Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01494

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/01494 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У ОНӨААТҮГ /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК /РД:00000000-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б нар оролцож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

 

Д ХХК-ийн жолооч У.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг 0000 УНЕ улсын дугаартай машин дээр эксковатор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдэн хэргийн газраас явсан байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэсгээс олж илрүүлэн Д ХХК-ийн жолооч Ч.Т буруутай үйлдлээс болсныг олж тогтоон, нотолж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд Д ХХК-ийн жолооч Ч.Т буруутай үйлдлээс учирсан хохирол 20,113,355 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрмийн нийтлэг үндэслэлд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальт бетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр мөн гэж заасан. Үүний дагуу манайх Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцдаг Засаг даргын харьяа ОНӨААТҮГ юм. Иймд манайх нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно. Иймээс компаниас хохирлоо нэхэмжилж байгаа гэв.

 

2. Хариуцагч Д ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

 

Тус шүүхэд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас Д ХХК-д холбогдуулж гаргасан 20,113,355 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Д ХХК-д жолоочоор ажиллаж байсан Ч.Т 100 хувийн хариуцлагагүй, буруутай үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан бөгөөд тухайн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг үүсэж, цагдаагийн байгууллагаар шалгагдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчил гаргасан этгээд нь хохирлыг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Зөрчлийн баримтуудаас харахад хохирогчоор тогтоосон этгээд нь Нийслэлийн автозамын газар байсан. Хохирогчоор тогтоосон хүний мэдүүлгээр тус өндрийн хязгаарлалтын шон нь манай эзэмшлийн шон, бид засвар үйлчилгээ хийсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь энэ хохиролыг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчлийн хуульд зааснаар гэм буруутай хүн тухайн хохирлыг төлөх ёстой. Гэм буруутай хүн нь Ч.Т байгаа тул түүнээс нэхэмжлэлээ холбогдуулж гаргах ёстой гэв.

 

Нэхэмжлэгчээс Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрэм /х.х-ийн 5-7-р хуудас/, фото зураг /х.х-ийн 8-13-р хуудас/, Эрх бүхий албан тушаалтны 2021.09.29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 14-16-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2021.101.12-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 17-19-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн магадлагаа /х.х-ийн 20-21-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /х.х-ийн 22-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2021.10.15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 23-25-р хуудас/, 2021.10.18-ны өдрийн №0028521 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /х.х-ийн 26-р хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол /х.х-ийн 27-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021.10.01-ний өдрийн албан бичиг /х.х-ийн 28-р хуудас/, оврын хаалт суурилуулах төсөвт өртгийн товчоо /х.х-ийн 29-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 30-32-р хуудас/ зэрэг баримтыг,

 

Хариуцагч талаас 2021.06.29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /х.х-ийн 48-50-р хуудас/, 2021.06.29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /х.х-ийн 51-53-р хуудас/, Д ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /х.х-ийн 54-58-р хуудас/ зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хариуцагч Д ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Д ХХК-д холбогдох Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын гаргасан гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

А. Хэрэгт дараах үйл баримт маргаангүй тогтоогджээ.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын зам Хийморийн овооны хажуу өндрийн хязгаарын шонг Д ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн 0000 УНЕ улсын дугаартай Д ХХК-ийн жолооч Чулуунбаатар овогтой Төгсбаяр мөргөж, гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. /х.х-ийн 14, 17, 20, 26, 27хуудас/

 

Уг ослын улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто замд байрлах Яармагийн гүүрийн өндрийн хязгаарыг мөргөж эвдэн, 20,113,355 төгрөгийг хохирол учирч, өндрийн хязгаарын шонг сэргээн засварласан, төсөвт өртгийн тооцоололд тус тус зохигчид маргаагүй байна.

 

Б. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2021 оны 9 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг 0000 УНЕ улсын дугаартай машин дээр эксковатор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдсэн үйлдэлд Д ХХК-ийн жолооч Ч.Тт холбогдсон байх тул гэм буруутай этгээд болох Ч.Т хохирлыг барагдуулах, мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд

 

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12.-т "зам хариуцагч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг, мөн хуулийн 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Улаанбаатар хотын авто зам, зам байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт... ыг хариуцах чиг үүрэг бүхийн хуулийн этгээд болох нэхэмжлэгчийн дүрмээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-7 хуудас/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар арчлалтын газар нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальт бетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн үйлдвэрийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 хуудас/

 

Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна гэж заасны дагуу Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын замын засварыг хариуцахаар заасан байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн Норд бенз маркийн 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чулуунбаатар овогтой Төгсбаяр нь Д ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг болох нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 48-58 хуудас/

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Д ХХК-ийг татан гэм хорын хохиролд 20,113,355 төгрөгийг гаргуулахаар шаардсан хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ шүүх бүрэлдэхүүн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохиролд 20,113,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 258,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О

 

ШҮҮГЧ Б.М

 

Д.Э