| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ДШМ/25 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/25
Э.Төгөлдөр, Э.Золбоо нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Уянга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат /онлайн/
Өсвөр насны шүүгдэгчийн
өмгөөлөгч Д.Золзаяа /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 203 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Эрдэнэбатын Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Энхцэцэгийн Золбоо нарт холбогдох 2118000180053 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шихихутуг их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг эх. ах нарын хамт Дархан- Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Дэвшил 17 дугаар хороо, 13 дугаар байрны 93 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ТА02272031 регистрийн дугаартай Билэгт овгийн Эрдэнэбатын Төгөлдөр,
Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, мэргэжилгүй, “Энэрэл” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Найрамдлын 1 дүгээр гудамж, 4а тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ТИ03322411 регистрийн дугаартай Монгол овгийн Энхцэцэгийн Золбоо.
Шүүгдэгч Э.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, Төмөр замын 15 дугаар байрны 148 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 203 дугаар захирамжаар:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Билэгт овогт Эрдэнэбатын Төгөлдөр, Монгол овогт Энхцэцэгийн Золбоо нарт холбогдох 2118000180053 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн захирамжид “...Өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нь шүүхийн хэлэлцүүлэгт дахин гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлж байх ба холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх нь шүүгдэгчид ашигтай байна” гэж дурдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлснээс өөр түүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үзэхэд эрүүгийн хэргийг нэгтгэхэд яллагдагчаар татагдсан байхыг шаардах ба шүүгдэгч Э.Золбоогийн хувьд дахин гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал нь гомдол мэдээллийн шатанд шалгагдаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаагүй байхад хэргийг нэгтгэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд Э.Золбоод холбогдох хэргийг шүүхийн шатанд нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломж, хууль зүйн үндэслэл байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагааг явуулах нь цаг хугацаа алдах, мөн Э.Золбоотой бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Э.Төгөлдөрийн хувьд хэргийн шийдвэрлэлт удаашрах зэрэг сөрөг үр дагавартай гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 203 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж шинээр үйлдсэн гэмт хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:
Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох үндэслэл байх тул хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Э.Золбоогийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Тухайн үед шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байгаагүй ба өнөөдөр мөрдөгчийн тогтоолыг прокурор танилцууллаа. Иймд түүний үйлдсэн хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Э.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нарыг бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, Төмөр замын 15 дугаар байрны 148 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нь энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа тул уг хэргийг нэг мөр шалгаж хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж, нэг тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчид ашигтай, өөрөөр хэлбэл тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, тус тусдаа яллах дүгнэлт үйлдэж, хоёр өөр шийтгэх тогтоол гаргах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2.т зааснаар хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор нь өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нь бусадтай бүлэглэн хар тамхины төрлийн ургамал хэрэглэж, хууль бусаар бэлтгэсэн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2021.04.07-ны өдрийн тогтоолыг ирүүлсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэргийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлэх нь зөв бөгөөд шүүхээр хэргийг шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаарх яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн тохиолдолд шүүх хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 203 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Төгөлдөр, өсвөр насны шүүгдэгч Э.Золбоо нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ