож байтал Коллектив бааранд ажилладаг Өсөхөө гээд залууг ноосон малгайтай залуу орилж тойрч гүйж байгаад Мөнхболд ахын хашаа руу ороод толгой хэсэг рүү л цохиж байгаа харагдсан. Тэгээд цаашаа болсон үйл явдлыг би хараагүй. Би тэгээд тэр хоёрыг яв гээд зогсож байтал хамт ажилладаг шүүхийн цагдаа Наранбаатар энгийн хувцастай, эргүүлийн цагдаа Өнөбаяр, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Золжаргал нар албаны хувцастай ирээд тухайн хүмүүсийг тал тал руу салгасан. Удалгүй жижүүрийн машинтай цагдаа жолооч Ганбат ирсэн. Нэг харсан ноосон малгайтай залууг Билгүүндалай гавласан байсан. Ноосон малгайтай залуу цагдаа нар руу заналхийлсэн өнгө аястай "та нар цагдаа гэхээрээ цагдаагаа өмөөрдөг юм уу, лалар уудаа, би та нарыг бүгдийг чинь алнаа" гэж орилсон. Тэгээд би тэр хэдийг орхиод гэр рүү гээ харьсан. Тэрийг бол би мэдэхгүй байна. Ноосон малгайтай залуу Мөнхболдыг гэр рүү гээ алхаж байхад нь араас ирээд нүүр хэсэг рүү цохиод унагаасан. Өөр Мөнхболдын биед хэн халдсан талаар мэдэхгүй байна. Бүгд нилээн согтолттой байсан гэхээ хамгийн их согтуу нь тэр ноосон малгайтай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

Гэрч *************** 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө нэлээн орой 03:00 цаг өнгөрч байсан байх, би өөрийн эхнэрийн үеэл ах болох Мөнхболдын хамт тэдний гэрийнх нь үүдэнд тамхи татаад зогсож байтал тэдний гэрийн үүдэнд хэсэг хүмүүс алхаж явж байх үедээ тэр хүмүүсийн нэг нь газар уначихаар нь би тэр үедээ нээх их юм бодолгүй тэр залууст хандаж "та нар нэгнийгээ аятайхан аваад яваач" гэж хэлтэл нөгөө залуус чинь юу юугүй л бидэн рүү алхаж ирээд маргаан үүсгэж эхэлсэн, бид хоорондоо бүгд л уусан хүмүүс хэсэг маргалдаж зууралдаж байтал нээх их удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд тухайн маргаан хэсэг завсарлах үед Мөнхболд ах намайг гэр рүү орж бай гэж хэлээд намайг гэрт оруулсан, би тэр үеэс эхлэн дахин гэрээс гараагүй, тэрнээс цааш юу болсон талаар би сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай: “...*******-н биед баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, зүүн даланд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай: “...*********-н биед баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэнгийн ар урд хэсэг, хамрын доор, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай: “..*********** биед баруун сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай: “::::**************н биед зүүн хацар, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, баруун шуу, зүүн бугалга, зүүн хонго, баруун зүүн өвдөг, баруун гуя, бүсэлхий нуруу, ууц нуруунд цус хуралт, духаны баруун талын арьсан доор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай: “...*******-н биед баруун нүдний дээд зовхи, хүзүүний баруун, зүүн хажуу. зүүн бугалга, хэвлий зүүн өвдөгт цус хуралт, баруун зүүн чихний ард талд урд талд, хүзүүний баруун хажуу, зүүн шанаа, зүүн мөр, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт, хамар ясны баруун хажуу хананы урд хэсэгт зөрүүгүй, сэлтэрсэн шинэ хугаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-04-р хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

Хэрэг учрал болсон гэх “Арис” шоп дэлгүүрийн гаднах камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

Хэрэг учрал болсон гэх “Арис” шоп дэлгүүрийн гадна зодоон хийсэн гэх хүмүүсийн согтолтын зэрэг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-25-р хуудас/,

Хохирхогчоор ************ тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 59-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хохирогч ************ 66,769 төгрөгийн хохрол учирсан гэх тодорхойлолт /хх-ийн 67-68-р хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113-р хуудас/

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягиййн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115-р хуудас/

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай  лавлагаа /хх-ийн 116-р хуудас/

Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 117-р хуудас/

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 118-р хуудас/

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 119-р хуудас/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж басан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж басан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-р хуудас/

Хохирогчоос эмчилгээний зардалд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 123-125-р хуудас/

Шүүгдэгч хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 126-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ************ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ***************** нь хохирогч ******** эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд яллагдагч ************* нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг нөхөн төлсөн. Хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд хохирол учраагүй тул шинжилгээний байгууллагаар тогтоолгохгүй гэж бичгээр баримт гаргаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 66,769 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч бүрэн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учирсан байхыг шаарддаг.  Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс баримтаар 102,900 төгрөг, нэхэмжилсэн. Үүний дагуу шүүгдэгчийн зүгээс 1,500,000 төгрөг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа юм. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоос татгалзсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгаа юм. Эрүүгийн хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож,  600,000 төгрөгөөр торгох саналтай байна....” гэх саналыг илэрхийлсэн.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба 1,500,000 төгрөг нөхөн төлсөн. Хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд хохирол учраагүй тул шинжилгээний байгууллагаар тогтоолгохгүй гэж бичгээр баримт гаргаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 66,769 төгрөгийн хохирол шүүгдэгч төлж барагдуулсан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйл байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон таслан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй.

 Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч ************* нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Түүнчлэн шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн  хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон ба 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 арын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ************ мэдэгдэв.

Шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ