| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/02203/И |
| Дугаар | 183/ШШ2022/01303 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/01303
2022 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2022/01303 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т /РД:0000000000000/,
Нэхэмжлэгч: С.Д /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Г /РД:000000000/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,591,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Т, С.Д,
Хариуцагч Ч.Г,
Гэрч Ц.Г, Э.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т, С.Д нар нь хариуцагч Ч.Гад холбогдуулан нийт 4,591,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
Пийс моол худалдааны төв дээр 2018 оны 6 сард хариуцагч Ч.Г тааралдсан юм. Тухайн үед Ч.Г нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болсон гэж надад хэлсэн. Яг тэр үед би тэтгэвэрт гараад хэдхэн сар болж байсан ба цаашид амралтаа эдлэх хүсэлтэй байгаагаа Ч.Гад ярьсан юм. Ингээд 2018.06.28-ны өдрөөс 2018.10.24-ний хооронд Ч.Гаас иргэн болон эрүүгийн 5 хэрэгт өмгөөллийн үйлчилгээ авахаар 6 иргэнтэй тэрээр тус тусад нь гэрээ хийгээд, ажлын хөлсний урьдчилгаа 50 хувь болох 7 сая гаруй төгрөгийг бэлнээр би үйлчлүүлэгч нараас авч, Ч.Гад өгсөн билээ. Ч.Г нь хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан хохирогч нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр 6 иргэнтэй гэрээ байгуулсан. Харамсалтай нь Ч.Г ...биднийг дансаа өг, удахгүй мөнгө чинь орно..., Засгийн газраас та нарт 70 сая төгрөгийг чинь өгөх болно гэх мэтчилэн ярьсаар бүтэн жил гаруй хугацаанд бидний дансанд нэг ч мөнгө орсонгүй, ямар ч үйлчилгээ үзүүлээгүй юм. Иймээс бид нар ...өмгөөлөгчийн нэр хүндийг хүндэтгэж, Ч.Гад эхний жил итгэж, найдаж байсан боловч харин хугацаа өнгөрөх тусам Ч.Гын ярьж, хэлж байгаа үйлдэл, хэлсэн үг бүрийг эргэцүүлэн бодоход биднийг хууран мэхэлж, худлаа ярьсан нь тодорхой болсон тул арга буюу ажлын хөлсөө буцааж авах шаардлагыг 2019.07.01-ний өдөр Монголын Хуульчдын Холбоонд, 2019.08.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт тус тус гомдол гаргасан юм. Үүний үр дүнд Ч.Г нь мөрдөн байцаалтын явцад надад 700,000 төгрөг, Кулияд 1,500,000 төгрөг, Ч.Бадамгэрэл, н.Эрдэнэбат нарт увуулан цувуулан нийт 725,000 төгрөгийг буцааж өгсөн. Харин Ч.Г нь миний үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3 жил болж байх тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1-рт, 2018.06.28-ны өдөр өмгөөлөгч Ч.Г нь Солонгосын виз гаргаж өгнө гэж 1,000,000 төгрөг авсан. Ч.Г уг төлбөрөөс 200,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 800,000 төгрөгийг гаргуулах,
2-рт, Миний үйлчлүүлэгч байсан Г.Ц 3 шатны шүүхээр ялагдсан. Уг хэрэгт Ч.Г 3 сая төгрөг өгвөл ...хэргийг задалж, хэрэгсэхгүй болгох гарц байна гэж хэлсэн. Ингээд би Ч.Гад 2018.10.24-ний өдөр С.Дгаас 1,000 ам.долларыг зээлж аваад Голомт банкны салбар дээр очиж, 1000 долларыг төгрөгөөр солиулахад 2,560,000 төгрөг, түүн дээр би өөрийн хувийн хадгаламжаасаа 440,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг болгон Ч.Гад өгсөн. Ч.Г нь надад уг 1,000 ам долларыг буцааж 1,100 ам.доллар болгон өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 1 ам.доллар 3,047 төгрөг тул 3,351,700 /1,100$ x 3,047/төгрөг, бэлэн авсан 440,000 төгрөг нийт 3,791,700 төгрөг гаргуулах,
3-рт Ч.Г нь Доржзундуйн Хадгаламж зээлийн хоршоонд алдсан 10 сая төгрөгийг олж өгөхөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болж ажлын хөлсөнд 10 сая төгрөгийн 1 хувиар тооцож авахаар тохиролцож, 2018.10.16-ны өдөр урьдчилгаанд нь 500,000 төгрөгийг би Доржзундуйгаас авч Ч.Гад өгсөн уг 500,000 төгрөгийг гэхдээ нэхэмжлэгч Доржзундуй гуай өөрөө нэхэмжилж байгаа болно.Мөн 2019.02.28-ны өдөр 345,000 төгрөг, 2019.11.04-ний өдөр 70,000 төгрөг Ч.Г шилжүүлж төлсөн гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Учир нь би лангуу ажиллуулдаг бөгөөд худалдан авагч нараас уг төлбөрийг шилжүүлсэн. Ч.Гаас уг төлбөрийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс нийт 4,591,700 төгрөгийг гаргуулах
Нэхэмжлэгч С.Дн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
Миний бие хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нэг бөгөөд надад өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэж нэхэмжлэгч Д.Тгаар дамжуулан өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөгийг хариуцагч авсан. Миний бие өмгөөллийн хөлсийг хариуцагч Ч.Гад өөрөө бол өгөөгүй нэхэмжлэгч Д.Тд өгсөн. Д.Т нь шударга эмэгтэй тул Ч.Гад өгсөн гэж итгэж байна. Иймээс Ч.Г нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй тул уг 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Гын татгалзлын агуулга
Ц гэх хүний өмгөөллийн хөлс гэж огт мэдэхгүй. Харин 2018.06.28-ны өдөр би Д.Тд мөнгө зээлүүлэх талаар асуухад Д.Т надад хүнээс мөнгө зээлж өгсөн. Ингэхдээ ам.доллароор зээлүүлнэ гэсэн би ам.доллароор авахгүй гээд Пийс молл-ын хажууд Голомт банк руу орж ам.долларыг Монгол төгрөг болгож сольсон. Ингээд 1,000 ам.доллар нь 2,560,000 төгрөг болж нэмж 440,000 төгрөгийг нэмээд нийт 3,000,000 төгрөгийг Д.Тгаас авсан энэ талаар маргаан байхгүй. БНСУ-ын виз гаргаж өгнө гэж 1,000,000 төгрөг авсан. Нийт 4,000,000 төгрөгийг авсан. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд нийт 700,000 төгрөг буюу 2019.10.11-ний өдөр 200,000 төгрөг, 2019.10.10-ны өдөр өмгөөллийн зардал гэж 500,000 төгрөг буцаан Д.Тд төлсөн. Мөн 2019.02.28-ны өдөр 345,000 төгрөг, 2019.11.04-ний өдөр 70,000 төгрөгийг тус тус төлсөн. Миний бие өөрийн гэсэн банкны харилцах дансгүй тул хэн нэгнээс гуйгаад дансаар нь Туяа руу мөнгө шилжүүлж байсан тул 345,000 болон 70,000 төгрөг шилжүүлсэн данс эзэмшигчийн талаар нотлох боломжгүй болно. Мөрдөн байцаалтын шатанд Туяагаас авсан 1,000 ам.долларын зээлийг 1,100 ам.доллар болгож буцаан төлнө гэж хүлээн зөвшөөрч байсан нь үнэн гэхдээ одоо бол зөвшөөрөхгүй. Би ам.доллар зээлээгүй төгрөг зээлсэн тул төгрөгөөр нь төлнө. Доржзундуйгаас өмгөөллийн хөлс гэж ямар нэгэн мөнгө аваагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөллийн хөлс гэж Туяагаас авсан 500,000 төгрөгийг буцаан төлсөн болно гэв.
Нэхэмжлэгчээс 2018.06.28-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримт, 2018.10.16-ны өдрийн Зарим ХЗХ-ны төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах талаар өмгөөлөгч Ч.Гтай хийсэн хэлцэл, 2018.10.24-ний өдрийн Зээлийн тухай баримт, кассын орлогын ордер, 2018.10.24-ний өдрийн Өмгөөлөгчийн хөлс өгсөн баримт, Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тодорхойлолт, өмгөөллийн гэрээ, 2019.07.01-ний өдрийн 77 тоот гомдол гаргах тухай, 2019.07.09-ний өдрийн 04/231 тоот албан бичиг, 2019.08.05-ны өдрийн 78 тоот гомдол гаргах тухай баримт, 2019.08.07-ны өдрийн 5/416 тоот албан бичиг, 2019.11.15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1372 тоот тогтоол, 2019.12.24-ний өдрийн 80 тоот гомдол гаргах тухай баримт, 2020.01.07-ны өдрийн 1/34 тоот албан бичиг, 2020.01.27-ны өдрийн 81 тоот гомдол гаргах тухай баримт, 2020.01.18-ны өдрийн 2/103 тоот албан бичиг, 2020.04.08-ны өдрийн 2/08 тоот Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний захирамж, 2020.04.21-ний өдрийн 82 тоот гомдол гаргах тухай баримт, итгэмжлэл, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2021.09.01-ний өдрийн банкны орлогын мэдүүлэг, 2021.09.30-ны өдрийн орлогын баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т, С.Д нар хариуцагч Ч.Гад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ч.Гаас 4,287,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгож, үлдэх 304,000 төгрөг, нэхэмжлэгч С.Дн нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч дараах үйл баримтад маргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Тгаас 2018.10.24-ны өдөр нийт 1,000 ам.доллар болох 2,560,000 төгрөг, нэмж бэлнээр 440,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг, виз гаргуулахаар 1,000,000 төгрөг нийтдээ 4,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Г авсан. Д.Тд визний төлбөрөөс буцаан 200,000 төгрөгийг Ч.Гаас 2019.10.11-ний өдөр төлсөн, мөн С.Д өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагч Ч.Гад өгөөгүй, нэхэмжлэгч Д.Т уг 500,000 төгрөгийг хариуцагч Д.Ганбатад өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд Туяагаас авсан 1,000 ам.долларыг валютаар нь буцаан төлнө гэж Ч.Г хүлээн зөвшөөрч байсан нь үнэн гэж зохигчид маргаагүй байна.
Зохигч дараах үйл баримтын талаар маргаж байна.
- 1,000 ам.доллар буюу 2,560,000 төгрөгийг 1,100 ам.доллар болгон төлнө гэж хариуцагч мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож 3,351,700 /1,100$ x 3,047/ төгрөг нэхэмжлэгч Д.Т хариуцагчаас ам.доллароор, мөн нэмж 100 ам.долларыг нэхэмжлэгч нэхэмжилсэн,
- хариуцагч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд Д.Тгаас авсан 1,000 ам.долларыг 1,000 ам.доллар болгож буцаан төлнө гэж хүлээн зөвшөөрч байсан нь үнэн боловч одоо хүлээн зөвшөөрөхгүй, төгрөгөөр шилжүүлж авсан тул төлбөрийг мөнгөөр төлнө, 100 ам.доллар нэмж төлөх талаар хэлж байгаагүй тул зөвшөөрөхгүй,
- 2019.10.10-ны өдөр Ч.Гаас шилжүүлсэн 500,000 төгрөг нь С.Дн өмгөөллийн хөлсний төлбөрт шилжүүлсэн мөнгө биш Солонгосын виз гаргаж өгөөгүй тул 1 сая төгрөг авсан төлбөрөөс буцааж уг 500,000 төгрөгийг Ч.Г төлсөн,
- Хариуцагч Ч.Г С.Дгаас өмгөөллийн хөлс гэж 500,000 төгрөг аваагүй, өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөгийг Д.Тгаас авсан тул нэхэмжлэгч Д.Тд 2019.10.10-ны өдөр шилжүүлсэн тул нэхэмжлэгч С.Дн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,
- Нэхэмжлэгч Д.Т 2019.02.28-ны өдөр 345,000 төгрөг, 2019.11.04-ны өдөр 70,000 төгрөг тус тус төлсөн гэх хариуцагч Ч.Гын тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир Д.Т миний бие лангуу ажиллуулдаг бөгөөд худалдан авагч нар дансаар уг 2 гүйлгээг хийсэн. Уг гүйлгээний агуулга дээр Ганбатаас шилжүүлсэн гэсэн агуулга байхгүй өөрөө төлсөн гэдэг нь тогтоогдоогүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон буцаан шаардах эрхтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019.02.28-ны өдөр 345,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний агуулгаар 5076128256 данс эзэмшигч Б.Мягмарсүрэнгээс Д.Тд шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн 2022.04.21-ний өдрийн 29/2481 дугаар албан бичиг, хавсралтаар, мөн 2019.11.04-ний өдөр 70,000 төгрөгийг Ганаа бараа гэх агуулгаар нэхэмжлэгч Д.Тгийн 5026708462 дансанд шилжүүлсэн байх бөгөөд уг хоёр мөнгөн гүйлгээгээр хариуцагч Ч.Г нэхэмжлэгч Д.Тд төлбөр төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагаас уг төлбөрийг хасаж тооцох үндэслэлгүй байна. /х.х-ийн 91, 95 хуудас/
Харин хариуцагч Ч.Гаас 2019.10.10-ны өдөр 500,000 төгрөг Ганбатаас өмгөөллийн зардал гэх агуулгаар шилжүүлсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгч Д.Тд өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч С.Д өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагч Ч.Гаас шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шаардлагыг хариуцах ёсгүй хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч С.Дн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /х.х-ийн 94 хуудас/
Чингэлтэй дүүргийн ахлах мөрдөн байцаагч Б.Даваадалай 2019.10.16-ны өдөр хариуцагч Ч.Гаас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлэгт ... Би Туяад 1,440,000 төгрөг төлөхөөс 700,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 740,000 төгрөг төлнө. С.Дгаас зээлж авсан 1,000 ам.долларыг валютаар нь төлнө... гэх тайлбарыг өгч байсан болох нь хариуцагч Ч.Гын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Т нь С.Дгаас 1,000 ам.доллар зээлж хариуцагч Ч.Гад шилжүүлснийг, уг 1,000 ам.долларыг нэхэмжлэгч Д.Т буцаан ам.доллароор хариуцагч Ч.Гаас шилжүүлэн авах хүсэл зоригийг хариуцагч Ч.Г хүлээн авч байсан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тооцон 1,000 ам.доллар хариуцагчаас нэхэмжилснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Д.Гхүү болон алданги авах талаар бичгийн хэлцлийг нэхэмжлэгч хийгээгүй. Д.Ганбатын мэдүүлэгт 1,100 ам.доллар буцаан төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 100 ам.долларыг шүүх олгох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд 2021.07.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг өдрийн 1 ам.долларын ханш 3,047 төгрөг болох нь Монгол банкны вэб сайтад авагдсан мэдээлэл нийтэд илэрхий нээлттэй үйл баримт байх тул шүүх үүнийг дахин нотлохыг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэвэл хариуцагчаас 1,000 ам.доллар буюу 3,047,000 төгрөг, визний төлбөр үлдэх 800,000 төгрөг /1,000,000-200,000/, бэлнээр авсан 440,000 төгрөг нийт 4,287,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 304,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Д өмгөөллийн хөлс гэх агуулгаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Тгаас шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Гаас 4,287,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийн шаардлагаас 304,000 төгрөгийн шаардлага, нэхэмжлэгч С.Дн 500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гаас 83,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ШҮҮГЧ Ц.О