Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01024

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/01024 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б /РД:000000/-д холбогдох,

 

6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.Б

Хариуцагч: Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Ө /0000/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан 6,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би ГГ.Б Хятад боловсролын төвийн байранд 2021 оны 3 сарын 11-ний өдөр хятад улсад тэтгэлэгтэй суралцах тухай гэрээ байгуулж, зуучлах хөлсөнд 6,800,000 төгрөгийг бэлнээр миний аав Ж.Цогтбаяр тушаасан. Гэтэл өнөөдрийг болтол БНХАУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн урилга ирээгүй тул зуучлалын хөлс 6,800,000 төгрөгөө нэхэмжилж байна. Би гэрээний дагуу материалаа цаг хугацаанд нь өгч надад 6 сард сургуулиа авсан гэж хэлсэн боловч урилгаа нэхэхэд 8 сарын 20-нд ирнэ гэсэн 10 сарын 15-ныг хүртэл хар гэсэн ч ямар ч урилга ирээгүйгээр барахгүй энэ хүн утсаа ч авахгүй ажил дээрээ ч байхгүй байна. Иймээс 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б хариу тайлбартаа: Б.Б нь БНХАУ-ын бакалаврын тэтгэлэгт өөрийн хүсэлтээр өргөдөл өгсөн бөгөөд манай байгууллага нь гэрээнд зааснаар тухайн оюутны материалыг сургуульд танилцуулж сургууль зөвшөөрсний үндсэн дээр оюутнаас гэрээний дагуу авсан төлбөрийг сургуулийн хариуцсан ажилтанд ви чат аппликейшны төлбөр тооцоо ашиглан шилжүүлсэн болно. 2020 оны 01 сараас БНХАУ-д корона вирусын цар тахал гарч Монгол улс болон БНХАУ хил гааль хааж БНХАУ-д суралцах оюутан хүлээж авах боломжгүй болж, БНХАУ-ын их сургуулиуд 2020 оны 02 сараас одоог хүртэл дэлхий дахинаас нэг ч гадаад оюутан хүлээж аваагүй болно. БНХАУ-ын сургуулиуд болон БНХАУ-ын тэтгэлгийн хорооноос суралцах өргөдөл өгсөн оюутнуудыг суралцах хугацаагаа хил гааль нээтэл хойшлуулах шаардлага тавьсан бөгөөд тухайн оюутан өөрийн хүсэлтээр явахаа больсон нөхцөлд гэрээний дагуу төлбөр буцаах үүрэг хүлээхгүй. Учир нь Б.Бтай байгуулсан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээний 2.3-д заасны дагуу оюутан өөрийн хүсэлтээр буюу хувийн шалтгааны улмаас БНХАУ-д суралцахаас татгалзсан тохиолдолд Хятадын Боловсролын төв буюу тухайн сургуулийн төлөөлөгч зуучлалын төлбөрийг буцаан олгох үүрэг хүлээхгүй. Энэхүү хил гааль хаагдсанаас БНХАУ-д суралцах албан ёсны урилга ирээгүй шалтгаан нь Хятадын Боловсролын төвөөс шалтгаалаагүй бөгөөд БНХАУ болон Монгол Улсын хил гаалийн шийдвэр, корона вирус цар тахлаас шалтгаалсан учир гэрээний дагуу хятадын боловсролын төв гэрээний төлбөр буцаах үүрэг хүлээхгүй. Харин 2022 оны 9 сард хил гааль албан ёсоор нээгдэхээр тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-д суралцах боломжтой. Манай байгууллага гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж холбогдох сургуулийн материалыг бүрдүүлж, тэтгэлэгийн хураамжийн хамт Б.Бг суралцахаар шийдвэрлэсэн сургуулийн захиргаанд албан ёсоор хүргүүлж сургуулийн захиргаанаас Б.Бг суралцуулахаар хүлээн авснаар манай гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2021.03.31-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-4/, 2021.03.11-ний өдрийн №210201 тоот Тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ /хх-5/, Хятадын боловсрол соёлын төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/ гэсэн баримтыг,

 

Хариуцагчаас БНХАУ-ын Тэтгэлгийн хорооны албан мэдэгдэл, орчуулга /хх-16-17/, батламж бичиг бүхий хятад хэлнээс орчуулсан баримт /хх-41/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан 6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч нь Хятадын боловсрол сургалтын төвд хандан БНХАУ-д тэтгэлгээр суралцахаар бүртгүүлэн, зуучлалын хөлс 6,800,000 төгрөгийг Г.Б дансанд шилжүүлсэн. Харин өнөөг хүртэл БНХАУ-ын их сургуулийн урилга ирээгүй. Иймд сургуулийн тэтгэлэгт хамруулж чадаагүй тул 6,800,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь Хятадын боловсролын төвд нэхэмжлэгч хандаж тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахаар төлбөрийг Хятадын боловсролын төвд төлсөн. Давагдашгүй хүчин зүйл буюу дэлхий нийтэд тархсан ковид-19 халдварын улмаас Монгол Улс болон БНХАУ-ын хил гааль хаагдсан. Хэрэв хил нээгдсэн тохиолдолд сургуульдаа явах боломжтой байсан, тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдааны явцад маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2021.03.11-ний өдөр Хятадын Боловсрол соёлын төвтэй №210201 тоот Тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээг байгуулан, 2021.03.31-ний өдөр 6,800,000 төгрөгийг Хятадын Боловсрол соёлын төвд бэлнээр тушаасан болох нь баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-5 хуудас/

 

Дээрх гэрээний үндсэн дээр Хятадын боловсролын төвд нэхэмжлэгч хандаж тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахаар төлбөрийг Хятадын боловсролын төвд төлсөн. Б.Бгийн холбогдох материалыг бүрдүүлж, тэтгэлгийн хураамжийн хамт сургуулийн захиргаанд нь албан ёсоор хүргүүлсэн, тухайн сургуулиас Б.Бг албан ёсоор суралцуулахаар хүлээн авснаар Хятадын Боловсролын соёлын төвийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч Г.Бэс тайлбарлан, маргаж байна. /хэргийн 16, 17-18, 36-39-р хуудас/

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд 2021.03.11-ний өдрийн №210201 тоот гэрээг нэг талаас Хятадын Боловсрол соёлын төвийг төлөөлж Г.Б, нөгөө талаас Б.Б нар гарын үсэг зуран баталгаажуулж, зуучлалын хөлсийг Хятадын Боловсрол соёлын төвд бэлнээр нэхэмжлэгч тушаасан байна.

 

Харин гэрээний үүрэг өнөөг хүртэл биелэгдээгүй байх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хуулийн зохицуулалтад нийцэх боловч нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Г.Болд-Эрдэнийг тодорхойлсон нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёсгүй этгээдэд холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Учир нь Г.Б нь Хятадын Боловсролын соёлын төвийг төлөөлж гэрээг байгуулсан боловч уг иргэний хэрэгт иргэнийхээ хувьд хариуцагч болсон, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Г.Б хувийн данс руу 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч хариуцах ёсгүй этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч дээрх 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Хятадын боловсролын төвд холбогдуулан гаргаж, шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан Г.Бд холбогдох 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.                                 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О