Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

Улсын яллагч Б.Урангоо,

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт Х.М-т холбогдох эрүүгийн ****** дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 01-ний өдөр **** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ***, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ***** овогт Х.М, (регистрийн дугаар *****)

Холбогдсон хэргийн талаар

          Шүүгдэгч Х.М нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.Н-н Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ******* сум руу явах замдаа гээгдүүлсэн "самсунг галакси фолд 5" загварын гар утсыг олж, өөрийн хүү М.Мө-д ашиглуулахаар өгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М-н өгсөн тайлбартаа: “..Адуугаа эргүүлээд явж байсан чинь зам дээр гар утас байсан. Надад муу куртка байсан. Тэр куртканыхаа халаасанд хийсэн байсан. Тэр чигт нь куртиктайгаа орхисон. Түүнээс хойш хүйтрээд өвлийн хувцсандаа шилжээд орчихсон. Нөгөө курткандаа гар утсаа хийснээ ч мартчихсан байна. Хавар 4 дүгээр сарын алдад ямаа самнахаар хүү маань ирсэн. Хаврынхаа хувцасыг гаргасан чинь  куртканаас гаргаад ирсэн. Цэнэг байна уу, эзэн нь байна уу үүний учрыг ол гэж хүүдээ өгөөд явуулсан. Тэгээд эзэн нь авсан юм шиг байна..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ******* сум руу гээгдүүлсэн Z fold 5 загварын гар утсыг олж, өөрийн хүү М.М-д ашиглуулахаар өгч, бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгийг эзэмшилд, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тохиолдолд үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй. Гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан захиран зарцуулсан байдаг. Үйл баримтаас харахад Х.М нь хохирогч Э.Н-н гээгдүүлсэн утсыг олж, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, өөрийн эзэмшилд 7 сар байлгасны дараа М.М-д ашиглуулахаар өгч, 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гээгдсэн эд хөрөнгө буюу гар утсыг хохирогч Э.Н-т ажиллагаа хэвийн хүлээлгэн өгсөн. Хохирогч Э.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах санал гаргаж байна...” гэжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.М нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.Н-н Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ******* сум руу явах замдаа гээгдүүлсэн "самсунг галакси фолд 5" загварын гар утсыг олж, өөрийн хүү М.М-д ашиглуулахаар өгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Э.Н-н 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын газрын хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн ******* суманд очиж амрахаар явсан. Тэгээд ******* суман орох замд Самбар дээр хальт буугаад хөдөлсөн. Тэгээд цаашаагаа явж байх замдаа өөрийн "самсунг галакси фолд 5" маркийн гар утсаа гээсэн, тэгээд тухайн үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр явсан газраараа хайгаад олоогүй юм. Тэгэж байтал саяхан буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний өөрийн gmail-д "самсунг галакси фолд 5" маркийн гар утас олдлоо гэсэн утгатай мэйл ирсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч М.М-н 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн "... 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд байх аав М-н гэрт хөрзөн авах гэж очтол манай аав Мөнхбаяр аав нь ийм утас оллоо гээд надад өгсөн. Тэгээд би тухайн үед нөгөө утсыг нь аваад цааш нь хураачихсан байж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр ******* сумаас Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд гэртэй байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шинэ Дарханд 2а байрны 1 давхарт байрлах "Гар утас засвар" гэсэн хаягтай засварын Fold 5 маркийн гар кодыг нь 85,000 /на аван мянган төгрөгөөр гаргуулаад тэр өдрөө буюу 2025 о 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ашиглаж байсан 99768812 дугаараа тухайн хар өнгийн Samsung Galaxy Z Fold 5 маркийн гар утсанд хийж үзхэд ажиллаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэсэг хугацаанд байж байгаад өөрийн 99768812 гэсэн дугаарыг ашиглаж байсан. Би тухайн утсыг цэнэглээд асааж үзхэд код нэхээд байхаар нь засварын газар очиж кодыг нь гаргаад өөртөө ашиглаж байсан тэгвэл хүн нь өөрөө мэднэ байх гэж бодоод л ийм үйлдэл гаргасан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгддэг гэдгийг нь мэдээгүй. Харин утсыг нь асаачихвал хүн нь олоод ирнэ байх гэж бодсон. Миний мэдэж байгаагаар тухайн хар өнгийн Samsung Galaxy Z Fold 5 маркийн гар утсыг 18 хоног өөрийн 99768812 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан. Миний мэдэж байгаагаар аавын надад өгсөн Хар өнгийн Samsung Galaxy Z Fold 5 маркийн гар утас нь 3,000,000 / Гурван сая орчим төгрөг байгаа байх/ Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Онцгой үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №ТХЗ-25/02/131 дугаартай: “...Samsung Galahy Z Fold5 маркийн гар утас 2,900,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Хохирогч Э.Н-т Samsung Galahy Z Fold5 маркийн гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29-р хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн номдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хохирогч Э.Н-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 05-р хуудас/,

Хохирогчоор Э.Н-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 48-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Завших гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бусдын эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Х.М нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.Н-н Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ******* сум руу явах замдаа гээгдүүлсэн "самсунг галакси фолд 5" загварын гар утсыг олж, өөрийн хүү *******д ашиглуулахаар өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н-т 2,900,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг биет байдлаар буцаан төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.М-г шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн... гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **** овогт Х.М-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял торгох ялаас чөлөөлсүгэй. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         5. Шүүгдэгч Х.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.БАЯРХҮҮ