Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/183

 

 

 

 

 

    

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

Улсын яллагч Б.Содномиший,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт Б.Д-т холбогдох эрүүгийн 2531001860192 дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овогт Б.Д, (регистрийн дугаар ******)

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Г биед халдаж хохирогчийн биед баруун нүдний салст тархмал цус харвалт, баруун хацар зөөлөн эдийн няцрал, баруун хоншоор ясны хөндийн урд, ар дээд хананд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Доржготов нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй хөнгөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Г.Д хувьд хохирогч н.Г эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай хөдөлбөргүй тогтоогдсон. Иймд түүний дээрх үйлдсэн хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч н.Гомбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч н.Г нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч Г.Д нь хохирол, төлбөртэй холбогдуулан 1,000,000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн талаарх баримт хэргийн материалд авагдсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд хохирогч н.Г нь  эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ аваагүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзсан байна. Иймд шүүгдэгчийн зүгээс бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгуулийг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******** багийн нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Г-н биед халдаж хохирогчийн биед баруун нүдний салст тархмал цус харвалт, баруун хацар зөөлөн эдийн няцрал, баруун хоншоор ясны хөндийн урд, ар дээд хананд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, хохирогчоор Б.Гн мэдүүлэг /хх-ийн 04-05, 12-14, 15-16, 18-р хуудас/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/, гэрч Л.Э-н мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/, хохирогч Б.Г. нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан боловч чанар төлбөрийн хяналтын үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гараагүй талаарх тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/, гэрч А.Э-н мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Э.А-н мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 238 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2****2 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 36-38-р хуудас/, хохирогч Б.Г-н өвчитний түүх /хх-ийн 48-58-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болн шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 64-р хуудас/, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 65-р хуудас/, шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/, шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 69-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-т мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Б Г-г нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн авсан зардал гараагүй /хх-ийн 19-20-р тал/ хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 1,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тухай санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Б.Дт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан аюсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***** овгийн Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ