Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/560

 

 

 

 

 

  2021             6               2                                         2021/ДШМ/560

 

  Б.М-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021//ШЗ/641 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох эрүүгийн 1808005521457 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Баярмаагийн М-, 19... оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Б.М- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... ХХК-ийн ......... салбарт 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар ажиллаж байхдаа тус байгууллагаас явуулсан санхүүгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17.461.133 төгрөгийн үнэ бүхий 524 ширхэг гэрэл, чийдэн, автомат таслуур, цахилгаан халаагуур зэрэг бараа материал, мөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 50.345.581 төгрөгийн үнэ бүхий 1687 ширхэг гэрэл, холбогч, нарны цэнэг халаагуур, зөөврийн нарны зай, унтраалга, автомат залгуур зэрэг бараа материал буюу нийтдээ 67.806.714 төгрөгийн бараа материалыг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.М-ыг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... ХХК-ийн ......... салбарт 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар ажиллаж байхдаа нийт 67.806.714 төгрөгийн бараа материалыг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17.461.133 төгрөгийн, мөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 50.345.581 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс тус тус дутаасан нь тогтоогдсон гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийг хэзээ, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан тогтоосон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан бараа, материалын тооллого хийсэнтэй холбоотой 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт”-д тооллогын комиссын дарга, ахлах нягтлан бодогч /зөвхөн гарын үсэг зурагдсан/, бүрэлдэхүүнд Н.Байгалмаа, Н.Баасансүх, Д.А- гэж /1хх 43, мөн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт”-д тооллогын комиссын дарга, ахлах нягтлан бодогч О.С-, бүрэлдэхүүнд Содончимэг, Цацрал, Долгормаа гэжээ. /1хх 42/

Гэтэл хэрэгт авагдсан гэрч О.С-ийн “...ахлах нягтлан бодогчийн албан тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж авсан. Б.М- нь тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа бараа материалын дутагдал гаргасан асуудлын талаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тооллого хийж ажлын хэсгийг ахлаж тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 78/, гэрч Н.С-гийн “...Б.М-ыг бараа материалын дутагдал гаргасан гэх асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би энэ салбарыг ажлыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орчим байна уу /Б.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан/ тушаал гарахаас өмнө Саранчимэгт ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 74/ зэргээс дүгнэн үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт”-д тооллогын комиссын бүрэлдэхүүн Н.С-, О.С- нар оролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байхад тооллого хийсэн комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан хохирогч байгууллагын Дотоод аудитын дүгнэлт, мөн дүгнэлтэнд үндэслэн хийсэн Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь бараа, материалын дутагдлыг бодитоор тооцон гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, тус дүгнэлтэд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор 8.928.163 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 17.461.133 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооллогоор 50.345.580 төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тооллогоор 13.507.718 төгрөгийн дутагдал илэрсэн /1хх 188/ гэсэн боловч тодруулах шаардлагатай дараах нөхцөл байдал байна. Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор байсан бараа материал 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тооллого хийхэд дутсан эсэх, эсвэл 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоос хойш агуулахад ирсэн бараа, материал 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тооллого хийхэд дутсан эсэх нь тодорхойгүй буюу бараа материалыг хэрхэн, яаж тоолдог дүрэм, журамтай, бодит байдал дээр хэрхэн тоолдог байсан, дүгнэлтэд дурьдсан тухайн дутсан гэх бараанууд агуулахад хэзээ ирсэн, үүний дараа хэзээ, ямар бүтээгдэхүүнтэй тооллого хийхэд байсан, дараагийн ямар бүтээгдэхүүнтэй тооллого хийхэд дутсан, мөн тооллого хийх болгонд дутагдсан бараа, материалын тоо, үнийн дүн нэмэгдээд байгаа зэрэг шалтгаан нөхцөл байдал тодорхойгүй байна. Үүнтэй холбоотой “Номин Холдинг” ХХК-ийн эрх зүйн газрын захирал Л.Батбаярын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 01/54 дугаар албан бичигт /1хх 208/ “... уг зөрчлийг шалгахад тухайн тасгийн барааг хуваарьт тооллогоор 2017 он гарсаар нийт 5 удаа тоолсон бөгөөд гэнэтийн тооллого хийх хүртэл хийгдсэн тооллого бүрт дээрхи дутагдсан бараанууд байгаагаар тоологдож байсан бөгөөд уг бараанууд хэзээ дутагдсан болон тооллого явагдах бүрт хэрхэн тоолдог байсан нь ойлгомжгүй эсхүл байхгүй барааг байгаагаар тоолдог байсан байж болзошгүй байна. ...” гэж дурьдсан. Мөн албан бичигт 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тооллогын комиссоос явуулсан тооцооны нягтлан бодогч Агиймаагийн ажил хүлээлцэх тооллогоор 17.461.133 төгрөг дутсан гэж бичигдсэн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүй байдлаар шалган тогтоох нь ач холбогдолтой байна. Мөн шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гаргасан эвдрэлтэй, буцаагдсан зарим барааг тооллогын комисс тоолоогүй, тухайн бараа агуулахад байсан /хөлдөөгч зэрэг/, мөн илүү гарсан барааг байгууллага зүгээр тоолж өнгөрөөд, дутсан барааг шууд хохиролд тооцох нь  оны үндэслэлгүй гэсэн тайлбар, мөн шүүгдэгч Б.М-ын 12 дугаар сарын 25-ны өдөр хяналтын прокурорт хандан гаргаж байсан тодорхой төрлийн бараа материалын тооллогыг хэрхэн хийсэнтэй холбоотой хүсэлтийг /1хх 214/ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тухайн хүсэлтэд дурьдсан нөхцөл байдлуудыг нотолсон, үгүйсгэсэн баримтууд хэрэгт авагдаагүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой шалган тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагаар шалгуулах боломжтой эсэхэд прокуророос дүгнэлт хийх шаардлагатай. Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 5 дугаар сард 14 хоногт эмнэлэгт хэвтсэн /1хх 161/ улмаар 7 сард ажилдаа орсон гэж тайлбарласан. Мөн хэрэгт 5 дугаар сард ээлжийн амралттай байсан талаар /1хх 156/ баримт авагджээ. Үүнтэй холбоотой гэрч Д.А-гийн мэдүүлэгт “... Б.М-ыг ээлжийн амралтаа авах үед урьдчилж агуулахад тооллого явуулаад би хариуцаж агуулахын түлхүүрийг өөртөө аваад шаардлагатай үед бараа материалыг гаргаж өгдөг байсан. ... Б.М- 2017 оны 5 дугаар сард хийсэн тооллогын дүн нэгтгэгдэх үед өөрт нь тавигдсан бараа материалын мөнгөн дүнг урьдчилсан байдлаар сонсоод ухаан алдаж унаад эмнэлэг рүү хүргэгдсэн. ...” гэжээ /1хх 83/

Иймд шүүгдэгч нь ямар хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай, ээлжийн амралттай байсан, энэ нөхцөлд бараа материалыг хэрхэн хүлээлцдэг журамтай, үүнд хэн хяналт тавьж ажилласан нөхцөл байдал тодорхойгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар үндэслэл бүхий тайлбар мэдүүлэг өгөөгүйг дурьдаж байна. Түүнчлэн, гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн, гэмт үйлдэл ямар хугацаанд үргэлжилсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн нотлох эсэхийг сайтар шалган тодруулах нь зөв байна. Иймд дээрхи үндэслэлээр хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна.” гэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.М- нь ......... ХХК-ийн ......... салбарт 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар ажиллаж байхдаа тус байгууллагаас явуулсан санхүүгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17.461.133 төгрөгийн үнэ бүхий 524 ширхэг гэрэл, чийдэн, автомат таслуур, цахилгаан халаагуур зэрэг бараа материал, мөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 50.345.581 төгрөгийн үнэ бүхий 1687 ширхэг гэрэл, холбогч, нарны цэнэг халаагуур, зөөврийн нарны зай, унтраалга, автомат залгуур зэрэг бараа материал буюу нийтдээ 67.806.714 төгрөгийн бараа материалыг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын актууд, тооллогын комиссын бүрэлдэхүүнд оролцсон гэрч О.С-, Б.Б-, Н.Б-, Н.С-, Д.А-, Т.Долгормаа нарын мэдүүлгүүд, хохирогч байгууллагын дотоод аудитын ажлын дүгнэлт, тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт, дутагдлын тооцооны хүснэгт, ......... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.М-ыг ажилд томилсон тушаал, түүний хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Б.М-ын шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон. Хэрэгт бараа, материалын тооллого хийсэнтэй холбоотой 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт”-д тооллогын бүрэлдэхүүнд Н.Байгалмаа, Н.Б-, Д.А-, мөн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт-д тооллогын комиссын дарга, ахлах нягтлан бодогч О.С-, бүрэлдэхүүнд С-, Цацрал, Долгормаа нар оролцсон болох нь “Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт”-ууд, мөн О.С-, Б.Б-, Н.Б-, Н.С-, Д.А- нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тухайн тооллого хийх явцад Б.М- нь өөрийн биеэр биечлэн байсан. Мөн гэрч Д.А-гийн мэдүүлэгт “... Б.М- нь 2017 оны 5 дугаар сард хийсэн тооллогын дүн нэгтгэгдэх үед өөрт нь тавигдсан бараа материалын мөнгөн дүнг урьдчилсан байдлаар сонсоод ухаан алдаж унаад эмнэлэг рүү хүргэгдсэн...” гэж мэдүүлдэг ба үүнээс улбаалан Б.М-ын хариуцсан бараа, материалыг тоолох 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 100182 ширхэг 2.478.586.224.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэх байхаас 99658 ширхэг 2.461.125.091.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 524 ширхэг 17.461.133 төгрөгийн бараа материал дутаасан, Б.М-ын ажил хүлээлцэхтэй холбоотой 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 113597 ширхэг 2.844.163.245.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 111910 ширхэг 2.793.817.664.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 1687 ширхэг 50.345.581 төгрөгийн бараа материалыг тус тус дутаасан болох нь мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүй тогтоогдсон байдаг. Захирамжинд дурьдсан байгаа 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор байсан бараа материал 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооллого хийхэд дутсан биш, харин дахин 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооллого хийхэд шинээр ирсэн биш тэнд байсан хайрцагтай бараа материалын /бататгах/ дахин тооллогоор хайрцаганд байсан барааны зарим нэг эд анги дутагдах, дотроо бараатай гэсэн олон давхарласан хайрцагнууд нь нүд үзэн тоолоход дотроо бараа нь байхгүй байх жишээтэй нэмж бараа материал дутагдаж, дээрхи 50.345.581 төгрөгийн бараа материал дутагдсан үнийн дүн нь урьдны 17.461.133 төгрөгийн бараа материал дутагдсан үнийн дүн нь урьдны 17.461.133 төгрөгийн бараа материал дутаасан үнийн дүн дээр нэмж тоологдож байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоос хойш шинээр ирсэн бараа материал биш бөгөөд бараа материалыг хэрхэн яаж тоолдог дүрэм журамтай, бодит байдал дээр хэрхэн тоолдог байсан дүгнэлтэд дурьдсан тухайн дутсан гэх бараанууд агуулахад хэзээ ирсэн, үүний дараа хэзээ, ямар бүрэлдэхүүнтэй тооллого хийхэд байсан, дараагийн ямар бүрэлдэхүүнтэй тооллого хийхэд байсан, дараагийн ямар бүрэлдэхүүнтэй тооллого хийхэд дутсан, мөн тооллого хийх бүрт дутагдсан бараа материалын тоо, үнийн дүн нэмэгдээд байгаа зэрэг шалтгаан нөхцөлийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн бараа, материалын тооллогыг ахалж оролцсон тооллогын комиссын ахлах, нягтлан бодогч, мөн хяналтын тооллогын албаны ажилтан О.С-, Б.Б-, Н.Б-, Н.С-, Д.А-, Т.Долгормаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Ж.Жанилгаан нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж, асуух бүрэн боломжтой. Мөн шүүгдэгч Б.М-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хяналтын прокурорт хандан гаргаж байсан тодорхой төрлийн бараа материалын тооллогыг хэрхэн хийсэнтэй холбоотой хүсэлтийн дагуу хэрэгт Б.Төгөлдөрийг гэрчээр асуухад “... ......... ХХК-ийн ......... салбар нь гэрэл, гэрэлтүүлэг, сэргээгдэх эрчим хүчний гэсэн 2 чиглэлээр худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Гэрэл, гэрэлтүүлгийн чиглэлийн худалдааны чиглэлийг хөгжүүлэх зорилгоор 2017 онд “Номин стандарт” ХХК-ийн захирлын удирдлагад шилжүүлж байсан боловч стратегийн хувьд буцааж миний удирдлагад шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гараад эргэж нэгдэж байсан. Энэ шилжилт хөдөлгөөн нь зөвхөн гүйцэтгэх захирлын хүрээнд өөрчлөлт хийгдэж байсан болохоос биш санхүүгийн программ, үйл ажиллагааны чиглэл, бүтэц орон тоо, бүртгэл судалгаа болон бусад зүйл дээр ямар нэгэн өөрчлөлт, хөдөлгөөн, шилжилт хийгдсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 70/-ийг өгсөн болно. Хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Б.М-ын ээлжийн амралт болон өвчтэй байсан цаг хугацаа, ажлын цагийн бүртгэл зэрэг нь 1хх 151-152, 155-167 дугаар талд авагдсан ба түүний эрүүл мэндийн шалтгаантай, ээлжийн амралттай байсан, энэ нөхцөлд бараа материалыг хэрхэн хүлээлцдэг журамтай, үүнд хяналт тавьж ажилласан нөхцөл байдлын талаар гэрч Д.А- /1хх 83/ тодорхой мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу шүүгдэгч Б.М-ын гэм буруутайд эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.М-ыг “няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг эргэлзээгүй байдлаар тогтоох талаар заажээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, “хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаас гадна  мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас гадна шүүх хуралдааны явцад нотлох зохицуулалттай тул шүүгдэгч Б.М-ыг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний 2018 оны 119 дугаартай дүгнэлт зэрэгт үндэслэн шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хянан хэлэлцэж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/641 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ