Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01431

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/01431 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Б холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С,

Хариуцагч: Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Х.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдүүлэгч А.Ц болон зээлдэгч Х.Б нар нь 8,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүй зээлэхээр харилцан тохиролцож, улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлэгч нь зээлдэгчид бэлэн бус хэлбэрээр зээлийг шилжүүлсэн байдаг. Гэвч зээлдэгч нь зээл эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд зээлдэгч буюу хариуцагчаас зээл 8,500,000 төгрөг, түүний хүү 0 төгрөг, алданги 4,000,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч маргааш нь 500,000 төгрөгийг буцааж өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие иргэн А.Цээс 2020 оны 5 сард 8,500,000 төгрөг зээлж авсан. Ковидын улмаас ажил төрөл зогсож, авсан мөнгөө төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Анх мөнгө авахдаа хүү алданги гэж яриагүй, боломжтой болохоороо эргүүлж өгье гэж хэлээд авсан. Ковидын улмаас хил хаалттай, 2021 онд бараа материалын үнийн өсөлтөөс болж хийж гүйцэтгэсэн ажил алдагдалтай гарч авсан мөнгөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч зээлж өгсөн мөнгөнөөсөө маргааш нь надаас 500,000 төгрөгөө буцаагаад авсан юм. Тиймээс зээлсэн үлдэх 8,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020.05.28-ны өдрийн зээлийн гэрээ /хх-5/, Голомт банкны 2020.05.28-2020.06.10-ны өдрийг хүртэлх дансны хуулга /хх-7/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч А.Ц хариуцагч Х.Бхолбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Х.Бхолбогдох А.Цийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Х.Бийг зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээлийн үлдэгдэл 8,500,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Х.Батхишииг нь 8,500,000 төгрөг зээлж авсан, 500,000 төгрөгийг буцаан төлсөн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, анх зээл авахдаа хүү, алданги тохиролцоогүй учраас алданги 4,000,000 төгрөгийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Х.Б нар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, гэрээний 5.2-т Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд нь эргүүлэн төлөх биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 5-р хуудас/

 

Хариуцагч Х.Б, нэхэмжлэгч А.Ц нар нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан ч, нэхэмжлэгч нь хариуцагчид 3 удаагийн гүйлгээгээр 8,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан, хариуцагч нь 500,000 төгрөгийг зээлийн төлбөрт нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 28-ны дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

 

Зохигчийн байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийг ашигласны хүү тохиролцоогүй байх тул зээлийг ашигласны хүүг тооцохгүй талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул хариуцагч Х.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин хариуцагч алданги төлөх боломжгүй, алдангийн талаар тохиролцоогүй гэж маргаж байх боловч талууд зээлийн гэрээний 5.2-т Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцсон, гэрээнд зааснаар алдангийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хуульд заасан хэмжээгээр тооцоход 4,000,000 төгрөгийн анзыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 8,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож нэхэмжлэгч нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

 

Харин хариуцагч нь алданги төлөх боломжгүй гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх гэрээгээр тохиролцсон, хуулиар тогтоосон анзын хэмжээг багасгах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч А.Б үндсэн зээл 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бээс нэхэмжлэлийн багасгасан шаардлагад тохирох 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Бээс зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бээс 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О