Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

Улсын яллагч Б.Содномиший,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамниган овогт Эрдэнэ-Очирын Эрдэнэчимэдэд холбогдох эрүүгийн 2531000000191 дугаартай, 316/2025/0163/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "****" ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* овогт Э.Э, (регистрийн дугаар *******)

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 31- ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт ******* үл ойлголцлын улмаас толгой, нүүр хэсэг рүү нь цохиж, зодсоны улмаас хоёр нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимад цус хуралт, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй....” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагаас: “...Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, хор уршгийн тухайд хохирогч баримтаар 109,900 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч төлж барагдуулсан. Хор уршгийн тухайд хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзсан учир бусдад төлөх төлбөргүй. Мөн хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ аваагүй учир эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Э.Э-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс торгох ялыг сонгож 750 нэгжтэй тэнцэх буюу 750,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тохиролцсон шүүгдэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн учир энэхүү саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 05 дугаар сарын 31- ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт Б.Т-г үл ойлголцлын улмаас толгой, нүүр хэсэг рүү нь цохиж, зодсоны улмаас хоёр нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимад цус хуралт, зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 03-р хуудас/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 06-08-р хуудас/, гэрч О.Б-н мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, гэрч М.Д-ы мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №530 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн 109,900 төгрөгийн хохиролын баримт /хх-ийн 34-36-р хуудас/, шүүгдэгч нь хохирогч Б.Т-д хохирол төлбөрт 1,119,000 төгрөг төлсөн тухай дансны хуулга /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э  мэдэгдэх тухай санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэв

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 / долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын буюу Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ