Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/01235

 

 

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ж.Кулдана, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч:....

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 351,450 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С...

Иргэдийн төлөөлөгч .....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ...ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Манай орон сууцны даатгалын №... тоот гэрээний даатгуулагч А.. овогтой Н....ын Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоот байранд СӨХ засвар хийгээгүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр даатгуулагчийн гэрийн дээврээс цас, борооны ус нэвтэрч, улмаар тааз шарлаж, зарим хэсгийн эмульс хууларснаас нийт 351,450 төгрөгийн хохирол учирсан. Даатгуулагчийн амьдардаг тус байрны СӨХ нь ...СӨХ бөгөөд анх хариуцагчаар тодорхойлсон ... ХХК нь орон сууцны контор буюу хамааралгүй байгууллага гэдгийг мэдээгүй учир тус хариуцагчид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

...СӨХ нь даатгуулагч Ц.Н....ын өмчилдөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцаж, орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан. Ингээд холбогдох баримт материалыг шалгаж үзээд тухайн гэм хорын хохирлыг ...СӨХ хариуцах нь зүйтэй гэж үзсэн учир Иргэний хуулийн 443.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-т дундын эд хөрөнгө гэж ямар хөрөнгийг хэлэхийг тодорхой зааж өгсөн буюу тухайн байрны дээвэр нь СӨХ-ны хариуцаж, засварлах ёстой хөрөнгө гэж тодорхойлогдож байгаа. Тиймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.8 зүйл болон 12.4.2-т зааснаар СӨХ нь мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулаад тодорхой засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас манай даатгуулагчийн гэрийн дээврээс ус нэвтэрч хохирол учруулсан гэж үзэж байна. Тиймээс хохирлын нөхөн төлбөрт өгсөн 351,450 төгрөгийг даатгалын гэрээний 6.1.6, Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дэх хэсгүүдэд зааснаар хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг даатгуулагчтай байгуулсны үндсэн дээр Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар ...СӨХ-оос гаргуулж өгнө үү. Хариуцагч ...СӨХ-оос даатгуулагч Ц.Н....ын тайлбарыг баримтаар гаргасан байсан. Үүнээс харахад хариуцагч нь дээврээс ус нэвтэрдэг талаар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Дээврээс ус нэвтэрч даатгуулагчийн гэрийн тааз зэргийг засварлахад гарсан зардлыг даатгалаас нөхөн төлбөр хэлбэрээр олгосон. Өөрөөр хэлбэл дотор нь учирсан хохирлыг манайх гаргасан. Харин СӨХ нь дахин ийм байдлаар ус нэвтрүүлэхгүй байхаар дээвэртээ засвар хийсэн байна. Даатгалын гэрээн дээр зааснаар даатгуулагч нь тухайн даатгалын тохиолдлын 10 хувийг өөрөө хариуцна гэж заасан. Үүний дагуу манайх үнэлгээний зардлаас 10 хувийг нь хасаж тооцож нөхөн олговор өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 351,450 төгрөгийг ...СӨХ-ноос гаргуулан шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь орон сууцны барилга байгууламжийн цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг тусгай зөвшөөрөлтэй компани юм. Иймд ...ХК-ийн нэхэмжилсэн 351,450 төгрөгийн хохирол нь манай үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа тул Баянгол дүүргийн .... дугаар хорооны .... дугаар байрны ...СӨХ-ноос нэхэмжилнэ үү...гэжээ.

3.Хариуцагч ...СӨХ-оос нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Тус СӨХ-ны хариуцан ажилладаг ... дугаар байрны 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд 2013 оноос 6 давхрын айлууд руу дээврээс ус нэвчин орж эхэлсэн байдаг. 2015 оноос СӨХ нь өөрийн хөрөнгө мөнгөний бололцоогоор жил бүр хэсэгчлэн засаж эхэлсэн ба 900 м.кв талбайтай дээврийн ажлыг гүйцэт засах мөнгөний бололцоогүй тул засвар хийгээгүй хэсгээр зарим айл руу ус хаваж ордог байсан. СӨХ-ны зүгээс 17 дугаар хороо, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт, мөн тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдөд бодит байдлын зураг, оршин суугчдын өргөдөл гомдол, Мэргэжлийн хяналтын газрын 2018, 2019 оны дүгнэлт зэргийг албан бичгээр ханддаг байсан боловч ашиглалтанд ороод 10 жил болоогүйн улмаас нийлэл, дүүргийн хөрөнгө оруулалтын ажлаас хасагддаг байсан. Тус 24 тоотын Ц.Н.... гэдэг айлын өмнөх 2 айл байхад л ус ордог байсан. 2021 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ... дугаар байрны дээврийн их засварын ажил хийгдэх болсон бөгөөд 2021 оны 8 дугаар сард их засвар хийсэн болно. Даатгалын газар нь тухайн айлын эрсдлийг хүлээх гэж л даатгалд хамруулдаг байх, .... тоотын оршин суугч Ц.Н.... СӨХ-нд гомдол санал байхгүй гэсэн өргөдөл өгсөн...гэжээ.

4.Иргэдийн төлөөлөгч .... хавтаст хэргт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэргийг нэгтгэж гаргасан дүгнэлтдээ: Миний бодлоор нэхэмжлэгч нь хохирлын мөнгө шаардах эрхтэй гэж үзэж байна. СӨХ нь шаардлагатай засвараа хийгээгүй байсан байна. ...СӨХ-ноос мөнгө гаргах нь зүйтэй байна...гэв.

5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Ц.Н...., М... нартай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Ц.Н....ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 7-8/, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоох акт-н нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, ... ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан /хх 10-13/, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ /хх-14/, ... ХХК-д төлбөр төлсөн баримт /хх-15/, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосон төлбөрийн баримт /хх-16/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

6.Хариуцагч ...СӨХ нь татгалзлаа нотлохоор иргэн Ц.Н....ын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж тодорхойлсон гар бичмэл баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

7....СӨХ-ны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч ...ХК нь татгалзсан учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1....ХК нь ... ХХК-д холбогдуулан 351,450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...СӨХ-г хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд ... ХХК-д холбогдох нэхэмжлээсээ татгалзаж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, нэхэмжлэгч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч ...ХК-ийн ...СӨХ-д холбогдуулан гаргасан 351,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч ...СӨХ нь хариуцан ажилладаг .... дугаар байрны дээврийн бүрэн бүтэн болон ашиглалтын хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагчийн өмчлөлийн орон сууцанд дээврээс ус нэвтэрч, хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг даатгалын гэрээний дагуу ...ХК нь даатгуулагч Ц.Н....т нөхөн олговор олгож, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардлыг дүгнэлт гаргасан байгууллагад төлж барагдуулсан учир хариуцагчаас Ц.Н....ын эд хөрөнгөд учирсан хохирол 351,450 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

4.Хариуцагч ...СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: ...2013 оноос 6 давхрын айлууд руу дээврээс ус нэвчин орж эхэлсэн, ...өөрийн хөрөнгө мөнгөний бололцоогоор 2015 оноос жил бүр байрыг хэсэгчлэн засварлаж байсан ч мөнгөний бололцоогүй учир дээврийн засвар хийгдээгүй, харин 2021 оны 8 дугаар сард дээврийн их засвар хийгдсэн, оршин суугч Ц.Н.... СӨХ-нд гомдол санал байхгүй гэсэн өргөдөл өгсөн, даатгалын газар нь тухайн айлын эрсдлийг хүлээнэ... гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагч ...СӨХ нэхэмжлэгч ...ХК-д даатгалын нөхөн олговрыг төлөх үүрэгтэй эсэх, даатгуулагчид хохирол учирсан эсэх байсан бол, талууд 2021 оны 7 дугаар сард даатгуулагч Ц.Н....ын өмчлөлийн орон сууцны дээврээс цас, борооны ус нэвтэрч хохирол учирсан, улмаар хариуцагч зөрчлийг арилгаж 2021 оны 8 дугаар сард дээврийн их засвар хийсэн талаар маргаагүй байна.

6.Хавтаст хэргт нотлох баримтаар авагдсан ...ХК болон Ц.Н...., М... нарын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Ц.Н....ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ц.Н....ын иргэний үнэмлэхний хуулбар, ... ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоох акт, ... ХХК-ийн үнэлгээний тайлан, Хохирол нэхэмжлэх эрх шилжүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ, ... ХХК-ийн тайлбар, ...СӨХ-ны гэрчилгээ, иргэн Ц.Н....ын тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1.Иргэн Ц.Н.... нь Баянгол дүүргийн ...  дугаар хороо, ... дугаар байрны ....Тоот хаягт байршилтай 59,01 м.кв талбай бүхий хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг орон сууцаа нэхэмжлэгч ...ХК-тай 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээгээр даатгуулсан байна.

6.2.Даатгуулагч Ц.Н....ын өмчлөлийн орон сууц байрлах 76 дугаар байрыг хариуцагч ...СӨХ хариуцан ажилладаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр даатгуулагчийн өмчлөлийн орон сууцны дээврээс ус нэвтэрч, гэмтлийн шалтгааныг ... ХХК-ийн комисс шалгаж, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоох акт үйлдэж, уг актаар Байрны дээвэр муудсан, борооны ус алдаж байна. ...Байрны тааз 30 м.кв орчим тааз норж нурсан байна гэж дүгнэжээ.

6.3.Маргаан бүхий орон сууцны байшингийн дээврээс 2013 оноос эхлэн 6 давхрын айлууд руу ус нэвчин орж эхэлсэн ба мөнгөний бололцоогүйн улмаас засвар хийгдээгүй байсан, 2021 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 76 дугаар байрны дээврийн их засварын ажил хийгдэх болж, 2021 оны 8 дугаар сард их засвар хийсэн талаар хариуцагч ...СӨХ тайлбарлаж, даатгуулагч Ц.Н....ын зүгээс СӨХ-г дээврийг иж бүрэн засаж шинэчилсэн талаар болон оршин суугчийн зүгээс ...СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол саналгүй талаар тус тус тайлбарласан байна.

6.4.Дээврийн гэмтлийн улмаас даатгуулагчид 390,500 төгрөгийн хохирол учирсан талаар ... ХХК-иас үнэлж, үнэлгээний зардал 28,000 төгрөг болсон байх бөгөөд ...ХК-иас даатгуулагчид 323,450 төгрөгийн даатгалын нөхөн олговор, үнэлгээний зардал 28,000 төгрөгийг ... ХХК-д тус тус төлж, энэхүү учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр даатгуулагчаас Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байна.

7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч ...СӨХ нь шаардлагатай засвар хийгээгүйн улмаас хохирол учирсан ба нэхэмжлэгч ...ХК нь хохирлын мөнгө шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

8.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ослын улмаас Ц.Н....ын эд хөрөнгөд учирсан 351,450 төгрөгийн хохирлыг хариуцагч ...СӨХ-ноос гаргуулах гэж тодорхойлсон боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу гэм хор учруулсан этгээд нөхөн төлнө.

9....ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд ...СӨХ-ноос даатгуулагч Ц.Н....т учруулсан гэм хорын хохирлыг түүнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 323,450 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардал 28,000 төгрөгийг ... ХХК-д тус тус төлсөн бөгөөд, даатгуулагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийн хүрээнд гэм хор учруулагч ...СӨХ-ноос шаардаж байна.

10.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус хуульчилжээ.

11.Хариуцагч ...СӨХ нь дундын өмчлөлийн байшингийн дээврийн бүрэн бүтэн болон ашиглалтын хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ...ХК-ийн даатгуулагч Ц.Н....ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирлын даатгалын нөхөл төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулан, гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг даатгуулагчаас шилжүүлэн авсан байх тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол гаргуулах бус, харин хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гарсан зардал болох 351,450 төгрөгийг хариуцагч төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...СӨХ-ноос 11,194 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...СӨХ-ноос 351,450 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч ...ХК нь хариуцагч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11,194 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ...СӨХ-ноос 11,194 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар ... ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэсэгт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

Н.ХАНГАЛ