Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шинжээч Б.Ариунзул /цахим/

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,

  өсвөр насны шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч **** овогт А.Б-т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, *******, ам бүл ****************** задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт А.Б /Д:***********/;

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн 315 тоот танхимд өөрийн ангийн сурагч Б.Ц “хичээлийн ширээн дээр хөлөө тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар духаараа мөргөж биед духны хөндийн урд хана/ гадна ялтас/ өргөн хэсэгт дотогш цөмөрсөн хугарал, духны хөндийн таславч яс болон зүүн талын нүдний ухархайн дотор  дээд хана зөрүүтэй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Б өгсөн мэдүүлэгтээ: ”...Гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г  өгсөн мэдүүлэгтээ: ”... 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөдөө ажлаар явж байсан ба тухайн үед эмнэлгээс залгаад хүүхэд нь бэртсэн байна. Улаанбаатар явж хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Та хөдөө ажлаар явж байгаа юм байна. Танаас өөр таньж мэдэх хамаатан садан байгаа юу? гэхэд байхгүй гэж ярьсан. Тэгээд хүү маань эндээс төрсөн дүүтэй маань хөдөлсөн.  Би тухайн үед Мандал суманд байсан ба замаас нь суугаад хот орсон. Гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтсэн. Хэргийн тухайд гэвэл шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна шинжээчийг оролцуулах хүсэлтэй байна гээд бид 4 удаа хүсэлт гаргасан. Эрдэнэдэлгэр прокурорт хүсэлтээ гаргаад хоёр хувь үйлдээд прокурорын үүдэнд суудаг мэдээлэл лавлагааны ажилтанд нэг хувийг өгсөн. Шинжээчээс асуусан 4 дэх асуулт тавигдахгүй байсаар байгаад энэ хэрэг бүртгэлтийн ажиллагаа жил үргэлжилсэн. Өнөөдөр асуух байсан асуултаа шинжээчээс асуулаа. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн биш байгаа. Хамрын хагалгаанд оруулъя гэж бодож байна. Энэ хагалгаа нь хүнд хагалгаа юм билээ. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар очиж сэтгэл санааны хохирол тооцуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтэд цаашид сэтгэлзүйн тусламж авах шаардлагатай. Стресст хариу урвалын шинж тэмдэг илэрч байна гэсэн. Энэхүү тусламжийг Сэлэнгэ аймагт үзүүлдэггүй юм билээ. Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлье гэж бодож байгаа. Хүүхэд маань эрүүл мэндийн байдлаа алдсан буцаад өмнөхдөө очно гэж байхгүй. Одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлэх шаардлагатай учир цаашид гарах эмчилгээний төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөөч мөн цаашид дахин хагалгаанд ороход сэтгэлзүйн хувьд мөн асуудал үүсэх байх тийм учир үүнийг бас шийдэж өгөөч. Нийт гарсан 4,220,606 төгрөгийн зардлаас төлсөн 3,000,000 төгрөгийн зардлыг хасахад 1,220,606 төгрөг үлдэж байгаа мөн өнөөдрийн баримтаар нэхэмжилсэн  207,014 төгрөгийг нэмээд нийт 1,427,620 төгрөг болж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ: ”... Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх ба зүйлчлэлийн хувьд маргаагүй ба Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай тооцох нь зүйтэй байна. Улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс тавьсан асуултнаас шүүгдэгч ойлгосон байх өөрийн үйлдэлдээ анхаарч хяналт тавих байх. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 4,220,606 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгчийн зүгээс сайн дураараа төлсөн. Одоо нийт 1,427,620 төгрөг үлдэж байх ба шүүдэгч шүүхийн хэлэлцүүлэгт төлөхөө илэрхийлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна гэж гарсан. Үүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөнгөөр төлнө гэж заасан байсан учир шинжээчийн дүгнэлтийн сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй, эвлэрсэн, уучлал гуйсан байна гэж дүгнэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд дүгнэлтдээ: “... Гэм буруугийн хувьд маргахгүй. Шүүгдэгч Б.Б-н зүгээс төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын тухайн Улсын Дээд шүүхийн тогтоосон жишиг аргачлалыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож өгнө үү? гэж хүсэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн мэдүүлэгт: ”... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1214 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүрэлдэхүүнтэй дүрс оношилгооны эмч нар үзэж дүгнэлт гарсан байгаа. Хамрын ясны хугарал болон үүнээс гадна духны хөндийн салсархаг хугарч үрэвсэл үүссэн гэж үзсэн. Хамар битүүрэх зовуурь нь хөндийн үрэвслээс хамаарч үүсэж байгаа юм. Манай дүгнэлтээр пансинус нь гэмтлээс үүсэж байж болох юм.  Олон шалтгааны улмаас үүсэж болдог юм. Хамрын ясны хугарлыг манайхаас батлаагүй юм...” гэжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч А.Б нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн 315 тоот танхимд өөрийн ангийн сурагч Б.Ц-й “хичээлийн ширээн дээр хөлөө тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар духаараа мөргөж биед духны хөндийн урд хана/ гадна ялтас/ өргөн хэсэгт дотогш цөмөрсөн хугарал, духны хөндийн таславч яс болон зүүн талын нүдний ухархайн дотор  дээд хана зөрүүтэй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би мэдүүлгээ үнэн зөв өгөхийн чухлыг ойлгож мэдлээ юу болсон юм бэ гэвэл 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр түүхийн хичээл ороод их завсарлагаа болсон юм. Завсарлагаагаар би ангийн ард талд 3 дугаар салааны 4 юм уу 5 дахь ширээнд найз Н-н хамт сууж байсан хажуу талд найз Баярбаатар ширээн дээр сууж байсан. Бид хэд ойр зуурын юм яриад маазраад байж байтал Б миний урд талын ширээн дээр хөлөө тавьсан. Тэгэхээр нь "наад хөл мөлөө аваач хүүхэд энэ дээр хичээл номоо хийдэг юм байгаа биз дээ" гэж шаардлага тавьсан. Тэгсэн Б "чи надаа заадаг болсон юм уу" гэж хэлээд ширээн дээр байсан цүнх дээр хөлөө тавьсан. Тэгэхээр нь би уурлаад өөдөөс нь "одоо битгий асаад байгаарай" гэхэд намайг шилээ ав гэсэн. Яах гэж байгаа юм гэхэд шууд миний зүүсэн шилийг аваад ширээн дээр тавиад дух хэсгээрээ миний духны доод хэсэг рүү хүчтэй 1 удаа мөргөсөн. Тухайн үед манараад нүүрэндээ хүртэл миний хамраас цус гарахаар нь Баярбаатарт "чи яах гэж нүүр лүү мөргөж байгаа юм бэ" гэхэд өөдөөс "хохь чинь" гэж хэлсэн. Тэгээд би шууд ангийн урд талд байх толинд нүүрээ хартал дух хэсэг нь хонхойгоод хавдсан байсан ба шууд найзтайгаа эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-17-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн явдлаас хойш гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт уг тасагт 4 хоног хэвтэн эмчлүүлж их нялхасын эрүүл мэндийн төвд хүүхдийн мэдрэл болон нүдний мэдрэлийн эмчид үзүүлж одоогоор биеийн байдлаа хянуулж байгаа. Улмаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээнд нийтдээ 2.319.026 төгрөгийг зарцуулсан уг тооцоог ээж маань танд гаргаж өгөх байх. Намайг мөргөдөг А.Б-н ар гэрийн зүгээс эмчилгээнд 3.000.000 төгрөгийг ээжийн дансруу шилжүүлсэн. Одоогоор надад учирсан хохирлыг барагдуулсан. Цаашид эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг барагдуулмаар байна. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч У.Н-н 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Болсон явдлын талаар ярихад өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хичээлийн их засварлагаа буюу 10 цаг 20 минутаас 10 цаг 40 минут хүртэл цагийн хугацаанд ангидаа ангийнхаа найз Цогтгэрэлийн хамт 3 дугаар салааны 5 дугаар ширээнд юм яриад сууж байхад манай ангийн Баярбаатар 2 дугаар салааны 5 дугаар ширээн дээр бөгсөө тавиад, 3 дугаар салааны 5 дугаар ширээ буюу бид хоёрын сууж байсан ширээн дээр зүүн хөлөө /гуталтай/ тавиад гутлаа үдсэн. Ингэхэд нь Цогтгэрэл түүнд хандаж ". "... хөлөө буулга, дараа нь хүүхэд энд сууж хичээл хийнэ шүү..." гэж хэлэхэд Б баруун хөлөө буюу 2 хөлөө зэрэг ширээн тавиад Ц-д хандаад "... одоо чи шаардлага дахиад тавь..." гэж тоглоод хэлсэн. Ц түүнд "... хөлөө буулга..." гэж хэлэхэд үгэнд ороогүй. Б түүнийг "... намайг цохиод ав..." гэж хэлээд нүүрээ түүний нүүр лүү ойртуулсан….” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Х-н 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би мэдүүлгээ үнэн зөв өгөхийн чухлыг ойлгож мэдлээ юу болсон гэвэл манай анги өнөөдөр 3 дугаар цаг дээр түүхийн хичээл орж дуусаад цайндаа орох гээд гарсан ба би толины урд үсээ янзлаад зогсож байсан. А Б. Ц-н хойд талд ширээний ард Баярбаатар, Н, Ц нар сууж байсан ба чанга чанга дуугаралдаад байсан. Тэгэхлээр харсан чинь урд байсан ширээн дээр 1 хөлөө тавиад үдээсээ үдэж байсан. Тэр vед Ц хөлөө ав гэж хэлэхэд Бр яадаг юм гэх зэргээр сүртэй юм гээд 2 хөлөө ширээн дээр тавихад Ц "арай хэтэрч байгаа юм бишүү гэж хэлсэн. Энэ үед Баярбаатар нь жинхнээсээ уурлаад "чи ер нь давраад байгаа шүү" гэж хэлээд "шилээ ав" гэж Ц-д хэлсэн. Ц шилээ авахгүй гацаж ээрээд айсан байдалтай сандал дээрээ сууж байсан. Би тухайн үед боль гэж хэлэх гэж байсан боловч Баярбаатараас айгаад хэлж чадаагүй. Тэгснээ Ц, зүүсэн шилээ авахад Б биеэрээ Ц-д дөхөж очсон. Тэгээд би буцаад тольруу хараад үсээ янзалсан. Энэ үед "ёооё" гэх чимээ гарсан ба би хартал Ц уйлчихсан "ийшээ мөргөөд байхдаа яадаг юм хавдчихсан байна" гээд Баярбаатарт хандаж хэлсэн. Б "хохь чинь пизда минь" гэж Ц-г хараагаад дахиад уурлаад Ц-д ойртох гээд байсан. Энэ үед би Баярбаатарт "Одоо болоо юм бишуу хаашаа юм" гэж хэлсэн. Цогтгэрэл нүдээ дараад уйлаад байж байснаа мөргүүлсэн газраа хонхойсон байна энд хүрээд үздээ гээд надад хэлсэн. Би мөргүүлсэн газарт гараараа хүртэл хамарнаас нь цус гараад явчихсан. Би түүнд нойлын цаас өгөөд Баярбаатарыг хартал ангийн урд талд инээгээд зогсож байсан юм. Баярбаатар 7 дугаар ангид ороход манай ангид шилжиж ирсэн ба энэ жил хичээл орсноос хойш ер нь Ц-й маргалдах гээд муудалцах гээд байдаг болсон. Манай анги 9 эрэгтэй хүүхэдтэй Б-р бусад хүүхдүүдтэй ер нь их дээрэнгүй байдаг. Өмнө нь уг 2 хүүхэд зодолдож байгаагүй тэхдээ Баярбаатар, Цогтгэрэл нар хоорондоо юм ярьж байснаас Ц гэнэт ална шүү гэх зэрэг яриа өрнөчихдөг. Тэр үед нь бол Ц намайг харахад айсан байдалтай байдаг. Ер нь Ц-г их дээрэлхэх маягтай байдаг. Хөвгүүдтэй болон охидуудтай уул нь гайгүй харилцаатай хаяадаа бусад хөвгүүдээ дээрэлхчихгээд байдаг. Баярбаатар нь хичээлийн үеэр хамгийн ард суудаг, байнга утас тоголдог, гэрийн даалгавар хийдэггүй. Давуу тал гэх юм бол сагс гайгүй тоголдог түргэн зантай болохоос ер нь их хүнлэг хүүхэд байгаа юм. Ц нь их яриасаг, чөлөөтэй, хэнэггүй хүүхэд байгаа юм…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Э.Э-н 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тэр хоёр 7 дугаар ангиасаа хойш нэг ангид хамт суралцаж байна Манай анги уг нь 9-н хүү. 20 охинтой анги. Манай ангийн хөвгүүд бол нэг амьтай хоорондоо янз бүрийн тааламжгүй харилцаа гаргаж байгаагүй. Тэр хоёр ч урьд емне нь хоорондоо хэрүүл маргаан зодоон цохион хийж байгаагүй.  А.Б нь шударга, хэний ч өмнө өөрийн хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг зан нь таалагддаг. Ангийнхаа дуу хоолой болж хүүхдүүдийн үзэл санааг багш нарт уламжилдаг хүүхэд байгаа юм. Дунд ангид байхдаа хичээлдээ зүтгэлтэй сийрэг толгойтой юмыг хурдан ойлгож хүлээж авдаг байсан боловч ахлах ангид ороод юмнаас хойш суудаг залхуу болчихсон. Ар гэрийн зүгээс хараа хяналт сайн, аав ээж хоёр нь Алтанбулаг сумын хөдөө амьдардаг боловч хүүхдэдээ анхаарал сайн тавьдаг. Эцэг эхийн хурал нэг ч удаа тасалж байгаагүй. Сүхбаатар суманд эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг. Элдэв хорт зуршил бол байхгүй ээ. Б.Ц нь А.Б адилхан сийрэг хичээлийг хүлээн авах чадвар хурдан боловч ахлах ангидаа ороод залхуу хойш суудаг болсон. Ар гэрийнхэн зүгээс хараа хяналт сайтай. Хэлэх үгээ бодож хэлдэг, зарим зүйлсийг нуудаг зан чанартай бусдаар бол зөв хүмүүжилтэй ямар нэг доголдолгүй хүүхэд….” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 134 дугаартай: “…Б.Ц-н биед духны хөндийн урд нана /гадна ялтас/ өргөн хэсэгт дотогш цөмөрсөн хугарал, духны хөндийн таславч яс болон зүүн талын нүдний ухархайн дотор дээд хана зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт, /1-р хх-ийн 45-46-р хуудас/

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1397 дугаартай яаралтай тусламжийн хуудас, /1-р хх-ийн 47-р хуудас/

 

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаартай "... Б. Ц-н өмнө гарсан хөнгөн зэргийн дүгнэлтэд нөлөөлөхгүй" гэх нэмэлт шинжилгээ, /1-р хх-ийн 53-54-р хуудас/

 

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 299 дугаартай нэмэлт шинжилгээ "... Б.Ц-н биед үүссэн гэмтэлд нүдний доргилт үүснэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…" гэх дүгнэлт /1-р хх-ийн 140-142-р хуудас/

 

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээч эмч Т.А, Э.Б, Ц.О нарын 866 дугаартай "Б.Ц биед дух ясны хөндийн өмнөд ялтас, зүүн нүдний ухархайн дотор хана дайрсан цөмөрсөн хугарал, духны хөндийн цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 209- 214-р хуудас/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1214 дугаартай шинжээчийн дүгнэлт: “…Б.Ц-н биед дух ясны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дотор ханын дээд ирмэгт хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 866 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь харааны чадварт нөлөөлөхгүй. Б. Ц-н биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын дээд ирмэгийн хугарал гэмтэл нь духны мэдрэлд нөлөөлөхгүй.  Хугацаат цэргийн алба хаахад нөлөөлөх эсэхийг шинжээч эмч тогтоохгүй…” гэх дүгнэлт /2-р хх-ийн 48-53-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №1378 дугаартай: “…Б.Цогтгэрэл /РД: МЮ07251114/-ын сэтгэцэд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй….” Гэх дүгнэлт /2-р хх-ийн 164-166-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 04-05-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хяналтын камерийн бичлэг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 06-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Б.Цогтгэрэл нь 674,500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай тодорхойлолт /1-р хх-ийн 09-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Г-г томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 11-р хуудас/,

Хохирогчоор Б.Ц-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 12-р хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хх-ийн 22-р хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-р хуудас/   

Өсвөр насны шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 72-р хуудас/      

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 73-р хуудас/      

Өсвөр насны шүүгдэгчийн суралцагийн хувийн хэрэг /1-р хх-ийн 75-86-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн тухай дансны хуулга /1-р хх-ийн 87-88-р хуудас/  

Өсвөр насны шүүгдэгчийн авч байсан шагнал, өргөмжлөлийн хуулбарууд /1р хх-ийн 89-93-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1р хх-ийн 94-114-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн өвчитний түүх /1р хх-ийн 150-167-р хуудас/ зэрэг болно.

 

           Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд халдаж улмаар түүний духны хөндийн урд хана/ гадна ялтас/ өргөн хэсэгт дотогш цөмөрсөн хугарал, духны хөндийн таславч яс болон зүүн талын нүдний ухархайн дотор  дээд хана зөрүүтэй хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан уг гэмтэлтэй холбоотой баримтаар 4.427.620 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс 3,000,000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх 1.427.620 төгрөгийг шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1378 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Б.Ц-н сэтгэцэд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ.

Иймд тухайн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа байдал, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогч нь энэ гэмтлийн улмаас дух хэсгийн мэдрэл алдагдсан байдал, нөхөн сэргэх хугацаа, шүүгдэгч, хохирог ч нарын насны байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.280.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогч талд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас 674.500 төгрөгийн үйлчилгээ авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Б-с гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Шинэчүүд ургийн овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан 4,220,606 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,220,606 төгрөг дээр өнөөдөр гаргаж өгсөн 207,014 төгрөгийг нэмж тооцон 1,427,620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэл гарсан ба үүнтэй холбоотой мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх зааснаар цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах"  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Өсвөр насны шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сартай өнөөдөр шүүх хуралдаанд 17 нас 10 сартай хувийн байдалтай байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нас, хүйс, эрүүл мэнд, сэтгэцэд тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, төлөвшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн гэж заасан учир өсвөр насны шүүдэгчийн хувийн байдал, 16 насандаа гэмт хэрэг үйлдэж 17 насандаа ял шийтгэл авах гэж байгаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө нөхөн төлснөө илэрхийлж буй байдал, их сургуульд элсэн орж мэргэжил боловсрол эзэмших гэж байгаа байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулах шийтгэх тогтоолыг хойшлуулах ялын саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож гэж зохицуулсан байна. Тийм учир Шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна....” гэх дүгнэлт,

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн  хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасны дагуу ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хойшлуулах тухай ялын санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно

2.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.

3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заасан ба эрүүгийн хариуцлагыг хойшлуулснаар үүсэж болзошгүй эрсдлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ****** овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...... овогт А.Б-т 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Өсвөр насны шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нараас хохирогчийн сэтгэцийн гэм хорын хохиролд 5,280,000 төгрөг, эрүүл мэндийн хохирол төлбөрт 1,427,620 төгрөг, нийт 6.707.620 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нарт олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нараас 674.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

8. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан СД-г хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ