Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00261

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2022/00261

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Гончигсумлаа, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь, ...... сум, ....... орших, Ө ХХК-/РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.... оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, эмэгтэй, ..... настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Тулгатай цай зоогийн газрын захирал, Дорноговь, ..... сум, ........ тоотод оршин суух, Е овогт Б.Б /РД:..../-д холбогдох

Гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа, гэрч Д.Г, Б.Ж, Ц.Ц иргэдийн төлөөлөгч Э.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ХХК-нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ө ХХК нь өмчлөлийн Буянт шанд худалдааны төвийн 2 давхарт байрлах Тулгатай цай цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар иргэн Б.Бд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, тэр өдрөө түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний нэг сарын төлбөр 1,500,000 төгрөг..., 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Тулгатай цай цайны газарт гал түймэр гарч ихээхэн хэмжээний хохирол учирсан.

Гал гарсан үйлдэлд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын...шалгаад цайны газрын гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт байрлах хуушуурын цахилгаан зуух хэт удаан халсны улмаас буцалж үсрэн цахилгаан зуухан дээр унаж гал түймэр гарсан байна гэх шалтгаан нөхцөлийг тогтоосон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 318 дугаар зүйлийн 318.1, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Б.Бгаас учирсан хохирлыг арилгахын тулд хийсэн засвар үйлчилгээ хийсний төлбөр 40,855,829 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно. Засварыг шаардлагын хэмжээнд хийгээгүйгээс дахин засвар үйлчилгээ хийсэн. Ингэхдээ тэтгэврийн зээл авч хийсэн,

Гэрчээр оролцож байгаа хүмүүс бүгд хариуцагчтай ойр дотнын хүмүүс байна. Мэдүүлэг эргэлзээтэй. Засвар хийсэн гэх фото зураг нь яг энэ цайны газрын фото зураг мөн эсэх нь эргэлзээтэй.

Гал гарч шатсанаас гэм хор учирсан, гэм буруутай нь тогтоогдсон. Засвар үйлчилгээ хийсэн нь бүгд баримтаар тогтоогдсон, ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн, мөн тайлан бүрийг гэрээнд хавсаргасан байгаа. Гал гарсны улмаас цайны газар ажиллах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл үл хөдлөх, эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон. Үүнийг буцааж хэвийн байдалд оруулсан хугацааны түрээсийн төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тооцож нийт 4,500,000 төгрөг8 нийт 45,355,829 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч талын хийсэн засвар нь шаардлага хангахгүй байна. Тухайн өнгөний сонголт нь болохгүй байна гэх шаардлагыг тавьсан. Хариуцагч тал тухайн үед орхиод явсан гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс засвар үйлчилгээ хийж өмнө нь байснаас нь илүү сэргээн засварласан.

Тухайн засварыг хийх үедээ нэхэмжлэгч талын өөрийнх нь зааж, хэлсэн ёсоор маш чанартай материалаар янзалж, дээврийг бүтэн дээвэрлэсэн. Ер нь дандаа нэхэмжлэгч талын хэлсэн материалыг авчирч хийсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас хоёр удаа материалын өнгө таалагдахгүй гэж буцаасан.

Манай талаас бол цайны газрыг өмнөх байснаас нь илүү засварласан. А гэх хүний тайлбарласнаар бид нар огт засвар хийгээгүй, өөрсдөө хийсэн гэж тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манайх анх орохдоо банкнаас 54 сая төгрөгийн зээл авч түрээсийн талбайг тохижуулсан. Одоо ч тэр зээлийг төлж байгаа.

Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл хуульд зааснаар Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ болох ёстой. Иймээс түрээсийн төлбөрийг төлөхгүй. Гэм хор учруулахаас өмнөх байдалд бид засвар хийж гүйцэтгэсэн.

Одоо ч манай зассан байдлаар байгаа гэжээ.

Иргэдийн төлөөлөгч: Түрээсийн гэрээ байгуулж ажиллах явцад гал гарч их хэмжээний хохирол учирсан. Засварын ажлыг хэн хийсэн, ажлын зардлыг хэн гаргасан талаар маргаан үүссэн. ...Баярмаа засварын ажлыг хийсэн боловч нэхэмжлэгч тал өөрт таалагдахгүй гэж 2,3 удаа засвар хийлгэсэн.Засварын ажилд зориулж 28,9 сая төгрөг зарцуулсан.Засварыг хийсэн гэж ойлгож гэм буруугүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Б худалдааны төв нь Бийн зассан байдлаар одоо байгаа юм байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс:Улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-6/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ /хх-8-11/, түрээсийн талбайн фото зураг /хх-12-18/, мөрдөгчийн тогтоол /хх-19,37/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-20/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-28-32/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /хх-33-36,40-41/, иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан баримт, мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31-32/, шинжээчийн дүгнэлт /хх-42/, хохирол үнэлгээний тайлан /хх-43-52/ Хөрөнгө эстимэйт ХХК-ийн танилцуулга /хх-53-57/, прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /хх-60-62/, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-63/, мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-64-65/, шийтгэлийн хуудас /хх-66/, бараа материал авсан төлбөр зарлагын баримтууд /хх-67-101/, ажил гүйцэтгэх гэрээ, тайлан /хх-102-121/, тэтгэврийн зээлийн талаархи баримтууд /хх-122-133/, банкны дансны хуулга /хх-134-174/, Итгэмжлэл /хх-175/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс: хариуцагч талын хүсэлтээр Д.Г, Б.Ж, Ц.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хариуцагчаас: Түрээсийн гэрээ /хх-209-211/, зээлийн гэрээ /хх-212-215/, банкны дансны хуулга /хх-216-218,237-249/, зарлагын баримтууд /хх-219-235,250/, шийтгэлийн хуудас /хх-236/, фото зураг /2-р хавтас хх-1-9/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс: Нэхэмжлэлээс 4,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 40,855,829 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчийн үйл ажиллагааны буруугаас гал гарч хохирол учирсан.

Засварыг шаардлагын хэмжээнд хийгээгүйгээс дахин засвар хийсэн.

Засварын ажил үйлчилгээний хөлс бараа материал авахад нийт 40,855,829 төгрөг зарцуулсан.

Мөн түрээсийн гэрээний үнэ 4,500,000 төрөг, нийт 45,355,829 төгрөгийг гэм хор учруулсан хохиролд нэхэмжилсэн гэжээ .

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Бид гэм хор учруулснаас өмнөх байдалд сэргээж зассан.

Нэхэмжлэгч талаас бидний санаанд хүрэхгүй гэх байдлаар 2-3 удаа засварыг хийлгэсэн. Бид түрээсэлж орохдоо тохижуулж орсон. Гал гарсан газрын ханыг амархан шатдаг материалаар хийснээс болсон гэж дүгнэлт гарсан.

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний төлбөр 4,500,000 төгрөг төлөхгүй гэжээ.

Ө ХХК нь өмчлөлийн Буянт шанд худалдааны төвийн 2 давхарт байрлах Тулгатай цай цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар Б.Бтай түрээсийн гэрээг бичгээр байгуулж, түрээсэлсэн.

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Тулгатай цай цайны газрын гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт байрлах хуушуурын цахилгаан зуух хэт удаан халсны улмаас тос нь буцалж үсрэн цахилгаан зуухан дээр унаж гал түймэр гарсан байна гэх, цайны газарт хариуцагч тал засвар үйлчилгээ хийсэн.

Талууд гэм хор учруулсан, гэм буруугийн талаар маргаагүй,

Маргааны зүйл нь: Гал гарснаас өмнөх байдалд сэргээж, нэхэмжлэгч талын санаанд болон чанарын шаардлагад нийцсэн засвар хийгээгүйгээс дахин засвар хийснээс гарсан зардал, гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээсэн, мөн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй тул 4,500,000 төлөхгүй гэж маргана.

Шинжээчийн дүгнэлт болон талуудын тайлбар гэрчүүдийн мэдүүлгээр гал гарч эд хөрөнгөд хохирол учирсан болон хариуцагч талын буруугаас гэм хор учирсан болох нь тогтоогдсон,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, ...эд хөрөнгөд ...гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх/ ... гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу ... гэжээ.

Хариуцагч тал нь гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээн зассан нь гэрч Д.Г Цайны газрын засварын ажлын бараа материалд Улаанбаатар хот руу Б.Б, Ж хоёр явсан. Тухайн үед би ард нь хариуцаад оролцоод явж байсан. Тухайн цайны газарт засварын ажлыг Б.Б, Ж хоёр хийлгэсэн. Тухайн үед нөхцөл байдал хэцүү байсан. Гал гарсны дараа тухайн цайны газарт ерөнхийд нь засвар хийсэн. Гэтэл дараа нь А нь бид нарын хийсэн засварыг нураалгуулаад, буцаж буулгаад дахин засвар хийгээд үндсэндээ хоёроос гурван давтан удаа засвар хийсэн. Ер нь дор, дор нь орж ирээд шалгаж болохгүй байна гэж хэд хэдэн удаа материал авсан. Дорноговь аймгаас авсан бүх материалыг би өөрөө Хул шанд дэлгүүр явж авч байсан. Би тухайн үед найздаа туслах зорилгоор нярвын ажлын ар талыг нь даасан. Бид нарыг засвар хийхэд болохгүй байна гэж дахиад өөрсдөө орж ирээд ингэнэ, тэгнэ гэж хэлснээр нь олон удаа янзлуулсан. Тэгэхээр бүгдийг нь зассан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ж Хамгийн анх гал гарсны маргаашаас доод дэлгүүрүүдийн засварыг хийж хүлээлгэж өгсөн. Засвар хийх явцад Улаанбаатар хот руу олон удаа материал татсан. Үүнээс хойш материалаа татаад засвар хийсэн хойно хоёроос гурван удаа хуулж буулгасан. Нэхэмжлэгч тал өнгө нь таарахгүй, болохгүй гэх шалтгаанаар хуулж авсан. Бид нарын хувьд урьд нь байснаас нь илүү хийх гэж хичээсэн. Материал авахдаа арай өнгө, үзэмжтэй материалуудыг хийсэн. Сүүлд тухайн байгууллагын дээврийг бүтэн сольж өгсөн. Дээврийн хувьд миний бодлоор ямар ч галд өртсөн, шатсан зүйл байгаагүй. Дээврийн төмөр нь олон жил болсон байсныг шинэ төмрөөр сольж өгсөн. Засвар үйлчилгээ хийхэд орсон ажлын хөлс зэргийг бид нар гаргасан. Таазны хээтэй лампир, наадаг зүйлийг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас эхний удаа наасныг хуулж хаясан. Мөн хананы өнгөт хавтанг наахад өнгө нь таарахгүй гэхээр нь дахин наасан. Гал тогооны вакум цонхыг сольж суулгасан. Гал тогоонд эхэлж авчирсан лампирыг нарийн учраас хийлгэхгүй гэхээр нь дахин өргөн лампир авчирсан. Гэхдээ тухайн лампираа хийж чадалгүй бэлдэж орхисон. Дотоод засал чимэглэлийг бүгдийг хийсэн гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, фото зураг, /2-р хавтас, хх-1-9/, зарлагын баримтууд /хх-219-235/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас: Чанартай,шаардлагад нийцсэн засвар хийгээгүй, дахин засвар хийсэн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй, үгүйсгэсэн тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,

Хариуцагч талаас: Одоо ч манай хийсэн байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбарыг нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

Хариуцагч талыг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж зассан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дахин засвар хийснээс гарсан зардал 40,855,829 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин нь хариуцагч талаас түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус 4,500,000 төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй юм. Учир нь гэм хор учруулснаас тухайн цайны газрыг түрээсэлж ашиг олох боломжгүй болсон. Гэм хор учруулснаас үүссэн хохирол гэж үзэн түрээсийн гэрээний үнэ 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түрээсийн гэрээний талаар маргаагүйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

...Баярмаа засварын ажлыг хийсэн боловч нэхэмжлэгч тал өөрт таалагдахгүй гэж 2, 3 удаа засвар хийлгэсэн. Засварын ажилд зориулж 28,9 сая төгрөг зарцуулсан. Засварыг хийсэн гэж ойлгож гэм буруугүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Буянт шанд худалдааны төв Баярмаагийн зассан байдлаар одоо байгаа юм байна.

Иргэдийн төлөөгчийн дүгнэлтэд дурдсан ...гэм буруугүй гэж үзэж байна... гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй ба дүгнэлтийн бусад хэсгийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: гэрчээр оролцож байгаа хүмүүс бүгд хариуцагчтай ойр дотнын хүмүүс байна. Мэдүүлэг эргэлзээтэй гэж тайлбартаа дурдсан боловч Хуульд заасан журмын дагуу авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэн үнэлж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 324,729 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Бгаас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баярмаагаас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, 40,855,829 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 324,729 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Бгаас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ГОНЧИГСУМЛАА

        Э.БОЛОРМАА